Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01862

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01862

 

Т.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Т д холбогдох,

 

2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х ХХК -ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон  компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу Х ХХК -ийн 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцааг Д.Т ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Т.А нь 2014 оноос эхлэн Х ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2018 оноос тус компанийн 40 хувийн хувьцааг эзэмшсэн. Х ХХК -ийн одоогийн гүйцэтгэх захирал Д.Т нь тус компанийн 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.

1.2. Д.Т нь Герман Улсын *** компанитай цаашид хамтарсан компани байгуулж ажиллахад манай компанийн хувьцаа нэг хүн дээр төвлөрсөн байх шаардлагатай тул компанийн 40 хувийг эзэмшдэг хувьцаанаасаа 30 хувийг нь надад худалдсан байх хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсан. Миний бие 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х ХХК -ийн өөрийн эзэмшилд байсан 300 ширхэг буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа 300,000 төгрөгөөр Д.Т д худалдах, худалдан авах гэрээ хийж, мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Д.Т нь тус гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцааны төлбөр мөнгийг одоо хүртэл төлөөгүй. Иймд худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, 300 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

1.3. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээсээ миний бие татгалзаж байгаа учир энэ гэрээнүүдийг дагалдан гарсан Х ХХК -ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын хавсралтаар баталсан Х ХХК -ийн дүрмийн 5.2.1-д заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувьцаа нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т , Т.А 10 хувь гэж заасныг тус тус хүчингүйд тооцож, Т.Аг Х ХХК -ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т.А 10 жилийн ангийн найз, манай ажилтан байсан. Тэрээр Америк явах визинд баталгаа хэрэгтэй гэсэн гуйлтаар компанийнхаа 40 хувийн хувьцааг түр дүр үзүүлэн шилжүүлсэн. Үүнийг мэдэж байсан тул компанийн 30 хувийн хувьцааг буцааж шилжүүлж авсан. Үлдэгдэл 10 хувийн хувьцааг компанийн зээлийн барьцаанд байсан Т.Агийн байрыг суллахаар буцааж шилжүүлэхээр тохиролцсон.

Тохиролцооны дагуу Т.Агийн байрыг барьцаанаас чөлөөлж, үлдэгдэл 10 хувийн хувьцаагаа авъя гэхэд өгөхгүй, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болж байна.

2.2. Т.А нь манай компанид ямар нэгэн хөрөнгө оруулаагүй, ажилтан байсан бөгөөд хувьцаа эзэмших ямар ч эрх зүйн үндэслэлгүй этгээд юм. Д.Т , миний бие 2002 оноос хойш одоог хүртэл тээвэр зуучлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тээвэр зуучийн Х ХХК -ийг үүсгэн байгуулсан.

Т.А 2018 оны 4 дүгээр сард Америкийн визинд орохдоо компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэсний дагуу би түүнд туслах үүднээс 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК -ийн 40 хувийн хувьцааг Т.Ад бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 40 хувийн хувьцааны эрхийг түүнд шилжүүлсэн дүр үзүүлсэн хэлцлийг бид байгуулсан.

Мөн Х ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр Т.Аг захирлын албан тушаалд томилж байсан.

Ингээд АНУ-ын Элчин сайдын яаманд визний материал бэлдэж өгөхдөө компанийн 40 хувийн эзэмшигч болсноо гэрчлэн компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх банкны дансны хуулгууд, гүйцэтгэх захиралд томилогдсон шийдвэр, компаниас тодорхойлолт гаргуулан визинд орж 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр виз гарсан. Т.А ажлаасаа гарч АНУ руу явсан.

Тэрээр явахаасаа өмнө компанийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр очих үед компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт Т.Агийн гарын үсэг дутуу зурагдсан байсныг мэдээгүйгээс болж компанийн хувьцааг буцаасан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй 2020 оныг хүргэсэн. Энэ гэрээний талаар Т.А нэхэмжлэлдээ огт дурдаагүй.

Тухайн үед Т.А АНУ явсан байсан тул түүний гарын үсгийг нөхөж зуруулах боломжгүйгээс болж, компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байдлыг өөрт ашигтай байдлаар ашиглах гэж оролдож шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

Т.А Баянгол дүүргийн тойргийн нотариатч дээр өмгөөлөгч гэх хүний хамтаар 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр очиж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа буцаасан бэлэглэлийн гэрээг андуураад буруу хийсэн байна, бэлэглэгч, бэлэг хүлээн авагч 2 хүний нэрийг солиод өгөөч гэсэн хууль бус зүйлийг хүсэж очсон талаар уг нотариатч надад хэлж би хүнийг шахаж худлаа гэрээ гэрчлэхгүй, Т.А гэгч ямар зорилгоор ингэж явж байгаа талаар надаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр асууж байсан.

2.3. Т.А надаас гуйсан тул өрөвдөн тухайн үед Ханжинкарго ХХК үүсгэн байгуулсан байсан тул тэр компанийн 10 хувь болон Х ХХК -ийн 10 хувийг Т.Агийн орон сууц барьцаанд байгаа учир баталгаа болгож үлдээе. Харин орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөд Х ХХК -ийн 10 хувийг буцааж авна гэж тохиролцон дээрх 2 компанийн хувьцааны 10 хувийг тус тус эзэмшүүлсэн. Тохиролцсоны дагуу орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгсөн тул Т.А Х ХХК -ийн 10 хувийн хувьцааг буцаан надад шилжүүлж өгөх нь шударга юм. Х ХХК -ийн 40 хувийн хувьцааг 2018 оны 4 дүгээр сард бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд уг хэлцлийг буцаасан хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байсан тул 30 хувийг буцаан авахдаа Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 7 дугаар сард хийсэн гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Т.А нь Х ХХК -ийн 10 хувийн хувьцааг ямар ч шалтгаангүйгээр надад буцаан өгөхгүй гэх болсон. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Х ХХК -ийн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байсныг ашиглан буцаан 30 хувийн хувьцааг шилжүүлэхдээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан.

3.2. Дээрх 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь өмнө хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд Б.Т-ын компанийн хувьцаа, компанийн эрхийн зарим хувийг Т.Агийн эрх ашгийн тулд түүнд АНУ-ын виз гаргуулах зорилгоор буюу зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор дүр үзүүлсэн хэлцлийг байгуулан шилжүүлсэн атлаа буцаагаад өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авахдаа өөрөө өөрийхөө эд хөрөнгийг худалдаж авах хууль зүйн үндэслэлгүй.

3.3. Иймд Х ХХК -ийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х ХХК -ийн 30 хувийн хувьцааг болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т д буцаан шилжүүлэхийг хариуцагч Т.Ад даалгах, үр дагаврыг арилгуулж Д.Т ыг Х ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

4.1. Т.А би Х ХХК -ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан. Харин Д.Т нь 2016 оноос /миний санаж байгаагаар/ 2022 хүртэл Улаанбаатар төмөр замд ажиллаж, мөн хүүхэд төрүүлж 2020 оноос хойш гэртээ хүүхдээ асарч байсан тул төмөр замын үндсэн ажлынхаа хажуугаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, гадаад харилцааг энэ олон жил хариуцан явах боломжгүй байсан тул Т.А би хариуцан ажилласан.

4.2. Т.А миний ах, эгч АНУ-д хууль ёсоор оршин суудаг бөгөөд Монголдоо ирж гэр бүлийнхэнтэйгээ уулзаад явдаг, бид интернэтээр үргэлж харилцдаг юм. Иймд намайг ах, эгч дээрээ очихыг байнга ярьдаг гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй. Гадаад орон руу зорчих виз хүсэхэд иргэн хүн ажиллаж байгаа байгууллагынхаа тодорхойлолтыг өгдөг тэр л журмаар Х ХХК -аас тодорхойлолт өгсөн. Миний АНУ-ын виз гарахад сайн нөлөөлсөн зүйл бол би 2018 оноос өмнө Энэтхэг 2 удаа, Тайланд, Европын 8 улс орон, Турк, Хятад, Орос, Солонгос 4 удаа зорчиж байсан миний аяллын түүх, мөн эрхэлж байсан ажил, гадаад хэлээр бусадтай харилцаж Монголдоо буцаж ирэх шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлаж байгааг харгалзан виз олгосон.

Миний үл хөдлөх хөрөнгө өмчилдөг байдал, мөн манай 2 хүргэн АНУ-н иргэншилтэй бөгөөд албан ёсны гэр бүлийн аяллын урилга, батлан даалтын үндсэн дээр АНУ-н виз гарсан. Гэтэл Д.Т нь Т.Агийн гуйлтаар АНУ-н виз гаргуулах гэж компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэж дүр үзүүлэн гэрээ хийж өгсөн гэж бичсэн нь ор үндэслэлгүй.

4.3. Д.Т нь анх надтай уулзаад чиний гадаад хэлний мэдлэг хэрэгтэй болоод байна, хоёулаа энэ компанийг хөл дээр нь босгох хэрэгтэй байна, цалин мөнгөө тохиролцъё, манай компанийн хувьцаа эзэмшигч болж болно, хамтарч ажиллая гэж гуйсан тул найзын хувьд итгэж хамтран ажилласан бөгөөд тухайн үед бид хоёр бусдын байр өрөө түрээслээд сандал ширээгээ оруулж тавиад хамтран ажиллаж эхэлсэн. Компанийн санхүүгийн байдлыг харгалзан миний цалинг дундаж хэмжээгээр олгож байсан тул Д.Т бид хоёр 2018 онд ярилцаж тохиролцоод компанийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг Т.А надад эзэмшүүлэн өгч бэлэглэлийн гэрээ хийж хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

4.4. Д.Т бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэсэн гэрээ хийсэн бөгөөд буцаагаад хүчингүй болгосон. Тухайн үед би АНУ руу явж байгаа болохоор Д.Т д 40 хувийн хувьцаагаа шилжүүлэх гэрээ хийж нотариатч дээр очиж гэрчлүүлсэн. Тус гэрээг хийснийхээ дараа нь бид хоёр ярилцаж байгаад би АНУ руу 2 сарын хугацаатай явж ирээд компанидаа үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцоод хувьцаагаа шилжүүлэхээ болиод тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн компанийн 40 хувийн хувьцаа бэлэглэсэн гэрээгээ хүчингүй гэж үзээд улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

4.5. Т.А, миний бие АНУ руу 2018 оны 9 дүгээр сард яваад 2 сар болоод буцаж ирсэн, тэр үеэс хойш Д.Т тай хамт тус компанид 5 жил хамт ажиллаж байхад надаар гарын үсэг зуруулах байсан бол энэ олон жилийн хугацаанд гарын үсэг зуруулах ёстой байсан.

4.6. Д.Т бид хоёр тохиролцоод тус бэлэглэлийн гэрээгээ хүчингүй гэж үзээд улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир би нэхэмжлэлдээ бичих шаардлага байхгүй. Нэхэмжлэгч Т.А би тус өдөр нотариатч дээр ганцаараа очсон бөгөөд очих болсон шалтгаан нь миний нэхэмжлэлийн хариу болгож Д.Т нь шүүхэд бичсэн тайлбартаа Т.Ад компанийн 40 хувийн хувьцаагаа дүр үзүүлэн шилжүүлсэн гэж бичсэн тул би өөрт байгаа баримтуудаа үзэхэд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 40 хувийн хувьцааг надад шилжүүлсэн гэрээ байхгүй байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байсан.

4.7. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнд хугацааг зөрүүтэй бичигдсэн, бодит байдалтай нийцэхгүй, буруу гэрээ хийсэн байгааг уншиж мэдээд эргэлзсэн тул нотариатч дээр очиж асуусан болохоос биш ямар нэгэн хууль бус зүйл хийлгэх гэж очоогүй. Тус 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь гэрээ хийгдэхээсээ өмнө хувьцааг хүлээлгэн өгөх тухай заасан гэрээ, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Иймд Т.Агийн нэхэмжлэлийг хангаж, Д.Т ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х ХХК -ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Аг тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.Ад шилжүүлсэн Х ХХК -ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгаж, Д.Т ыг Х ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг дагалдан гарсан улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, Х ХХК -ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Х ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Х ХХК -ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтад заасан компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь Д.Т 90 хувь, Т.А 10 хувь гэж заасан заалтыг тус тус хүчингүйд тооцуулах, Т.Аг Х ХХК -ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Т 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон тус компанийн 30 хувийн хувьцааг худалдсан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Х ХХК -ийн 30 хувийн хувьцаа болон барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг, компанийн хувьцаа эзэмшигч Д.Т д буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгах сөрөг шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,250 төгрөг, хариуцагч Д.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,100 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 153,050 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Т д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62, 63, 64, 65, 73 дугаар заалтуудыг зөрчсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны заалтыг буруу хэрэглэсэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нотлох баримт бүрэн бүрдсэн байхад нотлох баримтыг зөв үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн.

6.2. Хариуцагч Д.Т нэхэмжлэлийг гардан авах үед шүүх хариуцагчид нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж өгөөд гарын үсэг зуруулсан. Гэтэл Д.Т нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 1 жил орчим буюу 11 сарын хугацаа өнгөрсөн байхад энэ хугацаанд би өөрийнхөө хувьцааг буцааж авсан тул хувьцааны төлбөрийг төлөөгүй гэсэн агуулгатай тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргасан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хандаж Т.А АНУ руу явах виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтуудыг АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Т нь нотлох баримтыг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан тул худалдан авсан хувьцааны төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төлсөн нотлох баримтаа өгөх байсан. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж аваад 11 сарын дараа хувьцааны төлбөртэй огт тохирохгүй, юуны мөнгө нь мэдэгдэхгүй, шилжүүлгийн утгыг ч бичээгүй 1,317,915 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт гаргаж Т.Агаас худалдаж авсан хувьцааны 300,000 төгрөг байгаа гэж ямар ч үнэмшилгүй, ойлгомжгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

6.3. Т.Ад ажлын урамшууллын мөнгө олгож байгаа бол бусад ажилчидтай л адилхан компанийн данснаас олгох ёстой байтал ганцхан Т.Ад өөрийнхөө хувийн данснаас олгосон нь үндэслэлгүй. Мөн ажлын урамшууллын мөнгө олгож байгаа бол хувьцааны мөнгөтэй хамт, хоёр өөр төлбөрийг нэгтгэж утгыг нь ч бичихгүй шилжүүлэх ямар ч үндэслэлгүй бөгөөд төлбөрийг тус тусд нь шилжүүлэх байсан. Иймд хариуцагч Д.Т ын шүүхэд өгсөн баримт болох 1,317,915 төгрөгт хувьцааны төлбөр байгаа нь үндэслэлгүй.

Иймээс нотлох баримтууд байсаар байхад шүүх энэ нотлох баримтуудыг анхаарч үзээгүй, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаагүй, дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийг хувьцааны төлбөрийг төлсөн байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

6.4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нь хурлын явцад хүлээн авч улмаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.2, 62.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг шүүх хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заалтуудыг зөв хэрэгжүүлэхгүйгээр, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн, гэрээ хийгдсэнээс хойш 5 жилийн дараа сөрөг нэхэмжлэл гаргасан байхад хүлээн авч үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Т нь өөрийнхөө өгсөн баримтыг өөрөө үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад нэхэмжлэгчийг үгүйсгэсэн баримт өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй.

6.5. Нэхэмжлэгч нь хариуцагч талд урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Мөн хуульд урьдчилсан сануулсан мэдэгдлийг бичгээр өгнө гэсэн заалт байхгүй.

Нэхэмжлэгч Т.А би шүүхэд хандаж хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний хувьцааны төлбөрийг өгөөгүй тул гэрээнээс татгалзаж хувьцаагаа буцаан авахыг шаардах нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч Д.Т нь миний нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл болох олон жилийн өмнө 2018 онд надад бэлэглэсэн, хүчин төгөлдөр болсон гэрээг 5 жилийн дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд бэлэглэгчийг гомдоосон тул бэлэглэсэн хувьцааг буцаан авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж хэлэхэд түүнийг нь шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.6. Хариуцагч Д.Т ын шүүхэд өгсөн тайлбар нь үндэслэлгүй. Тухайлбал: Т.Ад АНУ-ын виз гаргаж өгөхийн тулд 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж байсан гэж тайлбар шүүхэд өгсөн нь үнэнд нийцэхгүй. Учир нь, хэргийн материалын 47 дугаар хуудсанд Т.А миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байгаа бөгөөд тус дэвтэрт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилов гэж Д.Т өөрөө бичсэн байгаа нь хариуцагчийн дээр дурьдсан тайлбар нь үнэнд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч ямар нэг буруутай ноцтой үйлдэл огт хийгээгүй байхад шүүх Т.А хувьцааны төлбөр төлүүлнэ гэж шаардлага гаргаж Д.Т ыг ноцтой гомдоосон гэж бичсэн нь хуулийн үндэслэлгүй. Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах зорилгоор хуулийн дагуу нэхэмжлэл гаргасныг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж шүүх үзэж хувьцааг Д.Т д олгож байгаад гомдолтой байна.

Хариуцагч Д.Т нь хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан хувьцааны төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан гол үүргээ биелүүлээгүй байгаа нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтуудаар нотлогдсон. Хариуцагч Д.Т нь дүр үзүүлэн хэлцлээр би өөрийнхөө хувьцааг авсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж 1 жил орчмын хугацаанд шүүхэд тайлбар өгч, сөрөг нэхэмжлэл гаргаж явж байснаа гэнэт больж түүнээсээ татгалзаад би Т.Агаас худалдаж авсан хувьцааны төлбөрийг төлсөн байгаа тул Т.А намайг гомдоосон гэж 2018 оны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хувьцаагаа буцаан авах сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасныг зөрчсөн.

Хариуцагч Д.Т нь хувьцаа худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй, хувьцааны төлбөрийг төлөөгүй байгаа нь баримтаар нотлогдож байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Т.Агийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манайх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгч нь мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан.

7.2. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Д.Т нь компанийн 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч Т.Ад бэлэглэсэн. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Т.А нь бэлэглэлийн гэрээгээр хувьцааг буцаан шилжүүлсэн нь нотлох баримтаар авагдсан. Компанийн хурлын шийдвэрт Т.Агийн гарын үсэг байхгүй үндэслэлээр улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр компанийн 30 хувийн хувьцааг буцаан аваад, 10 хувийн хувьцааг үлдээхээр тохиролцсон гэрээг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.Т д холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х ХХК -ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх, үүнтэй холбогдон улсын бүртгэл болон компанийн дүрмийн 5.2.1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны үеэр компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн улсын бүртгэл болон компанийн дүрмийн 5.2.1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох хэсгээс татгалзсан агуулга бүхий тайлбар гаргажээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээний гүйцэтгэлийг буцаан шилжүүлэх буюу гэрээ биелэгдсэн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч компанийн 40 хувийн хувьцааг дүр үзүүлэн шилжүүлснийг Т.А мэдэж байсан тул 30 хувийн хувьцааг буцааж авсан , 2022.07.07-ны өдөр 1,317,915 төгрөг шилжүүлсэн, үүний 300,000 төгрөг нь хувьцааны үнэ гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн 30 хувийн хувьцаа, барьцаанд үлдээсэн 10 хувийн хувьцааг тус тус Д.Т д буцаан шилжүүлж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагаас тус тус татгалзсан агуулга бүхий тайлбар гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсныг, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсныг тус тус баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 3, 4 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн тодруулсантай холбогдон зохигчид хугацаа авч өөрчилсөн шаардлагатай танилцах, мөн нотлох баримттай танилцах хугацаа авах шаардлагагүй, хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ үндэслэлээр зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Т.А, Д.Т нар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Т.А Х ХХК -ийн 300 ширхэг, нэг бүр нь 1000 төгрөгөөр нэрлэсэн үнэтэй хувьцааг 300,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.Т нь хувьцааны төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлснөөр компанийн эзэмшлийн бүх эрх бүрэн шилжих нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх-4/

3.2. Талууд мөн өдрөө Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Т.А Х ХХК -ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг компанийн нийт хувьцааны 30 хувьд ногдох хэмжээгээр шилжүүлэх, эрх хүлээн авагч Д.Т , компанийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжсэн үеэс эхлэн өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцахаар харилцан тохиролцсон. /1хх-5/

3.3. Х ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах зөвшөөрөл олгох тухай тогтоолоор хувьцаа эзэмшигч Т.А өөрийн эзэмшлийн хувьцааны 30 хувьтай тэнцэх хувьцааг нэг бүр нь 1000 төгрөг, нийт 300 ширхэг хувьцааг 300,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан, уг санал болгосон хувьцааг тэргүүн ээлжинд авах эрхийг тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Д.Т хэрэгжүүлэхээр мэдэгдснийг тус тус дурдаж, Т.Ад хувьцаа худалдахыг зөвшөөрсөн. /1хх-6/

3.4. Дээрх гэрээнүүд болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг үндэслэн Х ХХК -ийн хувь нийлүүлэгч нар буюу Д.Т компанийн хувьцааны 90 хувийг, Т.А компанийн хувьцааны 10 хувийг тус тус эзэмшихээр дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх-7-10/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна. Харин гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, маргаанд хамааралтай холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

4.1. Худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4.2. Нэхэмжлэгч Т.А нь Х ХХК -д гүйцэтгэх захирлын албан тушаалын ажил, үүрэг гүйцэтгэж байсан, ажил олгогчоос цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, цалин хөлс олгосон тайлан зэрэг баримтуудаар тогтоогджээ. /2хх-28-199/

4.3. Хэргийн 2 дугаар хавтасны 27 дахь талд авагдсан баримтаас үзвэл, Д.Т аас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т.Ад 1,317,915 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгад Т-аас Аг***аад гэж тэмдэглэсэн байна.

4.4. Хариуцагч тал шүүх хуралдаанд ажилчдад наадмаар урамшуулал олгодог, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Т.Агийн Г банкны данс руу 1,317,915 төгрөг шилжүүлсэн, үүний 300,000 төгрөг нь хувьцааны үнэ байсан, 1,017,915 төгрөг нь наадмын урамшуулал гэсэн тайлбар гаргажээ. /2хх-213, 218/

4.5. Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үзвэл, хариуцагч Д.Т аас нэхэмжлэгч Т.Ад шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 300,000 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралтай гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна. Учир нь Т.А тухайн цаг хугацаанд Х ХХК -д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, ажил олгогчоос 2,062,000 төгрөгний цалин, хөлс олгож байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ниймгийн даатгалын шимтгэл төлөлт, цалин хөлс олгосон хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Т аас Т.А руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 300,000 төгрөгийг нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /1хх-81-82, 2хх-29-201/

4.6. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөнгөн гүйлгээний төлбөрийн баримтыг үгүйсгэж, няцаагаагүй, ...уг мөнгөн гүйлгээний төлбөрийн баримтыг бүхэлд нь цалин гэж үзэхгүй, ... хариуцагч 2022.07.06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнэ 300,000 төгрөгийг төлсөн болох нь ... 1,317,915 төгрөг төлсөн баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь дээрх хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

4.7. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заажээ.

Хариуцагч Д.Т нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцааны төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.А нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх, хариуцагч Д.Т д төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулсан, сануулсаар байхад үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн болохоо нэхэмжлэгч Т.А нотлоогүй гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5.1. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК -ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Аг тогтоож, улсын бүртгэлд бүртгэлийг эрх бүхий этгээдэд даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Харин зохигч, түүний өмгөөлөгч нар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй.

 

7. Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч Т.Ад холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.Ад шилжүүлсэн Х ХХК -ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгаж, Х ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэрээр үндэслэлээ 2018 оны 4 сард Т.А Америкийн визанд ороход компанийн хувьцаа эзэмшигч болж ормоор байна гэж гуйсны дагуу найздаа туслах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК -ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэсэн, Т.А нь Д.Т ыг шүүхэд маргаан үүсгэж, хариуцагчаар татан чирэгдэл үүсгэн, зохисгүй харилцаж бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн учир гэрээг хүчингүй болгуулна гэсэн агуулгаар тайлбарласан байна.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан.

7.2. Нэхэмжлэгч Т.А нь өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэх үндэслэлд хамаарахгүй.

7.3. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, бэлэглэгч Д.Т ыг шүүхэд хариуцагчаар татан шүүхэд маргаан үүсгэн, зохисгүй харилцааны улмаас чирэгдэл үүсгэсэн нэхэмжлэгчийн үйлдэл бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарна гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7.4. Давж заалдах шатны шүүх, уг алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгч Т.Ад холбогдуулан гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.Ад шилжүүлсэн Х ХХК -ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгаж, Д.Т ыг Х ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч Д.Т ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс тус тус татгалзаж, Х ХХК -ийн 300 ширхэг буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Аг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Т ын нэхэмжлэгч Т.Ад холбогдуулан гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх тус тус гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу Т.Ад шилжүүлсэн Х ХХК -ийн хувьцааны 40 хувь буюу 400,000 төгрөгт ногдох хувьцаа эзэмших эрхийг Д.Т ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Т.Ад даалгаж, үр дагаврыг арилгуулж Д.Т ыг Х ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3,4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, 5, 6 дахь заалтыг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД