Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 0231

 

 

 

 

 

 

 

        

2016 оны 07 сарын 05 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00231

       Улаанбаатар хот

 

           Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 2-16 тоотод оршин суух, Хөнхөр овогт Лувсандамдины Мөнхцэцэг /РД:СА70102500/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Төмөрчний гудамж, Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар /РД:2119374/-т холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Б.Оюунцэцэг, Н.Дэлгэртуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

                                                                                                                            

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батлан хамгаалах яамны харъяа “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газар нь намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэн, хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус үйлдвэрийн удирдлагууд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бидний ажлыг зогсоож, үйлдвэрийн ажлын байрнаас гарахыг шаардсан. Тухайн үед Л.Мөнхцэцэг миний бие нь бие давхар байсан тул энэ шаардлага хүний эрхийг зөрчсөн шаардлага байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах зүйл заалтыг зөрчиж ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр холбогдох бичиг баримтыг өгөөгүй хэрнээ ажил олгогчийн давуу байдал, эрх мэдлээ  ашиглан ажлын байрыг чөлөөлөхийг шаардаж дарамт үзүүлж, үйлдвэрээс хөөн гаргаснаар илэрч байна.

 Тус үйлдвэрийн удирдлагууд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тушаалаа авъя гэхэд өгөөгүй хөөн гаргасан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тушаал гарсан ирж ав гэхэд очиж авахад 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 тоот тушаалыг гардуулж өгсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олдохгүй учир хохирч байна. Ажлын байрыг шууд булаан авахдаа шалгалтанд тэнцээгүй гэх зэргээр тайлбар хийж байгаа боловч шалгалтыг авахдаа цэргийн цол зэрэг, дэв, цэргийн армийн холбогдолтой мэргэжлийн бус агуулгатай тестээр авч шалгалтын дүн материалыг танилцуулаагүй. Энэ нь мэргэжлийн шалгалт авах стандартад нийцэхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллах эрхийг шударга бусаар хааж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дүгээр зүйл заалтыг зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн зөрчлийг арилгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтын дагуу ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Л.Мөнхцэцэг нь “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь сайн дурын үндсэн дээр татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч миний нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг батлаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Бөртэ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч “Бөртэ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхэд нь татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч Батлан хамгаалах яамны харъяа ”Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн хүсэлтээр тогтоогдож байна. /х.х-ийн 51 тал/

Иргэний хэрэг шүүхэд хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар  нэхэмжлэгч нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн хүсэлтийг хүсэлтийг хүлээн авах боломжтой.

 Иймд нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон                 

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Батлах хамгаалах яамны харъяа “Бөртэ “төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсгуай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                     Ж.ЦЭНГЭЛ