Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2024/00066

 

******* банкны Зүүнхараа салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 149/ШШ2024/00227 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа салбар,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,031,693.50 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, Х.Тэмүүжин /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч н.Чулуунгэрэл нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.    Зээлийн гэрээний үүрэгт 14,031,693.50 төгрөг гаргуулах

Зээлдэгч *******, ******* нар нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* банктай зээлийн 1320032561 дугаар гэрээ байгуулж 20000000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээ-ний зориулалтаар, 30 сарын хугацаатай, 365 хоногт 13.2 хувийн хүүтэйгээр авсан. ...Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн 1320032561 дугаар гэрээний 6.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч *******, ******* нарын зээлийн үлдэгдэл 2022 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлаар: Зээлийн 1320032561 дугаар гэрээний үндсэн төлбөр 13,364,997.56 төгрөг, хүү 654,638.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12057.22 төгрөг, нийт 14,031,693.50 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Зээлийн нийт төлбөр болох 14,031,693.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,108 төлбөр нийт 14,259,801.50 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах, ургийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах, үргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, *******, ******* нарын банкин дахь харилцаа хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Халтар овогтой ******* миний бие ******* банканд 14,031,693.50 төгрөгийг төлж барагдуулах болно. Төлж барагдуулахад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* бид хоёр 2021 оны 05 сарын 25-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. 09 сарын 15-ны өдөр зээл авахад хүчээр очиж зээл авсан. Хамт амьдраагүй салсан байсан. Би хамтрангаа салгуулах гэсэн чинь ******* салгаагүй учраас *******г ирүүлж салгах боломж байгаа гэж ******* банкны эдийн засагч Мөнхтөр хэлсэн. ******* банк бусын нэр дээр байгаа машиныг чөлөөлбөл би зээл дээр чинь зурж өгнө гээд ирж зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Чи өөр эхнэртэй болсон учраас хамтрангаа сольчихвол яасан юм бэ гэсэн чинь ажил дээр ирээд дарамталсан. Би чиний зээлэн дээр гарын үсэг зурсан учраас миний зээлэн дээр гарын үсэг зур гэж дарамталсан. Тэр зээлд гарын үсэг зураад 100 төгрөг ч аваагүй. Өрхийн хэрэгцээндээ хэрэглээгүй. Тийм учраас би нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2024/00227 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х. *******, ******* нараас үндсэн зээл 13,364,997.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 654,638.72 төгрөг, бүгд 14,031,693.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төвд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төвөөс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 228,108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төвд олгож, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

1. ******* нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүхээс хурлын товыг өөрт нь мэдэгдээгүй байдаг бөгөөд 2024 оны 05 сарын 10-ны өдрийн тов мэдэгдсэн тэмдэглэлд бичиг хүргэгч зөвхөн гэр бүлийнх нь хамаарал бүхий хүнд хэлээд яваад өгсөн байдаг. Чухамдаа ******* шүүх хуралдааны товыг мэдээгүй учраас шүүх хуралдаанд ирээгүй. Шүүхээс мэдэгдээгүйгээс болж иргэний эрхийг шууд зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 25.1.1-д ... тэдгээрт тайлбар өгөх буюу оролцогчийн өөрийнхөө тайлбарт дүн шинжилгээ хийх, нэхэмжлэгч талын нэхэмжлэлд тайлбар гаргах, өөрийн тайлбараа нотлох зэрэг олон эрхийг шууд утгаар зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд оролцоогүйгээс хамтран үүрэг гүйцэтгэгчид хууль бусаар гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үйл баримтыг тайлбарлах боломжгүй болгож шүүх шийдвэрлэсэн байна. Учир нь хариуцагч ******* нь хариу тайлбартаа зөвхөн өөрөө нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлнө гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 14031693.50 төгрөгийг хариуцагч ******* төлөх үндэсгүй гэдгийг тайлбарлаж буй хэрэг юм. Мөн ******* нь зээлийн бүх мөнгийг өөрт авч зарцуулсан байдаг бөгөөд зээлдэгч этгээдэд мөнгө шилжүүлэх, шилжүүлсэн мөнгөө зээл авсан этгээдээс гаргуулахаар логиктой байдаг. Чухамдаа *******гаас тус нэхэмжлэлийн үнийн дүн бүхий төлбөрийг шаардаж гаргуулахаар байхад намайг давхардуулж оролцуулсан нь өөрөө хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гарсан гэж үзэж байна.

3. 2021 оны 09 сарын 15-ны өдөр ******* банктай байгуулсан зээлийн 1320032561 бүхий гэрээний хувьд үндсэн зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд хамтран зээлдэгч төлбөрийг нөхөн төлөхөөр байгаа. Зөвхөн төлбөр төлөгдөхгүй байгаа тохиолдолд л миний хувьд төлөх үүрэг яригдахаар боловч хамтад нь төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь үндсэн зээлдэгч төлбөр төлөхөөр тохиолдолд миний хувьд төлөх үндэс тогтоогдохгүй, хэрвээ үндсэн төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд би үүргийн дагуу төлөөд эргүүлээд үндсэн төлбөр төлөгчөөс төлсөн мөнгөө шаардах үндсэн логик агуулгатайгаар тээлийн гэрээг байгуулсан, хуульд ч ийм логикоор тусгалаа олсон байх атал хоёулангаар нь төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Миний хувд 2021 онд зээлийн гэрээнд гарын үсэг зурж байхад өмнөх зээл дээр 4 нэмж зээл авч байгааг мэдээгүй, мөн ******* намайг шахаж, дарамталж байж гарын үсэг зуруулсан байдаг. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасанчлан Банк надад хүсэл зоригоо илэрхийлээгүйн зэрэгцээ миний хувьд тухайн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй байхад гарын үсэг зуруулсан байдаг. Иймд иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.1-д заасанчлан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийгдсэн байх тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үзэж байна. Нэг талаасаа намайг ******* хуурч, төөрөгдөл оруулж гарын үсэг зуруулсан, гэрээ байгуулж буй ******* банкны төлөөлөл тус гэрээний онцлог, гэрээг ямар шалтгааны улмаас хийж байгаа болон өмнөх зээлийн үргэлжлэл зээл болох талаар тайлбарлаж, гэрээний нэг талын үүргээ гүйцэтгээгүй тул анхнаасаа хууль зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэж байгаа болно. Хууль зөрчиж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээ байгуулсан гэж үзэх тул ******* банкны Зүүн хараа тооцооны товийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй ёсгүй болно. Уг нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх баримтуудад дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны явцад яригдаж, талууд уг үйл баримтад маргаагүй, онцгой нөхцөл байдал бий болсны зэрэгцээ зайлшгүй тодруулах шаардлагатай үйл баримт хэлэлцүүлгийн шатанд яригдаж байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан үндэслэлээр нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгээгүй нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа болно.

5. Мөн талуудаас буюу хариуцагч талууд бүгд эвлэрэх санал гаргаж байхад шүүх процессын хувьд хангаж талуудад эвлэрэн хэлэлцэх боломж олгох ёстой байсан бөгөөд уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 болон 74 дугаар зүйлүүдэд заасан талуудын онцгой эрхийг ноцтой зөрчсөн байгаа юм. Уг асуудлаар мөн талуудаас лавлаагүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа болно. Чухамдаа 2024 оны 03 сард итгэмжлэгдсэн төлөөлөгч маань эвлэрэх санал гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч талаас хариу өгөөгүй байдаг, уг асуудлаар хуралдааны өмнө болно хойно ч бас ярилцах, дугуй ширээний уулзалт хийгээд шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх хүсэл зорилго аль аль талуудад байсан. Гэтэл уг эрхийг эдлүүлэлгүйгээр хуралдааныг шуурхайлуулж товлочихоод хэргийн оролцогчдыг бүгдийг нь оролцуулалгүйгээр шүүх таслан шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой, бүдүүлгээр зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

6. Нэхэмжлэлийн нийт шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ******* бид хоёрыг хувь тэнцүү байдлаар төлөхөөр шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрт хэн нь хэдэн хувийг төлөх талаар тодорхойлж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулга тодорхой байх заалтыг зөрчсөн шийдвэр бичигдсэн байна гэж үзэхээр байна.

7.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн бүх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд буруу тооцоолж шийдвэрлэсэн байгаа юм. Тус тооцоо нь банкны хувьд нийт үнийн дүн болох 20 сая төгрөгөөс тооцоож хүү, алданги болсон тооцоог хангаж шийдвэрлэсэн байгаа юм. Чухамдаа төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлээс тооцож бодохоор тус мөнгөн дүнгээс доогуур тоо гарч байгаа атал шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу тооцож шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа болно.

8. Шүүх хуралдаандаа биечлэн оролцож бусад тайлбараа гаргах болно.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хүлээн авч 2024 оны 05 сарын 17-ны өдрийн дугаар 149/ШШ2024/00227 бүхий шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.5, 168.1.7 дахь үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж байхад өөрийн татгалзал, тайлбарыг өөрөө нотлох үүрэгтэй. Өөрийг нь гарын үсэг зурах хүсэлгүй байхад нь хүчээр гарын үсэг зуруулсан гэх агуулгатай гомдол гаргаж байна. Энэ нь үндэслэлгүй. ******* банк гэрээний чөлөөт байдлыг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулж байгаа талууд ямар гэрээ байгуулж байгаа ямар үүрэгтэй талаар маш сайн тайлбарлаж өгдөг учир уг тайлбар үндэслэлгүй. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж өөрөө хүрэлцэн ирээгүй байгаа нь тухайн хэргийн оролцогчийн өөрийн хариуцлагын асуудал. Үүнд шүүхийг буруутгах үндэслэл байхгүй. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төв нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,364,997.56 төгрөг, зээлийн хүү 654,638.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,057.22 төгрөг нийт 14,031,693.50 төгрөгийг зээлдэгч *******, ******* нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* ...Миний бие ******* банканд 14,031,693.50 төгрөгийг төлж барагдуулах болно. Татгалзах зүйл байхгүй гэсэн.

Хариуцагч ******* ...******* бид хоёр 2021 оны 05 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Уг зээлээс би нэг төгрөг ч аваагүй, зээлийн гэрээнд ******* намайг хүчээр гарын үсэг зуруулсан тул би төлөхгүй... гэж маргасан байна.

******* банкны Зүүнхараа салбар болон хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төв нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгч *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан талаар маргаангүй байна.

Зээлдэгч нь 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 31 сарын хугацаатай байгуулсан байх ба 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа тооцооны төв нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй зээлийн гэрээний үүрэгт 13,364,997.56 төгрөг, зээлийн хүү 654,638.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,057.22 төгрөг, нийт 14,031,693.50 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

4.Давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч ******* нь уг зээлийн гэрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу гарын үсэг зурж баталгаажуулаагүй талаар маргаж байгаа боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд зээлийн гэрээний зохих заалтын дагуу зээлийн үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд уг мөнгийг аваагүй, хүчээр гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарууд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байх тул түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хариуцагч *******ыг түүний гэр бүлийн хүн байсан ******* хүчээр дарамталж, хүсэл зоригийнх нь эсрэг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан түүнийг хохироосон гэж үзвэл энэ талаар эрх бүхий байгууллагуудад гомдол гарган шалган шийдвэрлүүлж гэм буруутай этгээдээс хохирлоо гаргуулан авах эрхтэй болохыг дурьдав.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан 3 удаа хойшилсон байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, хэрэг хянан шийдвэрлэхээр зарлагдсан эхний 2 удаагийн шүүх хуралдаанд ******* биечлэн оролцсон бөгөөд 3 дахь удаагийн хуралдаанд биечлэн ирээгүй бөгөөд түүнийг байлцуулалгүйгээр Иргэний хуулийн зохих зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* шүүх хуралдаан хойшлох үед дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн, мөн 3 дахь удаагийн шүүх хуралдааны товыг дахин түүний гэр бүлийн гишүүнд мэдэгдсэн талаар хэрэгт авагдсан баримтанд дурьдсан, түүнчлэн өөрөө нэхэмжлэлийн шаардлагын талаар болон тов мэдэгдээгүй талаар гомдол гаргаагүй тул түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 227 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228,109 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.ЭРДЭНЭХИШИГ