Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0608

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээд Ц.Ц нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, М.Б нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ог 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн М.Б, Ц.Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр:

“Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогтой Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн 69 дугаарт бүртгэгдсэн Т овгийн М Б, Ш овгийн Ц Ц нарын гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Ц Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М.Б дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүх Иргэний бүртгэлийн байгууллага нь гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр нь байлцуулаагүй, нэг талыг байлцуулан бүртгэлийн ажиллагаа явуулсан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн боловч нэхэмжлэгч хүү Б.Ө өөрөөрөө овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн, хамтран орон сууц өмчлөн авч тухайн орон сууцандаа хамт амьдарч байсан Ц.Ц, Б.Ө нар АНУ-ын визэнд удаа дараа орж байсан зэргээс үзэхэд М.Б нь тухайн үед гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн бүртгэл хийлгэхээс татгалзаагүй, ямар нэгэн байдлаар гэрлэлтээ бүртгүүлэх хүсэл сонирхолгүй байсан гэж үзэхээргүй байна.

Тийм учраас тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, гэрлэлтийг хүчингүй болгосноор түүний ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын бүртгэлийн байгууллага гэрлэгчдийн аль нэг нь байхгүй байхад гэрлэлтийг бүртгэсэн нь Иргэний бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэдгийг тогтоосон мөртлөө энэ хууль бус бүртгэлийн улмаас М.Б эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ” гэж заажээ. Тэгвэл М.Б нь Ц.Ц хамт амьдарч байхдаа түүнтэй гэрлэхийг хүсээгүй учраас Монгол Улсад байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байна.

Тийм учраас Ц.Ц нь түүнийг гадаадад байгаа байдлыг далимдуулан, түүнийг мэдэхгүй гэж үзсэний үндсэн дээр танил талаараа гэрлэлтийн бүртгэлийг хийлгэж авсан байгаа нь М.Б тэгш эрхийн үндсэн дээр, эхнэр болох хүнтэйгээ тэгш эрхийн үндсэн дээр гэрлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэжээ. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтад М.Б талаас оролцсон гэрч байхгүй байгаа нь М.Б Ц.Ц гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн гэдгийг үгүйсгэнэ.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гэрлэхийг хүсэгчид өөрсдийг оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна” гэжээ. Ийм баримт хариуцагчаас гаргаж өгсөн баримт дунд байхгүй байна. М.Б хүүхдээ өөрөөрөө овголсон нь гэрлэлтээ бүртгүүлэх хүсэл зорилготой байсан гэж үзэхгүй. Заавал гэрлэлтээ бүртгүүлж байж хүүхдээ эцэг нь өөрөөрөө овоглоно гэсэн ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны...шийдвэрийг үндэслэн тогтооно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эцэг эх тохиролцсоны үндсэн дээр хүүхдэдээ нэр овог өгнө” гэжээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хүүхэд төрөх үед М.Б, Ц.Ц нар захиргааны байгууллага буюу Баян-Өндөр сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтанд хүсэлтээ гаргаад эцэг М.Б овоглосон байна.

М.Б, Ц.Ц нар 1989 оноос хамт амьдарч байсан, хамтран орон сууц худалдаж авсан, Ц.Ц, Б.Ө нар АНУ руу явахаар визэнд орж байсан зэрэг нөхцөл байдал нь М.Б нь тухайн үед гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн, бүртгэл хийлгэхээс татгалзаагүй гэжээ. Гэрлэлтийн бүртгэл хийлгүй 3 жил хамт амьдарсныг “гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Дундын өмчтэй болсон нь ч мөн адил. Гэр бүлийн хуульд гэрлэгчдийг дундын өмчтэй байхыг шаарддаггүй. Дундын өмчийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулсан. Ц.Ц, Б.Ө нар АНУ-ын визэнд ороод байсан явдал нь М.Б Ц.Ц гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрснийг нотлохгүй. М.Б өөрийгөө байлцуулахгүйгээр гэрлэлтээ бүртгэж өгөхийг Иргэний бүртгэлийн байгууллагад бичгээр илэрхийлсэн ямар ч баримт байхгүй.

Шүүх эдгээр үндэслэлүүдийг дурдаад өөрийг нь байхгүй байхад бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн улмаас М.Б эрх зөрчигдөөгүй, уг гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосноор түүний ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

М.Б нь АНУ-д амьдраад 17 жил болж Ц.Ц хамт амьдарч байсан харилцаа аль эрт дуусгавар болсон байна. Тэнд амьдарч байхдаа АНУ-ын харьяат нэг Монгол бүсгүйтэй хамт амьдраад олон жил болсны эцэст Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Консулын газарт гэрлэлтээ бүртгүүлэхээр очиход дээрх хууль бус гэрлэлтийн бүртгэл гарч ирсэн байна. Тэгээд гэрлэхийг хүссэн эмэгтэйтэйгээ албан ёсоор бүртгүүлж гэрлэх эрх нь зөрчигдсөн байна. Улсын бүртгэлийн газрын хууль зөрчиж бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосноор М.Б өөрийн эхнэрээр сонгож, ханилахыг хүссэн эмэгтэйтэй сайн дураар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх эрх нь сэргэх юм.

Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн бүртгэл хууль зөрчсөн гэдгийг.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан заалт оруулна уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б, Ц.Ц нарын гэрлэлтийг 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэний бүртгэлийн ажилтан бүртгэх үед нэхэмжлэгч М.Б байгаагүй болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2-5а/9257 дугаар албан бичгээр тус тус тогтоогдох бөгөөд гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулаагүй нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “иргэний бүртгэлийн ажилтан гэрлэхийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна” гэснийг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боловч, шийдлийн хувьд буруу болжээ.

Дээрх бүртгэл хийгдэх үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 13 дугаар зүйлийн 13.2-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргана”, 13.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна”, 13.4-т “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж чадахгүй хүмүүс өөрсдөө хүсвэл тэдний гэрлэснийг иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газарт бүртгэж болно” гэж, харин 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэрлэхийг хүсэгчид …гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ”, 7.1.1-д бүрдүүлэх бичиг баримтад тус тусдаа гаргасан өргөдөл байхаар, 7.6-д “гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулна…” гэж тус тус зохицуулснаас үзэхэд М.Б, Ц.Ц нарыг зайлшгүй байлцуулсны үндсэн дээр тэдний гэрлэлтийг бүртгэхээр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар аливаа гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх ёстой, үүний илрэх хэлбэр нь дээр дурдсанчлан гэрлэхийг хүсэгчид хамтран, эсхүл тус тусдаа өргөдлөө гаргах, мөн биеэр байлцах явдал атал энэ тохиолдолд нэхэмжлэгч М.Б маргаан бүхий бүртгэл хийх үед байлцаагүйгээс гадна өргөдлийг хамтран гаргаагүй байх тул хуулийн шаардлага хангаагүй бүртгэл хууль бус болно.

Түүнээс тодорхой хугацаанд хамт амьдарч байсныг, дундаасаа төрсөн хүүхдээ өөрөөрөө овоглосныг, хамтран орон сууц өмчилснийг, түүнчлэн АНУ-руу хамтдаа явахаар визэнд орсныг тус тус гэрлэлтээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн, бүртгэл хийлгэхээс татгалзаагүй гэж үзэх боломжгүй.

Нэгэнт гэрлэлтийн бүртгэл хуулийн дагуу хийгдээгүй энэ тохиолдолд “…бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, мөн гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулсны үндсэн дээр дахин гэрлэлтээ бүртгүүлэх эрх нээлттэй…” гэх байдлаар хуульд нийцээгүй бүртгэлийг хэвээр үлдээх байдлаар шийдвэрлэх нь зохимжгүй.

Захиргааны болон шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулах, эсхүл гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох харилцаа нь үр дагавар, үүсэх нөхцөл, маргааны үйл баримтын хувьд ялгаатай ойлголтууд болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн гуравдагч этгээд Ц.Ц гаргасан “М.Б дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэхийг хариуцагчид даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр шийдлийн хувьд зөв боловч үндэслэлд хийгдсэн дүгнэлтийг өөрчлөв.

Учир нь “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” ойлгохоор Гэрийн бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан, иймд М.Б хүсэл сонирхлыг харгалзан үзэлгүйгээр Ц.Ц гэрлэсний бүртгэл хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл зөвхөн гэрлэхийг хүсэгчдийн сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой бүртгэлийг “даалгах” байдлаар шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн зарчимд үл нийцнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Б, Ц.Ц нарыг 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ц.Ц Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М.Б дуудан ирүүлж, гэрлэлтийг хууль ёсны дагуу дахин бүртгэж өгөхийг даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “3”, “4” дэх заалтын дугаарыг “2”, “3” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН