Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0229

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, Минжийнхангай төвийн 2 дугаар хэсэг, Ахуй үйлчилгээ 6 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, ХД 5 дугаар гудамжны 130 тоотод түр оршин суух гэх, 51 настай, эмэгтэй, Боржигон овгийн Жамсрангийн Эрдэнэчимэг /РД:МЗ65111401/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Төмөрчний гудамж, Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн  дэвтэрт  бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Г.Оюунсүрэн, Н.Дэлгэртуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг нэхэмжлэлдээ болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа “илүү цагаар ажиллуулсаны нэмэгдэл хөлс гаргуулах тухай” шаардлагаасаа татгалзаж байна. Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар нь намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэн, хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийг гаргасан юм.

 Тус үйлдвэрийн удирдлагууд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа орхин, гарахыг шаардаж, хийж байсан дамжлагат ажлыг зогсоосон. Миний хувьд  тус үйлдвэрт 2 жил ажиллаж байгаа, мэргэжлийн 3 дугаар зэрэгтэй оёдолчин юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах зүйл заалтыг зөрчиж ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр холбогдох бичиг баримтыг өгөөгүй хирнээ ажил олгогчийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан ажлын байр чөлөөлөхийг шаардаж дарамт үзүүлж, үйлдвэрээс хөөн гаргаснаар илэрч байна.

Тус үйлдвэрийн удирдлагуудаас 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл очиж, ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд өгөөгүй, хөөн гаргасан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “тушаал гарсан” ирж ав гэсэн ба 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 тоот тушаалыг гардуулж өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олдохгүй хохирч байна. Ажлын байрыг шууд булаан авахдаа шалгалтанд тэнцээгүй гэх зэргээр тайлбар хийж байгаа боловч шалгалт авахдаа цэргийн цол зэрэг, дэв, цэргийн армийн холбогдолтой мэргэжлийн бус агуулгатай тестээр авч шалгалтын дүн материалыг танилцуулаагүй. Энэ нь мэргэжлийн шалгалт авах стандартад нийцэхгүй гэж үзэж байна.

... Иймд дээр дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн хуулийг зөрчиж, ажлаас хууль бусаар халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулахыг хүсч байна. Мөн бидэнд ажлаас  халагдсаны тэтгэмжийг өгөхгүй байна. Иймд ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “Бөртэ” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 тоот тушаалаар Ж.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын дагуу ажилтан ажил мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэн Ж.Эрдэнэчимэгийг ажлаас нь чөлөөлсөн.

“Бөртэ” ТӨҮГ нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг аж ахуйн тооцоотой үйл ажиллагаа явуулахаас гадна үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад оёдолчдын ур чадвар, мэргэжил, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх, ажилчдад мэргэжлийн зэрэг олгох, аттестчлах шаардлагын үүднээс ШУТИС-ийн Хувцас судлалын төвтэй хамтран оёдолчдын мэргэжил ур чадварын сайжруулах, сургалт зохион байгуулах, сургалтын үр дүнд аттестатчилал явуулах зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус төв сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн юм.

Хөдөлмөр хамгааллын тухай, техник тоног төхөөрөмж ашиглалтын сургалт, Оёдлын технологи, Үлгэр загварын ерөнхий ойлголт, Хүний биенээс хэмжээ авах арга, пиджак өмдний гологдол засах хялбар арга, сунгалт хийх технологи ажиллагааны горим, оёдлын хатгац үүсэх горим зэрэг сэдвүүдээр 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 16-ны өдрүүдэд сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд 5 тасгийн 136 ажилтан хамрагдсан...

Ж.Эрдэнэчимэг нь мэргэжлийн байгууллагын сургалтанд хамрагдаж мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн тохиолдолд үйлдвэрийн инженер техникийн албан хаагчид комисс томилон шалгалт авч шалгалтанд тэнцсэн тохиолдолд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд нь эгүүлэн томилох тухай мэдэгдсэн. Шууд халах хүсэл зориг ажил олгогчид байгаагүй бөгөөд ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа талаар удаа дараа сануулж эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх саналуудыг гаргаж байсан. Ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж буй талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулан авсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлахыг шаардаж дарамт үзүүлэн ажлын байрыг шууд булаан авч үйлдвэрээс гаргасан гэж байгаа нь огт үндэслэлгүй юм.   

.... Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу ажилтны цагийн хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийнх нь үр дүнд тохируулан олгоно гэж заасан. Энэ хүрээнд Ж.Эрдэнэчимэг хөдөлмөрийн гэрээнд цалинг хийснээр нь олгохоор заасан ба тухайн ажилтныг мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмж, норм нормативын биелэлтийг дүгнэн цалинг хийсэн нь олгодог. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгайлан зохицуулсан зохицуулалтыг хэрэглэж, Ж.Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлсөн. Иймд Ж.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг нь Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 53 тал/

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг нь хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа “илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагаа дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгийн “...ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрөхдөө “... мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б/29 дугаар тушаал гаргаж, оёдолчин Ж.Эрдэнэчимэгтэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтыг үндэслэл болгожээ. /х.х-ийн 5-6, 17-23 тал/

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар, ШУТИС-ийн хувцас судлалын төвтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ажилтнуудын дунд мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд явуулж, мэргэжлийн зэрэг тогтоох, олгох комиссыг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус үйлдвэрийн ажилчдаас шалтгалт авсан байх шалгалтад Ж.Эрдэнэчимэг хангалтгүй дүн авсан гэжээ. /х.х-ийн 26-30 тал/

 

Ажил олгогч нь ажилтан “... мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлаж байгаа тухайгаа нэг сарын өмнө бөөнөөр бол 45 хоногийн өмнө мэдэгдэх заалт нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг зохицуулсан заалт байх ба энэ талаар зохигчид маргахгүй байгаа болно.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан .... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж,

 

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцласан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгт тус газрын ерөнхий захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний Б/29 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг нь хариуцагч “Бөртэ” төрийн өмчит газарт холбогдох ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай гомдлоо шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг зөрчсөн гэж үзнэ. /х.х-ийн тал/ 

 

Түүнчлэн хариуцагч “... ажлаас халсан тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж өгсөн, нэхэмжлэгч ажлаас халсан тухайгаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн гэж тус тус тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх   боломжгүй юм.

 

Харин ажил олгогч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “энэ хуулийн ... 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газраас нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 595 228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн  тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газраас 595 228 /таван зуун ерэн таван мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ж.Эрдэнэчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид18 506 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                Ж.ЦЭНГЭЛ