| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03031/И |
| Дугаар | 102/ШШ2016/04282 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/04282
2016 оны 06 сарын 08 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04282 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75б байрны 93 тоотод оршин суух, эрэгтэй, Саарал адуу овогт Гомбын Доржидэн /РД-ЧШ48101413/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 3 дугаар хороолол, өөрийн байранд оршин байгаа Визард констракшн ХХК-д холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хариуцагчийн, гэрээгээр шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Доржидэн, түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-1630/, хариуцагч Визард констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай, өмгөөлөгч С.Төгс /шүүхэд төлөөлөх эрх-0431/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Доржидэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2002 оноос Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Хас үйлчилгээний төвийн ард талын 8, 10 дугаар байрны хооронд байрлах миний эзэмшлийн 1570 м.кв талбай бүхий газрыг Улаанбаатар хотын захирагчийн албаны зөвшөөрлөөр эзэмшиж, ил зогсоол хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан. Визард констракшн ХХК-ийн захирал Ф.Цогоо нь миний эзэмшлийн, орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрөлтэй газар дээр өөрийн хөрөнгөөр барилга барьж ашиг хуваарилахаар тохиролцож, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан.
Хамтран ажиллах гэрээний 1.1-д талууд гэрээний зорилгоо тодорхойлсон. Гэтэл хариуцагч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байсаар хамтран ажиллах гэрээний хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусч, хамтын үйл ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрэлгүйгээр дуусгавар болсон.
Энэ нь миний эрх ашгийг ноцтой хохироож бүтэн жилээр ажлыг маань уяж, их хэмжээний хохирол учруулсан. Уг гэрээг байгуулах үед манай нэг сарын орлого 4,500,000-5,000,000 төгрөг байсан.
Ф.Цогоо надтай дулаан гарааш ашиглалтад орох хүртэл сар бүр 3,000,000 төгрөг өгнө гэж тохиролцон дээрх гэрээг байгуулсан. Үүний дагуу Визард констракшн ХХК өөрийн газар дээр байсан тоосгон гараашуудаа буулгаж, сул шороогоо миний газар дээр овоолсоны улмаас машин тавих ямар ч боломжгүй болж, үйл ажиллагаа бүрэн зогссон.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 7.1-д заасны дагуу гэрээний үүргийг шаардаж, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хамтран ажиллах гэрээний 7.1-д ... Визард констракшн ХХК-ийн зүгээс иргэн Г.Доржидэнд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 тоот захирамжийн дагуу олгогдсон 1210 м.кв талбай бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хажууд орших орон сууц, үйлчилгээний зориулалттай газар дээр баригдах барилгын дулаан гарааш ашиглалтад орох хүртэл сар бүр 3 сая төгрөгийн нөхөн олговор олгоно ... гэж тохиролцсон.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д тохирсон ёсоор Визард констракшн ХХК эхний 3 сарын нөхөн олговорт 8 сая төгрөг төлсөн.
Иймээс Визард констракшн ХХК-иас 28,000,000 төгрөг гаргуулж хамтран ажиллах гэрээний 7.1-д заасан үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Визард констракшн ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Визард констракшн ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Доржидэнгийн газрын чанх хойд талд 2253 м.кв талбайг эзэмшин байрладаг бөгөөд уг газар дээрээ барилга барихаар төлөвлөн ажиллаж байсан.
Г.Доржидэнтэй 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний зорилго биелэгдээгүй учир 28,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.
Хамтран ажиллах гэрээний 1.3-т хариуцагч тал болох Визард констракшн ХХК-ийн зүгээс барилга байгууламж, дундын өмчийн бүх ажлуудыг 100 хувийн хөрөнгөөр хийх заалттай байснаас тухайн газарт байсан хуучин тоосгон гараашуудыг буулгаж, зайлуулах тухай заалт байгаагүй, үүнээс үүдэн барилга байгууламжийн ажил эхлэхэд гэрээт ажил хийгдэх тухайн газарт байсан 40 орчим тооны гараашуудыг буулгах ажил хийгдэж, хариуцагч компаниас 600 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарган бүгдийг буулгасан. Энэ ажлыг хийхэд 1 жил орчим хугацаа шаардагдсан бөгөөд үүнээс шалтгаалан барилга барих хугацаа удааширсан юм. Мөн орон сууцны барилга барихын тулд инженер шугам сүлжээний ажлыг хийх шаардлагатай болсон ба энэ ажлыг манай компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийсэн.
Хамтран ажиллах гэрээний зорилго бол Визард констракшн ХХК нь Г.Доржидэнгийн газар дээр барилга барьж, харин Г.Доржидэн нь тус баригдсан барилгаас обьект авахаар тохиролцсон.
Гэтэл тус компани нь нэхэмжлэгчийн газар дээр барилга бариагүй, Г.Доржидэн, Оймон ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас гэрээний зорилго биелэгдээгүй гэж үзэх бүрэн үндэстэй.
Эдгээр шалтгааны улмаас хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго биелэгдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр газраа бусдад ашиглуулж, шилжүүлэх ёстой. Г.Доржидэн нь Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл авсны дараа хариуцагчтай гэрээ байгуулах ёстой байсан тул нэхэмжлэгчийг Газрын тухай хууль зөрчсөн гэж үзнэ гэв.
Хариуцагч Визард констракшн ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус компани Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Эрдмийн өргөө сургуулийн урд үйлчилгээтэй 175 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан, тухайн барилгыг барихад уг газрын чанх урд байрлах газрын эзэмшигч Г.Доржидэн нь бидэнд хамтран ажиллах санал тавьж өөрийн газартаа барилга барьж өгөхийг удаа дараа хүссэний үндсэн дээр Визард констракшн ХХК, Г.Доржидэн нар хамтран ажиллах гэрээ 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан.
Улмаар талуудын барилга байгууламжуудыг барихад тухайн газарт байсан хуучин тоосгон гараашуудыг буулгах явцад их цаг хугацаа алдсан ба төлөвлөгдөөгүй зардлууд гарсан. Үүнээс үүдэн иргэн Г.Доржидэн нь хамтран ажиллах гэрээгээ дахин шинээр Оймон ХХК-тай байгуулан тус компаниар өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулан өөрт ногдох хувь эзэмшил бүхий үл хөдлөх хөрөнгө болон бэлэн мөнгө авсан.
Энэ нь Г.Доржидэнгийн тус компанитай байгуулсан гэрээг хэрэгжээгүй гэх бүрэн үндэслэл бөгөөд тус компани нь анх гэрээний 7.1-д заасны дагуу урьдчилгаа болгон 8 сая төгрөг шилжүүлсэн.
Гэрээний зорилго хэрэгжээгүй учраас Г.Доржидэнгээс 8 сая төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
Нэхэмжлэгч Г.Доржидэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн газрыг 1999 оноос эхлэн ил зогсоолын зориулалтаар ашиглаж байсан. Улмаар хариуцагчийн төлөөлөгч Ф.Цогоо нь манай газар дээр тоосгон гараашууд байгаа, түүнийг чөлөөлөхөд цаг хугацаа орох тул таны газар дээр эхэлж өөрийн хөрөнгөөр барилга барьж, ногдох хувийг өгье гэж хамтран ажиллах санал тавьснаар бид 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан.
Визард констракшн ХХК нь анх надтай хамтран ажиллах гэрээ байгуулах үндэслэл нь өөрийн газар дээр барилга эхлүүлэх боломжгүй байснаас миний газар дээр эхэлж барилга барихаар харилцан тохиролцсон.
Миний хувьд гэрээний зорилго биелэгдэнэ гэдэгт итгэж, хүлээцтэй байсан бөгөөд өөрийн газар дээр явуулж байсан үйл ажиллагааг гэрээ байгуулмагц зогсоож, газрыг Визард констракшн ХХК-ийн эзэмшил, ашиглалтад гэрээний хугацаанд ямар ч саадгүйгээр шилжүүлсэн.
Гэтэл хариуцагч тал гэрээний үүргээ огт биелүүлэхгүйгээр өөрийн газар дээрх гараашуудыг зайлуулах, цаашлаад өөрийн газар дээр 80а байрыг барихад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материал байрлуулах зэргээр миний газрыг барилгын талбайгаар ашиглаж, гэрээний хугацаа дуусч, хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсон.
Бид хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхийн хүрээнд 7.1-д барилгын дулаан гарааш ашиглалтад орох хүртэл Визард констракшн ХХК надад сар бүр 3 сая төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр тохиролцож, гэрээнд тусгасан учир тухайн газар дээр миний бие ил зогсоолын чиглэлээр үйл ажиллагаа явуулж олдог байсан орлогын тодорхой хувиар тооцон 3 сая төгрөг төлж байх саналыг хариуцагч өөрөө тавьж гэрээ байгуулсан.
Уг заалтаа зөвшөөрч урьдчилгаа болгож 8 сая төгрөг өгсөн. Харин түүнээс цааш хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Доржидэн нь Визард констракшн ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,
Хариуцагч тал Г.Доржидэнгээс гэрээгээр шилжүүлсэн 8 сая төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх дээрх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Доржидэнгийн нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... гэрээний зорилго биелэгдээгүй, ... манайх газар дээр байсан гараашуудыг өөрийн хөрөнгөөр буулгаж төсөвлөгдөөгүй зардал гарсан, мөн орон сууцны барилга барихын тулд инженерийн шугам сүлжээний ажлыг хийх шаардлагатай болсон, энэ ажлыг хийхэд 1 жил орчим хугацаа шаардагдсан, ... Г.Доржидэн газраа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ... Г.Доржидэнг тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан, мөнгөтэй компани руу шилжүүлж өгсөн, үүний дагуу тус компанитай гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө авсан... гэж тайлбарлан маргаж байна. /хх-119-120 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Доржидэн, Визард констракшн ХХК нар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот захирамжийн дагуу Г.Доржидэнд олгогдсон 1210 м.кв талбай бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хажууд орших үйлчилгээний зориулалттай газар дээр Визард констракшн ХХК энэхүү гэрээ байгуулсаны үндсэн дээр өөрийн 100 хувийн хөрөнгөөр барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир ус, дулааныг хангаж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн, орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцон, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулжээ. /хх-5-6 дугаар тал/
Ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасны дагуу хураамжаа тодорхойлж, Визард констракшн ХХКийн зүгээс барилгын норм ба дүрмийн дагуу төлөвлөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудаар гаргуулж, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, бичиг баримтын нэг хувийг Г.Доржидэнд өгөх, мөн өөрийн 100 хувийн хөрөнгөөр барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир ус, дулааны хангамж, гадна орчны тохижилт зэргийг хийж гүйцэтгэн, орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр, Г.Доржидэн нь өөрт олгогдсон 1210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг үйлчилгээний хураамж болгон дундын өмчлөлд шилжүүлж, барилга угсралт бусад холбогдох үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө оруулахаас бусад хэлбэрээр хамтран ажиллахаар харилцан үүрэг хүлээжээ.
Түүнчлэн зохигчид гэрээний 7.1-д Визард констракшн ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид түүний газар дээр баригдах барилгын дулаан гарааш ашиглалтад орох хүртэл сар бүр 3,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор тусгаж, улмаар Г.Доржидэнд 8 сая төгрөгийг өгсөн байна.
Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч Г.Доржидэн нь хариуцагчаас гэрээний 7.1 дэх заалтыг биелүүлэхийг шаардаж, үндэслэлээ ... Визард констракшн ХХК нь гэрээний 7.1-д заасан үүргээ биелүүлэх ёстой, ... миний газрыг барилгын талбай болгон ашиглаж, миний үйл ажиллагааг зогсоож надад хохирол учруулсан ... гэж тайлбарладаг.
Шүүх Г.Доржидэнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсээгүй гэж үзлээ.
Учир нь хамтран ажиллах гэрээний оролцогч зөвхөн хураамж төлснөөр гэрээ хэрэгжлээ гэж ойлгохгүй бөгөөд талууд гэрээнд заасан зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үйлдлүүд хийх, нэг тал үйл ажиллагааг гардан гүйцэтгэх тохиолдолд үйл ажиллагааныхаа талаар танилцуулах, бусад гишүүн нь ажлыг нь хянаж, тусламж үзүүлэх зэргээр хамтын ажиллагаанд тодорхой оролцоотой байх ёстой юм.
Гэрээний талууд хамтын зорилгоо биелүүлэхийн тулд хэн нь ямар үйлдэл хийж, хэрхэн хяналт тавьж байсан нь тодорхойгүй байхын зэрэгцээ хэний буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна.
Зохигчид хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба тэдгээрийн хамтын үйл ажиллагааны зорилго биелэгдээгүй байсаар гэрээний хугацаа дуусгавар болсон төдийгүй гэрээний хугацаа сунгагдаагүй байна. /хх-6 дугаар тал/
Хариуцагч компани гэрээний хугацаанд гарааш буулгаж, инженерийн шугам сүлжээний ажил хийсэн гэж мэтгэлцэх боловч Г.Доржидэнгийн газар дээр уг ажлыг хийгээгүй болох нь талуудын тайлбараар нотлогддог.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол гэж тодорхойлж байгаа хэдий ч үүнийгээ нотлох үүргээ биелүүлээгүй.
Хэргийн 110-111 дүгээр хуудсанд авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/230 тоот албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт нэхэмжлэгч Г.Доржидэнгийн эзэмшил газрыг ил зогсоол ажиллуулах захирамж гарган баталгаажуулах тухай хүсэлт гаргаж байсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 2002 оны 101 дүгээр захирамжаар Г.Доржидэнд 2 жилийн хугацаатай, автомашины ил зогсоолоор ашиглуулахаар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Г.Доржидэнг 2012 онд гэрээ байгуулах үед эзэмшил газраа ил зогсоолоор ашиглаж байсан гэх үйл баримтаа, мөн тухайн үед олж байсан орлогоо тодорхойлсон нотлох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн тайлбар, дээрх бичгийн баримтыг үндэслэн, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу олох ёстой орлогыг хамтран ажиллах гэрээний 7.1-д зааснаар тодорхойлон хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.
2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Визард констракшн ХХК нь Г.Доржидэнгээс гэрээгээр шилжүүлсэн 8 сая төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талууд 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 7.1-д заасны дагуу Г.Доржидэнд 8 сая төгрөгийг бэлнээр өгсөн байдаг.
Нэхэмжлэгч Г.Доржидэн, Визард констракшн ХХК нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан тул гэрээгээр тохиролцож шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхгүй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Доржидэнгийн, Визард констракшн ХХК-иас 28,000,000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Визард констракшн ХХК-ийн, Г.Доржидэнгээс 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөг, 142,950 төгрөг тус бүрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хэргийн 33-89 дүгээр хуудсанд авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн тоосгон гарааш худалдаж авч байсан тухай баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Доржидэнгийн, Визард констракшн ХХК-иас 28,000,000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Визард констракшн ХХК-ийн, Г.Доржидэнгээс 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,950 төгрөг, 142,950 төгрөг тус бүрийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД