Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Р,

улсын яллагч Э.Н,

хохирогч Н.Д,

хохирогч Б.О, түүний өмгөөлөгч С.Г,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Ч-ын Бд холбогдох эрүүгийн 1817002020036 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Чын Б /РД:/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1977 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мийн 137 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн ....жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн эгнээнд үйл ажиллагаа явуулдаг Андууд-3 худалдааны төвийн урд талын засмал замд Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 00-03 ГСА улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Н.Дийн жолоодон явсан улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж зорчигч Т.Эын амь нас хохирсон, Н.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 00-03 ГСА улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашинд 2 135 000 төгрөгний хохирол, Н.Дийн өмчлөлийн улсын дугааргүй мустанг маркийн мотоцикльд 270 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд-3 худалдааны төвийн урд талын засмал замаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын эзэмшлийн 00-03 ГСА улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин Н.Дийн жолоодон явсан улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард суудал дээр зочиж явсан зорчигч Т.Эын амь нас хохирсон, Н.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 00-03 ГСА улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашинд 2 135 000 төгрөгний хохирол, Мустанг маркийн мотоцикльд 270 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой А бид хоёр миний мотоцикльтой хуучин морь барианы газар очиход Б ахын машинтай Э, А нар Ерөөл нэртэй 0,75 литрийн архи задлаад ууж эхэлж байсан. Тэгээд бид 5 тэр архийг нь хувааж ууж дуусгаад хонхорын Андууд дэлгүүр орж 1 шил 0,75 граммын Ерөөл архи, нэг түмний Кола ундаа аваад Тийн найз охины гадаа очиж Б ахын машинд Э, Б, А, А бид 5 хувааж уусан. Тэгээд Э бид хоёр Дэлгэрэх дэлгүүр орж архи авахаар миний мотоцикльтой явж байгаад Ханангийн эгнээнд байх Андууд дэлгүүрийн урд талд осолд орсон. Надад мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Мотоцикль барьж сураад 2 жил болж байна. Уг мотоцикль бол миний мотоцикль. 2018 оны 04 сард мотоцикль засдаг Б гэдэг хүнээс 600 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Ослын улмаас миний зүүн гарын дунд болон долоовор хурууны хугарал, баруун хөлийн өсгийний арьс хууларч шарх үүссэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 37-39, 2-р х.х-ийн 15-16 хуудас/

 

1.3. Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад манай ах Б дэлгүүрийн өмнө Э аваарт орчихлоо гэж хэлэхээр нь би аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдаруулах тасагт очиход эмнэлгээс намайг оруулахгүй ухаангүй байгаа гэж эмч нар хэлсэн. Аймгийн эмнэлэгт 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байгаад тусгай тоноглосон эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжээд сэхээн амьдруулах тасагт нь 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлэх хугацаанд нэг үеэ бодвол дээрдсэн.  П эмч хэлэхдээ Э бол хөл дээрээ 3-6 сарын дараа босно. Харин түүнд хугацаа, мөнгө, гэрийн асаргаа сувилгаа хэрэгтэй гэж хэлсэн...2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад талийгаач дээшээ хараад нүд нь гөлөрсөн байдалтай хэвтэж байхаар нь нүдэн дээр дарж үзэхэд цавчихгүй байсан. Тэгэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгтөл удалгүй түргэн тусламжийн эмч нь ирж үзээд биеийн байдал нь хүнд найдваргүй болсон байна гэсэн...Би миний хүү босоорой гэж хэлсэн чинь талийгаач 2 удаа амьсгаа авах шиг болсон. Тэгээд нүднээс нь нулимс гарсан байсан. Би эгч О, ах Б нарыг дуудаад эмнэлэг рүү дахиад дуудлага өгсөн. Түргэн тусламжийн эмч нарыг ирэхэд Э нас барсан байсан. Талийгаач Э нь гэрээр эмчилгээ хийлгэж байхад хэвтрийн хатгаа 2 удаа авсан, сүүлийн 2-3 хоног ханиалгахад амнаас бага зэргийн идээ гарсан, нүд нь хонхойсон байсан. Хоол цай идэж ууж чадахгүй гуурсаар өгдөг, биеийн байдал хүнд байсан. Би Дд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43-46, 2-р х.х-ийн 17 хуудас/

 

1.4. Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ний орой манай албаны машинтай ажил үүргээ гүйцэтгэж байсан жолооч Б нь мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан. Техникийн үнэлгээний байгууллагын гаргасан 4 200 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 51 хуудас/

 

1.5. Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны 23 цагийн үед эхнэр Т хүү аваарт орчихлоо гэж хэлэхээр нь шууд эмнэлэг дээр ирэхэд хүү Д хүлээн авахын өрөөнд оёдол тавиулсан шархыг нь цэвэрлэсэн байдалтай байсан. Дд мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байдаггүй. 2018 оны 04 дүгээр сард  Баас 600 000 төгрөгөөр мотоцикль авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 54-55 хуудас/

 

1.6. Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Д бид хоёр миний мотоцикльтой Хонхорын андууд дэлгүүрээс хайрцагтай боорцог аваад төв Андууд дэлгүүр дээр хүргэж өгөөд буцаж Хонхорын андууд ороод нэг шил Ерөөл нэртэй 0,75 литрийн  архи, түмний Кола ундаа аваад найз охиныдоо очсон. Манай найз охины гэрийн гадаа Б, А, Д, Э, А нар авсан 0,75 литрийн архиа хувааж уусан. Би уухгүй гээд 1 дүгээр байр луу явсан. 22 цагийн үед Андууд дэлгүүрийн нярав Б над руу залгаад Д машинд дайруулсан гэнээ үнэн юм уу гэж асуусан. Тэгэхлээр нь би Дийн эхнэр Т руу залгаад юу болсон бэ осолд орсон нь үнэн юм уу гэхэд үнэн би төв Андууд дэлгүүр дээр байна, чи хүрээд ир гэхээр би мотоцикльтойгоо очсон” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 56-57 хуудас/

 

1.7. Насанд хүрээгүй гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байсан. Аав бид хоёр сэлбэгийн дэлгүүр орж үнэртүүлэгч аваад гэртээ харих гээд явж байтал дэнжийн Андууд дэлгүүрийн урд талд урдаас аймар хурдтай нэг гэрэл ирж байсан. Би мотоцикль байна гэж мэдээгүй. Тэгээд ирээд  мөргөсөн. Аав бид хоёр машины урд талын салхины шилийг мөргөсөн. Аав гарах гэтэл машины хаалга нь дутуу онгойгоод тэрүүгээр нь багтаж гараад 5 минут орчим болоод намайг таксинд суулгаж өгөөд гэр лүү явуулсан. Осол болох үед машин дотор аав бид хоёр байсан. Аав удаан явж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 58 хуудас/

 

1.8. Гэрч Р.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны 17 цагийн үед Д, Т хоёр ирсэн. Д мотоцикль асахгүй байна гээд явсан. Э машинтай ирээд Д дээр очно гэсэн. Тэгээд би суугаад хуучин морь барианы тийшээ очиход Э, Д, А, танихгүй хоёр залуу байсан. Хуучин морь бариан дээр очоод Ерөөлийн 0,75 литрийн архи уусан. Дараа нь Тдээр очоод найз охиных нь гадаа Ерөөл 0,75 литрийн архи уусан. Э, Д хоёр мотоцикльтой яваад өгсөн. Хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь юм аваад ирье гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 59-60 хуудас/

 

1.9. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед нөхөр Бын хамт дэнжийн Андууд дэлгүүрээс юм аваад такси барих гээд зогсож байтал Андууд дэлгүүрийн урд засмал замаар жийп машин өнгөрөөд явсан. Тэгээд удалгүй тар нир хийсэн мөргөлдөх дуу гарахад мотоцикльтой хоёр хүн хажууд зогсож байсан суудлын жижиг тэргэн доогуур гулсаад орсон. Нэг нь зүүн хойд талыг мөргөж байсан. Суудлын жижиг тэрэг доогуур орсон байсан хүнийг манай нөхөр Б хараад манай дүү Э байна гэсэн. Би машин доогуур байсан Эын цамцны цахилгааныг тайлаад сэвхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Жолооч өөрөө цагдаа дуудсан. Эмнэлгийн тэрэг ирээд Эыг аваад явахад манай нөхөр цуг явсан. Жийп машин нээх аймар хурдтай яваагүй, эргэх дохио өгсөн байсан. Би мотоцикль ирж явааг хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 хуудас/

 

1.10. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны баасан гараг 21 цагийн үед манай хүү Э гэртээ орж ирээд уйлаад нэг хэсэг юм яриагүй байж байгаад аав хүнтэй мөргөлдчихлөө гэсэн. Тэгээд нөхөр Б рүү залгахад ярих боломжгүй байна. Би түргэн болон цагдаа дуудаад хүлээж байна гэсэн. Шөнө 02 цагийн үед Б гэртээ ирээд юм сайн ярихгүй шокын байдалтай байсан. Эмнэлэг нөгөө хүнийг минь аваад явсан. Бие нь гайгүй байгаасай гэж байсан. Осол болохоос өмнө над руу залгаад би албаны машинтай явж байна хашааны хаалга онгойлгож байгаарай гэж байсан. Андууд дэлгүүрийн урд дохио өгөөд эргэх гэтэл урдаас гэрэл харагдаад мөргөсөн, мотоцикльтой хүн байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63 хуудас/

 

1.11. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 18-19 цагийн хооронд гэртээ буюу Лүнгийн 161 тоотод байж байтал манай гэрт Д орж ирээд миний утсаар Этай хаана байгаа юм гээд яриад би одоо очлоо гэж хэлээд Д намайг цуг Э дээр очоод ирье гээд бид хоёр хуучин морь барианы газарт очтол саарал жижиг тэрэгтэй Б, Э, нэг залуу нар Ерөөл нэртэй 0,75 граммын архи хувааж уугаад байж байсан. Тэр архийг бид тав хувааж уугаад би тасарсан юм санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 65 хуудас/

 

1.12. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны 21 цагийн үед эхнэр Оийн хамт дэнжийн Андууд-3 хүнсний дэлгүүр орж гэртээ юм аваад зам дээр нь такси барих гээд зогсож байтал баруун талаас жийп машин зүүн гар тийш эргэх дохиогоо өгөөд явж байсан. Харин түүний эсрэг урсгалаас мотоцикль ирж яваа нь харагдаж байсан. Яг машин мотоцикль мөргөлдөхийг нь хараагүй түс тас хийсэн дуу гарч машин мотоцикль хоёр мөргөлдсөн. Нэг хүүхэд зогсоол дээр зогсож байсан суудлын жижиг тэргэн доогуур гулсаад орсон. Би жолооч дээр очоод хүн алчихлаа ш дээ чи гэж хэлсэн. Манай эхнэр О намайг явъя гээд гарнаас татсан. Тэгээд явах гэтэл машин доогуур хэвтэж байсан хүүхэд миний төрсөн дүү Оийн хүүхэд Э байсан. Машины жолооч Б эмнэлэг дуудсан байх удалгүй эмнэлгийн машин ирсэн. Тэгээд эмнэлгийн машин эхлээд хүнд өвчтөнөө авч явна гээд Эыг аваад явахад нь би эмнэлгийн машинтай Эын хамт эмнэлэг дээр ирсэн. Шууд сэхээний тасагт  шинжилгээ авна гээд оруулсан. Машин зүүн гар тийш эргэх дохио өгсөн нилээд удаан явж байсан. Мотоциклийг хэдэн км/цагийн хурдтай явсныг сайн мэдэхгүй байна. Нэг шар гэрэл зүүн зүгээс гарч байхаар нь би мотоцикль ирж байна гэж бодсон. Э нь 2018 оны 09 дүгээр сарын 28-нд зам тээврийн осолд ороод аймгийн нэгдсэн эмнэлэг болон гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлэгдсэн. Биеийн байдлын хувьд дугарч, ярьж чадахгүй, гуурсаар хооллодог, хэвтрийн дэглэм сахин эмчлэгддэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны 10 цаг өнгөрч байхад бие нь муудаад байна гээд эмнэлэг дуудахад түргэн тусламжийн эмч ирж тариа хийгээд явсан. Түүнээс хойш 1 цагийн дараа дахиад бие нь муудлаа гээд эмнэлэг дуудсан. Тэгээд эмч нь гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/

 

1.13. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-нд Э 17 цагийн үед шиг санагдаж байна над руу залгаад та төв Андууд худалдааны төвийн ард талд хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол лаазтай пиво уугаад ганцаараа зогсож байсан. Тэгээд цуг айлд очъё гээд бид хоёр хорихын урд талд байх 10-н байшин орж нэг шар залууг аваад Грийн хаус руу чиглээд ятал ханангийн эгнээнд Дтай таарсан. Э Дг дуудтал Д 1 залуутай ирсэн. Тухайн үед Д та явах гэж байгаа юм уу ганц нэг шил архи уухгүй юм уу гэж хэлсэн. Төрөө мотоцикльтой ганцаараа ирээд бид нар сүмийн урд талд байх айлын гадаа очсон. Тэгээд Т дэлгүүр яваад 0,75 литрийн нэрийг нь санахгүй байна нэг шил архи авчирсан. Тэрийг нь Э, Д, Т нарын хамт зургуулаа уусан. Тэр хэд хонхор явлаа гээд хоёр нь мотоцикльтой явсан, хоёр нь тэр айлын гадаа үлдсэн. Харин би хөдөө гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 68 хуудас/

 

1.14. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны зунаас хойш Т.Э гэх өвчтөнийг гэрээр нь үзэж эмнэлгийн актыг нь бичээд, шарх эмчилгээний талаар нь зөвөлгөө өгдөг байсан. Осолд ороод тархины эдийн гүнд маш хүнд гэмтэлтэй, ухамсарт ухаангүй хэвтрийн өвчтөн байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 18 хуудас/

 

1.15. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12217 дугаар дүгнэлтэнд: Н.Дийн биед зүүн гарын 4, 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн далд хугарал, 3 дугаар хуруу, өсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н.Э гэжээ. /1-р х.х-ийн 72 хуудас/

 

1.16. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10408 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Д” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илрэв. 1,4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Э гэжээ. /1-р х.х-ийн 85 хуудас/

 

1.17. Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10405 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Э” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Э гэжээ. /1-р х.х-ийн 93 хуудас/

 

1.18. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар дүгнэлтэнд: Талийгаач Т.Эын биед тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн доторх цусан хураа, зүүн дунд чөмөгний зөрсөн баруун 1, 2 дугаар хавирганы хугарал, дагз, төвөнхний доод хэсэг, баруун, зүүн түнхэнд шарх, зүүн суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. Талийгаач нь тархины битүү гэмтэл: Тархины эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, тархины аксоны тархмал гэмтэл зэрэг тархины хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ .

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /1-р х.х-ийн 106-109 хуудас/

 

1.19. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 473 дугаар дүгнэлтэнд: Талийгаач Т.Эын биед тархины аксоны тархмал гэмтэц, тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, уушгины няцрал, баруун 1, 2 дугаар хавирга, баруун дал, зүүн дунд чөмөгний зөрөөтэй хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцралт, хамрын зулгаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр, зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Т.Эын биед үүссэн дээрх гэмтлүүдээс тархины аксоны тархмал гэмтэц, тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа, аалзан хальсан доорхи цус харвалт, уушгины няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун 1, 2 дугаар хавирга, баруун дал, зүүн дунд чөмөгний зөрөөтэй хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцралт, хамрын зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Эд тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээ, эмчилгээг бүрэн хийсэн байна. Талийгаач Т.Эд тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих, шинжилгээ, эмчилгээг бүрэн хийсэн боловч талийгаач нь тархины аксоны тархмал гэмтэцтэй, гэмтэл авсанаас хойш ухаан оролгүй байсаар нас барсан байна. Иймд Т.Эын үхэлд эмнэлгийн мэргэжилтнүүдийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, эмнэлгийн мэргэжилтнүүд нь Эрүүл мэндийн хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээний стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Э гэжээ. /2-р х.х-ийн 29-31 хуудас/

 

1.20. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 806 дугаар дүгнэлтэнд: 00-03 ГСА улсын дугаартай Toyota-Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чын Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Н овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/”согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, б/ “тухайн тээврийн  хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/” мөн дүрмийн 2.Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ ач явна: б/”тээврийн хэрэгслийн гэрчилээ” мөн дүрмийн 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. в/ “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь 00-03 ГСА улсын дугаартай Toyota-Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чын Бийн буруутай үйлдлийн улмаас гарсан байх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн ахмад Н.Ш гэжээ. /1-р х.х-ийн 140-141 хуудас/

 

1.21. Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтэнд: 00-03 ГСА улсын дугаартай “Toyota-Lexus 470” маркийн автомашины жолооч Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй “Мустанг 5” маркийн мотоциклийн жолооч Н.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/”согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх: б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ: 3 дугаар хавсралтын 3. д/ механикжсан тээврийн хэрэгслийг өмчлөн авсанаас хойш 72 цагийн дотор, ашилалтаас хассанаас хойш 21 сарын дотор, тээврийн хэрэгслийн марк, зориулалт, өнгө, хөдөлгүүр буюу арлын дугаар өөрчилсөн бол 7 хоногийн дотор Замын цагдаагийн албанд бүртгүүлэх. 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ в/ “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 00-03 ГСА улсын дугаартай “Toyota-Lexus 470” маркийн автомашин болон улсын дугааргүй “Мустанг 5” маркийн мотоциклийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.  Хавтаст хэргийн материалын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, схем зураг, гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэгт тоормослосон талаар дурдсан болон схем зурагт тоормослосон тэмдэглэгээ байхгүй байна. Осол гарах болсон шалтгаан нь 00-03 ГСА улсын дугаартай “Toyota-Lexus 470” маркийн автомашины жолооч Ч.Бийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан байна гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн ахмад Б.Г, цагдаагийн ахмад М.Ү, цагдаагийн дэслэгч Б.А гэжээ. /2-р х.х-ийн 24 хуудас/

 

1.22. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р х.х-ийн 8-18 хуудас/

 

1.23. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 20 хуудас/

 

1.24. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 22-28 хуудас/

 

1.25. Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 31-33 хуудас/

 

1.26. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-ийн 116-124хуудас/

 

1.27. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 126-127, 132-133 хуудас/

 

1.28. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р х.х-ийн 165 хуудас/

 

1.29. Т.Эын төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд /1-р х.х-ийн 172-218 хуудас/

 

1.30. Хохирогч Б.О, Н.Д нарын хохирлын тооцоо, холбогдох баримтууд /1-р х.х-ийн 220-215, 2-р х.х-ийн 2-8 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Бийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Э, хохирогчийн өмгөөлөгч С.Г нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг  тус тус дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Н.Днь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийг барагдуулсан гэв.

 

2.3. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бтэй 2000 онд гэр бүл болоод 18 жил хамт амьдарч 4 хүүхдийн аав ээж болсон. Том охин МУИС-д оюутан, нөгөө 3 хүүхэд минь сурагч цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Б 1997 оноос хойш тасралтгүй жолоочийн ажил хийж байгаа. Манай нөхөр гэр бүлээ тэжээн тэтгэх гэж ганцаараа ажил хийдэг. Дөлгөөн тайван ааштай дуу муутай, сайхан сэтгэлтэй, ажилдаа үнэнч гэр бүлдээ халамжтай” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63 хуудас/

 

2.4. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь бага насандаа их нямбай цэвэрч томоотой гэрээс гардаггүй хүүхэд байсан. Одоо ч гэсэн ялгаа байхгүй үг дуу цөөтэй олон таван үг байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64 хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 156 дугаар хуудас/

 

2.6. Ч.Бийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгийн 19798 дугаартай үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р х.х-ийн 154, 157, 161-170 хуудас/

 

2.7. Хохирогч нарт хохирол төлсөн баримтууд /2-р х.х-ийн 48-49 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасныг дурдаж.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Ч.Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ч.Б ийн дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурдлаа. 

 

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдооүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Андууд-3” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч Ч.Б ийн 7932 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Ч.Б ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Андууд-3” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч Ч.Б ийн 7932 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, ирэгний нэхэмжлэгч, хариуцагч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА