Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04304

 

2016 оны 06 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04304

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 70 тоотод оршин суух /Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, 13 дугаар гудамжны 34 тоотод түр оршин суугаа/ , эмэгтэй, Манал овогт Оюуны Нэргүй /РД-ХН80092367/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 70 тоотод оршин суух, эрэгтэй, Сархачуул овогт Лүмбэнгийн Гансүх /РД-ВГ81012713/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Нэргүй, хариуцагч Л.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд Л.Гансүхтэй танилцсан бөгөөд хамт амьдраад 3 жил болсон. Энэ хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Аззаяа төрсөн. Манай нөхөр уг нь төлөв даруу зантай боловч хааяа архи уухаараа зан байдал нь эвгүй болдог. Тэр занг нь би тэвчихгүй болоод шүүхэд хандсан юм.

Иймээс охин Г.Аззаяад хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би О.Нэргүйтэй танилцсанаас хойш Г.Аззаяа охин маань төрсөн. Миний охин мөн. Намайг байнга хардах нь сэтгэлийн гүн дарамт болсон. Урд нь эхнэр хүүхэдтэй байсан, түүнийг мэднэ гэж надад хэлдэг учир би цахимаас гэрлэлтийн баталгаагүй гэдгээ нотолсон баримт авсан. Мөн намайг хүүхдэдээ хайргүй, өөр хүүхэдтэй гэдэг. Ажил руу ярьж дарамталснаас болж би ажилгүй болох гэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, ажилгүй болох юм бол тэтгэмжийн мөнгө өгөхөд хэцүү болно. Иймээс ажилтай болж байж тэтгэлгийг төлнө гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Нэргүй нь Л.Гансүхэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг ба эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгчээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараас харахад О.Нэргүй, Л.Гансүх нар 2012 онд танилцан, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Аззаяа төрсөн болох нь нотлогдож байна. /хх-3 дугаар тал/

Иймд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.Аззаяад 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Л.Гансүхээс гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул О.Нэргүйг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан О.Нэргүйд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Аззаяад 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Л.Гансүхээс гаргуулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан О.Нэргүйд буцаан олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД