Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01495

 

Э.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1497 дугаар магадлалтай,

           Э.Мийн нэхэмжлэлтэй,

           “Т” ХХК-д холбогдох

           Хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Тинд 2013-07-23-ны өдрөөс 2016-11-24-ний өдөр хүртэл хугацаанд мэдээлэл судалгааны мэргэжилтэн, сургалт, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, сургалтын ахлах мэргэжилтнээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаж байгаагүй. Ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасан болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, гүйцэтгэлээ үнэлүүлж байсан.  2016 оны 09 дүгээр сард банкны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж гүйцэтгэх удирдлагын баг өөрчлөгдсөн. Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотой төв банкны бүх ажилчдыг түвшин тогтоох шалгалтанд хамруулах болж би  шалгалтанд хамрагдсан. Шалгалтыг 3 хэсгээс авсан. Тестийн шалгалт, ярилцлага өгсөн. Шууд удирдлагаас үнэлгээ өгсөн байсан. Түвшин тогтоох шалгалтанд хамрагдаад 2016-11-18-ны өдөр мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн мэдэгдлийг  Нацагдолгор захирал, Болормаа захирал нар мэдэгдсэн. Мэдэгдэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасны дагуу мэргэжил, ур чадвар тэнцэхгүй гээд сарын дараа гэрээ цуцална гэж бичсэн байсан. Мэдэгдлийг аваад тухайн үед ажлын хэсгийн гишүүн байсан н.Нацагдолгор захиралтай уулзаж шалгалтын үнэлгээтэй танилцах хүсэлт гаргасан. н.Нацагдолгор захирал мэдэхгүй гээд  танилцуулаагүй. Мэдэгдэл авсны дараа 2016-11-21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д гэсэн үндэслэлээр миний орон тоо хасагдсан гэж тушаал гаргасан байгаа. Тушаалаа хүлээж аваад ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөхөд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ур чадварыг яаж тодорхойлсон гэдэг нь тодорхойгүй. Орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Орон тоо хасагдсан баримттай танилцаагүй. Гүйцэтгэх захирал орон тоо хассан гэж тушаал гаргасан байсан. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Орон тоог хасах үйл явцыг ТУЗ-өөс баталдаг тул хууль бус гэж үзэж байна. Иймд “сургалтын ахлах мэргэжилтэн” гэсэн ажилд эгүүлэн тогтоож, халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл буюу  2016-11-21-ний  өдрөөс 2017-04-12-ны өдөр хүртэл ажлын 100 өдөр буюу 7.857.142 төгрөг гаргуулна. Нэг сарын үндсэн цалин 1.650.000 төгрөг байсан, 21 хоногт хувааж, нэг өдрийн цалингийн хэмжээг тооцсон. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт: Тны дүрмийн 9.4.13-т заасны дагуу ТУЗ-ын зардлын хэмжээнд багтаан банкны ажилтны орон тоог батлах эрхтэй. Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Тны хувьцаа эзэмшигчид нь Сангийн яам, хадгаламжийн даатгалын корпораци байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт ТУЗ банкны эрхийг тодорхой түвшинд барьдаг. Тус банкны 2016-02-17-ны өдрийн 19 дүгээр тогтоол байгаа. Энэ тушаалыг үндэслэн 2016-03-11-ний өдрийн төв банкны гүйцэтгэх захирлын А110 дугаар тушаал баталсан байдаг. Захиргаа удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийг 13 орон тоотойгоор байгуулсан. 13 орон тоо нь  захирал, сургалтын ахлах мэргэжилтэн, бичиг хэргийн ахлах мэргэжилтэн, бичиг хэргийн мэргэжилтэн, архив, мэргэжилтэн,  захирлын туслах тус бүр нэг, сургалт хариуцсан мэргэжилтэн 3 нийт 13 орон тоотой байхаар байгуулсан. Э.Мийг 2016-03-15-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б366 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон. Түүнтэй 204 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны А331 дугаар тушаал гарсан. Энэ тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь баталсан А110 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тушаалын 2 дугаар хавсралтаар төв банкны орон тоог баталсан. Төв банкны орон тоонд ахлах мэргэжилтэн буюу 3-5 гэдэг ажлын байрыг хасаж тогтоосон. Энэ тушаалын дагуу ахлах гэдэг албан тушаал нь гүйцэтгэх захирал нь тус өдрөө “Зарим орон тоо хассантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” А332 дугаар тушаал гаргасан. Тухайн бүтцийн орон тооноос ахлах мэргэжилтэн, ахлах хянан шалгагч зэрэг албан тушаал хасагдаж байгаа тул тус ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх ажлыг Хүний нөөцийн газрын даргад үүрэг болгож, даалгасан. Уг үүрэг болгосны дагуу тухайн ахлах гэдэг албан тушаалд ажиллаж байсан бүх хүнд 1 сарын дараа ажлаас чөлөөлөх талаар дурдсан мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг Э.Мт 2016-10-21-ний өдөр хүний нөөцийн газрын захирал  Нацагдорж өгөөд тэмдэглэл хөтөлсөн байдаг. Мэдэгдэлд заасан хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дараа 2016-11-21 -ний өдрийн Б/1453 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Тны орон тоо, бүтцээс ахлах мэргэжилтэн буюу Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тус банкны өнөөдрийн бүтцээр Хүний нөөцийн газрын сургалтын алба гэж байгаа. Сургалтын албанд сургалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй. Захирал, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, судалгаа хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 6 орон тоотой ажиллаж байгаа, ажлын байр шинээр бий болгоогүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Э.Мийг “Т” ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Т” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.857.142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “Т” ХХК-с 210.864 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсан байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийн 1497 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Т" ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Э.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан хяналтын гомдолдоо: Т Э.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-р  хууль  зөрчсөнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “орон тоо хасагдсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан бөгөөд  “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Улсын Дээд шүүхийн  2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-с  үзвэл тодорхой ажил, албан тушаалын ажлын байрыг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах эрх бүхий этгээд хасахаар зохицуулагдсан байна. Банкны тухай хуулийн 31.3.1-д “Банкны зохион байгуулалтын бүтцийг батлах бүрэн эрхийг банкны Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ”, “Тны дүрэм”-ийн 8.3.1-д “Банкны зохион байгуулалтын бүтцийг батлах бүрэн эрхийг банкны Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Тны зохион байгуулалтын бүтцээс “ахлах мэргэжилтэн”-ийн орон тоог хасах бүрэн эрхийг Тны Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр байна.  Тны ТУЗ-ын  2016 оны 118 –р тогтоолд Тны зохион байгуулалтын бүтцээс “ахлах мэргэжилтэн”-ийн орон тоог хассан тухай  байхгүй учир энэхүү тогтоолыг “ахлах мэргэжилтэн”-ийн орон тоог хассан тогтоол, шийдвэр гэж үзэх боломжгүй.Гэтэл  давж заалдах шатны шүүх “Гүйцэтгэх захирлын 2016 оны А/331 дүгээр тушаалаар ажилтны орон тоог шинэчлэн батлахад ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байна” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу.  Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон Тны ТУЗ-ын  2016 оны 118 тоот тогтоолыг ТУЗ 2016 оны 132 тогтоолоор хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой. Тны ТУЗ “ахлах мэргэжилтэн”-ийн орон тоог хасаагүй байхад гүйцэтгэх захирал нь Банкны тухай хуулийн 31.3.1, “Тны дүрэм”-ийн 8.3.1-р ТУЗ-н бүрэн эрхэд  халдаж,  Э.Мийг ажлаас нь халсан. Тны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1453 дугаар тушаалын үндэслэх хэсэг хууль бус байна. Банкны тухай хуулийн 31.3.1, “Тны дүрэм”-ийн 8.3.1-д зааснаар Тны байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байрны орон тоог хасах бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлнэ. Банкны тухай хуулиар ТУЗ-д хэрэгжүүлэхээр олгосон бүрэн эрхийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх боломжгүй. Т өөрийнхөө дүрэм, журмаар гүйцэтгэх захиралд “орон тоо хасах” бүрэн эрхийг олгоогүй. “Тны дүрэм, “Хөдөлмөрийн дотоод журам”-нд зааснаар гүйцэтгэх захиралд “орон тоо хасах” эрх байхгүй. Мөн түүнчлэн Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ны тушаалд “Ахлах мэргэжилтэн” –ийн орон тоог хассан заалт байхгүй. Тийм учраас ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Тны гүйцэтгэх захирлын А/331 тоот тушаалыг Банкны тухай хуулийн 31.3.1, “Тны дүрэм”-ийн 8.3.1-г зөрчсөн хууль бус шийдвэр юм. Гэтэл  давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Давж заалдах шатны шүүх ажлаас халсан тушаалын үндэслэл болсон холбогдох журмын заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас халсан тушаалд баримталсан “Тны дүрэм”-ийн 9.2.2-т “Гүйцэтгэх захирал ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллын хэмжээг тогтоох” гэж заасан. Т Э.Мийг ажлаас халахдаа “Тны дүрэм”-ийн 9.2.20-д заасан “орон тоо тогтоох” гэснийг “орон тоо хасах” гэж буруу тайлбарласан. “Орон тоо тогтоох” гэснийг “орон тоо хасах” гэж ойлгох эсэхийг тодруулахын тулд “тогтоох”, “хасах” гэсэн үгийн утгыг анхааран үзэх шаардлагатай. “орон тоо тогтоох” гэснийг “орон тоо хасах” гэж ойлгох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааны явцад ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй. Т ажлаас халсан тушаалын үндэслэл болох “орон тоо тогтоох” хэмжээг хэд хэдэн дүрэм, журмаараа хэд хэдэн этгээдэд олгосон байна. Тухайлбал, Тны дүрмийн 9.2.20-д “Гүйцэтгэх захирал ТУЗ-с  баталсан зардлын хэмжээнд банкны ажилтнуудын орон тоог тогтоох”, Тны хүний нөөцийн хорооны үйл ажиллагааны журмын 3.1-д “Хорооны гишүүд олгогдсон эрх мэдлийн хүрээнд асуудлуудыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 3.1.4. Газар, хэлтэс, төвийн чиг үүрэг, орон тоог батлах, шинэчлэх;” Хөдөлмөрийн дотоод журмын 10.2-д “Банкны орон тоо, цалингийн сангийн хэмжээг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоох” гэж заасан. Дээр дурдсан 3 төрлийн журманд “орон тоо тогтоох” эрх хэмжээг 3 өөр этгээд болох “Гүйцэтгэх захирал”, “Хүний нөөцийн хорооны гишүүд”, “Төлөөлөн удирдах зөвлөл”-д олгосон байна. “Тны дүрэм”-н 10.2-д “Банк болон ажилтнуудын хоорондын харилцааг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж заасны дагуу “орон тоо тогтоох” харилцааг зохицуулсан 3 төрлийн журмын зохицуулалтаас “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2-т “Банкны орон тоо, цалингийн сангийн хэмжээг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоох” гэж заасныг баримтлах нь зүйтэй. Т “орон тоо тогтоох” гэснийг “орон тоо хасах” гэж тайлбарлаж Э.Мийг ажлаас халахдаа “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2-т “Банкны орон тоо, цалингийн сангийн хэмжээг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоох” гэснийг  зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Т Э.Мийн ажиллаж байсан “ахлах мэргэжилтэн”-ийн орон тоог хасахын тулд түүнийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтанд хамруулсан. Энэ нь хэрэгт авагдсан 2016-11-18-ны мэдэгдэх хуудас, Хүний нөөцийн хорооны 2016 оны  75 тоот хурлын шийдвэрээр тус тус нотлогдоно. Хариуцагч ажилтны “орон тоог хасахын тулд” шалгалт явуулж, улмаар дүгнэлт, шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл байхад давж заалдах шатны шүүх “түүнээс ур чадварын шалгалт авч, ур чадвараар тэнцэхгүй болсон талаар мэдэгдэл өгсөн нь орон тооны цомхтголоор чөлөөлөх үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй” гэсэнд гайхаж байна. Т   Э.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас халахдаа мөн хуулийн 40.5-г зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан. 2016-11-18-ны өдрийн мэдэгдэх хуудсанд 2016-12-17-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р мэдэгдсэн  атлаа 3 хоногийн дараа буюу  мөн хуулийн 40.1.1-р  гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Э.Мийн орон тоо хасагдсан талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2016-10- 21-ний өдрийн 17.00 цагт гардуулан өгсөн гэх тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй” гэж хууль бус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд  магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Э.М 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Тны сургалтын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ. 

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Э.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

  Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг ажилтанд гардуулан өгсөн байна...”  гэсэн нь үндэслэлгүй байна.

        “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/1453 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Тны дүрмийн 9.2.13, 9.2.20, дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, Хүний нөөцийн хорооны 2016 оны хурлын 64, 75-р шийдвэрүүдийг баримтлан “....гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн а/331-р тушаалаар ахлах мэргэжилтний орон тоог хассан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх 20/  

        Аж ахуйн нэгж, байгууллага, болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд энэ үндэслэлээр гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д нийцнэ.

       Ажил олгогч нь “орон тоо хасагдсан” гэж гэрээ цуцлах тухайгаа Э.Мт нэг сарын өмнө мэдэгдсэн гэх үйл баримт нотлогдоогүй байна.        

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө мэдэгдэх хуудас гардуулсан тухай тэмдэглэл /хх 98/-г шүүхэд ирүүлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх болсон талаар ажилчдад гардуулсан гэх “мэдэгдэх хуудас” /гарын үсэгтэй болон үсэггүй/  хэрэгт байхгүй тул ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-г зөрчсөн гэж үзлээ. 

         Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь орон тоо хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.         

        Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1497 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/00778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ