| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2024/00496/И |
| Дугаар | 208/МА2024/00069 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2024/00069
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 148/ШШ2024/00489 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 18,637,354 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнтогтох нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн ******* зүгээс намайг үндэслэлгүйгээр ажлаас халж улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00162 дугаартай шийдвэрээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл хариуцагч тал давж заалдах шатны гомдол гаргаж Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хэлэлцэхгүй гэснээр тухайн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Ингээд 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр намайг ажилд авсан тухай Нэгдсэн ******* даргын тушаал гарч би ажилдаа орсон болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг мөн 2023 оны 07 дугаар сараас миний ажиллаж байсан албан тушаалын цалин Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 241 тоот тогтоолоор нэмэгдсэн байсан боловч анхан шатны шүүх цалинг тооцоолж гаргахдаа нэмэгдсэн байдлаар тогтоогоогүй юм. Тийм учраас 2023 оны 07 сарын 01-ээс 2024 оны 03 сарын 19-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацааны тооцооллын зөрүүг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2024 оны 03 сарын 19-ний өдрөөс 2024 оны 7 дугаар саны 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг төлнө. 8,219,102 төгрөгийн асуудалд өмнөх шүүхийн шийдвэр гарсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 489 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар-ний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10,418,252 /арван сая дөрвөн зуун арван найман мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 8,219,102 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдгийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 678,863 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн ******* дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 19,914,892 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч байгууллага *******ийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон ба шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд томилогдсон өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 10,418,252 төгрөг, мөн 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн нэмэгдэл, тооцооллын зөрүү 8,219,102 төгрөг нийт 18,637,354 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 489 тоот шийдвэрээр 8,219,102 төгрөгийн шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 162 тоот шийдвэрээр хэрхэн тооцож хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн дахин нотлохгүй гэж дүгнэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс 10,418,252 төгрөг гаргуулан *******т олгож, илүү нэхэмжилсэн 8,219,102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 489 тоот шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Урьд шүүхээр шийдвэрлэсэн асуудал бол үр дүнгийн урамшуулал, илүү цагийн хөлс, хоолны мөнгө гэж нэхэмжилсэн бол энэ удаа цалингийн нэмэгдэл гэж нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаантай байгаа 8,219,102 төгрөгийн шаардлагаасаа 2,941,400 төгрөгийг буюу үр дүнгийн урамшууллаа багасгаад эвлэрэх санал гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа харин цалингийн нэмэгдэл үр дүнгийн урамшуулал 8,219,102 төгрөгийн хувьд нэхэмжлэгчтэй тохиролцох боломжтой гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөг, мөн 2023 оны 07 дугаар сараас 2024 оны дугаар 03 сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зөрүү 8,219,102 нийт 18,637,354 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг буюу 2023 оны 07 сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зөрүү 8,219,102 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2023 оны 07 сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зөрүү 8,219,102 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.
4.Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага 2023 оны 07 сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зөрүү гаргуулах 8,219,102 төгрөгт холбогдох хэсгийн шаардлагыг агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.
5.Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* Дэмжих үйлчилгээний албаны даргаар ажилладаг бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нэгдсэн ******* даргын тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцласан байна.
Нэхэмжлэгч ******* дээрхи тушаалыг үндэслэлгүй гарсан талаархи гомдлыг шүүхэд гаргаж, шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаартай шийдвэрээр түүнийг ажилд эргүүлэн томилж, нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн томилсонтой холбоотойгоор түүний ажилгүй байсан 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба ажил олгогч шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******ийг ажилд нь эргүүлэн томилсон байна.
Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигчид 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөг дээр маргаангүй, харин 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллын зөрүү 8,219,102 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч ******* үр дүнгийн урамшуулал гаргуулах шаардлагаа багасгаж, Засгийн газрын тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн зөрүү 5,277,702 төгрөг гаргуулах, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлага багасгасан хэмжээгээр буюу цалингийн зөрүүд 5,277,702 төгрөгийг олгохоор тус тус эвлэрэн хэлэлцсэн байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн зохигчид нь шүүхийн аль ч шатанд эвлэрэн хэлэлцэх боломжтой. Тус хэргийн зохигчид нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр шаардлагаас хариуцагч 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,418,252 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн нэмэгдэл 8,219,102 төгрөг гаргуулах шаардлагын багасгасан хэмжээгээр буюу 5,277,702 төгрөг нийт 15,695,954 төгрөгийг төлөхөөр тус тус зохигчид эвлэрэн хэлэлцсэн.
Энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх агшийг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчдын эвлэрэлийг баталж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед зохигчид эвлэрэн хэлэлцэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 148/ШШ2024/00489 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийн зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шийдвэрт зохигчид гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.ДАВААРЕНЧИН