| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0127/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0127/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Т.Б
Хохирогч, хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Э.Н, Ю.Г
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А холбогдох 1839... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1978 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Н.Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Ань 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг чиглэлийн босоо тэнхлэгийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн 24-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Дт жолоогоо шилжүүлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын Б заалтыг зөрчин захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Дын амь нас хохирч, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Ц.Бын эрүүл мэндэд хүнд, Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд…../хх-ийн 8-14 тал/
Хохирогч Э.Н өгсөн: “…Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын урагшаа 24-95 ХЭҮ улсын дугаартай стана маркийн авто машинтай Улаанбаатар-Хэнтий аймгийн чиглэлд ачаа ачиж явдаг байсан юм. Миний хувьд талийгаач нөхрөө 24-95 ХЭҮ улсын дугаартай стана маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож нас барсан гэдэгт итгэхгүй байгаа. Би хамгийн сүүлд талийгаач нөхөртэйгөө 07 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярихад Нарантуул зах дээр байна гэж ярьсан. Миний хувьд гомдолтой байна. Би 3 хүүхэдтэй хамгийн бага хүүхэд маань одоо 5 сартай манай талийгаач нөхөр хот хооронд тээвэр хийж амьдарлаа авч явдаг байсан. Талийгаач нөхөр маань Цэнхэрмандал сумын хоолны газраас хамгийн түрүүнд хоолоо идээд хөдлөөд урагшаа хошуу ороогоод явж байхад араас нь Амарбаяр залгаж байна гээд эргээд буцаад Цэнхэрмандал сумын хоолны газар руу буцсан гэсэн. Амарбаяр манай нөхрийг ямар шалтгаанаар дуудсан нь их сонин байгаа. Хэрэв Амарбаяр дуудаад манай талийгаач нөхөр эргээд Цэнхэрмандал сумын хоолны газар руу буцаагүй бол манай талийгаач нөхөр маань эрүүл саруул гэртээ ирэх байсан...гэх мэдүүлэг…../хх-ийн 30-31 тал/
Хохирогч Б.Э-ын өгсөн: “...Замчдын овооноос анх талийгаач Дандар машин бариад хөдөлсөн, би машинаас буугаад бие засаад зогсож байхад Амарбаяр, Батбаяр ах хоёр ханиндаа яваад ирье гээд намайг дуудаад машиндаа суулгасан. Би архинаас уугаагүй. Талийгаач Дандар болон Амарбаяр, Батбаяр ах гурав архийг ууж, би тойруулж хийж өгсөн. Талийгаач Дандарыг Амарбаярын автомашиныг сайн дураараа жолоодсон эсэхийг мэдэхгүй байна, машин бариад явж байхдаа хүчтэй юм байна шүү таны машин, моторыг нь сольсон гэсэн үү гэж ярьж байсан. Амарбаяр ахын машин ачаагүй шахуу хоосон байсан, бусад машин нь ачаатай байсан учир Амарбаяр ахын машинтай архинд явсан. Талийгаач Дандар ах Цэнхэрмандал сум руу архинд явж байхдаа утсаар ярьсан, юу гэж ярисаныг нь сайн санахгүй байна, ямар ч байсан моторын даралт 3, 4-тэй явж байна гэсэн утгатай юм ярьж байсан. Цэнхэрмандал сум руу явж байхдаа бүгдээрээ сэрүүн юм ярьцгааж байсан. Тэгээд Цэнхэрмандал сумын хоолны газар Мөнхмандал нь хаалттай архи олдохгүй болохоор нь буцаад явсан. Буцаад явах хооронд би унтсан байсан. Удалгүй гэнэт Батбаяр ах хөөе Дандар юу болж байна гээд бахираад босоод ирсэн, тэгээд би цочоод сэрсэн. Яг энэ үед машин эсрэг талын шороон хөвөөн дээгүүр явж байсан, тэгээд л машины бөгс нь шарваад замын хажуу талын нэг юмыг хүчтэй мөргөөд баруун талын цонх нь хагараад, машин хөрвөөсөн. Цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Хэрэв Иргэний хуулийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хохирлыг барагдуулах үүрэгтэй юм бол би Амарбаяраас учирсан хохирлоо нэхэмжилнэ...гэх мэдүүлэг…../хх-ийн 47-48 тал/
Хохирогч Ц.Батбаярын өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой Улаабаатар хотоос өөрийн стана маркийн машинтай ганцаараа ачаа ачаад, 20-21 цагийн үед гарсан. Миний өмнө түрүүлээд аймгийн мах зөөдөг машинууд гарцгаасан. Би шөнө 01 цагийн үед Цэнхэрмандал суманд ирээд хоол идээд хөдөлсөн. Хөдлөөд аймаг руу явж байтал Хамар даваан дээр Хатнаа, Амараа, талийгаач Дандар, Энхбаатар, Я.Ганбаатар, Баяраа нар машинтайгаа зогсцогоож байсан. Би машинаа зогсоогоод тэр хэд рүү очсон. Тэд нар Амараагийн саарал өнгөтэй истана маркийн автомашинд сууцгаачихсан 1 шил архи уугаад дуусч байсан. Би машинд орж суухад надад 2 хундагалаад архи дуусаан. Тэгээд архиа дуусаад Цэнхэрмандал сум руу архинд явсан. Яг хэн архинд явъя гэж хэлснийг би санахгүй байна. Хамар даваан дээрээс буцаад Амараагийн саарал истанатай Амараа, талийгаач Дандар, Баяраа бид 4 Цэнхэрмандал сум руу явсан. Би нойргүй явж байсан болохоор Цэнхэрмандал сум руу явах хооронд унтсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь буцаад явж байсан. Тэр үед Амараа машин барьж явж байсан, тэгээд л машин онхолдсон байх гэж бодож байна. Энэ ослоос хойш 7-8 хоног ухаангүй байж байгаад сэргэсэн. Өөр зүйл санахгүй байна...гэх мэдүүлэг….../хх-ийн 36-38 тал/
Гэрчээр Н.А өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хотоос гараад нэг ч зогсоогүй, Багануур баруун талын цагдаагийн постон дээр Батбаяр ах, мөн Ганбаа ахтай таарсан, тэр 2 өөр өөрсдийнхөө машинтай явж байсан. Тэгээд би түрүүлээд явсан. Явсаар байгаад 23 цагийн үед Цэнхэрмандал суманд орж ирсэн, тэгээд Мөнхмандал нэртэй хоолны газарт орж хоол захиалж идсэн. Тэнд миний санаж байгаагаар Баярбат, Хатанбаатар, Баяраа гээд хот хооронд явдаг истана машины жолооч нар байсан. Өөр жолооч нар байсан байх сайн санахгүй байна. Хоол идэж байхад талийгаач Дандар орж ирээд энд ачаа буулгачихаад ирье гээд гараад явсан. Би хоолоо идчихээд машинаа асаагаад хөдлөх гэж байтал миний машины жанамны гэрэл ассан байсан. Жанам муудахаар гэрэл нь асдаг юм. Тухайн үед талийгаач Дандар замаар зүүн тийшээ аймаг руу явж байхаар нь илүү жанам байж магадгүй гэж бодоод өөрийнхөө 98116662 дугаарын утаснаас залгасан боловч утсаа аваагүй, тэгээд машинаа ухаад Мөнхмандал цайны газрын хажууд зогсож байтал талийгаач Дандар миний гар утас руу залгасан. Тэгээд би Дандарт чи өнгөрөөд явчихлаа гэж хэлсэн чинь талийгаач өө та хөдлөөгүй байсан юмуу гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн үед талийгаачид жанам муудсан гэж хэлээгүй. Удалгүй Дандар буцаад Мөнхмандалын гадаа ирсэн. Тэгээд тэндээс Баярбат, Хатанбаатар, Энхбаатар, талийгаач Дандар, Баяраа бид хэд ар араасаа цувраад цугтаа хөдөлсөн. Тэндээс хамар даваа хүртэл цуваад явсан. Хамар даваан дээр би унтана гэж бодож байсан болохоор тэндээ зогссон, нөгөө хэд ч тэнд зогссон. Тэгээд Хатанбаатарын машинд талийгаач, би, Баярбат, Энхбаатар бид хэд суусан, би өөртөө байсан 1 шил архиа ууж байтал араас Баяраа, Батбаяр ах, Ганбаатар ах цуваад ирцгээсэн. Ганбаатар ах хүн тээвэрлэн явж байсан болохоор шууд явсан. Харин Батбаяр ах, Эрдэнэбаяр хоёр үлдлээд машинд орж, ирж суусан. Тэгээд Баярбат, Энхбаатар нар архинаас ганц нэг татчихаад унтлаа гээд өөр өөсрдийнхөө машин руу орцгоосон. Хатанбаатар жолооны ард суудлаа налуулаад хэвтэж байсан, архинаас уугаагүй. Талийгаач Дандар, Батбаяр ах бид 3 үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Эрдэнэбаяр архи уугаагүй бид гуравт тойруулж өгч байсан. Архиа ууж дуусаад машин машиндаа ороод унтъя гэсэн чинь талийгаач Мөнхмандалын хүнийг танина, тэндээс ганц шил архи авъя гээд архинд явахаар болсон. Тэгэхэд талийгаач миний машин ачаатай, та бараг ачаагүй хоосон шахуу явж байгаа юм байна, таны машинтай явъя гэж хэлсэн. Тэгээд талийгаач миний машиныг барьж явна гээд би жолоочийн хажуу талын суудалд суусан, Батбаяр ах ард суусан. Эрдэнэбаяр машины хажууд бие засаж байтал Батбаяр ах суу гэж дуудаад Эрдэнэбаярыг машинд суулгаад, талийгаач машин жолоодоод Цэнхэрмандал сум руу буцаад явсан. Тэгээд Цэнхэрмандал сум руу ороод Мөнхмандал цайны газар руу очиход хаачихсан байсан, тэгээд буцаад явж байгаад нэг их явалгүй осолд орсон...гэх мэдүүлэг…../хх-ийн 54-58 тал/
Гэрч Б.Т өгсөн: “...Би хувиараа 49-65 ХЭҮ улсын дугаартай стана маркийн хагас ачааны машинаар Хэнтий-Улаанбаатар хотын хооронд хүн болон ачаа тээш тээвэрлэж, явдаг юм. Би Б.Э, Ц.Батбаяр, Н.А, талийгаач Дандар нартай айхтар дотно найз нөхдийн харилцаа байхгүй, хот хүрээ явдаг болохоор бие биенээ мэддэг, мэндтэй л явдаг хүмүүс. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг Улаанбаатар хот руу орох гээд Налайх дүүргийн замын пост өнгөрөөд явж байхад талийгаач Дандар өөрийнхөө 97071514 дугаарын гар утаснаас над руу залгаад: Хөгшөөн моторын даралт 4-тэй явж байна гэдэг чинь хэдэн км цагийн худтай явж байна вэ гэж асуухаар нь би: 120-оос 130 км цагийн хурдтай явж байна гэсэн үг ямар хурдтай явж байхын хаана, хэдүүлээ явж байгаая гэж асуухад, талийгаач Э.Д: мэдэхгүй ээ Цэнхэрмандал сум юмуу, Жаргалтхаан сум руу архинд явж байна гэж хэлээд хэнтэй явж байгаагаа хэлэхгүй утсаа тасалсан. Тухайн үед талийгаач надтай утсаар ярихдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг хаана, хэнтэй яваа юм бэ гэж асуухад ядаж хаана, хэнтэй яваагаа хэлж мэдэхгүй, архинд явж байна гэсэн. Өөр зүйлийн талаар бол би мэдэхгүй...гэх мэдүүлэг…../хх-ийн 66-67 тал/
Гэрч Д.Э өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Мөнхмандал нэртэй зоогийн газрыг ажиллуулдаг юм. Манай зоогийн газар буудал, дэлгүүр, гадна талдаа хэд хэдэн камертай. Тухайн үед манай камер ажиллахгүй байсан. 2018 оны 07 дугаар сарын 08-нд цахилгааны хэлбэлзэлээс болж цахилгаан эд зүйл болон бүх камерууд ажиллахаа больсон. Тухайн үед наадмын өдрүүд байсан болохоор камераа ажиллуулж чадахгүй яваад байсан. 2018 оны 07 дугаар сарын 24-ний шөнө үүрээр 04 цаг 25 минутын үед миний 99089859 дугаарын утас руу талийгаач Дандар залгасан байсан. Уг нь шөнө 01 цаг гэж байхад талийгаач Дандар манайд хоол идээд аймаг руу явсан юм...гэх мэдүүлэг…./хх-ийн 81-83 тал/
Гэрч Г.Х өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед өөрийнхөө Истана маркийн машинд ачаа ачаад Хэнтий аймгийн төв Чингис хот руу хөдөлсөн. Замдаа Цэнхэрмандал суманд хоол идээд хамар даваан дээр ирж унтсан. Надтай хамт аймгийн хот хооронд явдаг Баярбат, Энхбаатар, Амарбаяр, талийгаач Дандар, Батбаяр нар өөр өөрсдийн машинтай явцгааж байсан. Тэнд миний машинд Амарбаяр ах 1 архи гаргаж Баярбат, Энхбаатар, Амарбаяр ах, талийгаач Дандар, Эрдэнэбаяр бид хэд уусан. Машин тэрэг барьж явсан болохоор архинаас их уугаагүй. Энхбаатар мөн уугаагүй байх. Бусад нь бол уусан, архи ууж байхад Батбаяр ах ирсэн. Батбаяр ах мөн архинаас уусан....Тэгээд би ч тэр хэдийн шуугианд унтаж чадахгүй зүүрмэглэх маягтай сууж байтал архи дууслаа. Цэнхэрмандал сум руу архинд явна гээд гарцгаасан. Гараад Эрдэнэбаяр бид хоёр бид хоёр бие засаад зогсож байтал миний машины ард байрлуулсан байсан. Амарбаярын машины жолоон дээр талийгаач Дандар суучихсан нормалдаад зогсож байсан. Тэгээд голынх нь хаалга нээгдээд Батбаяр ах, Эрдэнэбаярыг суучих гэж хэлээд суулгаад аваад хөдөлсөн....гэх мэдүүлэг...../хх-ийн 78-79 тал/,
8. Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт...../хх-ийн 98-99 тал/
9. Шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9821 дугаартай дүгнэлт..../хх-ийн 103 тал/,
10. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт..../хх-ийн 130 тал/
11.Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний 25 дугаартай шинжээчийн дүгнэлт….. /хх-ийн 145-146 тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н мэдүүлэхдээ: Би нөхрөө нас барснаас хойш 2 сар өөрийн ухаангүй, унтуулах эм хэрэглэж унтдаг байсан. Маш хүнд байдалд байсан. Миний хувьд гомдолтой байгаа оршуулгын зардал 16 476 080 төгрөг, банкны зээлийн төлбөр 10 333 000 төгрөг, бусад зардал буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 696 600 төгрөг нэхэмжилж байгаа нийт 27 505 680 төгрөг, нэхэмжилж байгаа юм. Би тооцооны юунд ч оролцоогүй, дэвтэр дээр бүх тооцоог манай нөхрийн дүү бичиж гаргасан. Бид бүгдээрээ хүнд байдалд байсан учир дэвтэр дээр тодорхой зүйлүүдыг бичсэн байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Г мэдүүлэхдээ: Би 7 дугаар сарын эхээр амралтаараа Солонгос руу явсан байсан. Хэргийн талаар утсаар хадам ээж маань хэлсэн. Би 07 дугаар сарын 26-ны өглөө ирэхэд нөхөр маань нэлээд хүнд хагалгаанд орчихсон байсан. Миний хувьд Амарбаярыг жолоо барьж байсан гэж үздэг. Н.Ань өөрийн жолоо барьж байсан талаарх ул мөрийг устгах, хэргээс зайлсхийх арга хэмжээг авсан юм шиг санагдаж байна. Манай талийгаач нөхөр Улаанбаатар хотод 2 сар гаруй хугацаанд эмчлүүлээд ирснээс хойш нэлээд хугацааны дараа мөрдөн байцаагч Сүхбат гэдэг хүн гэрээр ирж мэдүүлэг авсан. Тухайн үеийн болсон бүх процессийг асуусан, тухайн үед машин хэн барьж явсан бэ гэж талийгаач нөхрөөс маань асуухад Цэнхэрмандалын цайны газар хүртэл Дандар барьж явсан. Харин буцаад явахад Амарбаяр барьж явсан гэж мэдүүлэг өгсөн. Би тухайн үед нөхрийнхөө хажуу талд сууж байсан би өөрөө сонссон. ...Манай нөхөр урьд өмнө нь бие нь өвдөж, зовиурлаж эмнэлгээр үзүүлж байгаагүй. Энэ осолд орсноос хойш 4 сарын турш эмнэлгээс эмнэлэг дамжин хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед нэг ч эмч элэгний хорт хавдартай байна, хавдарт үзүүлэх шаардлагатай байна гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Миний зүгээс осолд орж гэмтэл авсны улмаас нас барсан гэж үзэж байна. ...Нэхэмлэх зүйлийн хувьд Талийгаачийн осолд орж эмчлүүлж байх үеийн зардал болох 4.221.913 төгрөг, буяны үйл ажиллагаанд зарцуулсан хохирол 10.299.010 төгрөг, зээлийн эргэн төлөлт, талийгаачийн хөдөлмөрийн чадвараа алдсаны хохирол, цалингийн зээлийн төлбөр нийт 24.231.092 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой Улаанбаатараас Хэнтий аймаг явж байгаад Цэнхэрмандал суманд орж ирсэн Тэгээд Мөнхмандал нэртэй хоолны газарт орж хоол захиалж идсэн, тэнд Баярбат, Хатанбаатар, Баяраа гээд истана машины жолооч нар байсан.... Тэндээс Эрдэнэбаяр, Баярбат, Хатанбаатар, Энхбаатар, талийгаач Батбаяр бид нар цувраад цуг хөдөлсөн. Тэндээс Хамардаваа хүртэл цуг явсан. Хамар даваан дээр би унтана гэж бодож байсан болохоор тэндээ зогссон, нөгөө хэд ч мөн зогссон. Тэгээд тэнд Хатанбаатарын машин дотор 1 шил архи ууцгаасан. Тухайн үед Эрдэнэбаяр архи тойруулсан, Баярбаатар, Энхбаатар, хоёр их уугаагүй, нэг татчихаад унтлаа гээд машиндаа ороод унтацгаасан. Тэгээд байж байтал Батбаяр, Ганбаатар ах хоёр ирсэн. Ганбаатар ах хүнтэй явж байгаа гээд удахгүй явсан. Үлдсэн хүмүүс нь ууцгааж байгаад машиндаа орж унтацгаая гэж байтал талийгаач Дандар би Мөнхмандалын хүнийг танина тэндээс ганц шил архи авъя гээд архинд явахаар болсон. Тэгсэн талийгаач миний машин ачаатай, та бараг хоосон шахуу явж байгаа юм байна таны машинтай явъя гэсэн. Би жолоочийн хажуу талын суудалд суусан, Батбаяр ах ард суусан, харин Эрдэнэбаярыг машины хажуу талд бие засаж байтал Батбаяр ах машинд суу цуг архинд явъя гэж хэлээд суулгасан. Талийгаач Дандар миний машиныг бариад Цэнхэрмандал сум руу буцаад явцгаасан. Цэнхэрмандал суманд очиход Мөнхмандал цайны газар хаалттай байсан. Тэгээд буцаж явж байгаад удалгүй осол гарсан. Уг осол гарахад бидний буруутай үйлдлээс болж гарсан. Тухайн үед Дандар хурд хэтрүүлж явсан мөн архи ууж жолоо барьсан нь буруу, миний бие бусдад жолоогоо шилжүүлсэн нь буруутай үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Жөмгөөлөл явуулахдаа: Хохирогч талаас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа яагаад гэхээр Амарбаяр тухайн үед машин барьж явсан боловч гэмт хэргийн ул мөрөө нуун далдлан худал мэдүүлэг өгөөд байна гэсэн байр сууринаас ханддаг. Прокурор гэрч хохирогчийн мэдүүлгүүдээр Амарбаяр жолоогоо шилжүүлсэн нь тогтоогдсон гэж байгаа. Гэвч Батбаяраас гэрч, хохирогчоор хууль сануулж, худал мэдүүлэг өгөхгүй гэж байцаалт авсан. Эрдэнэбаяр, Амарбаяр хоёрын хувьд найз нөхдийн холбоотой, байшингийн буланд яриад зогсож байсан гэж хохирогч талаас ярьдаг. Хэргийн нөхцөл байдлыг фото зургаас харахад Амарбаярын мэдүүлэгт би үсэрсэн гэдэг, Амарбаярыг жолооч талын суудалд сууж явсан гэж үзэх юм бол жолооч талын суудлын цонхны дээд араам хэсэг нь доошоо хаалгаруугаа налж эвдрэл үүссэн байдаг. ...Амарбаяр өөрөө хаалгаа онгойлгож үсэрсэн, машин өнхөрөх үед хаалга онгойлгоход жолооч талын хаалга нугларсан байх магадлалтай гэж үзэж байна. Ийм эргэлзээтэй байдлууд байдаг учраас бидний зүгээс мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өөр өөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөөчээ гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч хангагдаагүй. Харин Эрдэнэбаяр, Батбаяр хоёрын найз нөхдийн холбоотой эсэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоолгоё гэсэн хүсэлтүүд хангагдсан боловч мөрдөн байцаалтын шатанд биелэгдээгүй юм. Батбаяр тийм их гэмтэл авч, олон хагалгаанд орчихоод байж худал мэдүүлэг өгнө гэдэг эргэлзээтэй. ...Мөн машины бүрэн бүтэн байдал яригддаг. Хавтаст хэрэгт 35 зөрчлийн лавлагаа ихэвчлэн бүрэн бус тээврийн хэрэгсэл гэж авагддаг. Амарбаяр 2017 онд осолд орж байсан боловч тэрийгээ тохиролцоод хаалгачихсан талаарх мэдүүлгүүд байдаг. Жанам эвдэрсэн хурдны милл ажиллахгүй гэсэн зүйл байдаг учраас бүрэн бүтэн байдлыг шалгуулах хүсэлт гаргасан. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, дахин шалгуулж шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С нь өмгөөлөл явуулахдаа: Н.А нь бусдад жолоогоо шилжүүлсны улмаас нэг хүн нас барж, бусдад хүнд төрлийн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй Н.А гэм буруугүй гэж үзэж байна. ...Амарбаярын бусдад жолоо шилжүүлсэн нь хохирогч Батбаяр, Түмэнбаяр, Хатанбаатар, Нямдорж нарын мэдүүлэг, замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт, шинжээч Пүрвээгийн мэдүүлгүүдээр бүрэн нотлогдож байгаа... Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан хор уршгийг гэмт хэрэгт тооцно гэсэн байдаг. Ийм учраас Н.Аын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь заалтад тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдолд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй учраас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Улсын яллагч Т.Б дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 04-05 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн Б-д заасан заалтыг зөрчин захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Дандар нас барж, Батбаярын эрүүл мэндэд хүнд, Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Аын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна. Н.Аыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч талаас Амарбаярыг жолоо барьсан гэж маргаж байгаа мөн Эрдэнэбаяр, Амарбаяр хоёрыг хуйвалдсан байж болзошгүй гэж ярьдаг. Хэрэг материалтай танилцаад, гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэхэд гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр Амарбаяр талийгаач Дандарт жолоогоо шилжүүлсэн юм байна гэсэн дүгнэлтэд хүрч яллах дүгнэлт үйлдсэн. Иймд улсын яллагчаас оруулсан саналын дагуу шийдэж өгөхыг хүсэж байна гэж хэлсэн болно.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээс дүгнэж үзэхэд: Шүүгдэгч Н.Ань 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг чиглэлийн босоо тэнхлэгийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн 24-95 ХЭҮ улсын дугаартай Истана маркийн автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Дт шилжүүлсэн үйлдэл нь хэрэгт тугсгагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх хэдий ч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлвэл шүүгдэгч Н.Аын тээврийн хэрэгслийг Э.Дт шилжүүлсэн үйлдэл амь хохирогч Э.Дын үхэл, хохирогч Ц.Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан үйлдлүүдийн хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.
2002 оны Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд “Жолоогоо бусдад шилжүүлэх.” гэж гэмт хэрэг байсан. Харин 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд уг гэмт хэрэг байхгүй болсон ба 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Согтууруулах ундаа хэрэглэсэн ... хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол зөрчлийн хэрэг болохоор зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй., 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг ... хэрэглэнэ гэж заасан.
Тиймээс Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, хууль ёсны зарчмын үүднээс Н.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Дт тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.
Э.Д амь насаа алдсан, Ц.Батбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь амь хохирогч Э.Дын архи ууж согтсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж жолоодон улмаар онхолдуулсан үйлдэлтэй шууд хамааралтай болохоос Н.Аын үйлдэлтэй холбоогүй нь хохирогч Б.Э, гэрч Г.Хатанбаатар, Б.Түмэнбаяр нарын мэдүүлэг, Н.Аын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Пүрвээгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөн эдгээр баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан: Н.АЭ.Дт жолоогоо шилжүүлээгүй, өөрөө согтуугаар жолоодож яваад осол гаргасан нь хохирогч Ц.Батбаярын мэдүүлгээр нотлогддог гэх байдал няцаагдаж үгүйсгэгддэг юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа нь Н.Ат холбогдох хэргийг тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар өмгөөлөл явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Н.Ат холбогдох үйл явдал нь 2018 оны 07 дугаар сарын 24-нд болсон буюу 2015 онд батлагдаж 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш болсон тул дээрх үндэслэл хамааралгүй юм. Тодруулвал хуучин хуулийн үед үйлдэгдээд шинэ хуулийн үед шийдэгдэх тохиолдолд хамаарах зохицуулалт болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Дт жолоогоо шилжүүлсний улмаас автомашин онхолдож хохирогч Ц.Батбаярын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол, хохирогч Б.Эын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол тус тус учруулж, Э.Дын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гэм хорын хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалттай нийцэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох 24-95 ХЭҮ, 82-48 ХЭҮ улсын дугаартай SsangYong фирмийн Istana маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Н.Ат буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А-г цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ааас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн оршуулгын болон эмчилгээний зардал, бусад гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Н.Ань энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч, прокурор нарын тогттоолуудыг хүчингүй болгож 24-95 ХЭҮ, 82-48 ХЭҮ улсын дугаартай SsangYong фирмийн Istana маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Н.Ат буцаан олгож,
-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй, Н.Ань энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1839003730068 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА