| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0135/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1809024510927 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Цэгцүүгэн" ХХК-нд хэвлэлийн эх бэлтгэх ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 10 дугаар гудамж, 682 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11Б байрны 0 тоот буюу подволд түр оршин суух урьд 1 удаа гэм буруутайд тооцогдсон, 1 удаа ял шийтгэгдсэн,
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 7 дугаар гудамж 303 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50А байрын 21 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өглөөний 06 цаг 43 минутаас 07 цаг 27 минутын хооронд хохирогч Ү.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5021135030 дугаарын цахим мэдээллийг нууцаар хууль бусаар ашиглан 2 удаагийн үйлдлээр нийт 858.000 төгрөгийг авсан, мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн талбайн урд байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.Отгонцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5750444071 дугаарын дансны цахим мэдээллийг нууцаар хууль бусаар ашиглан 1.400.000 төгрөг авч нийт 2.258.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өглөөний 06 цаг 43 минутаас 07 цаг 27 минутын хооронд хохирогч Ү.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5021135030 дугаарын цахим мэдээллийг нууцаар хууль бусаар ашиглан 2 удаагийн үйлдлээр нийт 858.000 төгрөгийг авсан, мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн талбайн урд байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.Отгонцэцэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5750444071 дугаарын дансны цахим мэдээллийг нууцаар хууль бусаар ашиглан 1.400.000 төгрөг авч нийт 2.258.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 402 дугаар байрны 247 тоотод оршин суух Б.Нямрагчаагийн гэрт хохирогч Ш.Батжаргалтай бусдын найзтай дотно харилцаа үүсгэлээ хэмээн маргалдан улмаар түүнийг зодож хэвлийн зүүн доод хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, 2 шүдний сулрал, цээж, нуруунд цус хуралт, бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хохирогч Ш.Батжаргалыг зодож гэмтээсэн нь үнэн. Тухайн өдөр Ш.Батжаргал надтай уулзъя гэж ярьсан. Бид 2 уулзаад манай найзынд очоод байж байтал Ш.Батжаргал намайг яв гээд ятгаад байсан. Чамайг танихгүй эмэгтэй найзындаа авчирчихаад юу гэж орхих юм бэ? дараа нь ямар нэг юм болвол яах юм гэсэн. Намайг ариун цэврийн өрөөнд орох хооронд Ш.Батжаргал манай эмэгтэй найзын дээр гарчихсан, эмэгтэй найз маань “найзыгаа аваач” гээд орилсон. Би Ш.Батжаргалыг очиж аваад бид 2 буцаад ширээнд суутал Ш.Батжаргал уурлаад шилтэй архинаас аяганд дүүргэж уугаад байсан. Архи уучихаад дахиад манай эмэгтэй найз дээр очоод татаж чангаагаад босгож ирсэн. Би найзыгаа хэвтүүлээд Ш.Батжаргалыг “боль” гэхэд надтай маргаад “хоёулаа гарчихъя” гээд байсан. Би гарахгүй гэхэд намайг нэг удаа цохисон би зөрүүлээд нэг цохисон. Хийсэн бүх үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 1809024510927 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Болдыг хальт таньдаг байсан учраас хааяа хааяа уулзаад писи тоглоом тоглодог, тоглоом шоглоом болгож надаас “нээрэн тийм зүйл байдаг юм уу болдог юмуу” гэх мэтээр асуудаг байсан, “болдог юм бол нэг удаа авчихъя л даа баригдахгүй энэ тэр” гэхээр нь би өмнө нь ийм хэрэгт орж байсан болохоор “болохгүй” байх гэхэд “зүгээр ээ би баригдахгүй авчихна” гэж хэлсэн, гар утсаар интернэт банк орж хайлт хийж байгаад нэг данс олсон, тэр данснаас 700 билүү 800 мянган төгрөгийг авсан, бид хоёр мөнгийг үрээд дуусгасан. Бусдын данснаас мөнгийг эхлээд хайлт хийж байгаад таарсан данснаас олсон данс руугаа мөнгө шилжүүлж авдаг, ихэнх хүмүүс интернэт банкныхаа нэр нууц үг болон гүйлгээний кодоо адилхан хийчихдэг болохоор их амархан болчихдог юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-33, 97-98 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найзуудтайгаа гадуур явж байтал манай найз Борхүү над руу фейсбүүк чатаар “хаана байна” гэсэн мессежийг явуулсан байхаар нь уулзсан. Тэгэхэд Борхүү нь “чи над руу ямар ч хамаагүй нэг хүний данс олоод над руу фейсбүүк чатаар явуулчих” гэж хэлсэн ба би хүмүүсээс “дансны дугаараа хэлээд өгөөч, мөнгө шилжүүлж авах хэрэгтэй байна” гэж хэлсэн боловч хүмүүс надад өгөөгүй, би энэ тухай Борхүүд хэлэхэд Борхүү “эвтэйхэн шиг буюу сургалтын төлбөрөө авах гэсэн юм гэж хэлээрэй” гэж зааж өгсөн. Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны үүдэнд нүдний шилтэй оюутан охин явж байхаар нь “надад картаа түр хэрэглүүлээч сургалтын төлбөрөө дамжуулж авах гэсэн юм” гэхэд надад дансны дугаараа хэлж өгөхөөр нь би тэр дор нь Борхүүгийн фейсбүүк хаягаар 5021135030 дансыг явуулсан, мөнгийг нь өгөхөд Борхүү надад 400 орчим мянган төгрөгийг өгсөн, Борхүү намайг “фейсбүүк дээр байгаа чатаа устгачихаарай” гэж хэлээд бид хоёр салсан ба би мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Өөрийн үйлдэлд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Борхүүг ийм гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй байсан ба намайг “малгайтай цамц өмсөөд ир” гэх үед нь мэдсэн, дараагаар нь би гадуур жаахан уучихсан явж байтал намайг дуудаад мөнгөний хэрэг гараад байсан болохоор дахин гэмт хэрэг үйлдэх болсон. Би Баянмонгол хороололд ирээд орох гэсэн чинь манай эмэгтэй найз Нямрагчаа хаалгаа тогшоод зогсож байсан бид нар юм яриад сууж байтал манай эмэгтэй найз Нямрагчаа ариун цэврийн өрөө ороход Батжаргал дагаад орсон Батжаргал согтоод энд тэнд нус цэрээ хаяад нойлын шалан дээр шээхээр нь манай найз Нямрагчаа “айлд байж болиоч ээ” гэж уурлаад унтахаар хэвтсэн. Тэгтэл Батжаргал хажуугаар нь орж унтах гэсэн чинь Нямрагчаа уурлаад “найзыгаа ав” гэхээр би Батжаргалыг “болиоч ээ” гэж хэлтэл миний шүд руу нэг удаа цохисон тэгээд бид хоёр гал тогоо коридор хоёрын голд зодолдоод бид хоёр газар унасан энэ үед Батжаргалын харалдаа байсан тумбочикнээс заазуур бариад авахаар нь би бас давхар заазуурны иртэй талаас нь барьж аваад бид хоёр ноцолдож дээр доороо орж заазуураа булаацалдаж байгаад би заазуурын булааж аваад үүдний өрөө руу шидсэн дараа нь Батжаргал “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр нь харахад зүүн талын хэвлийн тус газар зүсэгдсэн жоохон цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-40, 99-102, 184-186 дугаар хуудас/,
Хохирогч Ү.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие Хаан банкны 5021135030 дугаарын данстай миний дансанд 2.480.220 төгрөг байсан. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 43 минутад интернэт банкаар 5026401270 дугаарын Мөнхбатын Батмөнх гэх хүний данс руу 8.000 төгрөгийн тооц гэх утгатай шилжүүлсэн байсан. Дараа дахин 07 цаг 27 минутад 5019725363 дугаарын Нармандахын Үрлээ гэх хүний данс руу 850.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн үедээ миний бие мэдээгүй өглөө унтаж байсан. 08 цаг өнгөрч байхад сэрээд гар утсаа харахад энэ гүйлгээ хийгдсэн байсан. Миний интернэт банкийг ашиглан энэ хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлж авсан байсан. Нармандахын Үрлээ гэх хүний данс руу 850.000 төгрөг шилжүүлээд энэ данснаасаа 850.000 төгрөгийг Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгөөр 50.000 төгрөгөөр 07 цаг 29 минутад гаргаж авсан байсан...” /1 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Л.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...шөнө 02 цагийн үед миний өөрийн 5750444071 тоот данснаас 1.400.000 төгрөг өөр данс руу шилжсэн. Тухайн үед Хаан банкны карт өөрийн биед байсан. Миний интернэт банк 20 гаруй хоног ажиллахгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 1.400.000 төгрөг Төв номын сангийн ойролцоох АТМ-ээс гүйлгээ хийгдсэн байна гэсэн. Дансанд зээл төлөх мөнгө байсан. Хаан банкны интернэт банкны ухаалаг үйлчилгээ цэснээс миний данснаас 5171125315 гэсэн данс руу 1.400.000 төгрөг орсон байсан, хүлээн авагчийн нэр нь Баттогтох гэсэн байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 223-224 дүгээр хуудас/,
Гэрч Н.Үрлээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 5 дугаар 18-ны өглөө 07 цаг 25 минутын үед Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байранд хичээлтэй байсан тул яараад 2 дугаар байрны үүдээр орох гэж байхад урд талаас үл таних нэг залуу гарч ирээд “Сургалтын төлбөрөө өгөх гэсэн чинь виза карт, иргэний үнэмлэх байхгүй тул болохгүй байна. Манай аав ээж хоёр мөнгө шилжүүлэх гэсэн юмаа гаргаад өгөөч” гэж надаас гуйсан тул хичээл орох арай болоогүй учир за за гэж зөвшөөрсөн. Тэгээд өөрийн дансны дугаараа өгсөн чинь хүнтэй огт яриагүй гар утсаа оролдож байгаад миний картаар 800.000 төгрөг, 50.000 төгрөг тус тус гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 сарын 07-ны шөнө 02 цагийн үед хотын төвөөр 69-64 УБЯ улсын дугаартай приүс 20 маркийн автомашинтай таксинд явж байхад Багшийн дээдийн хойд талын буудлаас гар өргөөд зогсож байсан залууг суулгасан чинь “таксины мөнгийг нь мобайлаар хийж болох уу” гэсэн “болно хаана хүрэх үү” гэсэн чинь “талбайн урд талын Хаан банкны АТМ ороодхоё” гэсэн. Тэгээд замдаа надад нэг хугархай виза карт үзүүлээд “би картаа түрүүн хугалчихлаа хөдөө явах гэсэн эгчээсээ зардлын мөнгө авах гэсийн чи дансаа өгчихөөч” гээд гуйхаар нь би өөрийн 5171125315 дансны дугаараа өгсөн. Талбайн урд талын автобусны буудал дээр зогсоод би виза картаа өгөх гэсэн чинь “чи цуг буугаад аваад өгчихөөч” гээд гуйсан. Тэгэхээр нь би буугаад картаа шалгасан чинь 1.400.000 төгрөг орсон байсан. Тэрийг нь аваад өгсөн чинь надад таксины мөнгө 5000 мянган төгрөг өгөөд багшийн дээд хүргээд өгчих гэсэн тэгээд би багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр буулгаж өгсөн. Таксинд чинь суугаад тэр залуу би таксины жолоочийн дансны дугаар явуулъя та тэр данс руу мөнгө хийгээдэх гэж ярьж байсан. Тэр залуу туранхай өндөр байсан, хар малгайтай цамц өмсөөд малгайг нь өмссөн байсан, АТМ-ээс дээд тал нь 800.000 гардаг учир эхлээд авч өгсөн, тэгээд тэр залуу одоо үлдсэн мөнгийг нь аваад өгчих гэхээр нь 595.000 гээд хийх шиг болсон 555.000 аваад өгсөн байсан, би хэд үлдсэнийг нь мэдээгүй явж байхад над руу хаан банкнаас ярьсан. Тэгээд мэдсэн, тэр залуу таксины ард сууж байхдаа мөнгөө тоолоод байсан, гомдол санал байхгүй, дансанд 40.000 төгрөг үлдсэнийг сайн мэдэхгүй байна. Тоолоод юм ярихгүй болохоор нь бүрэн өгсөн гэж бодоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкнаас гаргаж өгсөн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2 цагийн үеийн камерын бичлэгийг бичсэн 13134 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн СО-г албаны процессорт хийж тоглуулахад 023005_425_1000_1.AVI гэсэн бичиглэлтэй файл гарч ирэх бөгөөд тухайн файл руу орж тоглуулахад 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 30 минут 05 секундэд камерын бичлэг эхлэх бөгөөд камерын бичлэг дээр CLERAN гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ханцуйтай цамц өмссөн халимаг үстэй эрэгтэй /Гэрч Буян Баттогтох РД:В386120715/ гарч ирэх бөгөөд тухайн АТМ-р үйчлүүлж байгаа дүрс бүхий бичлэг камерын бичлэгийн цагаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 31 минут 04 секундэд дуусч байв..." гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 11-ний 02 цагийн үед ажлаа тараад нэг литрийн “Финландиа” гэдэг архи аваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 402 дугаар байранд очиход Ц.Б ганцаараа байсан. Ц.Б бид хоёр Баянгол дүүргийн Богд ар хороололд 03:15 цагийн үед очоод Болдын танил болох Номинтой цуг бид гурвуулаа болоод хороололд байрлах архи зардаг дэлгүүрээс нэг шил Соёрхол нэртэй 0.75 гр архи аваад БЗД-н 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 402-247 тоотод ирээд бид 3 “Финландиа” нэртэй нэг литрийн архийг хувааж ууж дуусгасан. Дараа нь Ц.Б “чи миний найзтай ямар холбоотой байгаа юм бэ? гээд намайг ганц хоёр удаа цохисон. Би “наад эмэгтэйтэй чинь ямар ч холбоогүй архи уугаад явна чи өөрийнхөөрөө бод” гээд цээжин тус газар нь түлхсэн. Дараа нь намайг “би чамайг ална шүү” гэхээр би ариун цэврийн өрөө ороод бие засаад гарч ирэхэд Болд надтай дахиад маргалдахад “би танай найзтай ямар ч холбоогүй” гэдгээ хэлээд маргасан. Болд намайг гэрээсээ хөөсөн. Би Болдоос салаад гал тогооны өрөө ороод ус ууж байх үед Болд нь намайг нэг зүйлээр дүрэх шиг болоод нэг мэдэхэд эмнэлэг дээр оёдол тавиулж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,
Гэрч Б.Нямрагчаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...06 цагийн үед гэртээ ирээд хаалга нүдэхэд онгойлгоогүй тэгээд зогсож байхад Болд нэг үл таних эмэгтэй бас Анхаа буюу Батжаргал гэдэг залуутай цуг ирээд хаалга онгойлгоод дотогшоо орсон дараа нь би хувцсаа солиод Батжаргалтай ариун цэврийн өрөөнд бид хоёр ямар нэгэн зүйл болоогүй гараад ирсэн, би унтлаа гээд унтаад өгсөн удаагүй би сэрээд харахад тэр хоёр хоорондоо яриад сууж байсан, Батжаргалыг харахад зүүн гар нь цус болсон байсан тэгэхээр нь “чи унтаа чи согтуу байна” гээд дэр тавьж өгсөн үгэнд ороогүй намайг тэврээд авсан, Болдоо “найзыгаа ав” гээд орилсон чинь Болдоо ирэхгүй болохоор би гэрээсээ гараад түц явж нэг ширхэг тамхи аваад сууж байгаад ирэхэд хаалга онгорхой цагдаа ирсэн гэрийн үүд цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9880 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 30 минут 05 секундэд камерын бичлэг эхлэх бөгөөд камерын бичлэг дээр CLERAN гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн ханцуйтай цамц өмссөн халимаг үстэй эрэгтэй /Гэрч Буян Баттогтох РД: ВЗ861207152/ гарч ирэх бөгөөд тухайн АТМ-р үйлчлүүлж байгаа дүрс бүхий бичлэг камерын бичлэгийн цагаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 31 минут 04 секундэд дуусч байв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 80-82 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Гэрч О.Энхмаагийн мэдүүлэг /1 хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Т.Баярмаагийн мэдүүлэг /1 хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 108-146 дугаар хуудас/, хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 175-178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б шүүгдэгч Ц.Б нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өглөө үүрийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 402 дугаар байрны 247 тоотод оршин суугч Б.Нямрагчаагийн гэрт хохирогч Ш.Батжаргалтай “бусдын найзтай дотно харилцаа үүсгэлээ” хэмээн маргалдан улмаар түүнийг зодож “хэвлийн зүүн доод хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, 2 шүдний сулрал, цээж, нуруунд цус хуралт, бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Батжаргалын мэдүүлэг, гэрч Б.Нямрагчаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9880 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хулгайлах гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь хохирогч нарын дансанд хууль бусаар нууцаар нэвтэрч улмаар дансанд байсан мөнгийг нь өөр дансны эзэмшигч болох гэрч Н.Үрлээ, Б.Баттогтох нарын данс руу шилжүүлэн улмаар өөрсөддөө авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэнээс хохирогч тус бүрт бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул уг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.Б нь хохирогч Ш.Батжаргалын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.Б, Ц.Б нараас хохирогч Ү.Оюун-Эрдэнэ, Л.Отгонцэцэг нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн тул тэдгээрт төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Харин хохирогч Ш.Батжаргалын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд баримтаар 657.663 төгрөгийг нэхэмжилснээс 11.559 төгрөгийн /ус, ундаа, жүүс, печень/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 47.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримт шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхиж, үлдэх 599.104 төгрөгөөс шүүгдэгч Ц.Бын төлсөн 203.500 төгрөгийг хасч үлдэгдэл 395.604 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ш.Батжаргалаас 47.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу уич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Б.Бгийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Ц.Бын хувьд хулгайлах гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Быг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэд хэдэн төрлийн ял оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд “...шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байх тул оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго”, 6.1-т зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, 7.1-т зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журмын дагуу гэмт хэрэг үйлдэгчийн нөхцөл байдалд тал бүрээс дүгнэлт хийж, эрх зүйн байдалд тохируулан ял оногдуулах шаардлагатай тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох үйлдлийн арга хэлбэр, үйлдэл, оролцоо зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 92 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилгоо хэрэгжүүлсэн, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Б, Б.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Б.Б нарын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас хохирогч Ү.Оюун-Эрдэнэ, Л.Отгонцэцэг нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 395.604 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Батжаргалд олгосугай.
12. Хохирогч Ш.Батжаргалаас 47.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн гэм буруутай Ц.Боос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б, Борхүү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН