Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01864

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01864

 

 

Г.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02833 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Г ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ш д холбогдох,

 

2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 59,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Г.Г миний бие Б.Ш тай уулзаж, гэр бүлийн хамт амьдрах зориулалтаар Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ******* хотхон, 101 дүгээр байр, *** тоот байрыг 1 сарын 4,600,000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцож 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний нийт төлбөр 55,200,000 төгрөг, дэнчин 4,600,000 төгрөгийг Б.Ш ын эзэмшлийн *** тоот тоот дансанд шилжүүлсэн.

1.2. Б.Ш нь орон сууцыг анх амаар тохиролцсон нөхцөл журмын дагуу шилжүүлж өгөөгүй. Орон сууцыг шилжүүлэхийн өмнө цэвэрлэгээг бүрэн хийх, амьдрах нөхцөл боломжоор хангах талаар тохиролцсон. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг очиж үзэхэд цэвэрлэгээ хийгдээгүй, ханын цаас хууларсан, өрөөнүүдийн дотоод систем тохиргоог хийх төхөөрөмж эвдрэлтэй, ус байхгүй зэрэг байдалтай байсан.

1.3. Улмаар энэ тухай хариуцагчид мэдэгдэж, 2 тал харилцан тохиролцож гэрээг цуцалсан. Гэрээ байгуулснаас хойш тухайн орон сууцанд 1 ч өдөр амьдраагүй. Гэтэл хариуцагч Б.Ш түрээсийн гэрээг цуцлах боломжгүй, цуцлах тохиолдолд дэнчин болон 1 сарын төлбөрт 9,200,000 төгрөг суутгана гэж мэдэгдсэн. Орон сууцанд амьдрахаас өмнө гэрээг цуцалсан тул дэнчинг суутган авах нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөр Б.Ш ын эзэмшлийн *** тоот тоот дансанд шилжсэн.

2.2. Орон сууц хөлслөх гэрээний 5.4-д хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж тохиролцсон. Хөлслөгч тал гэрээг цуцлах саналыг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бичгээр гаргасан учир 2 сарын түрээсийн төлбөрийг суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г болон Б.Ш нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 0990 бүртгэлийн дугаартай орон сууц хөлслөх гэрээ 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан болохыг тогтоож, хариуцагч Б.Ш аас 56,120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,680,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 527,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэлээс 3,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна.

Энэхүү хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зохицуулалтад нийцээгүй.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан боловч орон сууцны эзэмшлийг бодитоор хүлээн аваагүй ба хөлслүүлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тухай шүүх хуралдааны шатанд тайлбарласан байхад хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Энэхүү маргааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц юм. Хэдийгээр орон сууц хөлслөх гэрээний 3.5-д зааснаар орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тусгасан боловч энэхүү гэрээний харилцаа өөрчлөгдсөн болохыг нотлох зорилгоор фэйсбүүк дэх цахим баримтад үзлэг хийлгэсэн. Тус үзлэгийн баримтаар талууд харилцан тохиролцож, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны эзэмшлийг хүлээлгэж өгөхөөр болсон нь тогтоогддог.

Маргаан бүхий орон сууцны хаалганы түлхүүр нь тоон кодоор илэрхийлэгддэг. Энэхүү кодыг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөлслүүлэгч нь хөлслөгчид өгсөн болох нь үзлэгийн баримтад тодорхой тусгагдсан. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар эсрэг баримтыг шүүхэд огт өгөөгүй.

Мөн хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан нийт төлбөрийг бүтнээр буцаан төлөх талаар удаа дараа илэрхийлж байсан. Гэвч нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа энэхүү байр суурь нь өөрчлөгдсөн. Гэтэл шүүх энэхүү үйл баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан нэхэмжлэлийн шаардлагаас 3,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шийдвэрийн 8-д ... 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн хэмээн анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн атлаа талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 5.4 болон гэрээ цуцалсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, гэрээний 5.4-т Хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг хөлслүүлэгч талын санаачилгаар цуцлах болсон тул мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хөлслөгч нь суутган авах шударга ёсонд нийцнэ.

5.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т гэрээ цуцлагдах болсон нөхцөл байдлын талаар хэлсэн бөгөөд тухайн түрээсийн орон сууцны цонх тоостой байсан, ус хаалттай байсан нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэх боловч дээрх нь гэрээ болон хуульд заасан нэг талын санаачилгаар цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан огт биш байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4,200,000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д заасан нөхцлийг өөрчилж 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Гэтэл шүүх нэхэмжлэгч талыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдрөөр байрны төлбөр төлөх үүрэг хэрэгжиж эхэлсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх байранд орж, урьдчилсан тохиролцсноор байрыг цэвэрлэх, өмнөх түрээслэгчдийг гаргах, бэлтгэх ажлыг шалгахаар ороход шаардлага хангаагүй учир хариуцагч Б.Ш тай холбогдож орон сууц хөлслөх гэрээг цуцалж, төлбөрийг бага багаар авахаар тохиролцсон. Иймд 3,680,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Ш д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 59,800,000 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний 5.4-т зааснаар хөлслөгч нь гэрээг цуцлах тухай 1 сарын өмнө хөлслүүлэгчид мэдэгдээгүй, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлахыг мэдэгдсэн тул 2 сарын төлбөрийг суутгаж, үлдсэн төлбөрийг төлнө гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Г.Г , Б.Ш нар 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч Б.Ш нь Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ******* цогцолбор хотхон, *************** гудамж 101 дүгээр байр, *** тоот орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч Г.Г нь орон сууцны 1 сарын хөлс 4,600,000 төгрөгийг 12 сараар тооцон урьдчилан төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчинд 4,600,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-7/

 

3.1. Хөлслөгч Г.Г нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Б.Ш ын 473050076 дугаартай данс руу орон сууцны хөлсөнд 55,200,000 төгрөг, дэнчин 4,600,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-8/

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөний улмаас талуудын маргааны үйл баримтыг буруу тогтоож, мөн тухайн маргаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

5.1. Хариуцагч Б.Ш нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгч Г.Г ийн саналыг хүлээн авснаар тэдгээрийн хэн аль нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг үүссэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

5.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн талуудын хооронд харилцсан цахим зурваст үзлэг хийж тэмдэглэл үйлджээ. Уг нотлох баримтаас үзвэл, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Г.Г нь Сайн уу. Бид 13-нд цэнхэр яваад 18, 19-нд ирэхээр боллоо. Тэр хавьд хүлээлгэж бүрэн болговол ороод хичээл, цэцэрлэгийн бэлтгэлээ хангах санаатай, ахын дүү ... нөгөө жижиг сажиг асуудлаа шийдчихсэн, сайн цэвэрлэгээ хийчихсэн байх уу, ... бид 20-нд нүүгээр орчихья ... гэсэн зурвас Б.Ш руу илгээсэн, хариуцагч Б.Ш сайн байна уу, за тэгье, ... ок гэсэн хариу илгээжээ. /хх-49/

Мөн 2023.08.20-ны өдөр нэхэмжлэгч Г.Г өөс өглөөний мэнд, 11 гээд байран дээрээ таарах уу, өнөөдөр хүлээж аваад нүүчихье ..., ... за тэг, орох үүдний болон цоожны кодыг аваад ороод байж байя ... гэхэд, хариуцагч Б.Ш аас ... ок эсвэл та хэд 11-ээс очоод байж болно ш дээ, код өгчихье ..., ... за тэгье, орцны код ..., хаалганы код ... гэж, 2023.08.21-ний өдөр Г.Г өөс ... цэвэрлэгээ хийлгэсэн гарууд чинь хулхидсан байна даа, гал тогоо энэ тэр ..., ... уучлаарай, үнэхээр болсонгүй ... гэхэд, Б.Ш аас ... аан тийм үү, бид хоёр бас орж амжаагүй л явна, тэгвэл нэг яриад асуугаадахья, цэвэрлэгээ нь өөр зүйл байна уу, гайгүй юу ..., ... за гэж, 2023.08.23-ны өдөр Г.Г өөс ... өглөөний мэнд, ахдаа бага багаар хамаагүй өгвөл сайн байна шүү, арав арваар ч юм уу гэхэд, Б.Ш нь сайн уу, өглөөний мэндээ, бид хоёр мөнгө орж ирвэл тэгнээ, санаа зоволтгүй гэж тус тус цахим зурвасаар харилцаж байжээ. /хх-48, 50/

 

5.3. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч Б.Ш нь гэрээний 3.5-д зааснаар орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Г.Г т хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн гэрээний хугацааг талууд 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болгон өөрчилсөн байна. /хх-5/

 

6. Мөн нэхэмжлэгч Г.Г нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг очиж үзээд, гэрээнээс татгалзах тухай хариуцагч Б.Ш д мэдэгдсэн, хариуцагч уг саналыг хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Иймээс хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэл болох 59,800,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.1. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Б.Ш ыг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон, үр дүн гараагүйн улмаас гэрээний хугацаанаас өмнө татгалзах эрхтэй гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, улмаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6.2. Мөн шүүх, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын байгуулсан гэрээний 3.1, 3.5 дахь заалтыг гэрээг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хэрэгжсэн гэж буруу тайлбарлан, хариуцагчийн буцаан шилжүүлэх мөнгөн хөрөнгөнөөс 3,680,000 төгрөгийг суутган тооцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний хугацааг нэг жилээр, 3.5 дахь заалтаар хөлслүүлэгчийн орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хөлслөгчид хүлээлгэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Хэргийн баримтаар орон сууцыг гэрээнд заасан өдөр нэхэмжлэгч нь эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн аваагүй, уг хугацааг талууд 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болгон өөрчилсөн үйл баримтыг дээр дүгнэсэн.

6.3. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хөлслүүлэгч нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэн өгснөөр хөлслөгч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хэрэгжих нөхцөл бүрдэхээр байна.

Орон сууц хөлслөх гэрээний 5.4 дэх хэсэгт заасан Хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэг нь гэрээ бодитоор хэрэгжсэн тохиолдолд үүснэ. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг бодитоор өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж аваагүй байхдаа гэрээнээс татгалзсан тул гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс гэрээний 5.4-т заасан үүргээ зөрчсөнтэй холбогдон 1 сарын орон сууцны хөлс суутган тооцох ёстой гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б.Ш аас орон сууцны хөлсөнд төлсөн 55,200,000 төгрөг, дэнчин 4,600,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г т олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02833 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.2 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж, хариуцагч Б.Ш аас 56,120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,680,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг хариуцагч Б.Ш аас 59,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г т олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 438,550 гэснийг 456,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД