Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0193

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 4 дүгээр гудамжны 312 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Боржигин овгийн Бүрэнтогтохын Өлзийхутга /РД:ХЖ65082401/-ын хүсэлттэй,

Улсад ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Өлзийхутга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Өлзийхутга шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна.

Б.Өлзийхутга миний бие нь 1982-1983 онд Хөнгөн үйлдвэрийн техникийн  сургуулийн эсгий, эсгий гутлын ангийг төгсөж, улмаар Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Эсгий эсгий гутлын үйлдвэрийн эсгийн цехэд самнах машин баригчаар 1993 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан юм. Ингээд өмч хувьчлалын үеэр улсын үйлдвэрийн газар задарч, хувийн хэвшлийн байгууллага болж өөрчлөгдөхөд нь Монгол Тэмээний ноос компанийн мэдэлд шилжин ажиллах болсон юм. Миний  бие нь 1993 оны 12 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол тэмээний ноос компанийн эсгийн цехэд самнах машин баригчаар ажиллаж байсан юм.

Хөдөлмөрийн дэвтэрт тухайн үед ажиллаж байсан үеийн бичилт хийгдсэн байгаа боловч, тухайн байгууллага татан буугдсан, архиваас ажилд авсан болон  ажлаас гарсан тухай тушаал шийдвэр нь эх хувиар олдохгүй байна.

Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримттай хөөцөлдөж байгаа болно. Иймд Б.Өлзийхутга намайг 1993 оны 12 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол тэмээний ноос компанийн эсгийн цехэд самнах машин баригчаар ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Өлзийхутга нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Өлзийхутга нь 1993 оны 12 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол тэмээний ноос компанийн эсгийн цехэд самнах машин баригчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Гүндэгмаа, Б.Бурмаа нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах заалтыг баримтлан Б.Өлзийхутга нь 1993 оны 12 дугаар сарын 01-нээс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол тэмээний ноос компанийн эсгийн цехэд самнах машин баригчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийхутгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ