Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

   

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,   

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Г-ийн  А-д холбогдох эрүүгийн 1910007330311 дугаартай, 187/2019/0450/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.           

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ............ оны ...........дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, .......... боловсролтой, ................ мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ...................., Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ............. тоотод оршин суудаг, одоогоор байр түрээслэн ажлынхаа байранд амьдардаг гэх, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, М  овогт Г-ийн  А /РД:............................/   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7-106 тоотод байсан Д.Б-ийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч, авч яваад өгөлгүй залилж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7-106 тоотод байсан Д.Б-ийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч, авч яваад өгөлгүй залилж 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ нөхөр Эрдэнэбаяр, хамаатны хүн болох Эрдэнэ-Очир нарын хамт байж байтал орой 22 цаг өнгөрч байхад А гаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Эрдэнэ-Очир яваад манай нөхөр Эрдэнэбаяр, А бид гурав цэргийн баяр болж байна гээд нэг шил архи хувааж уусан. Тэр хоёр нэмээд архи авна гэхээр нь би нөхөртөө одоо болно, өглөө ажилтай биз дээ гэж уурласан чинь А утсаа өгч байгаач, нэг яриадахъя гэхээр нь би өөрийнхөө Самсунг-эс-7 маркийн утсаа өгсөн. Нөхөр бид хоёр гэртээ байж байхад А орж ирэхгүй удаад байхаар нь яасан юм бол гэж бодоод гадаа гараад хартал бие засах газрын тэнд утсаар яриад зогсоод байсан. Бүр орж ирэхгүй удаад удаад байхаар нь залгатал А аваад найз нь байрны буудал руу алхаж явна, манай дүү ирнэ, дүүтэйгээ уулзчихаад эргээд утсыг чинь аваачаад өгнө, 10 минут хүлээж бай гэж хэлээд ирээгүй. Залгахаар холбогдох боломжгүй болчихсон. Би 280.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

             3. Гэрч Г.Э-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А манай эхнэрт утсаа өгч байгаач би нэг яриадахъя гэж хэлээд аваад гарсан. Орж ирэхгүй удаад байхаар нь гараад гарахад бие засах газрын тэнд яриад зогсож байсан. Дахиад орж ирэхгүй байхаар нь залгатал би байрны буудалд дүүгээ хүлээж байна, ганц юм аваад өгье гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамт автобусны буудал ороход байхгүй байсан ба маргааш авч ирээд өгчих байх гэж бодсон чинь одоо болтол ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

            4. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-29-30/

            5. Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би найз Эрдэнэбаярын эхнэрийн гар утсыг түр өгч байгаач, ярьчихаад өгье гэж хэлж авч гараад таксинд суугаад мөнгөгүй байсан болохоор төлбөрт нь өгчихөөд буусан. Хүний утсыг авчихаад буцааж өгөөгүй нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.      

            Шүүгдэгч Г.А нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоол /хх-70-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Г.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7-106 тоотод байсан Д.Б-ийн Самсунг Эс-7 маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч, авч яваад өгөлгүй залилж 280.000 төгрөгийн хохирол учруулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлбөрийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлын 280.000 төгрөгийг хүлээж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/, түүний хувийн байдал /...37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа засварчин ажилтай, ам бүл 1 амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.   

Г.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Мөн шүүгдэгч Г.А үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч М  овогт Г-ийн  А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М  овогт Г-ийн  А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Г.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.А-д сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР