| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03869/И |
| Дугаар | 102/ШШ2016/04285 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2016/04285
| 2016 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2016/04285 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 19 дүгээр гудамжны 621 тоотод оршин суух, эмэгтэй, Боржгон овогт Батцэрэнгийн Цэвэлмаа /РД-ЧМ57101009/-гийн,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Т.Ганбаттай 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцаж, 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нэг гэрт орж хамтран амьдарсан. Энэ хугацаанд хүү Г.Эрдэнэбаатарыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн бөгөөд нөхөр Т.Ганбат нь цус харвалтын улмаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.
Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан ба хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг 1996 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач Т.Ганбаттай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Б.Цэвэлмаа нь талийгаач Т.Ганбаттай 1995 онд танилцаж, 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс нэг гэрт хамтран амьдарч байх хугацаандаа 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ц.Эрдэнэбаатарыг төрүүлжээ. /хх-9 дүгээр тал/
Мөн тэд гэрлэлтийн албан ёсны бүртгэлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамт амьдарч байгаад нөхөр Т.Ганбат нь зуурдаар нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, талийгаачийн төрсөн дүү гэрч Т.Чинбат, гэрч Г.Даваахүү нарын мэдүүлэг, нас барсны бүртгэлийн лавлагаа, фото зураг, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байна. /хх-8, 14-16, 24-26, 28 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржгон овогт Батцэрэнгийн Цэвэлмааг талийгаач Т.Ганбаттай 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржгон овогт Батцэрэнгийн Цэвэлмааг талийгаач Т.Ганбаттай 1996 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД