Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01881

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01881

 

М ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/02579 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц ХХК -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 189,224,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн төлөөлөгч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. М ХХК нь Ц ХХК -тай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу М ХХК нь захиалгын дагуу эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэр барих, үүсвэр, барих, угсрах, засварлах, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

1.2. Гэрээний 1.4-т ************ газраас хэрэгжүүлж буй хүүхдийн эмнэлгийн барилга 50 ор, төслийг ерөнхий гүйцэтгэгч Ц ХХК -ийн гүйцэтгэж буй эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгч М ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгын доорх ажлуудыг батлагдсан зураг төсвийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэнэ., 1.4.1-т хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт, 1.4.2-т хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах гэж тус тус заасан.

1.3. Талууд гэрээний 2.1-д гэрээний үнийг 346,149,573 төгрөг байх-аар, мөн гэрээний 2.4-т гэрээнд заасан ажлын гэрээний үнийн дүнгийн 30 хувийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгоно. Мөн гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгоно. Мөн үнийн дүнгийн 20 хувийг эхний санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлнэ, үлдэгдэл санхүүжилтийг барилгыг улсын комисс хүлээн авсны дараа олгоно гэж хоёр тал харилцан тохиролцсон.

1.4. Ц ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг тус тус төлсөн, үлдэгдэл 126,149,573 төгрөгийг төлөөгүй байна.

1.5. Увс аймгийн Улаангом суманд баригдсан хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилга 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баригдаж дуусаад улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулж, хэвийн ажиллаж байгаа болно.

1.6. Талуудын байгуулсан гэрээний 2.4, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг Ц ХХК зөрчсөн. Гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлтэй.

1.7. Барилгыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисс хүлээн авсан тул мөн сарын 27-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 622 хоногийн алданги нийт 78,646,678 /126,149,573х 0,1%=126,146 х 622/ төгрөг болж байна. Алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, 63,074,786 төгрөг болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 189,224,359 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллага нь ************ газраас хэрэгжүүлж буй Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом сум/ тендерт шалгарч, М ХХК -тай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан.

2.2. Гэрээгээр М ХХК нь эдгээр ажлын заримыг нь хийж гүйцэтгээгүй. Тухайлбал, эмнэлгийн хийн хоолойн ажлыг манай байгууллага өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна цахилгааны ажлын гол түүхий эд болох кабелийг манай байгууллага гаргасан, хүүхдийн эмнэлгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн хэдий ч нэхэмжлэгч компанитай байгуулан туслан гүйцэтгэгчийн гэрээний зарим ажлыг бид өөрсдөө хийсэн.

2.3. М ХХК -ийг ажлаа хүлээлцэж, тооцоо нийлэх шаардлагатай талаар удаа дараа хандсан. Гэрээний биелэлтийг дүгнээгүй, ажил хүлээлцэж, тооцоо нийлээгүй тул төлбөр төлөх боломжүй. Мөн гэрээний 4.1 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Гэрээг байгуулах үед М ХХК -ийн гүйцэтгэх захирлаар М.А ажиллаж байсан. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай гэрээг М ХХК болон ** ХХК-тай байгуулж гэрээний үүргийг тэд хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед М ХХК -ийн эмнэлэг барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх тул энэхүү гэрээг хэрэгжүүлээгүй. Тус компани нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлөө 2021 онд буюу гэрээ байгуулснаас хойш сунгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсан.

3.2. Мөн нэхэмжлэгч талаас өгсөн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээнд М ХХК -ийг төлөөлж Ч.Б гэх хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн. Гэрээ байгуулах үед Ч.Б нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш бөгөөд М ХХК -тай ямар нэгэн харилцаа хамааралгүй этгээд байсан. Гэрээ байгуулах үед тус компаниас итгэмжлэл аваагүй байсан зэрэг нь дээрх гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэдгийг нотолж байна.

3.3. Дээрх гэрээг тухайн үед гүйцэтгэх захирал М.А тэй байгуулсан боловч гэрээнд Ч.Б зурсны улмаас нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан зарим ажлыг хийж гүйцэтгээгүй. Мөн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй зэрэг үл ойлголцсон нөхцөл байдлууд үүсэх болсон.

3.4. М ХХК -тай байгуулсан гэх 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 4.7-д Туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгч уг эмнэлгийн барилгыг 2020.09.20-ны дотор багтаан улсын комисст хүлээлгэн өгөх учраас хийн хангамжийн барилгын дээд талын хучилт салхивч агааржуулалтын ажил нь хийн хангамжийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт оройтож байгаатай холбоотойгоор /Ковид19 цар тахал/ хойшлогдож байх тул энэ тухай захиалагч болон ашиглагч байгууллагатай зөвшилцөх хугацааг тохирсон байх үүрэгтэй гэж заасан. Монгол Улсын хэмжээнд 2019 оны 3 сард цар тахалтай холбоотой ямар нэг хориг арга хэмжээ аваагүй байсан. Мөн энэ талаар мэдээлэл олон нийтэд хомс байсан. Иймээс хариуцагчийн зүгээс гэрээг 2021 онд нөхөж байгуулсан гэж үзэж байгаа.

3.5. Нэхэмжлэгч компанитай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн 220,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:

4.1. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.У 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Гэрээ байгуулахад М.А гэж захирал манайд ажиллаж байгаагүй, харин захирал Э.У нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/24 дугаартай итгэмжлэлээр үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Ч.Б д Ц ХХК -тай гэрээ байгуулах эрхийг 2 жилийн хугацаатай олгосон. Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамааралгүй.

4.2. Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах, угсрах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг.

4.3. Туслан гүйцэтгэгчийн гэрээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр ч барилга барих үүрэг хүлээгээгүй. Харин Ц ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 50 ортой хүүхдийн эмнэлэг барих үүрэг хүлээж гэрээ байгуулсан байдаг. Тиймээс хийн хангамжийн барилга, тус барилгаас эмнэлэг хүртэлх гадна барилгын ажлыг Ц ХХК хариуцан хийх үүрэгтэй.

4.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний төслийг Ц ХХК өөрөө бэлдсэн ба талууд харилцан гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан харилцан тохиролцоо юм. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. М ХХК нь гэрээний 1.4.1 болон 1.4.2-т заасан ажлуудыг хугацаандаа бүрэн хийж дуусгасан.

4.5. Шинээр суурилуулсан хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, түүнээс дамжин эмнэлгийн барилгын бүх давхруудад салбарлан угсрагдсан хийн хангамжийн зэс шугам хоолойн тохируулга, туршилт, зүгшрүүлэлт, эмнэлгийн хариуцсан мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалтыг өмчлөгч байгууллага болох Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтнуудын хамт сар гаруй хугацаанд хийж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20/111 тоот актаар Хүчилтөрөгчийн үйлдвэр, түүнийг дамжуулах систем нь хэвийн ажиллаж эмнэлгийн эрчимт, сэхээний тасгийн хүнд өвчнүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах, ашиглаж эхлэх боломжтойг нотолсон.

4.6. Дээрх хугацаанаас хойш 1 жилийн дараа ерөнхий гүйцэтгэгчийн эмнэлгийн барилга барих ажил дууссанаар хүүхдийн шинэ эмнэлгийн барилгыг улсын комисст ашиглалтад хүлээж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц ХХК -аас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний үүргийн үндсэн үүрэгт 126,149,573 төгрөг, алданги 63,074,786 төгрөг нийт 189,224,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК -д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц ХХК -ийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,104,071 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,863,697.86 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 1,104,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэг өдөр байгуулагдсан, адилхан дугаартай, адилхан агуулгатай, М ХХК -ийн тамга дарагдсан атлаа өөр өөр хүн гарын үсэг зурсан. Энэхүү хоёр гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тухайлбал, М.А гарын үсэг зурсан туслан гүйцэтгэгчийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, талууд тухайн гэрээг мөрдөх ёстой эсэхийг дүгнэлгүйгээр энэхүү маргааныг шийдвэрлэсэн.

Хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажлыг манай байгууллага хийсэн байхад мөн нэхэмжлэгч манай компани наад ажлыг чинь хийсэн, тусгай зөвшөөрөлтэй байж хийдэг ажил гэж мэтгэлцэж байхад шүүх Туслан гүйцэтгэгчийн гэрээнд энэ ажлыг хариуцагч хийхээр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хавтаст хэргийн 128-130 дугаар талд авагдсан гэрээг шүүх дүгнээгүй.

6.2. Туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.1-д Ерөнхий гүйцэтгэгч гэрээний дагуу төлөх мөнгөн дүнг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг туслан гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчиж хийсэн хэлцэл байхад алдангийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зарчимтай нийцэхгүй.

6.3. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талд туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисс ажиллаж хүлээж, авсан. Иймд хариуцагч талыг гэрээний дагуу ажлаа хүлээж авсанд тооцно хэмээн дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь улсын комисстой, ************ газартай гэрээ байгуулаагүй, манай компанитай гэрээ байгуулж, тодорхой эрх, үүрэг хүлээсэн болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаас харвал, ажил гүйцэтгэх гэрээний нэг онцлог нь захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээж авах үйлдэл байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу ямар ажил хийж, гүйцэтгэсэн талаар хэрэгт баримт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч тал ажлын үр дүнгээ хүлээлгэж, төлбөр тооцооны акт үйлдэхгүйгээр шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4. Энэ маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь барилгын ажлын төсөв юм. Хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байхгүй тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/08542 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч М ХХК болон төсөвчин Т.Ц нарт барилга угсралтын ажлын төсвийг нотлох баримтын шаардлага хангах ирүүлэхийг даалгасан. Гэтэл энэ захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийн шийдвэрлэсэн нь зохигчийн эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Иргэний хуулийн 347 дугаар үйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заажээ.

Хариуцагч Ц ХХК нь ************ газартай байгуулсан гэрээний дагуу ерөнхий ажил гүйцэтгэгч, талуудын байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээний хувьд захиалагч болно.

7.2. Талуудын гэрээний 4.1, 4.2 дахь заалтаар алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн. Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул гүйцэтгээгүй үүргээс хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн шаардсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

3. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 189,224,359 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

4. Хэрэгт 2 гэрээ нотлох баримтаар авагдсан байна.

4.1. Ц ХХК , М ХХК болон ** ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-гээр Ц ХХК нь ************ газраас зарласан Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом ум тендер шалгаруулалтанд шалгарсан тохиолдолд М ХХК болон ** ХХК нар тусгай зөвшөөрлийнхөө дагуу тус гэрээт ажилд хамаарах буюу хүчилтөрөгчийн үйлдвэрийн барилга угсралт, хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт, тохируулга, салбар шугамын угсралт, хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах ажлуудыг гэрээт ажлын хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, Ц ХХК нь ажлын нийт хөлс болох 371,502,263 төгрөгийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх76-77/

4.2. М ХХК нь Ц ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-гээр ************ газраас хэрэгжүүлж буй Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом сум/ төслийг ерөнхий гүйцэтгэгч Ц ХХК -ийн гүйцэтгэж буй эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгч М ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгын Хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт, Хүүхдийн эмнэлгийн барилга доторхи эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу хугацаанд нь ажил хийж гүйцэтгэх, Ц ХХК нь ажлын хөлс 346,149,573 төгрөгийг гэрээний үнийн дүнгийн 30 хувийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгох, мөн үнийн дүнгийн 20 хувийг эхний санхүүжилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлэх, үлдэгдэл санхүүжилтийг барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа олгох нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх7-9/

5. Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, хариуцагч Ц ХХК нь хоёр талт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

5.1. М ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Э.У хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/24 дугаартай албан бичгээр ... үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Б нь тус компанийг төлөөлж эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэр барих, эх үүсвэр барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах засварлах, туршилт тохируулга хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, гэрээний хэрэгжилтийг хангах, ажлын үр дүнг захиалагч, ерөнхий гүйцэтгэгч болон улсын комисст хүлээлгэн өгөх, ажлын хөлсийг хүлээн авах, гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг захиалагчид тавих, хүсэлт гаргах зэрэг бүрэн эрх эдлэх болохыг Ц ХХК -д мэдэгдсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасантай нийцэж байна.

5.2. Ц ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээнд М ХХК -ийг төлөөлж Э.Б гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд төлөөлүүлэгч тал энэ үйлдлийг зөвшөөрч, маргаагүй.

5.3. Хариуцагч Ц ХХК -ийн төлөөлөгч З.Б нь ... талууд дээрх 2 гэрээг байгуулж, гарын үсэг зурсан, М ХХК -тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай гэрээг хожим нөхөж байгуулсан ... гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

 

6. Улсын бүртгэлийн гэрчилгээнд М ХХК -ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ гэж бүртгэсэн байна. /1хх5/ Мөн тус компанид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах ТХ-14/23/3483 дугаартай Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Эрүүл мэндийн яамнаас олгож, хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгажээ. /1хх85/

6.1. Эдгээр нотлох баримтуудаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн байна.

6.2. Ц ХХК болон М ХХК , ** ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-гээр гүйцэтгэх ажлын цар хүрээг хүчилтөрөгчийн үйлдвэрийн барилга угсралт, хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт, тохируулга, салбар шугамын угсралт, хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах гэж тодорхойлон, гэрээний үнийг 371,502,263 төгрөг байхаар харилцан тохиролцож байжээ.

6.3. Хариуцагч тал энэ гурван талт гэрээ байгуулсан үндэслэлийг ... ** ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглаж тендерт орох зорилгоор гэрээний нэг тал болгосон гэх агуулгаар тайлбарласан байх бөгөөд ** ХХК нь бодитоор гэрээний харилцаанд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

7. Ц ХХК , М ХХК нар хожим туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулахдаа гурван талт гэрээтэй ижил огноотой, ижил дугаар өгсөн байх бөгөөд гэрээгээр М ХХК нь эмнэлгийн барилгын Хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт, Хүүхдийн эмнэлгийн барилга доторхи эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгэх, Ц ХХК нь ажлын хөлс 346,149,573 төгрөгийг гэрээний үнийн дүнгийн 30 хувийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгох, мөн үнийн дүнгийн 20 хувийг эхний санхүүжилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлэх, үлдэгдэл санхүүжилтыг барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа олгох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэж байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

7.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй нэг үндэслэлээ ... ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ажлаа дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарлан, маргасан байна.

7.2. Хэргийн 1 дэх хавтасны 10 дахь талд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20/111 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж угсарч, шалгасан актад Увс аймгийн Улаангом хотын Нэгдсэн эмнэлэгт суурилагдсан ***** маркийн тоног төхөөрөмжийн даралтын ажиллагаанд туршилт хийхэд ... даралтын алдагдал байхгүй, ажиллагаа хэвийн гэж дүгнэж, онцгой нөхцөл байдлын улмаас тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн гэж нэмэлт тэмдэглэл тусгаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эмнэлгийн техникч, шалгасан байгууллагаас төлөөлж нэр бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

7.3. Эмнэлгийн барилгыг Улсын комисс хүлээн авч, дүгнэлт гаргасан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021 дугаартай комиссын дүгнэлтээр тогтоогдсон. /1хх-11-13/

7.4. Нэхэмжлэгч М ХХК -ийн захиалгаар М ХХК нь Увс аймаг, Улаангом сум, Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэрээс дамжин эмнэлэг орсон зэс материалаар хийгдсэн хүчилтөрөгчийн хийн хангамжийн шугам хоолойн гагнуурын оёдлуудыг шалгаад цаашид хэвийн горимд ашиглаж болох техникийн шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргасан байна. /1хх-88-91/

7.5. Хариуцагч Ц ХХК нь ...М ХХК -тай байгуулсан туслан гүйцэтгэгч гэрээний зарим ажлыг бид өөрсдөө хийсэн, ...хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлаа хийгээгүй, ...манайх өөрсдөө ажлаа хийсэн гэдгээ нотолж байгаа гэх тайлбарын үндэслэлээ нотлохоор төсөвчин Г.Ц гийн Барилга угсралтын ажлын төсөв-ийг шүүхэд гарган өгчээ. /2хх-219, 229-230/

Уг нотлох баримтаас үзвэл, Хүчилтөрөгчийн барилга, Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн дүн 398,713,713 төгрөг байх төсөв зохиосон байна. /1хх-141-180/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... хүчилтөрөгчийн станцын барилга гэдэг нь 3, 4 давхар том барилга биш, ... 398,714,713 төгрөгийн манай хийх ажлын төсвөөс ...52,564,141 төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн станцын бэсрэг үйлдвэрийн барилгыг нийт төсвөөс нь хасаад ... гэрээний 346,149,573 төгрөг гарч байгаа. ... гэх тайлбар нь дээрх төсөвчний зохиосон төсвийн нийт өртгийн дүнтэй нийлж байх тул уг тайлбарыг үнэн зөв гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ. /1хх-221/

 

8. Анхан шатны шүүх ... эмнэлгийн хийн хангамжийн барилга, хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажил ...цахилгааны ажлын гол түүхий эд кабель ...ажлуудыг нэхэмжлэгч компани хийх талаар гэрээнд тусгаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

8.1. Учир нь хэргийн нотлох баримтаас үзвэл, Ц ХХК /захиалагч/ болон Э.А /гүйцэтгэгч/ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн АГ-20/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл, гүйцэтгэгч нь Увс аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын хий хангамжийн байрны гадна хийн хоолойн газар шорооны ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 33,680,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг ажлыг нэхэмжлэгч М ХХК -ийн гүйцэтгэх ажил үүрэгт хамааруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

9. Хариуцагч Ц ХХК нь Х ХК дахь нэхэмжлэгч М ХХК -ийн 452564894 тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөг, гүйлгээний утгад ХХангамжийн гэрээний төлбөр, Ц ХХК , Б З, Б Ч гэж тэмдэглэн тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар тогтоогдсон. /1хх-15-17/

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.

 

10. Талууд гэрээний 4.1-д Ерөнхий гүйцэтгэгч гэрээний дагуу төлөх мөнгөн дүнг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг туслан гүйцэтгэгчид төлнө гэж харилцан тохиролцжээ.

10.1. Иргэний хуулийн 347 дугаар үйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заажээ.

10.2. Хариуцагч Ц ХХК нь ************ газартай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЭМЯ/201902026 дугаартай Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом/ барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хувьд Ц ХХК нь ерөнхий ажил гүйцэтгэгч, зохигчийн байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний хувьд захиалагч болно. Иймээс гэрээний 4.1 дэх заалтаар талууд, алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ. Хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 126,149,573 төгрөгт хоногт тутам 0.1 хувиар алданги тооцон, мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 63,074,786 /126,149,573*50%/ төгрөг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй.

10.3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв хэрэглэсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

11. Дээр дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул гэрээгээр шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг хариуцагч нь буцаан гаргуулахаар нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Анхан шатны шүүх, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Ц ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

11.1. Хариуцагч тал, төсөвчин Г.Ц гийн Барилга угсралтын ажлын төсөв-ийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн, нэхэмжлэгч тал уг нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар болон төсөвтэй холбогдон маргаагүй байна.

 

12. Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/08542 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч М ХХК болон төсөвчин Г.Ц нараас талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээний ажлын барилга угсралтын ажлын төсвийг шүүхэд ирүүлэхийг даалгажээ. Нэхэмжлэгч тал уг нотлох баримт эх хувиараа байхгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. /1хх-203/

12.1. Дээрх шүүгчийн захирамж биелэгдээгүйтэй холбогдон шүүгч 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 181/ШЗ2024/11119 дугаартай захирамж гарган, тус өдөр товлосон хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан, төсөвчин Т.Ц тай холбогдох мэдээлэл олдоогүй, мөн нэхэмжлэгч тал төсөвтэй холбоотой маргаан байхгүй гэж тайлбарлажээ. Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

13. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Ц ХХК -ийн нэрийг Ц ХХК гэж, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Ч.Б , З.Б нарын нэрийг буруу бичсэн, хүний болон хариуцагч компанийн нэрийг өөр өөрөөр бичсэн зэрэг алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/02579 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,104,071 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.ЦЭНД