Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01840

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01840

 

Б.Г ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02294 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б од холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагч Ц.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б той уулзаж тохиролцсоны үндсэн дээр нийт 2500 м.кв ажлыг 1 м.кв-г 70,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, үүнээс 25,000 төгрөгийг Ц.Б , Б.Г 45,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Бид ярилцаж Ц.Б нь металл хавтан нугалах, өлгөх, силкон хийнэ, Б.Г нь төмөр рам хийх болон дулаалгын шилэн хөвөнгийн ажил хийхээр тус тус тохирсон.

1.2. Ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажил болох Үйлдвэр комбинатаас 3 юүлк ачиж ирэхэд автомашины хөлс 80,000 төгрөг, 4 хүний ажлын хөлс 1 хүний 60,000 буюу 320,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэр ачсан зардал 100,000 төгрөг, 2 хүний хөлс 120,000 төгрөг зэрэг зардлууд надаас гарсан.

1.3. Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг авсан. Үүнээс Ц.Б туслах материалыг эхний ээлжинд намайг авч, баримт авчирч өг гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Г , Б.Ө, н.О, Ц.Ш гэх 4 хүн ажил гүйцэтгэхээр Эрдэнэтэд очиж ачаагаа буулгаж гэрээ барьсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл баруун болон хойд талыг 10 давхар хүртэл хийж, шилэн хөвөнг буулгаж тоолж хүлээж аваад явсан. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс нэмж 3 хүн ажиллуулаад 10 давхар хүртэл төмөр хийцээ хийж дуусгасан. Энэ хугацаанд Ц.Б ажиллаагүй. Силконыг өөр хүнээр хийлгээд ажлын хөлсийг Ц.Б төлөх ёстой байсан боловч надаас 14,200,000 төгрөг суутгасан. Мөн НӨАТ 13,675,000 төгрөг, ХАОАТ 12,307,500 төгрөг, юулкны түрээс 2,400,000 төгрөг тус тус хассан. Хуучин 3 юулкны мөнгө болох 5,250,000 төгрөг, эвдрэл зассан зардал 3,000,000 төгрөг надаас хассан.

1.4. Нийт ажлын м.кв 2735 м.кв болж өөрчлөгдсөн. Энэ үед барилгын хамгийн сүүлийн хананы төмөр раамыг хийчихсэн байсан. Энэ хананы шилэн хөвөнгийн ажлыг хийхэд 1 хүн 2 өдөр хийдэг. Ц.Б намайг байхгүйд өөр хүн хотоос авч ирээд тус ажлыг 7 хоног хийсэн гэж хэлээд 4,000,000 төгрөг надаас суутгасан. Ингээд ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийн үлдэгдлийг авах ёстой.

1.5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул хариуцагч Ц.Б оос 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2022 оны 01 дүгээр сард А ХХК -ийн захирал Б.Г Эрдэнэт хотод баригдаж байгаа Твин тауэр 12 давхар барилгын гадна фасадын 2500 м.кв талбай бүхий ажлыг метал хавтангаар хийж гүйцэтгэх ажлыг Ц.Б надад санал болгосон.

2.2. Б.Г ийн хийж гүйцэтгэх ажил /багц 1/ нь фасадны төмөр карказ босгох гагнах, шилэн хөвөн дулаалга тогтоох, хавтан өлгөх, Ц.Б ын хийж гүйцэтгэх ажил /багц 2/ нь метал хавтан хэмжээгээр эсгэх, 4 тал ховил татах, бүх талд сэнж тогтоох байсан.

2.3. Захиалагч тал ажлын хөлсийг гүйцэтгэлийн явцад тухай бүр тооцон миний данс руу шилжүүлж Ц.Б Б.Г т багц 1-ийн ажлын хөлсийг дор бүр нь шилжүүлж байсан. Бид харилцан тохиролцож гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Б.Г ийн **** банкны ********** тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны дуустал хугацаанд Ц.Б ын ***** банкны ******** тоот дансаас 53,250,000 төгрөг, С.Б-ын /гэр бүлийн хүн/ эзэмшлийн Х**** банкны ************ тоот данснаас 34,140,000 төгрөг, өөрийн ач хүү Г.Х-н хадгаламжийн данснаас Х******** банкны ******** данснаас 2,000,000 төгрөг, н.Б-гийн ***** банкны ********* данснаас 3,000,000 төгрөг, нийт 92,390,000 төгрөг шилжүүлсэн нь банкны хуулгаар тогтоогдож байна.

2.4. Б.Г ажлаа хийж дуусгахдаа 4 талын бальконы дотор талд шилэн хөвөн цухуйлган үлдээсэн. Дараа материал авч өгөөд хийж гүйцэтгэнэ гэж тохирсон боловч дутуу гүйцэтгэлтэй орхин явсан учир 2023 оны 8 дугаар сард Ц.Б нь өөрийн биеэр дуусгаж захиалагчид хүлээлгэн өгсөн.

2.5. Бид ажлаа хийж гүйцэтгэхэд чухал шаардлагатай дүүжин өргөгч шат буюу люлка 2 ширхгийг түрээсэлж ажлаа эхлүүлсэн түрээсийн төлбөрт иргэн Г.Х-т 4,800,000 төгрөг төлсөн.

Б.Г нь өөрийн хийх дулаалга хийх ажлыг гүйцэтгэлгүй Улаанбаатар хотод ажилтай гэх шалтгаанаар хариуцсан ажлаа гүйцэт хийгээгүй учир захиалагч компанийн шаардлагаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилэн хөвөн тогтоох ажлыг Г.Х аар хийлгэн дуусгаж ажлын хөлс 5,000,000 төгрөгийг С.Б ын данснаас шилжүүлсэн нь дансны хуулга болон Г.Х ын бичиж өгсөн баримтаар нотлогдоно. Нийт 9,800,000 төгрөг шилжүүлсэн нь банкны хуулгаар нотлогдож байна. Г.Х ын бичиж өгсөн тодорхойлолт байгаа болно.

2.6. Б.Г нь 10 дугаар сарын 25-ны үед ирж фасадны хавтан төмөр өлгөх ажлаа хийж дуусгасан. Г.Х ыг Б.Г бид хоёулаа таньдаг байсан дүүжин өргөгч шат түрээсээр ашиглаж байгаад худалдаж авч байсан.

Дүүжин өргөгч шат түрээсийн төлбөр төлснөөс өөрсдөө худалдаж авъя ажил хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг дундын зардалд тооцон гаргая гэж Б.Г бид хоёр ярилцан, Н.Х аас 3 ширхэг дүүжин өргөгч шат 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж 1 шат ажиллагааны доголдолтой байсан учир 6,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж 500,000 төгрөгийг бэлнээр өгч 7,000,000 төгрөгөөр худалдан авсан. Доголдолтой шатыг Б.Г бид 2 засан сэлбэж бүрэн ажиллагаатай болгосон сэлбэг засварын зардал 3,500,000 төгрөг болсон.

2.7. Н.Х ын Х**** банкны ********** тоот данс руу Ц.Б ын данснаас дүүжин өргөгч шатны /люлка/ үнэ шилжүүлсэн мөнгөн гүйлгээ 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6,500,000 төгрөг, бэлнээр төлсөн 500,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг төлсөн болох нь банкны хуулга болон Н.Х ын бичиж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байна.

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Г ийн хүсэлтээр түүний ажилчин н.О-ын эхнэр н.Б-д цалин 950,000 төгрөг шилжүүлсэн нь Ц.Б ын дансны хуулгаар нотлогдоно.

2.8. Б.Г ийн ажлын хөлсөнд авахаар тохирсон мөнгөнөөс дансаар шилжүүлсэн 92,390,000 төгрөг, Г.Х т люлк түрээсийн 4,800,000 төгрөгийн төлбөрийн 50 хувь буюу төлбөр 2,400,000 төгрөг, ажлын хөлс нийт 5,000,000 төгрөг, Б.Г ийн ажилчин н.О-н эхнэр н.Б-д цалин 950,000 төгрөг, Н.Х аас худалдаж авсан дүүжин өргөгч шатны үнэ 7,000,000 төгрөг, засвар үйлчилгээний 3,500,000 төгрөгийн 50 хувь буюу 5,350,000 төгрөг, Текла дуран 2,100,000 төгрөг, дүүжин өргөгч шат бид хоёрын дундын өмч хэвээр байгаа. Б.Г ийн өөрийн найз Б.О нь Б.Г ийн зөвшөөрлөөр 1 ш дүүжин өргөгч шатыг хэрэглэж байгааг Б.Г мэдэж байгаа.

2.9. Ажилд зайлшгүй шаардлагатай Тесла дуранг барилга шинжилгээний баталгаатай газраас Б.Г бид хоёр хамт очиж 2,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо тэр дуран Б.Г өөрөө эзэмшиж байгаа. Шаардлагатай багаж хэрэгслийн худалдаж авсан үнийн дүнгийн 50 хувиар бодож хасч тооцсон. Үүнд: Кен таслагч 1 ширхэг 70,000 төгрөг, цүнх 26,000 төгрөг, таслагч ир 50,000 төгрөг, цахилгаан самбар 450,000 төгрөг, эр эм залгуур 20,000 төгрөг, амь олс 200,000 төгрөг, 5 ширхэг хэв 150,000 төгрөг, УБ-Эрдэнэт-УБ тээврийн зардал 1,500,000 төгрөг, элс, цемент, хайрга, төмөр утас 269,000 төгрөг, эсрэг ачаа 120 ширхэг 200,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг, Б.Г ийн дутуу орхисон ажлын зардал 270,000 төгрөг, бусад зардал 495,000 төгрөгийн бэлэн мөнгөний зардлууд гарсан.

2.10. Ажил гүйцэтгэж дуусахад Б.Г , Ц.Б нарын дундын өмч болох З ширхэг дүүжин өргөгч шат, мексер, 120 ширхэг эсрэг ачаа, 5 ширхэг хэв, амь олс, эр эм залгуур, таслагч, цахилгаан самбар гэх мэт худалдаж авсан багажнууд бүгд бүрэн байна.

Б.Г , Ц.Б нар тухайн ажлыг эхлүүлэх үед шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дүүжин өргөгч шат, мэргэжлийн дуран огт байгаагүй. Б.Г нь өөрийн ажилчдын зардлыг хариуцахаар тохиролцсон. Б.Г ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэж чадаагүй улмаас хүйтний улирал эхэлсэн учир ажил зогсож дулааны улиралд хийхээр болсон боловч ажлаа хийж дуусгалгүй дутуу орхисон. Б.Г ийн дутуу орхисон ажлыг 2023 оны 8 дугаар сард Ц.Б хийж дуусгасан.

2.11. Б.Г нэхэмжлэлдээ силконы ажлын хөлс 14,200,000 төгрөг, НӨАТ-ийн 10 хувь 13,675,000, ХАОАТ 12,307,500 төгрөг, люлканы эвдрэл 1,000,000 төгрөгийг хасч тооцсон мэтээр дурдсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б оос 14,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б оос улсын тэмдэгтийн хураамж 231,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б нь үүрэг гүйцэтгэгч болох ёстой бөгөөд хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч Б.Г ийн өмнө ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэг-ийг хүлээх ёстой. Гэтэл анхан шатны шүүх Ц.Б нь ямар хуулийн зүйл заалтаар, ямар гэрээгээр, ямар үүргийг Б.Г ийн өмнө хүлээсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа дээрх хуулийн заалтаар иргэний хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ц.Б , Б.Г нар нь А ХХК, захирал Б.Г-ын барьж байгаа барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэн, уг ажлын хөлсийг Б.Г төлж байсан, Ц.Б , Б.Г нар нь гүйцэтгэсэн ажлыг А ХХК , захирал Б.Г т хүлээлгэн өгөх үүрэгтэй болох нь тогтоогддог.

Анхан шатны шүүх бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж А ХХК , захирал Б.Г ыг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр, Ц.Б нь Б.Г ийн өмнө ажлын хөлс өгөх захиалагчийн үүрэг хүлээсэн мэтээр, Б.Г нь өөрийн хийсэн ажлын үр дүнг Ц.Б од хүлээлгэн өгөх, Ц.Б нь өөрийн барилгын тодорхой ажлыг өөрөөсөө хөлс төлж гүйцэтгүүлж байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт хийж хариуцагчийг солих тухай санал хүсэлтийг сонсож зөвшөөрөх эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах ёстой байтал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлийг гаргасан.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. Учир нь хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулаагүй.

Түүнчлэн уг хэргийг үнэн зөвөөр, шударгаар хянан шийдвэрлэхэд зайлшгүй А ХХК , захирал Б.Г ыг хэргийн оролцогчоор, эсхүл гэрчээр оролцуулах нь ач холбогдолтой байхад энэ асуудлыг орхигдуулж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл А ХХК , захирал Б.Г нь ямар хэмжээний ажлыг гүйцэтгэгч нараар хийлгэхээр захиалсан, ажлын хөлсөнд хэдэн төгрөгийг төлсөн, ямар хэмжээний ажлыг хүлээн авсан зэрэг нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны үед Монгол улсад байгаагүйгээс шалтгаалан оролцож чадаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж үлдээсэн ч уг төлөөлөгч нь дээр дурдсан асуудлуудыг тодруулах, хүсэлт гаргах зэрэг ажиллагааг бүрэн хийгээгүйгээс шалтгаалан миний эрх ашиг ноцтой зөрчигдсөн, хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэж чадаагүй. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхийг олгож, дээрх асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.

4.4. Фасадны ажлын захиалагч нь А ХХК , захирал Б.Г бөгөөд захиалагч болон гүйцэтгэгч Ц.Б , Б.Г нарын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, гүйцэтгэгч нар нь хэн аль нь 2500 м.кв-ийн ажил гүйцэтгэхээр болсон талаараа маргадаггүй, харин уг хэмжээ өөрчлөгдсөн эсэх асуудлаар маргадаг бөгөөд гүйцэтгэгч нар ажлын хэмжээний талаар харилцан хэрхэн маргахаас үл хамаарч захиалагч А ХХК , захирал Б.Г нь ажлын хэмжээг гүйцэтгэгч нартай нэмэхээр тохирсон эсэх асуудал нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч А ХХК , захирал Б.Г ын оролцуулалгүйгээр гүйцэтгэгч Ц.Б , Б.Г нар нь ажлын хэмжээг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Гүйцэтгэгч нараас гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн талаар ямарваа нэгэн баримт авагдаагүй байхад гүйцэтгэгч нарыг 2700 м.кв фасадны ажил гүйцэтгэсэн байна гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэж болохгүй болно.

Шүүхийн шийдвэрт ажлын хэмжээг 2500 м.кв гэж дүгнэх гол үндэслэлээ гэрч Б.Ө, Ц.Ш нарын мэдүүлгийг болгосон бөгөөд дээрх 2 гэрчийн мэдүүлгээс өөр баримтын талаар дүгнэлтийг шүүх хийгээгүй. Гэтэл гэрч Б.Ө нь хэргийн оролцогч нэхэмжлэгч Б.Г ийн төрсөн дүү, гэрч Ц.Ш нь нэхэмжлэгч Б.Г өөс хөлс авсан түүний ажилтан бөгөөд хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэж болох хүмүүс байдаг. Энэ талаар шүүх анхаарч зөв дүгнэлт хийгээгүй.

Гэрчүүдийн мэдүүлэг уг фасадны ажлын захиалагч нь хэн болох талаар тодруулаагүй, ажлын хэмжээг өөрчилсөн талаар захиалагч А ХХК , захирал Б.Г ыг оролцуулан талууд харилцан тохиролцсон эсэх талаар тодруулаагүй, энэ талаар гэрчүүд мэдүүлэг өгөөгүй байдаг.

Гэтэл дээрх хэрэгт хувийн сонирхолтой, тодорхой биш, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдал буюу ажлын хэмжээг 2700 м.кв болсон талаар баттай, эх сурвалж бүхий баримтаар давхар нотлогдсон мэдүүлэг өгөөгүй гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл хариуцагч Ц.Б оос 14,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц.Б од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ 2500 м.кв талбай бүхий ажлыг 1 м.кв-ийг нь 70,000 төгрөгөөр гүйцэтгэх, үүнээс 25,000 төгрөгийг Ц.Б , 45,000 төгрөгийг нь Б.Г миний бие авахаар харилцан тохиролцсон, ажлын хэмжээ 2735 м.кв болж өөрчлөгдсөн тул 1 м.кв талбайн ажлын хөлсийг 50,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон, ажлын хөлснөөс 92,390,000 төгрөг шилжүүлсэн, үлдэх төлбөрөөс татвар, багаж хэрэгсэл, бусад ажлын хэрэгсэл зэрэгт суутгасан гээд өгөхгүй байна. энэ талаар дэлгэрэнгүй тооцоог өөрийн вайбераар явуулж байсан , зохигчдын хамтын ажиллагаа дууссан учир багажны үнийг тус бүрдээ хариуцах ёстой, . Ц.Б нь хамтарч ажилласан тооцоог захиалагчаас бүрэн авсан мөртлөө Б.Г ийн үлдэгдэл хөлсийг өгөөгүй гэж тайлбарласан байна.

Хариуцагч Ц.Б нь 2022 онд А ХХК -ийн захирал Б.Г Эрдэнэт хотод баригдаж байсан Твин тауэр 12 давхар барилгын гадна фасадын 2500 м.кв талбай бүхий ажлыг металл хавтангаар хийж гүйцэтгэх ажлыг санал болгосон, ... бид ажлыг 2 багц болгосон, ... захиалагч талын гүйцэтгэлийн явцад шилжүүлсэн ажлын хөлсийг тухай бүр миний данс руу шилжүүлж байсныг миний бие Б.Г т багц 1-ний ажлын хөлсийг шилжүүлсэн ..., Б.Г ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, уг ажлыг миний бие гүйцэтгэж дуусгасан, ... 2500 м.кв ажлыг 45,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ..., ажилд зайлшгүй шаардлагатай багаж авсан, дундаа авсан хөрөнгүүд бүгд байгаа ..., ... бүх төлбөрийг төлж дуусгасан ... гэж тайлбарлан, маргажээ.

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4.1. Талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан талаар шүүх тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтаар эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, үүргийн зөрчлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

4.2. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл, талуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын үр дүн хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хариуцагч Ц.Б нь А ХХК -тай аман хэлбэрээр харилцан тохиролцон, тус компанийн захиалгаар барилгын фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан байна.

4.3. Зохигчид гэрээг аман хэлбэрээр байгуулсан байх тул талуудын маргааны зүйл болох гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх талаар тодруулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх явуулах боломжтой байжээ.

4.4. Талууд, ашиг олох зорилгоор хамтран ажилласан, нэхэмжлэгч 45,000 төгрөгөөр, хариуцагч 25,000 төгрөгөөр тус тус тооцон ажлын хөлсөө хуваах байсан, хамтын ажиллагаанд зориулж багаж авсан, дундын хөрөнгө бий болгосон гэх агуулга бүхий тайлбар гарган, маргасан. Энэ тохиолдолд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, уг гэрээний шинж, үүргийн зөрчилтэй холбогдон эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

4.5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч Ц.Б нарын хооронд Baatar tsogt гэх цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагч талаас шүүхэд маргаж буй барилгын ажлын фото зургийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй, зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/02294 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД