Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1569

 

“**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.**,

Хариуцагч О.** нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25 911 822 төгрөг, нотариатын зардалд 11 000 төгрөг, нийт 25 922 822 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.**, О.** нар нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2105005533 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар 25 911 822 төгрөгийн өртөй болоод байна. Д.**, О.** нар нь зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд 2105005533 тоот зээлийн гэрээний 4.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээл 22 965 038 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2 904 136 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 42 647 төгрөг, нийт 25.911 822.62 төгрөг, нотариатын зардал 11 000 төгрөг, нийт 25 922 822 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү.

Д.**, О.** нарын зээлийн барьцаанд буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамжны ** байрны **од байрлалтай, ** дугаартай, 34.2 м.кв талбайтай нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **, Д.** нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээнээс ** өөрөө татгалзаж байгаатай холбогдуулан 30 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн үндсэн зээл 7 349 061 төгрөг, хүү 11 769 808 төгрөг, нийт 18 869 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11 139 100 төгрөгийг төлнө. **инд Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрөл хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар тухайн үед гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.**, О.** нараас 25 911 822 төгрөгийг гаргуулан “**” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, ***-** хаягт байрлах, 34.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар “**” ХХК нь өөрийн барьцаанд байгаа хөдлөх хөрөнгө болох зурагт, хөргөгч, угаалгын машиныг шүүхийн бус журмаар худалдан борлуулж шаардлагаа хангуулах эрхтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.**, О.** нараас 287 509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч нь гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцоогүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан байхад шүүх нэмэгдүүлсэн хүүд 42 647 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 42 647 төгрөг төлөхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч Д.**, О.** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 911 822 төгрөг, нотариатын зардалд 11 000 төгрөг, нийт 25 922 822 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

“**” ХХК болон Д.**, О.** нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь харицуагчид 300 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.**, О.** нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамжны ** байрны **, 34,2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг тус тус байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 18 869 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул гэрээнүүд хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Д.**, О.** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.3-т зааснаар зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба гэрээг цуцлах хүртэл хугацаан дахь үндсэн зээл 22 965 038 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 2 904 136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42 647 төгрөг, нийт 25 911 822 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүргийг хүлээх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний нэг тал нь банк байх бөгөөд энэхүү харилцаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалт үйлчлэх тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа хамаарна гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГ ШҮҮГЧ                                                 Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА