| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2024/00196/И |
| Дугаар | 203/МА2024/00040 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 203/МА2024/00040
******* аймгийн *******
даргын ******* газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2024/00321 дугаар шийдвэртэй,
******* аймгийн ******* даргын ******* газрын нэхэмжлэлтэй,
Г.*******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвээн, хариуцагч Г.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Тус аймгийн ******* даргын ******* газраас төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлж аймгийн ******* даргын 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар Г.*******д 15 000 000 төгрөгийн дэмжлэгийг орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь зориулан олгохын зэрэгцээ Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах 2 өрөө, 66 м.кв талбай бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр, аймгийн ******* даргын ******* газарт төлөх нөхцөл бүхий 06 дугаартай зээлийн гэрээг 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Зээлдэгч нь 2010-2016 онд зээлийн гэрээний зарим үүргийг биелүүлж, өнөөдрийн байдлаар 7 123 410 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд сайн дураар гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна. Иймд иргэн Г.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн Даланзадгад сумын харьяат, Далангийн 3-р багт 48-р байрны 14 тоотод амьдардаг. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. 1983 оны 8 сараас эхлэн ******* аймгийн ******* даргын ******* газарт тасралтгүй 33 жил ажиллаад 2016 оны 09 дүгээр сард тэтгэвэртээ гарсан ахмад билээ.
Аймаг орон нутгаас төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлого хэрэгжүүлэхэд хамрагдан Далангийн 3-р багт байрлах *******-р байрны ******* тоотын 66 мкв бүхий 2 өрөө өөрийн орон байртай болж, аймгийн ******* аймгийн ******* даргын ******* газраас 15 000 000 төгрөгийн дэмжлэг олгогдож, үлдсэн 24 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэйгээр төлөх гэрээг 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлэхэд ахуй амьдралын бололцоогүй үе тулгарч байсан ч тодорхой хэмжээнд төлж барагдуулж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сард тэтгэвэрт гарахдаа 5 сая орчим төгрөгийг төлсөн. Миний хувьд тэтгэвэрт гарах үед охин дөнгөж төрөөд орлогогүй байсан, өөрөө цалингийн зээлтэй, орон сууцны төлбөрөө бүрэн төлөх боломж хүнд байсан тул тухайн үеийн аймгийн ******* дарга Н.*******, ******* газрын дарга ******* нартай нэг бус удаа биечлэн уулзаж үлдсэн төлбөрт дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаж байсан. Ажил үүргээ хүлээлгэн өгч ажлаас чөлөөлөгдөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш өнөөдрийг хүртэл зээл төлүүлэх тухай аймгийн ******* даргын ******* газраас ямар нэг хүсэлт шаардлага надад ирээгүй, мэдэгдээгүй, дуудаж уулзаж байгаагүй.
Аймгийн удирдлагуудаас төрийн захиргааны байгууллагад олон жил ажилласан ахмад ажилтан миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ гэсэн итгэл, ойлголттой явж ирсэн билээ.
Гэтэл тэтгэвэрт гараад 8 жил шахам хугацаа өнгөрсөн байхад аймгийн ******* даргын ******* газраас зээлийн үлдэгдэл болох 7 123 410 төгрөгийг төлүүлэхээр 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн дагуу гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна.
Иймд энэхүү хуулийн үндэслэлийг хянан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас 5 158 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* аймгийн ******* даргын ******* газарт олгож, нэхэмжлэлээс 1 964 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* даргын ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 1******* 925 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 94 486 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Г.*******гийн давж заалдах гомдлын агуулга:
Миний хувьд төрийн захиргааны байгууллагад тасралтгүй олон жил ажилласан ахмад ажилтан миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ гэсэн ойлголттой явсан. Гэтэл тэтгэвэрт гараад 8 жил өнгөрөөд мартагдсан үед гэнэт аймгийн ******* даргын ******* газраас зээлийн үлдэгдэл гээд 7 123 410 төгрөгийг төлүүлэхээр 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр тайлбар гаргаж өгсөн. Харин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь хэсэгт дурдсанаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76,1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч талын ... дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А1670364 тоот зөрчил арилгах албан шаардлагыг хүлээн авснаар Г.*******г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн, ийнхүү мэдсэнээсээ хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар нь ******* аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А1670364 тоот зөрчил арилгах албан шаардлага, уг албан шаардлагын дагуу 2023 онд хийгдсэн ******* аймгийн ******* даргын ******* газрын Төрийн сангийн хэлтсийн 1995-2012 оны хооронд үүссэн авлагын үлдэгдэлд хийсэн хараат бус аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.
Энэхүү нэхэмжлэх талын шаардах эрхийн үндэслэлд гомдолтой байгаа үндэслэл:
1. Аймгийн ******* даргын ажлын алба болох Аймгийн ******* даргын ******* газрын Төрийн сангийн хэлтсээс хяналт тавин холбогдох сангийнхаа тайлан тооцоог жил бүр гаргаж өр авлагын мэдээллийг холбогдох байгууллага, хувь хүнд мэдээлж барагдуулдаг байсантай холбоотой миний хувьд тодорхой хугацааны турш төлбөрөө барагдуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сард зээлээ төлж байсан.
2. Харин 2016 онд тэтгэвэрт гарснаас хойш надад зээл төлж барагдуулах талаар ямар нэг шаардлага мэдэгдэл аймгийн ******* даргын ******* газраас албан ёсоор ирээгүй. Энэ нь аймгийн ******* даргын ******* газар нь намайг зээлийн үлдэгдэлтэй гэдгийг мэдээгүй байх үндэслэл биш гэж бодож байна. Мэдээд шаардах мэдэгдэх боломж бүрэн байсан.
3. Төрийн болон хувийн Аудитын байгууллагуудын албан шаардлага нь аймгийн ******* даргын ******* газрын үйл ажиллагааны зөрчил дутагдлыг илрүүлэн зөрчлөө арилгах талаар аймгийн ******* даргын ******* газарт өгсөн албан шийдвэр бөгөөд шаардлагад дурдагдсан зөрчлийг аймгийн ******* даргын ******* газар мэдээгүй гэсэн үндэслэл байх боломжгүй. Иймд аймгийн ******* даргын ******* газрын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа дээрх үндэслэлүүдийг хуулийн хүрээнд дахин хянуулахаар ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвээн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.*******гийн хувьд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр болон саяын өөрийн хэлсэн тайлбартаа 2016 онд тэтгэвэрт гарахад тухайн үеийн засаг дарга Н.******* болон тухайн үеийн засаг даргын тамгын газрын дарга Ө.******* нар нь хүлээж авч уулзаад зээлийн гэрээнийхээ хувьд тодорхой хувийг төлчих үлдэгдэл дээр нь ярилцъя гэж хэлсэн байдаг.
Эндээс харахад иргэн Г.*******г Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тухайн үеийн дарга нар түр зогсоосон гэж үзэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Г.*******г Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ мэдэж байсан бөгөөд гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх боломжийг тухайн үеийн дарга нар өгсөн гэж ойлгож байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг тухайн үед түр зогсоосон.
Мөн тэр үндэслэлээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс тоолно гэж заасан. Тухайн үеийн дарга нарын үүргийн гүйцэтгэлийг түр зогсоосон буюу хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосныг төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 223/А167036 дугаартай зөрчил арилгах албан шаардлагыг хүлээж авснаар таныг үүргээ Иргэний хуульд зааснаар үнэнч шударгаар биелүүлээгүй гэдгийг хууль эрх зүйн хэлтэс мэдсэн. Тухайн мэдсэн цагаас хойш би нэг жилийн дараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан.
Иймд таны гомдолд дурдагдаад байгаа хөөн хэлэлцэх хугацааг тооцож өгнө үү, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчихсэн гэдэг хуулийн заалт нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй ерөнхий хугацаа нь 10 жил гэж заасан бөгөөд та 2010 онд аймгийн засаг дарга болон санхүү төрийн сангийн хэлтсийн дарга дээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Түүнээс хойш 2016 онд хамгийн сүүлийн төлөлтийг хийсэн. 2016 оноос хойш тоолоход 10 жил буюу Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа дуусаагүй гэж бид үзэж байна.
Зээл авсан бусад хүмүүсээс бас шаардаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
6. Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тодорхой хугацаанд зээлээ төлж байсан. Гэрээ байгуулахдаа аймгийн ******* даргыг төлөөлж аймгийн ******* даргын ******* газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Нарантуяатай би зээлийн гэрээ байгуулсан.
Хуулийн хэлтэс нь аймгийн засаг даргын шийдвэрийн хуулийн үндэслэлийг гаргах чиглэлтэй байдаг. Энэ зээлийн гэрээний үлдэгдэлд Санхүү төрийн сангийн хэлтэст хяналт тавьж ирсэн. Хөөн хэлэлцэх хугацаа буюу тухайн асуудлыг мэдсэн хугацаанаас эхлээд жил гаруй хугацаагаар тооцоод нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэнд би гомдолтой байна.
Хуулийн хэлтэст төрийн аудитын албан бичиг 2023 онд ирсэн байдаг. Түүнээс хойш 2024 онд энэ асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацаануудыг аваад үзэхэд 2016 оноос хойш 2023 он хүртэл ямар их хугацаа байх вэ гээд хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаж явах үндэслэлтэй болов уу гэж бодож байна.
2016 оны 09 дүгээр сард би гэнэт ажлаас гарах болсон. Тухайн үед би ажилгүй болоход цалингийн зээл болон ар гэрийн асуудал байсан учраас тэтгэвэрт гарах шийдвэр гаргуулахад дэмжлэгийн тодорхой хэмжээний төлбөр буюу тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тэгээд би дарга нарт ажлаас гараад ямар нэгэн орлого байхгүй болохоор надад энэ зээлийг төлөх боломж байхгүй байна гээд асуудлаа тавьсан. Та бүхэн энэ байдлыг харгалзаж үзээд дэмжлэгт хамруулж өгнө үү гэдэг хүсэлтийг нэг бус удаа тавьж байсан. Тэгсэн дарга нар чи 5 сая орчим төгрөгийг төлчих, үлдэгдэл дээр нь бид нар ярилцаж байгаад энэ асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Тэгээд би дэмжлэгээсээ 5 сая гаруй төгрөгийг төлөөд ажлаас гарсан. Түүнээс хойш 2024 он хүртэлх хугацаанд надад мэдэгдсэн бол эргэж очоод энэ асуудлыг шийдэх л байсан. Мөн надад дэмжлэг хүсэж хүсэлтээ тавих боломж байсан байх.
Төрийн аудитын байгууллага болон хувийн аудитын байгууллагууд 1995 оноос 2012 оны төрийн санд хийгдсэн баримтуудаас сангуудын орлогод хяналт шинжилгээ хийгээд 2023 онд төрийн аудитаас зөрчил барагдуулах тухай мэдэгдлийг аймгийн ******* даргын ******* газарт өгсөн байдаг. Үүний дагуу нэг жил гаруй хугацааны дараа энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Энэ цаг хугацааны асуудлыг шүүх бүрэлдэхүүн сайн дүгнэж, хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлтэй ойлгох тал дээр анхаарч хянаж үзээсэй гэж хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* аймгийн ******* даргын ******* газрын нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* даргын ******* газар нь хариуцагч Г.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 7 123 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...тэтгэвэрт гарах үед зээлийн төлбөрөө бүрэн төлөх боломжгүй байсан тул тухайн үеийн аймгийн ******* дарга, ******* газрын дарга нартай биечлэн уулзаж үлдсэн төлбөрт дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаж байсан ба өдийг хүртэл тамгын газраас ямар нэгэн шаардлага ирээгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэсэн ойлголттой явж ирсэн. ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж тайлбарлажээ.
Зээлдүүлэгч Орон сууцны сан-г төлөөлж аймгийн ******* даргын ******* газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нарантуяа, зээлдэгч Г.******* нар нь 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 24 000 000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэйгээр, орон сууцны нөхцөлөө сайжруулах зориулалтаар, 3 жилийн хугацаатай, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ. /хавтас хэргийн 4, 5 дахь тал/
Зээлдүүлэгч буюу ******* аймгийн ******* даргын ******* газар нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч Г.******* уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, талуудын талаар зохигч нар маргаагүй, харин хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцжээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч талын ...Төрийн Аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А1670364 дугаар зөрчил арилгах албан шаардлагыг хүлээж авснаар Г.*******г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсэн, ийнхүү мэдсэнээсээ хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 232/А1670364 дугаар зөрчил арилгах албан шаардлага, уг албан шаардлагын дагуу 2023 онд хийгдсэн ******* аймгийн ******* даргын ******* газрын төрийн сангийн хэлтсийн 1995-2012 оны хооронд үүссэн авлагын үлдэгдэлд хийсэн хараат бус аудитын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал шаардах эрхтэй шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүссэн гэж тооцож, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр тогтоох нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцнэ., Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 7 123 410 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээл 5 158 522 төгрөг, зээлийн хүү 1 964 888 төгрөг гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүү 1 964 888 төгрөгийг ямар хугацаагаар, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул 1 964 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж хариуцагч Г.*******гийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 143/ШШ2024/00321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 98686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Л.УГТАХБАЯР