| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04061/И |
| Дугаар | 102/ШШ2016/04305 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/04305
| 2016 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2016/04305 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 36 дугаар байрны 13 тоотод оршин байгаа Баянтэгш хайрхан ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянтэгш хайрхан ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Наранбаатартай манай компани нь зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Энэ хүн машинаа явдаг ломбардад тавьсан. Зээл төлөөгүй учир оршин суугаа газрын хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад уг хаягтаа оршин суудаггүй байсны улмаас нэхэмжлэлийг буцаасан. Утсаар нь ярихад ерөөсөө холбогддоггүй.
Иймд Б.Наранбаатарыг эрэн сурвалжлан, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү.
Түүний бүртгэлтэй хаяг дээр ах нь амьдардаг юм байна лээ. Бид нарыг очихоор ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянтэгш хайрхан ХХК нь Б.Наранбаатарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Наранбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2016/14112 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-6 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Еншебу овогт Бямбажавын Наранбаатар /РД-ГЮ85081810/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Б.Наранбаатар нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 31 дүгээр байрны 01 тоот гэсэн хаяг бүртгэгдсэн байгаа хэдий ч уг хаягт түүний ах амьдардаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Еншебу овогт Бямбажавын Наранбаатар /РД-ГЮ85081810/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Б.Наранбаатар нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 31 дүгээр байрны 01 тоот гэсэн хаяг бүртгэгдсэн байгаа хэдий ч уг хаягт түүний ах амьдардаг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД