Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 13 210/МА2024/02167

 

 

 

Ш.Б ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04624 дугаар шийдвэртэй,

 

Ш.Б ы нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

 

Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 320,141,405 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр Ш.Б аас 169,781,245 төгрөгийг гаргуулж Г ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 320,141,405 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу 169,781,245 төгрөгийг банкинд төлөх ёстой байхад миний өмчлөлийн хоёр үл хөдлөх хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн, хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 320,141,405 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаартай шийдвэрээр Ш.Б аас 169,781,250 төгрөгийг гаргуулж Г ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн Ш.Б д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардсан ч шийдвэрийг биелүүлээгүй. Үүний дараа Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн, хураан авч, талуудаас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй. Иймээс барьцааны хөрөнгөд шинжээч томилсон бөгөөд Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 320,141,405 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг талуудад танилцуулахад төлбөр төлөгч Ш.Б аас худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан.

2.2. Шинжээч үнэлгээний обьектыг очиж үзээд тайланд орон сууцны дотор болон гадна зургийг хавсаргасан. Мөн нэхэмжлэгч байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бол дахин байрыг өөр үнэлгээний газраар үнэлүүлэх боломжтой байсан ч үнэлүүлээгүй байдаг.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б ы хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тулгуурлаж дүгнэлт өгөөгүй, оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байхад хүсэлтийг үл харгалзан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгааг зөвшөөрөхгүй.

4.2. Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК нь орон сууцыг үнэлэхдээ м.кв-ыг зөв шалган тогтоогоогүй, хариуцагч байгууллагад байгаа баримтын хүрээнд үнэлсэн. Тодруулбал, миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ****** гудамж *** дүгээр байр, *** тоот 2 өрөө орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, 79.7 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн. Гэтэл үнэлгээний байгууллага нь гэрт очиж үзээгүй атлаа 83.7 м.кв гэж шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан. Хэмжилт хийгээгүй байхад энэ тоог гаргаж ирснийг ойлгомжгүй, манай байрны хэмжээ нь 95.1 м.кв талбайтай байдаг. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22261034/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд 79.7 м.кв гэж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4-153/10422 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэлд 864 м.кв гэж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/11 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд 83.7 м.кв гэх мэт зөрүүтэй бичсэн.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээг тогтоохдоо өөрсдийн санаачлагаар үнэлгээний байгууллагыг томилж, өөрсдийн цуглуулсан баримт бичгээр дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Байрны талбайн хэмжээг буруу гаргаснаас орон сууцны зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн. Мөн үнэлгээний тайланд орон сууцны гэрчилгээг хавсаргаагүй байдаг.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрээр Ш.Б аас 169,781,245 төгрөгийг гаргуулж, Г ХХК -д олгож, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 79,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шинжээчийн дүгнэлтэд 79,7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан, мөн гүйцэтгэх хуудаст барьцаа хөрөнгийн м.кв-ыг заасан. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад орон сууцыг хэмжихэд 79,7 м.кв байсан бөгөөд шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн байранд очиж үзээд хэмжээг 86,4 м.кв талбайтай болохыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Ш.Б нь Н-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ****** гудамж **** байр, *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 320,141,405 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 126,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Б аас 169,781,245 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 286,359.66 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Ш.С, Д.Ш нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Б зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот ын 79.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болон Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***************, **** дугаар байр, *** тоот ын 39.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 782 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх81-95/

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ШХТ2022/00469 дугаар тогтоолоор ...хариуцагч Ш.Б аас 162,716,725.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,350,879.11 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Ш.С, Д.Ш нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 96-100/

4.1.Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1299 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх76-80/

 

4.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот , 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***************, **** дугаар байр, *** тоот , 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22261034/04, 22261034/06 дугаартай тогтоолуудаар битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх104-107/

 

4.3. Талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/86 дугаартай тогтоолоор Ф ХХК -ийг үнэлгээчин Н.Ц-ийг, 3/87 дугаар тогтоолоор Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б нарыг тус тус тус шинжээчээр томилон эрх, үүргийг тайлбарласан. /хх-ийн 112-113, 138-142/

 

4.4. Шинжээч Ф ХХК нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***************, **** дугаар байр, *** тоот , 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 126,000,000 төгрөгөөр, шинжээч Х ХХК нь Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот , 79.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэмжиж 83.7 м.кв талбайтай гээд зах зээлийн үнийг 320,141,405 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-153/6934 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Ш.Б д мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх114-136, 144-166/

 

5. Дээрх үнэлгээний тайлангууд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.1.Тодруулбал, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагаар үнэлээд үнэлгээнээс зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэлгээг илүү ач холбогдолтой гэж үзээд барьцааны зүйлийн эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот , 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 320,141,405 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

 

5.2. Түүнчлэн, шүүүхийн шийдвэрт барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот орон сууцыг 79.7 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлэхдээ шинжээч уг хөдлөх эд хөрөнгөнд хэмжилт хийж 83.7 м.кв талбайтай гэж хэмжсэн нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот орон сууцыг 79.7 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээч үнэлгээ хийхдээ 83.7 м.кв талбайтай гэж хэмжсэн орон сууцнууд нэг үл хөдлөх эд хөрөнгө байхаас гадна шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон захиалагчаас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийсэн байна. /хх149/

 

5.3. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ******* гудамж, **** байр, *** тоот орон сууцыг 95.1 м.кв талбайтай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймээс үнэлгээг хууль зөрчсөн, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгч талын ...орон сууцыг үнэлэхдээ м.кв-ыг зөв шалган тогтоогоогүй, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ****** гудамж *** дүгээр байр, *** тоот 2 өрөө орон сууц улсын бүртгэлд 79.7 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн байхад шинжээчийн дүгнэлтэд 83.7 м.кв гэж дурьдсан, одоо манай байрны хэмжээ 95.1 м.кв талбайтай... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.4. Нөгөөтэйгүүр, шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний обьектэд үзлэг хийсэн нь тайланд хавсаргасан гэрэл зургийн хуулбараар тогтоогдсон. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд 8 дугаар зүйлийн 8.2-т хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна гэж заасан бөгөөд уг шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал хавсаргасан байхыг шаардахгүй байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тайланд хавсаргаагүй нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч талын ...үнэлгээчин барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үзээгүй, үнэлгээний тайланд орон сууцны гэрчилгээг хавсаргаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч тал ...нэхэмжлэгчийг биечлэн оролцуулах хүсэлтийг хангаагүй нь түүний эрхийг зөрчсөн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.1. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/25309 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой ...нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлээгүй гэх гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд эмнэлгийн магадлагаа хавсаргасан боловч уг магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ