| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0175/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/192 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 1938003290203 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн нутаг “Дэнсийн таг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8.6 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж, ойн нөөцийн экологи эдийн засагт 3.157.920 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн нутаг “Дэнсийн таг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8.6 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж, ойн нөөцийн экологи эдийн засагт 3.157.920 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003290203 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед гоожин аваад модоо бэлтгэсэн. Гэхдээ хугацаа хэтрүүлж тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын шийдвэрээр энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Чулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н гэдэг хүн ...2017 оны намар 08 дугаар сарын үед хавьцаа байх хашааныхаа туургыг өрсөн харагдаж байсан. 2018 оны намар 11 дүгээр сард хониндоо явж байхад хашааныхаа дээврийг барьж байгаа харагдсан ...ямар ч байсан шинэ модоор хашаа барьсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би гоожин дээрээ цэвэрлэгээний ажлаар унаанги бэлтгэх гэж тодорхой зааж өгсөн бөгөөд тухайн үед өөрт нь цэвэрлэгээний ажлаар ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа болохоор дан унаанги мод бэлтгэж авна шүү, босоо мод унагааж болохгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн ...иргэн Д.Н нь эрхийн бичигт заасан нөхцөл журмыг зөрчиж, босоо мод хөрөөдөж бэлтгэсэн асуудал нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шинжээч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арбулаг сумын 3-р багийн нутаг, дэнсийн таг гэдэг газарт барьсан байсан 9 байр дээшээ 7 үе өрсөн нойтон нарийн шургааг, бага дүнз модоор барьсан модыг хэмжиж дүгнэлтийг гаргасан ...энэ хүний барьсан мод нь босоо нойтон мод байгаа тул Д.Н нь хууль зөрчиж, зөвшөөрөлгүй мод унагааж бэлдсэн үйлдэл байна. 2016 оны 04 дүгээр сарын 23-наас 26-ны хооронд бэлдсэн мод байх боломжгүй, цаг хугацааны хувьд энэ мод бол шинэ унагаасан мод, гол тулгуур мод нь нойтон дунд зэргийн дүнз 20 см диаметртэй модоор хийсэн байсан ...энэ 0296394 дугаартай эрхийн бичиг хүчингүй тухайн хүн уг эрхийн бичигт зааснаар бол ойгоос цэвэрлэгээний ажлаар хэрэглээний мод унаанги, дархи зэрэг мод бэлтгэх эрхтэй, энэ эрхийн бичигт бэлтгэх хугацаа, тээвэрлэх хугацааг зааж өгсөн байна. Эрхийн бичигт заасан нөхцөл болзол зөрчиж, ойгоос мод бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/03 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Нбэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр 8.6 м.куб шинэс мод ...5 метрийн дүнз болох нь тогтоогдов.
2. Иргэн Д.Нбэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 3.157.920 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 47 дугаар хуудас/,
Хохирол төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 88 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл булаг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, малын А данс, /хх-ийн 59, 61, 66-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938003290203 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртлэх хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн нутаг “Дэнсийн таг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8.6 м.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж, ойн нөөцийн экологи эдийн засагт 3.157.920 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Мөнзулын /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Б.Ч-ы /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Б.Н*ын /хх-ийн 29-30-р хуудас/, Шинжээч М.Бямбацогтын /хх-ийн 34-36-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 47 дугаар хуудас/, Хохирол төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Д.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Н нь экологи эдийн засагт 3.157.920 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Мөнхзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938003290203 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 8.6 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 60.000 төгрөгийг шүүгдэгч Д.Нас гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 8.6 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 60.000 /жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Нас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938003290203 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР