Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0194

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 3 дугаар гудамжны 040а тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Хөдөргийхөн овгийн Дуламсүрэнгийн Цэен-Ойдов /РД:ИИ65080304/-ийн хүсэлттэй,

Улсад ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэен-Ойдов шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна.

Д.Цэен-Ойдов миний бие нь Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1985 оны 11 дүгээр сарын сарын 26-ны өдрөөс  1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад, өмч хувьчлал хуулийн дагуу ахуй үйлчилгээний төв хувьчлагдахад нь ажлаасаа гарсан юм.

Миний хөдөлмөрийн дэвтэрт Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан тухай бичилт хийгдсэн байгаа боловч, архиваас үндсэн баримтууд нь олдохгүй боломжгүй байгаа юм....

Одоо миний бие нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай байгаа болно. Иймд намайг 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХнь:

Хүсэлт гаргагч Д.Цэен-Ойдов нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Цэен-Ойдов нь 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс   1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1985 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон №007 тоот мэргэжлийн үнэмлэх, гэрч Ч.Далхжав, Д.Чогсомжав нарын мэдүүлэг, фото зураг зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах заалтыг баримтлан Д.Цэен-Ойдов нь 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс  1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэен-Ойдовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ