Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0130

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байранд байрлах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өргөө майнинг” ХХК-ийн захирал Х.Отгонхүү /РД:ФЖ81052312/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 “Өргөө майнинг” ХХК нь тус татварын хэлтэст бүртгэлтэй, татвар төлөгчийн 5460948 тоот регистрийн дугаартай. Тус компанийн татварын өр төлбөр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 213 379 200 төгрөг болоод байгаа болно. “Өргөө майнинг” ХХК-иас татварын өр төлбөрийг барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, өнөөдрийг хүртэл өр төлбөр барагдуулах арга хэмжээг авч чадахгүй байна.

Тус компани нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хаяг, байршилаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Х.Отгончулууны /татварын алба болон улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрийн хаяг болох/ Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион хороолол, 29 дүгээр байрны 34 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх тухайн хаягт Х.Отгончулууныг оршин суудаггүй, уг хаягт тус компани үйл ажиллагаа явуулдаггүй гэх  тус хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд “Өргөө майнинг” ХХК-ийн захирал Хишигсүхийн Отгонхүүг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шнжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь татварын өр төлбөр шаардах зорилгоор “Өргөө майнинг” ХХК-ийн захирал Х.Отгонхүүг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа  газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

            Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өргөө майнинг” ХХК-ийн  захирал Х.Отгонхүү нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион хороолол, 29 дүгээр байрны 34 оршин суух хаягийн бүртгэлтэй байх бөгөөд  Х.Отгонхүү нь дээрх хаягтаа оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  Х.Отгонхүүгийн эхнэр Т.Уранчимэгийн тайлбар, Х.Отгонхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14/728 тоот лавлагаа, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08, 20-ны өдрийн тодорхойлолтууд зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн  13-14, 18, 21-24 тал/

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Өргөө майнинг” ХХК-ийн захирал Х.Отгонхүүг эрэн сурвалжлуулах тухай Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ