| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0451/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1910009830502 дугаартай 187/2019/0451/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны .... дугаар сарын ......-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ......настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, ам бүл ........ хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... дугаар байрны .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн 27-10 УБВ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн арын зогсоолд хүргэж өгсөн иргэн Ц.Б машинд нь мартаж буусан “Самсунг Эс-8” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн 27-10 УБВ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн арын зогсоолд хүргэж өгсөн иргэн Ц.Б машинд нь мартаж буусан “Самсунг Эс-8” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны ард таксигаар хүргүүлэхдээ өөрийн гар утсаа мартаж буугаад эргээд залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Би самсунг эс-8 маркийн хар хөх өнгийн гар утас гээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
3. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэди худалдааны төвийн 2-2 тоот лангуун дээр гар утас зарна гээд ирэхээр нь үзэхэд дэлгэц нь хагарсан утсыг авахгүй, зүгээр байгаа хар хөх өнгийн гар утсыг 350.000 төгрөгрөөр авна гэж хэлэхэд тэр хүн надад зөвшөөрөөд гар утсыг зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
4. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Дамно ХХК-ийн үнэлгээ /хх-19-20/
5. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам ээжийн хашаанд очиж машинаасаа юм буулгаад байгаад арын суудал дээр Самсунг галакси эс-8 гар утас байхаар нь би тухайн гар утсыг тэр эмэгтэй үлдээсэн гэж мэдээгүй машиныхаа голын хайрцагт хийсэн. Голын хайрцагт хийсний дараа тухайн гар утас дугарсан. Тэгээд аваад ярихад утасны эзэн байна шагналыг өгөөд авъя гэхээр нь тэг, тэг гэсэн. Би тэр утсыг 2-3 хоног гэртээ байлгаж байгаад Тэди худалдааны төвийн 2 давхарт утас зардаг хүнд 350.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн 27-10 УБВ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү молл” худалдааны төвийн арын зогсоолд хүргэж өгсөн иргэн Ц.Б машинд нь мартаж буусан “Самсунг Эс-8” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-59/, түүний хувийн байдал /... 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзэж шүүхээс Б.Б-д улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б-ийн Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР