| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0018/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 109
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г холбогдох эрүүгийн 1914002420157 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянхонгор С.Г, Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн
бид хоёр нэг нэгнийгээ түлхэж байгаад Б.А гал тогооны тавиурын шилэнд гараа зүссэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 /
Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
Манай нөхөр С.Г хэрүүл хийх гээд байгаа шинжтэй авир гаргаад байсан би юм хэлээгүй чимээгүй байсан гадаа гарч нойл орж бие засаад гараад ирэхэд гэрийнхээ үүдэн дээр С.Г зогсож байгаад намайг ирэхэд намайг хүнтэй хардаад хувцаснаас заамдаж аваад гэртээ орсон С.Г намайг хардаад тэрнээс болоод хэрүүл болсон чи яагаад намайг хүнтэй хардаад байдаг юм гэхэд чи дандаа хүнтэй алцагнаад байдаг гээд намайг түлхсэн намайг түлхэх үед би арагшаа болоод тавилганы шилэнд гараа зүссэн. Маргааш нь би аймаг орж эмнэлэгт үзүүлж хагалгаанд орж шөрмөс залгуулсан эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /
Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
гэрт нь очиход С.Г эхнэр Б.Агийн хамт гэртээ байсан эхнэр нь баруун гараа бариад сууж байсан нөхөр С.Г нь түлхээд гарыг нь шилэнд зүссэн гэж ярьж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /
Гэрч Б.Мөнхтуулын мөрдөн байцаалтад өгсөн
Б.Агийн баруун гар нь ар хэсэгт зүсэгдсэн боолт хийгээгүй байсан. Би Б.Аг дагуулаад сумын төвийн эмнэлэг очиж боолт хийлгэсэн эмч аймаг явж зураг авахуул гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 67 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн
1. Б.Агийн биед баруун гарын сарвууны IҮ хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 42-43 /, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 70-71/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-59/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 82-86/, хохирогчийн эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн баримтууд /хх-ийн 17-39/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 102/, шүүгдэгч С.Гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогтын сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019.04.08-ны өдрийн №52 тоот тодорхойлолт / хх-ийн 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 89/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91-92/ /эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн , шүүгдэгч С.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасныг прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос С.Г хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, түүнд холбогдох эрүүгийн 1914002430157 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Гын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч С.Гийн ... бид хоёр нэг нэгнийгээ түлхэж байгаад Б.А гал тогооны тавиурын шилэнд гараа зүссэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/
Хохирогч Б.Агийн … С.Г намайг түлхэх үед би арагшаа болоод тавилганы шилэнд гараа зүссэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /,
Гэрч Т.Дгийн.. Б.Агийн гэртээ баруун гараа бариад нөхөр С.Г нь түлхээд гарыг нь шилэнд зүссэн гэж ярьж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 65 -66/
Гэрч Б.Мөнхтуулын ... Б.Агийн баруун гар нь ар хэсэгт зүсэгдсэн боолт хийгээгүй байсан тэгэхээр нь би Б.Аг дагуулаад сумын төвийн эмнэлэг очиж боолт хийлгэсэн хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай “... Б.Агийн биед баруун гарын сарвууны IҮ хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хр-ийн 42-43 /
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 34-42/ болон шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Хэргийн хохирогч Б.А , шүүгдэгч С.Г нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан / хх-ийн 91-92/, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч С.Г нь эхнэр Б.Аг түлхэж, биед баруун гарын сарвууны IҮ хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, шарх гэмтэл бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.А нь С.Гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв
Шүүгдэгч С.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Гийн эзэмшлийн “... хөргөгч...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Г буцаан олгож , шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл , 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дархан овогт С.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 500000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.Гийн эзэмшлийн “... хөргөгч...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Г буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.