| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0057/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/56 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/56
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Р,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Бийн Тд холбогдох эрүүгийн 1917000890049 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М овогт Бийн Т /РД:СЛ90062013/, Хэнтий аймгийн Д суманд 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Т нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 121 тоот хашаан дотор иргэн Г.Тийн эзэмшлийн 4 сартай монгол банхар нохойг хөлөөрөө дэвсэн алж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын 121 тоот хашаанд Г.Тийн уяатай байсан 4 сартай Хатан тайж удмын монгол банхар нохойг хөлөөрөө дэвсэн алж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Төгсдорж манай хашаанд ирээд нэг адуу хийгээд өгчих гэсэн. Тэр үед манай найз Э ирээд 0,5 граммын архи хувааж уугаад байж байсан. Тэгээд хашаанд нь очоод адуугаа хийгээд блок авах гэсэн нохой нь архираад над руу дайраад байхаар нь нэг өшиглөсөн чинь цаашаа үсрээд явсан. Тэгээд хойноос нь очоод дэвсэхэд нохой үхсэн байсан. Хохиролд 1 500 000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Гий бойны хашаа дотор Т Э хоёр дундаа нэг шил архи тавьсан ууж байсан. Т намайг яаж яваа юм бэ гэхээр нь чамаар мал гаргуулах гэж байсан юм, чи архи ууж байгаа юм чинь мал гаргаж чадахгүй байх гэхэд бид хоёр мал гаргаж чадна гайгүй байна гэсэн. Тэгээд намайг дагаад манайд ирээд нэг адуу гаргасан. Би малын хашаа дотор хүнтэй малын наймаа хийж байтал гэнэт нохой гаслахаар нь эргээд хартал манай нохойг Т өшиглөөд дээрээс дэвсэхэд нэг удаа айхтар сонин дуу гаргаж гаслаад үхээд өгсөн. Би 2019 оны 02 дугаар сарын дундуур Г гэдэг хүнээс 1 000 000 төгрөгөөр эр, эм хоёр монгол банхарын гөлөг худалдаж авсан. Манай үхдэг нохой бол Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй Хатан тайж удмын монгол банхар байсан. Надад уг нохойн удмын бичиг, миний нэр дээр бүртгэлтэй гэрчилээ нь байгаа. Манай нохой 4 сартай эр гөлөг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-12 хуудас/
1.3. Гэрч Ё.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед манай нөхөр Т нь манай дүү Эын нөхөр Т түүний найз Э хоёроор мал гаргуулахаар Сүмбэр сумын 2 дугаар баг Сансарын 121 тоот хашаанд гэртээ авч ирсэн. Т Э хоёр архи уусан халамцуу байсан. Манай хашаан дотор байсан хүрэн зүсийн адууг гаргаж өгөхөөр болсон. Тэгээд адууны амийг нь таслаад адуугаа түшүүлэхээр блок авах гэж манай хашааны зүүн талд уяатай байсан монгол банхар гөлөгний хажууд очиход манай гөлөг урдаас нь архирсан. Тэгтэл Т манай нохойг баруун хөлөөр өшиглөсөн ба гөлөг гаслаад цаашаа болоход Т араас нь очоод 2-3 удаа цээж хэсэг дээр дэвссэн. Би цаанаас нь нохойг өшиглөхөө болиоч гэхэд Т блок бариад гөлөг рүү далайгаад байсан. Манай нөхөр Т малын хашаа дотор малын наймаа хийж байгаад гарч ирээд нохой алчихлаа ш дээ гэж хэлэхэд аав ээжийг чинь алаагүй нь их юм юун сүртэй юм гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Т Т дээр очоод нүүр лүү нь түлхээд блокыг нь гарнаас нь сугалж авч харагдсан. 2019 оны 02 дугаар сард Г гэх хүнээс 500 000 төгрөгөөр 1 сар гарантай гөлөг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
1.4. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Т, Э гэх үл таних согтуу хоёр залууг Т ах адуу гаргуулах гээд гэртээ авч ирсэн. Тэр хоёр залуу адууны амийг нь таслаж унагаагаад хажуу талаар эвэх блок авах гэхэд блокны хажуу талд Т ахын монгол банхарын улаан халтар зүстэй нохойн гөлөг архираад дайрахад Тэгшбадрах урдаас нь өшиглөсөн. Гөлөг гаслаад цаашаа болоход Т араас нь очоод 2-3 удаа цээж хэсэг дээр дэвссэн. Тэгээд гөлөг газар дээрээ үхсэн. Цаанаас нь Т ах нохой алчихлаа болиоч чи гэхэд Т юун сүртэй юм танай аав ээжийг чинь алаагүй нь их юм гэж хэлсэн. Тэгээд Т ах Тын нүүр лүү нь түлхэж унагаад гарнаас нь блокыг салгаж аваад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
1.5. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 18 цагийн үед Тын хамт нэг шил архи хувааж уугаад Гийн бойны хашаанд сууж байтал Тмашинтай ирээд 1 адуу, 30 ширхэг бог мал хийгээд өгөөч гэсэн. Т бид хоёр адууг нь хийж өгөхөөр Тийн хашаанд очсон. Адууг нь гаргаад Т блок авах гээд цаашаа явахад блокны хажуу талд уяатай хэвтэж байсан Тийн монгол банхарын гөлөг Т руу архирахад Т баруун хөлөөрөө өшиглөөд нохой цаашаа гаслаад явахад нь хойноос нь очоод цээж хэсэг дээр нь 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Т цаанаас нь ирээд нохойгоо хараад алчихлаа гээд Тыг нүүр лүү нь түлхэж унагаагаад Тын гартаа барьсан байсан блокыг нь салгаж аваад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
1.6. Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би болон манай найз Х бид хоёр нийлж монгол банхарын нохойн үржүүлгийн газар ажиллуулдаг. Манай үржүүлгийн газарт өсч үржиж байгаа монгол банхарын нохой болгон Монголын нохой судлалын холбоонд бүртгэлтэй цэвэр цустай Хатан тайж удмын монгол банхарын гөлөгнүүд байдаг. Т надаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн монгол банхарын 2 сартай улаан халтар /эр/, цагаан халтар /эм/ хоёр гөлөгийг тус бүр нь 500 000 төгрөгөөр бодож 1 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Удмын бичгийн хуудсанд байгаа нэр бол уг нохой нь Х гэдэг хүний нохой үржүүлгийн газарт төрсөн гөлөг гэдгийг нотолно. Манай үржүүлгийн газар 4-5 сартай гөлөг 1 500 000- 2 000 000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
1.7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-5 хуудас/
1.8.Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6 хуудас/
1.9. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 26 хуудас/
1.10. Нохойны удмын бичиг, нохойны эрүүл мэндийн гэрчилгээний хуулбарууд, “Чинцолмон” мал эмнэлгийн тодорхойлолт /х.х-ийн 22-23, 39 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Тийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “1 500 000 төгрөгийг Т бүрэн төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
2.2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай найз Т нь хүнтэй нийтэч, ажилсаг, гэр бүлдээ хайр халамжтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүнд тусархуу сайхан сэтгэлтэй залуу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
2.3. Гэрч Ё.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Т бид хоёр 2017 онд тусдаа гарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Зан төлөвийн хувьд дөлгөөн тайван зантай, олон ааш зангүй халамжтай хүн. Хүнтэй нийтэч, үг хэлээ амархан ойлголцдог, бусдыг инээлгээд л явж байдаг. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38 хуудас/
Шүүгдэгч Б.Тыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бийн Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА