| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0072/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 67
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч Д.Э ,
Шүүгдэгч Р.О , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.О д холбогдох эрүүгийн 1915000020023 дугаартай 163/2019/0072/Э индэкстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот ... оршин суух, Ц овогт Р.О ,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын нутагт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Д.Э гаас 12000000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай өгөөч, маргааш эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О гийн өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэхэд хохирогчийг залилаж, хуурч мэхлэе гэсэн санаа надад огт байгаагүй. Би ажилгүй болсны улмаас хохирогчийн мөнгийг өдий болтол өгч чадахгүй байна. Би гэм буруугаа ойлгож ухаарсан гэм буруугийн талаар маргахгүй. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э гийн өгсөн: Би Булган аймгийн Баяннуур сумын арван жилийн сургуульд гадаад хэлний багш мэргэжилтэй. 580000 төгрөгийн үндсэн цалинтай, дээрээс нь нэмэгдэлээ аваад нийт 820000 төгрөгийг гар дээрээ авдаг. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкин дахь зээлээ Хаан банк руу шилжүүлэх санаатай Хаан банкнаас 12 сая төгрөгийн зээл авсан. Ингээд зээлсэн 12 сая төгрөгийг Төрийн банк руу хийх гээд байж байтал Р.О эгч чи надад саяны банкнаас зээлсэн 12 сая төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлээч, надад яаралтай хэрэг гараад байна. Би энэ мөнгийг маргааш өөрөө ирээд Төрийн банкны зээлийг чинь хаалгачихна гэж хэлсэн. Таньд үнэхээр чухал хэрэгтэй байгаа бол ав, хамгийн гол нь хоног, хугацаагаа битгий хэтрүүлээрэй гэж хэлээд өгсөн. Үүнээс хойш холбогдохгүй байж байгаад 03 дугаар сарын 25-ны өдөр над руу ярьсан. Өнөөдөр шүүх хурлаас өмнө надтай уулзаад миний данс руу 4 сая төгрөг хийсэн. Үлдэгдэл 8 сая төгрөгийг 4, 5 сард хоёр хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Би Р.О эгчид хорих ял оногдуулахыг хүсэхгүй байна. Р.О гээс мөнгөө гаргуулаад авчихвал надад өөр гомдол, санал байхгүй гэв.
1915000020023 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Э гийн өгсөн: “Би өөрөө Булган аймгийн Баяннуур сумын сургуульд багшаар ажилладаг юм. 2018 оны 10 дугаар сарын Булган аймгийн Баяннуур сумын Төрийн банкнаас 12 сая төгрөгийн зээл авчихсан байсан юм. Тэр зээлээ би 2018.11.13-ны өдөр Хаан банк руу шилжүүлэх гээд Хаан банкнаас 12 сая төгрөгийн зээл авахаар материалаа бүрдүүлж өгөөд Хаан банкнаас уг өдөр 12 сая төгрөгнийн зээлээ аваад Төрийн банкнийхаа данс руу зээлээ хаахаар авсан 12 са төгрөгөө надад 1 хоногийн хугацаатай өгөөч мөнгөний хэрэгтэй болчихоод байна. Би маргааш өглөө мөнгийг чинь өөрөө Төрийн банк руу өгөөд зээлийг чинь хаачихая гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөө Төрийн банк руу шилжүүлээд зээлээ хаачих гээд хэлчихсэн байгаа та ав ав гэж хэлээд Төрийн банканд дээрээс теллер Ц гэх теллер дээрээс О д зээлэх гэж байгаа талаараа хэлээд 12 сая төгрөгийг бэлнээр аваад О д теллер Ц ын хажууд өгсөн. Тэр авсан 12 сая төгрөгнөөсөө 200000 төгрөгийг Ц гээд теллерт өгч байсан урьд өмнө өртэй байсан юм шиг байсан. Маргааш өглөө нь буюу 2018.11.14-ний өглөө 10 цагийн үед О гийн 88821111 гэсэн дугаар луу залгаад та яасан миний мөнгийг банкинд тушааж зээлийг маань хаагаа юу гэж асуутал би одоо Дашинчилэн суманд ажилтай явна орой очоод зээлээ гаргаад чиний мөнгийг өгчихнө санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр л тийм байхдаа гэж бодоод дахиж холбогдоогүй. Маргааш өглөө нь би О гийн утас руу залгатал утсаа авахгүй байсан тэгэхээр нь би түүний утас руу яасан бэ та өнөөдөр мөнгийг маань өгнө гэж хэлээ биз дээ мессэж бичтэл салбараас захирал ирээд Дашинчилэн, манай сум хоёрыг шалгаад байнаа жоохон завгүй байна маргааш яг буцаагаад өгнө гэж хэлсэн. Маргааш нь би Хишиг-Өндөр сум руу семинарт яваад нэг хоног холбогдож чадаагүй юм. Тэгээд буцаад хүрээд иртэл 2018.11.15-ны өдөр ажлаасаа халагдсан гээд Улаанбаатар хот руу явчихсан байсан. Би хойноос нь өөрийнх нь утас руу олон удаа залгахад утсаа авахгүй алга болсон. Би хааяа нэг мессеж бичихээр урдаас би мөнгийг чинь өгнө шдээ чамайг хулхидсан асуудал байхгүй гэж бичдэг байснаа 2018 оны 12 дугаар сарын эхээр над руу миний хөөцөлдсөн ажил бүтэхээ байсан чамд мөнгийг нь өгч чадахгүй чи тэр цагдаа шүүхдээ ханд би үнэнээ хэлээд шорондоо сууна гэж мессеж бичсэн юм тэгээд л би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-32-34 тал/
Гэрч Д.Т ийн өгсөн: ...2018.11.13-ны өдөр миний охин болох Д.Э нь Булган аймгийн Хаан банкнаас 12 сая төгрөгийн зээл авсан. Тэгтэл тэр зээл авсан өдөр буюу 2018.11.13-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын ХААН банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О гэгч эмэгтэй уг мөнгийг нь нэг хоногийн хугацаатай зээлээч яаралтай мөнгөний хэрэг болчихлоо гэж хэлж аваад одоо хүртэл зээл өгөхгүй байгаа юм ” гэх мэдүүлэг /хх-38-39 тал /
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 02-03 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-27 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын нутагт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохиргч Д.Э гаас 12000000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай өгөөч, маргааш эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Р.О нь Булган аймгийн Баяннуур сумын нутагт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохиргч Д.Э гаас 12000000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай өгөөч, маргааш эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар өгсөн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Э гийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Иймд хэргийн талаар нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Р.О г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.О гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э д 12000000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Р.О нь хохирогч Д.Э д 4000000 төгрөг төлсөн, үлдэгдэл 8000000 төгрөгийн хохирлоо 2019 оны 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд 2 хувааж төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж хохиролыг төлөхөө илэрхийлсэн байна. Шүүгдэгч Р. О гээс эвлэрлийн гэрээнд заагдсан 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э д олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Р.О г ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, зарим хэсгийг төлөхөө хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсанг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй
Шүүгдэгч Р.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролын зарим хэсэг болох 4000000 төгрөгийг төлж үлдэгдэл 8000000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.5-д зааснаар хохирол хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөнүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Р.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.О д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн2.3, 2.5-д зааснаар шүүгдэгч Р.О д гэмт хэрэгт хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.О гээс эвлэрлийн гэрээний дагуу 8000000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ