Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2016/00001/и |
Дугаар | 0230 |
Огноо | 2015-07-05 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 0230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Б-5 гудамжны 259 тоотод оршин суух, 43 настай, эрэгтэй, Боржигон овгийн Сандагжавын Сэрээтэр /РД:ГО73070579/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхбатын Бямбадорж /РД:ЧИ78040110/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Сэрээтэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сэрээтэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С.Сэрээтэр миний бие 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр М.Бямбадоржид 3 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 200 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм.
М.Бямбадорж нь гэрээний хугацаандаа миний мөнгийг өгөлгүй, өнөөдрийг хүрч байгаа юм. Миний бие нь М.Бямбадорийн оршин суугаа газрын хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, М.Бямбадорж нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, СОТ-ын 1-15 тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20566 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
М.Бямбадоржийг өөрийн боломжоороо хайсан боловч олдохгүй байна. Түүнчлэн М.Бямбадорж иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 21 дүгээр гудамжны 17 тоот хаягт оршин суудаггүй талаар тухайн хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн. М.Бямбадоржоос зээлийн төлбөрөө шаардах зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байгаа юм. Иймд М.Бямбадоржийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шнжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Сэрээтэр нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхбатын Бямбадорж /РД:ЧИ78040110/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Хүсэлт гаргагч С.Сэрээтэрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бямбадорж нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, СОТ-ын 1-15 тоот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 21 дүгээр гудамжны 17 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2015/20566 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/8037 тоот албан тоот, Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11766 тоот лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4, 14-17 тал/
Иймд хариуцагч М.Бямбадоржийг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 21 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух /хаягийн бүртгэлтэй/ Боржигон овгийн Мөнхбатын Бямбадорж /РД:ЧЙ78040110/-ийг эрэн сурвалжилсугай.
2. М.Бямбадоржийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сэрээтэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ