Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/53

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Х.Д,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.А

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Д-н М, Д овгийн Г-н Г нарт холбогдох эрүүгийн 1917000100027 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг,  гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх М овогт Д-н М, /РД: /

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Б........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Д овогт Г-н Г, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.М нь Г.Г-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өехий” гэх газар нутаглах иргэн Х.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч шар өнгийн хөлдөөгч 1 ширхэг, өвсний хадуур 1 ширхэг, улаан өнгийн 220 вольт гаргадаг мотор 1 ширхэг, цэнхэр хөх өнгөтэй нарны энергийн толь 1 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, 110 ампер цагтай аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приусс 20 маркын автомашин ашиглаж хулгайлсан,

Яллагдагч Г.Г нь Д.М-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өехий” гэх газар нутаглах иргэн Х.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч шар өнгийн хөлдөөгч 1 ширхэг, өвсний хадуур 1 ширхэг, улаан өнгийн 220 вольт гаргадаг мотор 1 ширхэг, цэнхэр хөх өнгөтэй нарны энергийн толь 1 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, 110 ампер цагтай аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус 20 маркын автомашин ашиглаж хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.М нь Г.Г-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өехий” гэх газар нутаглах хохирогч Х.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч шар өнгийн хөлдөөгч 1 ширхэг, өвсний хадуур 1 ширхэг, улаан өнгийн 220 вольт гаргадаг мотор 1 ширхэг, цэнхэр хөх өнгөтэй нарны энергийн толь 1 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, 110 ампер цагтай аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор Тоёото Приусс 20 маркын 75-58 УБО дугаартай саарал өнгийн автомашин ашиглаж үйлдсэн буюу бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж авсан гэм буруутай,

Шүүгдэгч Г.Г нь Д.М-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өехий” гэх газар нутаглах иргэн Х.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч шар өнгийн хөлдөөгч 1 ширхэг, өвсний хадуур 1 ширхэг, улаан өнгийн 220 вольт гаргадаг мотор 1 ширхэг, цэнхэр хөх өнгөтэй нарны энергийн толь 1 ширхэг, 100 ампер цагтай аккумлятор 1 ширхэг, 110 цагтай аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж  нийт 1 300 000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор Тоёото Приусс 20 маркын 75-58 УБО дугаартай саарал өнгийн автомашин ашиглаж үйлдсэн буюу бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын эхээр манайд Г.Г ирсэн. Тэгээд нэг шил архи уучихаад Х.Д-н гэрт нь очсон. Эхлээд Х.Д-н гэр гэж мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Х.Д-н гэрээс эдгээр зүйлсийг аваад баруун тийшээ Э ахынх руу нь явсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2018 оны 10 дугаар сарын эхээр би Д.М руу утсаар ярьсан. Тэгээд Д.М хүрээд ир гээд би тэднийд очсон. Тэгээд Д.М ганцаараа нэг шил архи уугаад, тэгээд Чойр явсан. Тэгээд Чойр явах замд Д.М зүүн гар тийшээ эргэчих гэхээр нь эргэсэн. Тэгээд гэрлийн үзүүрт гэр орж ирсэн. Гэрт орчихоод гаръя гэхээр нь орсон. Тэгэхэд гэрт хүн байхгүй байсан. Тэгээд үүнийг авах уу гэж хоорондоо ярилцаж байгаад бид хоёр авсан. Тэгээд шууд Э ахынд очоод, авсан зүйлээ тэнд үлдээчихээд 2, 3 хоногийн ар дээр буцаж очиж авсан. Тэгээд 25 дугаар зөрлөг дээр Б гэдэг хүнд зарсан. Анхнаасаа бид хоёр тэр айлынд очиж юм авъя гэж ярьсан зүйл байхгүй. Урд нь Д.М надад нэг даага бэлэглэсэн байсан. Нэг шил архи, нэг хадагтай аваачиж өгсөн. Буцаад Чойр орох гэж байсан юм. Тэр замдаа ийм зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Х.Д гэдэг хүнээс дахиад уучлалт гуйя  гэв.

 

1.3. Хохирогч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө би гэрээрээ очсон. Тэгэхэд манай юм байж байсан. Манай аав олон удаа харавчихсан, бие нь тааруухан хүн байдаг учраас төв оруулж өгөх гээд явж байсан. Тэгээд би хөдөө ганцаараа байдаг болохоор аавыгаа хүргэж өгөхөөсөө өмнө гэрээр орж цүнхээ авчихаад, хонио эргүүлчихээд явсан. Тэгээд аавыг авчирч өгчихөөд, тэр өдрөө багийн хуралд суучихаад, үдээс хойш охиноо явахаас өмнө хороон дээрээ очиж хашаа хороогоо янзалж байгаад гэгээ тасрахын үед зунжааныхаа гэрт очиж хоносон. Хонь маань тэнд хотолсон байсан болохоор тэнд хоносон. Тэгээд 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ирсэн. Гэрээсээ мах авах гээд очсон чинь гэрт мах байгаагүй. Сур татаад өлгөчихсөн байсан юм. Тэгээд хөргөгчиндөө хийсэн юм байхдаа гээд хөргөгчөө үзсэн байхгүй байсан. Тэгээд харсан чинь ширээн дээр тавьсан байсан мотор, хажууд нь хоёр аккумлятороо тавьсан байсан. Нэг нь хуучин гэдэг нь үнэн, нэг нь шинэ аккумлятор  байсан. Хөлдөөгч маань зүүн талын орны хөлд, нарын толь гадаа байсан. Тийм эд зүйлс алга болсон. Тэгээд цагдаад мэдэгдээд, өргөдөл өгөөд, гомдлоо гаргаарай гэхээр нь тухайн үед манай дүү цагдаад байсан. Тэгээд тэрэнд хэлээд өргөдөл гаргачихаараа гэж хэлсэн гэв.

 

1.4. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Хаялага нуурын баруун урд намаржиж байхад 2018 оны 10 дугаар сарын эхээр Д хочит Г приус 20 маркын 75-58 УБО улсын дугаартай автомашинтай ирсэн. Тэгээд бид хоёр Д хочит Г-н авчирсан 0.5 граммын Сархад нэртэй архийг хувааж уусан. Тэгээд Д Чойр явж ганц хоёр шил архи ууя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр 18 цаг өнгөрч байхад манайхаас Чойр луу явахаар засмал зам руу чиглээд явж байтал замын хойд талд айл байгаа харагдсан. хочит Г хоёулаа энэ айлаар ороод гаръя гэж хэлсэн. Тэгээд уг айлын гадаа очоод Д гэр лүү нь орсон. Тухайн үед айлын гэрийн хаалга ямар нэгэн цоожгүй байсан. Тэгээд Д хочит Г айлд хүн байхгүй, эзэнгүй байна гээд энийг ачаад явъя гээд өвс хадагч 1 ширхэг, авч гарч ирсэн. Тэгээд би машинаас буугаад ертөнцийн зүгээр баруун талаас мотор 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг, ертөнцийн зүгээр зүүн талаас хөлдөөгч 1 ширхэг зэрэг эд зүйл авсан санагдаж байна. Мөн гэрийн гадаа зүүн урд зүгт байсан нарны толь 1 ширхэгийг аваад Д-н машинд ачаад Чойр луу хөдөлсөн. Тэгээд би тухайн үед нилээн согтсон байсан учир унтаад өгсөн. Тэгээд Д хочит Г намайг дуудахаар нь сэртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сум Их Залаа гэх газарт Д хочит Г-н ах болох Э-д ирсэн байсан. Тухайн үед Э-т ах болон О эгч, мөн гүзээ хочит Б, Э нар байсан. Тэгээд Э ахын гэрт 2 шил архийг хувааж ууцгаасан. Өглөө нь Э, Г, Б бид дөрөв Б-н гэрч очиж өвс хадагчийг нь өгчихөөд Г бид хоёр Э-д очсон. Тэгээд Д хочит Г утсаар ярьчихаад хөлдөөгч, нарны толь зэргийг хүн авахаар боллоо 25 дугаар зөрлөг рүү явъя гээд бид хоёр Дорноговь аймгийн 25 дугаар зөрлөг дээр 15-16 цагийн үед очоод М, Б хоёртой уулзаж Б-д хөлдөөгч болон мотор, нарны энергийн толь гурвыг зарсан. Тухайн үед Г энэ хоёр жоншоо тушаагаад араас мөнгийг нь шилжүүлнэ гэнээ гэж хэлж байсан. Дараа нь Г хөлдөөгч, нарны толь, мотор зэргийг нийтэд нь 800 000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн.

Э ахынд очсоноос 2-3 хоногийн дараа Г хочит Б-н гэрт очиж өвс хадагчийн өртөгт 1 хязаалан насны 1 хонь, 1 ямаа авсан. Харин Г хочит Б манай хүүд 1 хонь бэлэглэсэн. Г бид хоёр нэг нэг хонийг өөрсдөө авсан. Би хонио өөрөө авсан, харин Г хот руу явуулна гэж байсан. Ямаагаа Г авч явсан, хаана хэдэг төгрөгөөр зарсныг мэдэхгүй.

 ...Шар өнгийн жижиг хөлдөөгч нүүрэн хэсэгтээ зураг наасан байсан, ямар зураг байсныг мэдэхгүй байна. Дөрвөлжин хэлбэртэй хар хөх өнгийн нарны энергийн толь, аккумлятор хар өнгөтэй, улаан өнгийн мотор, үүрдэг өвс хадагч байсан.

Би одоогоор Д-н хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. 04 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулна. Болдод учруулсан 500 000 төгрөг, Гүзээ хочит Б-т учруулсан 150 000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Би өмнө нь 3 удаа хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/

 

1.5. Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би хэрэг гарах үед буюу 2018 оны 10 дугаар сард Чойрт байсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр би өөрийнхөө 75-58 УБО улсын дугаартай  мөнгөлөг өнгийн приус 20 маркын автомашинтай ганцаараа Д.М-н гэрт нь очсон. Тэр үед Д.М-н гэрт нь Чойроос баруун урагшаа “Хаялага” нуурын баруун ухаа дээр нутагладаг байсан юм. Тэгээд тэнд очоод Д.М-тай хоёулаа Чойр луу явж байхад Д.М зүүн гар тийшээ эргэчих гэхээр нь жолооны хүрдээ зүүн гар тал руу дарахад гэрэлд ганц дан гэр ороод ирсэн. Тэгээд гадаа нь зогсоод Д.М бид хоёр автомашинаас буугаад гэр лүү орсон. Гэрийн хаалга нь ямар ч түгжээгүй байсан. Тэр үед харанхуй болоод удаагүй байсан учир 19-20 цагийн үед байх гэж бодож байна. Тэгээд Д.М бид хоёр гэрт нь ороход гэрийн дотор зүүн талд шар өнгийн хөлдөөгч, хажууд нь аккумлятор, гэрийн баруун талд цахилгаан хадуур, мотор хоёр байсан. Мөн нарны толь, гэрийн гадаа ертөнцийн зүгээр зүүн урд талд гэр түшүүлээд тавьсан байсан. Тэгээд Д.М үүнийг манай отрын гэр байгаа юм гэж хэлээд дээрх зүйлсийг аваад явъя гэсэн бөгөөд Д.М бид хоёр шар өнгийн хөлдөөгч, улаан өнгийн мотор, нарны энергийн толь, аккумлятор зэргийг авч автомашиндаа ачаад Чойр оролгүйгээр шууд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Их залаа”-гийн энгэрт нутагладаг Э ахын гэр лүү явсан. Явах замдаа би Б-тай утсаар яриад цахилгаан хадуур зарна, би Чойроос гараад явж байна, чи Э ахын гэрт очоод байж бай гэж хэлсэн. Б-н гэр нь их дэрстэй газар байдаг болохоор хадуур сонирхох байх гэж бодсон юм. Э ахын гэрээс Б-н гэр 15 орчим км зайтай байдаг юм. Тэгээд оройдоо Э ахын гэрт очсон. Тэнд очиход Б, Э-тай цуг ирчихсэн байсан. Тухайн үед Э Б-нд малчин хийж байсан юм. Д.М бид хоёр 0.75 литрийн 2 шил архи авч очсон бөгөөд бид нар хувааж уугаад маргааш үүрээр Э, Б, М бид дөрөв Б-н гэр лүү явсан. Явахын өмнө Э ахын амбаарт гадаа шар хөлдөөгч, аккумлятор, мотор, нарны толь зэргийг хийе гэхэд Э ах амбаарт багтахгүй гэсэн. Тэгэхээр нь гэрийнх нь гадаа үлдээсэн. Тэгээд тэндээсээ М бид хоёр Чойр явсан. Чойрт ирээд 2-3 хоноод М бид хоёр Э ахын гэрт нь очиж урд нь үлдээсэн шар хөлдөөгч, аккумлятор, мотор, нарны толь зэргийг аваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг рүү явсан. Тэнд хамт жоншин дээр ажилладаг байсан Мөнбаттай утсаар яриад түүний найз Б гэх хүнд шар хөлдөөгч, мотор, нарны толь зэргийг зарахаар болсон. Аккумлятор машинд явж байгаад хаяагдсан. Тэгээд 25 дугаар зөрлөгт очоод М-н найз Б-той уулзаад шар хөлдөөгч, мотор, нарны толь зэргийг базаад 800 000 төгрөгөөр зарахаар болсон. Тэр үедээ мөнгө төгрөг Б-с аваагүй, дараа авахаар тохиролцоод М бид хоёр Чойр явсан. Тэгээд Чойрт ирж 2-3 хоноод хадуурны өртгөө авахаар М бид хоёр Б-н гэр лүү явсан. Тэгэхэд үсчин З-ай хамт яваагүй юм. Бүүр урд нэг Заяатай хамт Э ахын гэрт очиж байсан юм. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө тэрийг андуураад хэлсэн байна. Хулгайн эд зүйлийн наймаа хийх гэж очихдоо З-тай хамт яваагүй юм. Тэгээд М бид хоёр Б-н гэрт очоод хонь, ямаагаа авахад Б-н М-н хүүд нь өгч байгаа шүү гээд дахиад нэг хонь өгсөн юм. Тэгэхэд М-н хүү нь байгаагүй. Тэгээд бид хоёр Б-с 2 хонь, 1 ямаа аваад Чойрт ирсэн. М бид хоёр нэг, нэг хонийг өөрсдөө аваад нэг ямаагаа 70 000 орчим төгрөгөөр зарсан. М хонио өөрөө иднэ гээд аваад явсан. Би хонио хот руу явуулсан. Дараа нь Б-с бэлнээр 300 000 төгрөг авсан. Дараа нь миний Хаан банкны 599... гэсэн дансанд Б 200 000 төгрөг өгсөн. М бид хоёр тэдгээр мөнгийг хувааж авсан. Шар хөлдөөгч нь нүүрэндээ баахан зураг наасан байсан. Моторны асаадаг татуурга байхгүй болчихсон байсан. Тэгэхдээ моторыг Б-д зарахад мотор ажиллаж байсан бөгөөд нэг уяагаар татуургыг нь орлуулж хийж байгаад шалгаж зарсан. Аккумлятор нь хуучирсан клемны толгойг нь АБ цавуугаар шаваад наачихсан байсан. Өөрөөр содон шинж гэхээр зүйл байгаагүй. Тухайн үед 75-58 УБО улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус-20 маркын автомашин “Жи Эс Би” ББСБ-н нэр дээр байсан бөгөөд манай эхнэр Э 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг залууд зарсан. 2008 онд үйлдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

1.6. Хохирогч Х.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Өөхий гэх газар нутагладаг. Гурван гэртээ ба өвөлжөөн дээр 1 гэр, намаржаан дээр 1 гэр, зуслангийн гэр багийн төв харалдаа замын зүүн талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байдаг юм. Би охин С-н хамт зуслангийн гэртээ гэрээ хараад байдаг байсан. Охин бид хоёр өдөр болгон өвөлжөөн дээрээ хашаа хороогоо янзалдаг байсан юм. Өглөө оройдоо гэр лүүгээ очиж үздэг, тэгэхэд алдагдсан эд зүйл байдаггүй байсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой өвөлжөөн дээр хашаа хороогоо янзалж байгаад оройтоод намаржаанд байх гэртээ очиж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд би ганцаараа мах авахаар намаржаанд байх гэртээ очсон. Тэгээд гэрийн баруун талд өлгөөтэй байсан махаа авах гэсэн чинь байгаагүй. Тэгэхээр нь би махаа хөлдөөгчинд хийчихсэн юм байх гээд гэрийн зүүн урд талд байсан хөлдөөгчинд үзэх гэсэн нь хөлдөөгч маань байхгүй байсан. Тэгээд гэрт байх эд зүйлээ алдсанаа мэдсэн.

Шар өнгийн нүүр хэсгээрээ мод, цэцэгний зурагтай хөлдөөгч 1 ширхэг 2017 оны хавар 500 000 төгрөгөөр, улаан өнгөтэй үүрдэг өвсний хадуур 1 ширхэг, 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 270 000 төгрөгөөр авч байсан, улаан өнгийн 220 вольт мотор 1 ширхэг, татаж асаадаг татуурга нь байхгүй байсан. 2017 оны хавар 350 000 төгрөгөөр, цэнхэр хөх өнгөтэй ар талдаа 2 жижиг модтой нарны энергийн толь 1 ширхэг 2014 онд 200 000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. 2 ширхэг аккумлятор 100 ампер цагтай аккумлятор 2017 онд портер авахад цуг ирж байсан. 110 ампер цагтай аккумляторыг 2018 оны хавар 250 000 төгрөгөөр авч байсан. Манлай гэх залуу манайхаар ирдэг, найз нөхдийн харилцаатай гэр бүлийн гишүүн шиг байдаг байсан хүн манай гэрээс эд зүйлийг маань хулгайлсанд би гомдолтой байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлийг цагдаад түр хураалгасан байгаа гэж байсан. Уг эд зүйлийг нэг бүрчлэн ажиллуулж үзнэ. Хэрэв эвдэрсэн гэмтсэн бол мөнгийг нь нэхэмжилнэ. Манайх 2016 онд мөнгөн чимэгтэй эмээл, хазаар, нударга, тонны очир зэрэг эд зүйлс алдагдаж байсан. Энэ асуудалд М, Д хоёрыг шалгуулах хүсэлттэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Манайх намаржааны гэрээ цоожилдоггүй, хаалга үүд эвдэрсэн зүйл байхгүй. Манай намаржааны газар нь хатуу, мөн тэр өдөр шуургатай байсан. Учир нь ямар нэгэн гутлын мөр болон машины мөр харагдаагүй. Тухайн үед мах авахаар ганцаараа очсон. Намаржааны гэрийн хаалгаар ороод зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр баруун урд талд цэнхэр өнгийн модон ширээ байдаг юм. Уг ширээн дээр Хятад улсад үйлдвэрлэгдсэн 220 вольтын хүчин чадалтай улаан өнгийн татуургагүй мотор 1 ширхэг, /одоо банкыг нь сольчихсон байна лээ/ түүний хажууд 110 ампертай аккумлятор 1 ширхэг, 100 ампертай аккумлятор нь нэг шон нь хөдөлчихсөн, АБ цавуугаар наачихсан, хар өнгөтэй аккумляторууд байсан. Мөн улаан өнгийн хар саарал төмөртэй өвс хадагч байсан. Ертөнцийн зүгээр зүүн талд Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн жижиг ойролцоогоор өргөн нь 50-60 см, өндөр нь 60-70 см хэмжээтэй нүүрэн хэсэгтээ нэг том мод, мөн цэцэг тогосны зурагнууд наасан байгаа. Нарны энергийн толь нь гэрийн гадна ертөнцийн зүгээр зүүн урд талд байсан. Г, М нар нь манайхаас эд зүйл авах эрх байхгүй. Би тухайн үед махаа алдаагүй, өлгөөтэй байсан махыг газар тавьчихсан байсан. Хонины нэг ширхэг гуя байсан. Тийм учраас энэ махыг үнэлүүлэх шаардлагагүй.

...Миний хохирлыг барагдуулаагүй. М болон эгч нь болох Ц нар 7 хоногийн өмнө надтай уулзсан. Тэгээд сэтгэл чинь сэвтэй биз дээ, эд зүйлсийг нь бид нар өөрсдөө аваад зах зээлийн ханшаар нь бодоод 2 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Манайхаас алдагдсан шар өнгийн жижиг хөлдөөгч, улаан өнгийн хар саарал төмөртэй үүрдэг өвч хадагч, улаан өнгийн мотор, нарны толь зэрэг нь цагдаагийн хэлтэст эд мөрийн баримтаар хураагдсан байгаа. Би уг эд зүйлийг буцаан авахгүй, М, Ц нар өөрсдөө 2 000 000 төгрөг өгье гэсэн учир тэр мөнгийг нь нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

1.7. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Дорноговь аймгийн Даланжаргалан сум Бурхант гэх газар жонш олборлох ажил хийдэг юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын дундуур байхаа Д буюу Г жоншны ажил хийхээр ирсэн. Тэгээд тэр өдөртөө хэцүү хүнд ажил байна, явлаа гээд яваад өгсөн. Тэгсэн дараа нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ирээд мөнгөний хэрэг гараад байна, хөлдөөгч, нарны толь, мотор 3-г нийлүүлээд 800 000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахаар болсон. Тэгээд 7 хоногийн дараа 300 000 төгрөгийг бэлнээр, 200 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Би Г-д 500 000 төгрөг өгөөд 12 вольтоор ажилладаг хөлдөөгч, нарны толь, цахилгаан гаргадаг мотор худалдаж авсан. Эдгээр зүйлсийг цагдаагаас хулгайн зүйл гээд хураагаад авсан. Би Г-с 500 000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

1.8. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын эхээр би Дундговь аймгийн Баянжаргалан сум 2 дугаар баг, аргийн хад гэх газар гэртээ байж байтал өдөр цагийн нь санахгүй байна. Г /Д/ өөрийнхөө 8821... дугаарын утаснаас залгаад Чойроос очиж байна өвс хадагч зарна авах уу гэхээр нь би үзье гэж хэлсэн. Тэгсэн чинь Э ахынд очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би малчин Э-н хамт өөрийнхөө мотоцикльтэй орой 4-5 цагийн үед Э ахынд очиход Э ах болон О эгч нар байсан. Тэгээд удалгүй Г /Д/ М нар ирсэн. Тэгээд өвсний хадуур авах уу, нэг хонь, нэг ямаагаар өгнө гэхээр нь би өвс хадагчийг нь худалдаж авсан. Өөр зүйл худалдаж аваагүй. Дараа нь 2-3 хоногийн дараа шиг санагдаж байна. Д М нар ирж надаас өвс хадагчийн төлбөрт 1 хонь, 1 ямаа авсан. Харин би М-н хүүд нэг хонь бэлэглэсэн. Би тэр өвс хадагчийг хаанаас авсан талаар асуугаагүй. Өөрсдийнх нь юм байх гэж бодсон. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Өвс хадагчийн өргөгт 1 хонь, 1 ямаа өгөөд харин М-н хүүд 1 хонь бэлэглэсэн. Надад өвс хадагч л зарна гэж хэлсэн. Тэгээд би өвс хадагч авсан. Тэрнээс хөлдөөгч болон аккумлятор, мотор, нарны толь зарна гэж хэлээгүй. Би хязаалан насны хонио 90 000 төгрөгөөр, ямаагаа /хязаалан/ 60 000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэмж ярих зүйл болон гомдол санал байхгүй. 150 000 төгрөгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.9. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай эгчийн хүү Г өөрийнхөө эзэмшлийн 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркын машинтай Д-н М-н хамт 2018 оны 10 дугаар сарын эхээр манайд ирэхдээ 220 вольтын тог гаргадаг улаан өнгөтэй мотор, дөрвөлжин хэлбэртэй хөлдөөгч /өнгийг нь санахгүй байна шар юм уу, цагаан өнгөтэй байсан шиг санагдаж байна/ нуруундаа үүрдэг мотортой урт иштэй өвс хадагч байсан нарны толь зэрэг эд зүйл авч очсон. Тэгээд манай дүү Г надад хэлэхдээ наймаа хийж явна хүн заруулж байгаа юм гэж хэлсэн. Амбаарт хийнэ гэхээр нь амбаар зайгүй гээд хийлээгүй, тэгсэн чинь манай гэрийн гадаа мотор, хөлдөөгч нарны толь зэргийг орхиод явсан. 1-2 хоногийн дараа М, Г хоёр ирээд бүгдийг нь ачаад 25 дугаар зөрлөг орно гээд ачаад явсан. Хаана хэнд зарсныг нь сайн мэдэхгүй байна. Үүрдэг өвсний хадуурыг нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын гүзээ хочит Болдоо гэдэг залууд зарсан байхаа... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г нь 2018 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна, өөрийн эзэмшлийн дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн приус 20 маркын машинтай Чойрын Д-н М-н хамт очсон. Очихдоо нарны толь /жижгэвтэр дөрвөлжин/, нуруундаа үүрдэг мотортой өвсний хадуур /улаан өнгөтэй/, хөлдөөгч /жижиг дөрвөлжин, нүүрээрээ зурагнууд наасан байсан/, 220 вольт гаргадаг мотор /улаан өнгөтэй/ зэрэг эд зүйлс авч очсон. Манайд ирэхээсээ өмнө ярьсан юм шиг байна лээ. Гүзээ хочит Б, түүний малчин Ц-н Э хоёр Д танайд хүрээд ир гэсэн гээд ирсэн. Тэгээд Г-н авчирсан 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд Б хадуурыг нь авахаар болоод аваад тэд бүгд Б-нх руу явсан. Г манай утсаар хэд хэдэн хүнтэй яриад нарны толь, мотор, хөлдөөгч авах уу гэж асууж байсан. Яг хэнтэй ярьсныг нь мэдэхгүй байна. Тэгээд Б-нх руу явахдаа нарны толь, мотор хөлдөөгч зэргийг нь гадаа орхисон. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү ирээд үлдээсэн юмнуудаа ачаад Чойроор дайраад 25-р зөрлөг орно, тэнд хүн мотор, нарны толь, хөлдөөгчийг комоор нь авъя гэж байна гээд ачаад явсан. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа 2 хонь, 1 ямаа амьдаар нь ачиж манайд ирсэн. Тэгж ирэхдээ Д.М болон хуучин Хаан банкны байранд байдаг үсчин гээд өндөр биерхүү эмэгтэйн хамт явсан. Манай нөхөр бид хоёр Чойр явах ажилтай байсан болохоор 2 хонь, 1 ямааг нь портер машинаараа ачаад Чойрт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

1.11. Гэрч У.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сард Г над руу яриад мотор авах уу гэсэн. Тэгэхээр нь аваад ир үзье гэсэн чинь Г, М гэдэг залуугийн хамт Приус-20 маркын машинтай ирсэн. Тэгж ирэхдээ мотор, нарны толь, хөлдөөгч зэрэг эд зүйл авчирсан. Тэгээд надтай хамт жонш хийж байгаа Б бүгдийг нь комоор авахаар болсон. Б Г-д цувуулаад 500 000 төгрөг өсгөн. Одоо 300 000 төгрөг дутуу гэсэн. Мөнгөний хэрэг гараад зарахаар боллоо гэж хэлсэн. Хаанаас авсан талаараа би юу ч асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.12. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сард надтай хамт жонш хийдэг М нэг танил мотор авах уу гэж байна гэхээр нь үзье гээд авчруулсан. Гэтэл хамт нарны толь, хөлдөөгч байсан. Тэгээд зээлээр 800 000 төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авсан. Тэгээд хэд хоногийн дараа Чойр дээр бэлнээр 300 000 төгрөг өгөөд дараа нь дансаар 200 000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд одоо 300 000 төгрөгийн тооцоо байгаа. Гэхдээ мотор нь 2 хоноод л эвдэрсэн урчаас үлдсэн мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цагдаагаас ярьсны дагуу худалдаж авсан мотор, хөлдөөгч, нарны толь зэргээ аваад ирлээ... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

 

1.13. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би гүзээ хочит Б-н малыг малладаг байсан юм. Тэгсэн 2018 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Г Б руу залгаад Э-нд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 17-18 цагийн үед Дундговь аймгийн Говь-Угтаал сум Их Залаагийн Өл гэх газарт Э-д очиход О эгч болон Э ах байсан. Тэгээд 2-3 цагийн дараа М, Д буюу Г нар саарал өнгийн автомашинтай ирсэн. Тэгээд хадуур байна, чамд хэрэгтэй гэж байсан. Тэгээд тэр хоёр наймаа хийсэн. Б хадуурны оронд 1 хонь, 1 ямаа өгсөн. Харин нэмээд 1 хонийг М-н хүүхдэд бэлэглэсэн. Д хочит Г, М хоёр 4-5 хоногийн дараа ирж 2 хонь, 1 ямаа ирж авсан. Хэнийх байсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

 1.14. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Өөхий гэх газар манай зунжаа, намаржаа, өвөлжөөний гэрүүд багцаагаар 2-3 километрын зайтай байдаг юм. Би ээж Д-н хамт зунжааны гэрт байдаг. Өдрийн цагаар өвөлжөөний гэрт очиж хашаа хороогоо янзлах ажлыг хийдэг юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ээж Д бид хоёр өвөлжөөний гэрт очиж хашаа хороогоо барьсан юм. Тэгээд орой нь зунжааныхаа гэрт очиж хоносон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өвөлжөөний гэрт очиж хашаа хороогоо дахиад янзлахаар яваад 15 цагийн үед манай ээж Д намаржааны гэр лүү яваад удалгүй ирсэн. Тэгээд гэрийн юмнуудыг аваад хоосолчихсон байна гэж хэлэхэд нь гэрт хулгай орсныг мэдсэн. Шар өнгийн хөлдөөгч, 220 вольтын мотор, өвсний хадуур, нарны толь, 2 ширхэг аккумлятор тус тус алдагдсан. Содон шинж тэмдгийг нь хэлж мэдэхгүй байна. Алдагдсан гэх эд зүйлсийг хэдэн төгрөгөөр авч байсныг мэдэхгүй байна. Өвсний хадуур бол аваад удаагүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өвөө Х, ээж Д нарын хамт очсон. Өдөр болгон очиж гэрээ эргэж тойрдог. Удлаа гэхэд л нэг хоног өнжих тохиолдол байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 

1.15. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын эхээр байсан шиг санагдаж байна. Би Дундговь аймгийн Баянжаргалан сум 2-р баг, Аргийн хад гэх газар хөдөө гэртээ ганцаараа байж байсан юм. Тэгсэн чинь М өдөр 14 цагийн орчимд над руу залгаад мэнд мэдээд өвс хадагч авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авъя гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа саарал өнгийн жижиг автомашинтай ирсэн. Тэгээд би хар өнгийн өвс хадагчийг худалдаж авсан. Би өвс хадагчийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Өвс хадагчийн өртөгт 1 хонь, 1 ямаа өгчих гэсэн. Тэгээд би 1 хонь, 1 ямаагаар худалдаж авсан. М, Д хоёр хоёуулахнаа ирсэн. Өмнө нь нэг өндөр махлагдуу эмэгтэйтэй Э ахынд ирсэн байсан. Би хонь, ямаа хоёроо нийлүүлээд 150 000 төгрөгөнд өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. 150 000 төгрөгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.16. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Г-тэй 2018 оны 07 дугаар сард Шивээговь сумын наадам дээр уулзсанаас хойш дахиж уулзаагүй. Дээрх эд зүйлийг зарна гэж огт юм яриагүй. Над руу Чойрт ирсэн байна гэж хааяа залгаж байдаг, гэхдээ би уулзаад байдаггүй. Тухайн үед би яваагүй. Цагдаагаас ирж мэдүүлэг өг гэж ярихаар нь би Г-тэй утсаар холбогдоод цагдаагаас ярьж байна, чамайг таних уу, ирж мэдүүлэг өг гээд байна, ямар учиртай юм бэ гэж ярихад нь хөдөө айл руу чамтай хамт очсон гээд хэлчихсэн юм аа, сүртэй асуудал бишээ. Цуг явсан эмэгтэй хотоос ирсэн хүн байгаа юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.17. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын эхээр Дундговь аймаг Цагаандэлгэр сум 4-р баг, Их залаагийн энгэр гэх газар нутаглаж орой 19 цагийн орчим шиг санагдаж байна. Г /Д/ М нар саарал өнгийн приус маркын автомашинтай манайд ирээд шар өнгийн хөлдөөгч, нарны толь, мотор, өвс хадагч, аккумлятор зэргийг машиныхаа тээшинд хийчихсэн хүн заруулж байгаа юм. та авах уу гэж хэлээд автомашины арын багажийг сөхөж үзүүлсэн. Тэгэхээр нь би авахгүй гэсэн бөгөөд энэ хавьд авчихаар хүн байна уу гэж Г /Д/ асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Г тэгвэл амбаарт чинь түр хийгээд үлдээчихье гэж хэлсэн. Тухайн үед амбаар зайгүй байсан учир хийлгээгүй. Тэгээд М, Г нар манайд хоночихоод өглөө эрт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг орно гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа урд нь унаж ирсэн саарал өнгийн приус маркын автомашинтай Г, М нар өндөр махлаг дуу нэг эмэгтэйтэй цуг ирээд манайд үлдээсэн шар өнгийн хөлдөөгч, нарны толь, мотор, өвс хадагч, аккумлятор зэргийг бүгдийг нь аваад явсан. Тэгээд Б-н гэрт очиж өвс хадагчны төлбөрт 1 хонь, 1 ямаа аваад явж байна гэж байсан. Гүзээ хочит Б М-н хүүхдэд 1 хонь өгсөн гэж мөн ярьж байсан. Өвс хадагчийг гүзээ хочит Б зарсан юм байна лээ. Бусдыг нь хэнд зарсан талаар би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

1.18. Гэрч В.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тоёото приус 20 маркын мөнгөлөг саарал өнгийн 75-58 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой зарын дагуу Зайсангаас очиж авч байсан. Одоо яг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би уг авто машиныг худалдан авсан хүнийг танихгүй. Өндөр туранхай залуу байсан. Уг автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан санагдаж байна. Би уг автомашиныг 11 300 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг мөнгийг өөрийн Хаанбанкны 506... тоот данснаас тэр залуугийн данс руу шилжүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

1.19. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тоёото приус-20 маркын 7558 УБО улсын дугаартай автомашиныг би 2018 оны 01 сард Жи Эс Би банк бус санхүүгийн байгууллагаас 2 жилийн хугацаатай лицингээр 12 500 000 төгрөгөөр /үндсэн үнэ/ авч байсан. 2019 оны 01 сард уг автомашиныг 11 000 000 төгрөгөөр зарсан. Одоо ямар хүнд зарснаа мэдэхгүй байна. Хараад танихгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

1.20. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

 

1.21. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/

 

1.22. “Ашид билгүүн” даатгалын хохирлын үнэлгээ, /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

1.23. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-101 дүгээр хуудас/

 

1.24. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 103-104 дүгээр хуудас/

 

1.25. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, /хх-ийн 105 дугаар хуудас/

 

1.26. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 106-108 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Д.М, Г.Г нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.А, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Г нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Иймд шүүгдэгч Д.М-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Г.Г-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.М, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 1981 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн. 1989 онд Дундговь аймгийн Өндөршил сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2 дугаар анги төгссөн. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хөдөө малчин. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цайдам гэх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/

 

2.2. Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Г-н Э-тэй 2010 онд танилцаад гэр бүл болсон. Бид хоёр 13 настай хүү Т-н хамт Улаанбаатар хотод амьдардаг. Т миний дагавар хүү  байгаа юм. Би урд нь Б гэж хүнтэй сууж байсан бөгөөд надад 13 настай Д гэж ганц л охин байгаа. Б АНУ-д байдаг. Д Б-н ээж дээр нь байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

 

2.3. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г.Г, Д.М нар нь надад учирсан 500 000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

2.4. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ:

Доной хочит Г.Г, Д.М нар нь 150 000 төгрөгийн хохирлыг бэлнээр бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

2.5. Гэрч П.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр М 1981 оны 06 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн. Дундговь аймгийн Өндөршил сумын ерөнхий боловсролын сургуульд 1989 онд элсэн орж 1-р анги төгссөн. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Бага насандаа багадаа мал дээр өссөн. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үгээр хөнгөн хийсвэр, хүнд муу санадаггүй цайлган зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 

2.6. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М 1981 оны 06 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн. Манай дүү болох М нь 1989 онд Дундговь аймгийн Өндөршил суманд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 1-р анги төгссөн. Бага наснаасаа хөдөө мал дээр өссөн. М-н зан байдлын хувьд даруухан, хүний үгээр, хүнд тусархуу, нийтэч зантай, цайлган сэтгэлтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

2.7. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Г.Г 1980 оны 07 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд төгссөн. Батлан хамгаалах их сургуульд элсэн ороод биеийн байдлаас шалтгаалан гарсан. Авхус болог Өгөөж ХХК-нд ажиллаж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд итгэмтгий, цайлган сэтгэлтэй тусар хуу хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

 

2.8. Шүүгдэгч Д.М, Т.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121,139 дүгээр хуудас/

 

2.9. Шүүгдэгч Д.М, Т.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 118, 120 дугаар хуудас/

 

2.10. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 123-125 дугаар хуудас/

 

2.11 Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, /хх-ийн 126-127 дугаар хуудас/

 

2.12. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 128-130 дугаар хуудас/

 

2.13. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 133-136 дугаар хуудас/

 

2.14. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, /хх-ийн 137 дугаар хуудас/

 

2.15. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

2.16. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 143-144 дүгээр хуудас/

 

2.17. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 64 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 144-147 дугаар хуудас/

 

2.18. Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай магадлалын хуулбар, /хх-ийн 149 дүгээр хуудас/

 

2.19. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хх-ийн 151-160 дугаар хуудас/

 

2.20. 75-58 УБО улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 173 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.М, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Б.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү, мөн шүүгдэгч Д.М нь уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Тоёота Приус 20 маркын 75-58 УБО дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй тул тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11 000 000 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахыг зөвшөөрөхгүй байна...” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 

Шүүгдэгч Д.М-ын хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан байна. Мөн шүүгдэгч Д.М р нь Г.Г-тэй бүлэг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь

гэрч Т.Э-ын “Манай эгчийн хүү Г өөрийнхөө эзэмшлийн 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркын машинтай Д-н М-н хамт 2018 оны 10 дугаар сарын эхээр манайд ирэхдээ 220 вольтын тог гаргадаг улаан өнгөтэй мотор, дөрвөлжин хэлбэртэй хөлдөөгч /өнгийг нь санахгүй байна шар юм уу, цагаан өнгөтэй байсан шиг санагдаж байна/ нуруундаа үүрдэг мотортой урт иштэй өвс хадагч байсан нарны толь зэрэг эд зүйл авч очсон.” гэх мэдүүлэг,

гэрч Д.О-н “Г нь 2018 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна, өөрийн эзэмшлийн дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн приус 20 маркын машинтай Чойрын Д-н М-н хамт очсон...” гэх мэдүүлэг,

гэрч У.М-н “2018 оны 10 дугаар сард Г над руу яриад мотор авах уу гэсэн. Тэгэхээр нь аваад ир үзье гэсэн чинь Г, М гэдэг залуугийн хамт Приус-20 маркын машинтай ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Э-н “...Тэгээд 2-3 цагийн дараа М, Д буюу Г нар саарал өнгийн автомашинтай ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Э-н “2018 оны 10 дугаар сарын эхээр Дундговь аймаг Цагаандэлгэр сум 4-р баг, Их залаагийн энгэр гэх газар нутаглаж орой 19 цагийн орчим шиг санагдаж байна. Г /Д/ М нар саарал өнгийн приус маркын автомашинтай манайд ирээд шар өнгийн хөлдөөгч, нарны толь, мотор, өвс хадагч, аккумлятор зэргийг машиныхаа тээшинд хийчихсэн хүн заруулж байгаа юм...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Б.А-гийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү..., мөн хэдийгээр шүүгдэгч Г.Г урьд нь олон удаа ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байгааг харгалзан үзнэ үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Г.Г-н хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, өөрийнхөө засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй байх тул өмгөөлөгч С.Ганбатын хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тэдэнд тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Д.М, Г.Г  нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёото Приус-20 маркын 75-58 УБО дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь В.Э-н эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийг эзэмшигч В.Э-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хөлдөөгч, улаан өнгийн цахилгаан мотор, мотортой өвс хадагч, нарны энергийн толь зэргийг хохирогч Х.Д-т буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М, Г.Г нарын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Д-н М-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овгийн Г-н Г-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн Д-н М-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Г-н Г-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Г.Г нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.М, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  75-58 УБО улсын дугаартай саарал өнгийн Тоёото Приус-20 маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийг эзэмшигч В.Э-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хөлдөөгч, улаан өнгийн цахилгаан мотор, мотортой өвс хадагч, нарны энергийн толь зэргийг хохирогч Х.Д-т буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Шүүгдэгч Д.М, Г.Г нарын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ