| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/02910/И |
| Дугаар | 210/МА2024/01804 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01804
| 2024 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2024/01804 |
Ц.Ж гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02581 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Ж гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.Ц т холбогдох,
Гангар шаазан аяганы үнэ 77,604,530 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ж , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Л.Ц , хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Л.Ц бид хоёр морь уяж танилцаж хамтран ажиллаж байсан. Би үе уламжлагдан ирсэн гангар шаазан аяга 2 ширхэгийг түүнд өгч түр хугацаанд хадаглуулсан боловч буцаан авах болоход хаглаад хогийн саванд хийсэн гээд өгөхгүй намайг хохироосон.
1.2. Надад яг тэр аяганы адилхан аяга үлдсэн байсан тул аягыг соёлын өвийн үндэсний төвд бүртгүүлэн шинжлүүлж шинжилгээ хийлгэн үнэлгээ тогтоолгоход ховор нандин өв учир 77,604,539 төгрөгөөр үнэлэгдсэн.
Иймд Л.Ц ээс аяганы үнэ 77,604,539 төгрөг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ц т холбогдох гангар шаазан аяганы үнэ 77,604,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр явагдаж байгаа талаар тодорхой мэдүүлсэн байдаг.
Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа 60 сая төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мөнгөн дүнг нэхэмжлэгч Ц.Ж гийн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 77,604,539 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийн үнэтэй дүйцүүлж нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул үнэ бүхий зүйлсээ шаардах эрхгүй гэж дүгнэх эрх Шүүхийн тухай хууль болон Иргэний хуульд байхгүй.
Харин шүүхийн шийдвэр тус тусдаа гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын өр авлагыг харьцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох үндэслэлтэй.
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00672 дугаартай шийдвэр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2023/00001 дугаартай магадлалын дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ц.Ж гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай харилцан хамааралгүй, тухайн шүүх дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч уялдаа холбоогүй байхад шүүх хууль зөрчиж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үнэн зөв гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Л.Ц т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 77,604,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Тодруулбал, шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 60,000,000 төгрөгийг Л.Ц т төлөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргийн оронд аягаа шилжүүлсэн гэж тайлбарлаж, аягаа шаардаж байгаа боловч шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Л.Ц т 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул аягыг шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх үүнийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийг өөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хожим шийдвэрлэхээр орхисон нь хуульд нийцэхгүй.
Мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.
4. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4.1. Нэхэмжлэгч Ц.Ж нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00672 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2023/00001 дугаартай магадлалд зааснаар хариуцагч Л.Ц т 60,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг биелүүлээгүй, дээрх 60,000,000 төгрөгийн төлбөрт гангар шаазан аягыг хариуцагчид шилжүүлсэн, гэвч хариуцагч 60,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсан тул шилжүүлсэн аягыг буцаан шаардаж байна, уг аягыг хариуцагчид бэлэглээгүй, хариуцагчид тухайн аяга байгаа бол аягаа гаргуулна байхгүй бол аяганы үнэ болох 77,604,530 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ ... нэхэмжлэгч нь манай малыг маллаж байсан малчин, миний бие Тод манлай уяач болсон бөгөөд цолны баярт би өөрийн ахын надад бэлэглэсэн ********* улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид бэлэглэсэн, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч авсантай маргадаггүй, Тод манлай уяач болсонд болон тээврийн хэрэгсэл өгсний хариуд нэхэмжлэгч хятад бичигтэй аягыг надад бэлэглэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч надад 60,000,000 төгрөг төлөх өртэй, энэ өрнийхөө оронд өгсөн гэж байгаа бол аягыг нь өгөөд мөнгөө авахад татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан, маргажээ. /хх-1, 85-86, 88-90/
5. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Ц.Ж нь маргааны зүйл болох гангар шаазан аягыг Л.Ц т өгсөн, Л.Ц т хадгалагдаж байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.
5.2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00672 дугаартай шийдвэрээр Л.Ц ийн нэхэмжлэлтэй, Ц.Ж д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж гээс 60,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц т олгож, нэхэмжлэлээс 1,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2023/00001 дугаартай магадлалаар хэргийг хянан үзээд, шийдвэрт нэхэмжлэлийг 60,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. /хх-45-76/
5.3. Нэхэмжлэгч тал дээрх гэрээний маргаантай холбогдон тухайн аягыг төлбөрт тооцон хариуцагчид өгсөн гэх боловч тус хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
5.4. Хариуцагч Л.Ц нь гангар шаазан аягыг бэлэглэсэн үйл баримтыг Л.Г , М.Б нар нотолно гэж тайлбарлан, тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүх хангасан байна.
Гэрч Л.Г нь хариуцагч Л.Ц ийн төрсөн ах байх бөгөөд тэрээр 2019 онд дүү Л.Ц Тод манлай уяач цолоор шагнагдсан, дүүдээ баяр хүргэж машин бэлэглэсэн, Л.Ц уг машиныг Ц.Ж д өгсөн , Ц.Ж ааруултай шаазан аяга дүүд бэлэглэсэн гэж мэдүүлжээ. Уг гэрчийн мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдоогүй байна. Гэрч М.Б ийн ааруултай аяга бэлэглэх нь бэлэглэсэн, энэ аяга мөн эсэхийг сайн санахгүй байна гэх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Ц.Ж гээс хариуцагч Л.Ц т маргаж буй гангар шаазан аягыг бэлэглэсэн гэж дүгнэх боломжгүй. /хх-86-87/
6. Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан дүгнэвэл, зохигчдын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.Ц ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны үеэр өнөөдрийн байдлаар энэ аяга хариуцагчид байгаа гэдгийг мэдээгүй, аяга байхгүй бол аягаа үнэлүүлсэн 77,604,539 төгрөгийг гаргуулна, эсхүл аяга биет байдлаар байгаа бол буцааж авна гэж нэхэмжлэлийн шардлагаа тодруулж хэлж байна гэж тайлбарлажээ. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд маргаж буй гангар шаазан аягыг биет байдлаар авчирсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-85-86/
Иймд, хариуцагч Л.Ц ээс гангар шаазан аягыг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж д олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02581 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ц ээс гангар шаазан аягыг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж д олгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Л.Ц ээс 545,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545,973 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД