Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 203/МА2024/00041

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2024/00366 дугаартай шийдвэртэй,

Б.*******ын нэхэмжлэлтэй

Ө.*******ад холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.*******тай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү О.*******, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин О.******* нар төрсөн. Ө.******* нь 2020 оноос хойш хардаж зодох, элдвийн үг хэлээр доромжлох, гэрээс хөөх, шөнө орой гэрээс чирч гарган гадаа байлгах, хоёр хүүхдийн нүдэн дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь илт ихэссэн. 2022 оны 09 дүгээр сараас эхлэн бид хоёр тусдаа амьдарч байгаад 2023 оны 01 дүгээр сард эвлэрэн хамт байсан хэдий ч урьдын ааш зан авир хэвээр хүчирхийлэл үйлдсээр байсан тул 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна.

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрүүл байх үедээ хоёр хүүхдийн нүдэн дээр зодож дотуур хувцас хүртэл урж тасдан ам руу чихэх, хоолой боох зэрэг зэрлэг балмад ааш авир гаргаж байсан. Нүүр ам, толгой руу цохих, биеийн бүх хэсэг хөхөрсөн, хумс хуруу зориудаар дарж хугалах, өмссөн хувцас урж шалдалж гэр, гадаа ажлын газар хаана ч байсан газраар чирэх зэрэг яргалал нь удаа дараа давтагдаж байсан болно.

Миний хувцас хэрэглэл бүхий л эд зүйлсийг гэр орон, ажлын газар, гудамж зэрэг хаа таарсан газартаа Ө.******* өөрийн мөнгөөр авсан гэж булааж авах, ажил албанд явахааргүй болтол зодож дарамталдаг.

Одоо тусдаа байгаа боловч байнга мөрдөж мөшгөн гэр орноор очиж хоёр хүүхэд айлгаж ичээх үйлдлүүд олон удаа гаргасан. Ө.*******ын энэ ёс бус үйлдлүүд нь миний болоод хоёр хүүхдийн минь ирээдүйд эрүүл саруул өсөж хүмүүжих, сурч боловсрох, гэр орондоо амгалан тайван байх, бие болоод сэтгэл санааны тогтворгүй байдалд үргэлж хүргэж байна.

Миний бие Ө.*******тай цаашид амьдрах боломжгүй болсон, хоёр хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцгийн үүргээ биелүүлдэггүй, хоёр хүүхэдтэйгээ уулзах, хувцас хэрэглээг нь хангахаас татгалздаг тул гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй гэжээ.

2. Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй байгаа цагт хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэлд намайг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, догшин хэрцгий зантай хүн мэтээр бичсэн нь худал. Б.******* бид хоёр хамт амьдрах хугацаанд байнга хэрүүл, хүчирхийлэл дунд амьдраагүй. Хааяа маргах муудалцах зүйл байсан боловч миний зүгээс эхнэр, хүүхэддээ хүч хэрэглэж, эрх чөлөөг нь хязгаарлаж байгаагүй.

Б.******* өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж улмаар тэр хүнтэйгээ хамтран амьдрах болсон. Үүнээс шалтгаалан бидний хооронд хэрүүл, маргаан үүсч тусдаа амьдрах болсон.

Миний зүгээс гэрлэлтээ хадгалж авч үлдэх, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байхыг эрмэлзэж ярилцаж ойлголцох гэж хичээж байсан гэжээ.

Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Өнгөрсөн хугацаанд Б.*******тай эвлэрэх талаар ярилцсан боловч тэрээр гэрлэлтээ цуцлуулах тухай байр сууриндаа хатуу зогсож байгаа, гэрлэлт нь сайн дурын үндсэн дээр бий болдог тул гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

Харин хүүхдүүдийг Б.*******ын асрамжид үлдээх, надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд хүү О.*******, охин О.******* нарыг Ө.******* миний асрамжид үлдээнэ үү гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Б.*******, Ө.******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин О.*******, хүү О.******* нарыг эх Б.*******ын асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.*******аас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү О.*******, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөртөрсөн охин О.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******аас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжпэгч Б.*******т олгож, хариуцагч Ө.*******ын сөрөг нэхэмжпэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатын шүүхэд гаргасан гомдолдоо:

Ө.*******ын хүү О.*******, охин О.******* нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр дүгнэлт хийсэн нь буруу дүгнэлт хийх шалтгаан болсон.

Шинжээчийн дүгнэлтэд Ө.******* хүүхдүүдийг асран хамгаалах боломжгүй тухай ямар нэгэн дүгнэлтгүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2024/00366 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн хувьд 2022 оны 09 дүгээр сараас хойш зохигчид тус тусдаа амьдарч байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хоёр хүүхэд нь ээжийнхээ асрамжид үлдье гэдэг тайлбарыг өгсөн байдаг. О.******* 10 настай, О.******* 7 настай.

Нэхэмжлэгчийн хувьд тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, мөн хүүхдийн эрхийг зөрчиж байсан талаар ярьдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь бусдын нүдэнд ил тодоор үйлдэгддэггүй. Энэ нөхцөл байдлыг нотолсон баримт байхгүй боловч 108 дугаарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байна, хүүхдийн эрхийг зөрчөөд байна гэдэг байдлаар Б.*******ын хувьд дуудлага цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Мөн эгч нь цагдаад дуудлага өгсөн боловч тухайн эзэмшигчийн утас нь байхгүй учраас баримтыг өгөөгүй.

Анхан шатны шүүх хууль ёсны үгээр үндэслэлтэй нотлох баримтад тулгуурлаж дээрх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтэд хүүхдүүдийг эцэг, эх нь асран хамгаалах боломжгүй талаарх дүгнэлт байхгүй боловч хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хүүхдүүдийн саналыг харгалзаж асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хүүхдүүд ээжийнхээ асрамжид байсан нь хүүхдийн хүмүүжил болоод эрх нь зөрчигдөхгүй гэж үзэж шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Тийм учраас гомдлыг хүлээн авах боломжгүй, гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Б.*******ын нэхэмжлэлтэй, Ө.*******ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ө.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү О.*******, охин О.******* нарыг эцгийнх нь асрамжинд өгөхийг хүсэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү О.*******, охин О.******* нарыг эхийнх нь асрамжид үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр 2 хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь хүү О.*******, охин О.******* нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр дүгнэлт хийсэн тул сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангуулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Б.*******, Ө.******* нар нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин О.*******, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү О.******* нар төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба шүүх гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тэднийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хүүхдүүдийн амьдарч байгаа дассан орчин ахуй, асрамж халамжийг өөрчлөх шаардлага, нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүүхдүүдийг эхтэйгээ хайр халамжийг нь хүртэж байгаа жам ёсны эрхийг хөндөх шаардлагагүй гэж үзэж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд асрамжийн асуудлаар талууд тохиролцож чадаагүй болох нь нэхэмжпэгч Б.*******ын 2 хүүхдээ өөртөө байлгая гэж бодож байна гэж, хариуцагч Ө.*******ын охиноо өөрийн асрамжид аваад үлдье гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн насанд хүрээгүй охин О.*******, хүү О.******* нарын санал болон Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нөхцөл байдлын үнэлгээ хийсэн шинжээчийн багийн дүгнэлт зэргийг харгалзан охин О.*******, хүү О.******* нарыг 18 насанд хүртэл эх Б.*******ын асрамжид байлгахаар асрамжийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэрлэгчдийн тусдаа амьдарсан цаг хугацаанд охин О.*******, хүү О.******* нар нь эхийнхээ асрамжид байсан ба тэдний амьдарч байгаа орчин, нөхцлийг өөрчлөн асрамжийг тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаарх дүгнэлт хийж 2 хүүхдийг эхийнх нь асрамжид байлгахаар тогтоосон ба шийдвэрийн тогтоох нь хэсгийн 8 дахь заалтад ...хариуцагч Ө.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноо тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2024/00366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин О.*******, хүү О.******* нарыг эх Б.*******ын асрамжинд үлдээхээр асрамжийг тогтоосугай гэсний дараа ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.*******ын хүү О.*******, охин О.******* нарыг өөрийн асрамжид үлдээх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж нэмэлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

Х.ГЭРЭЛМАА