Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2023/0534/З |
Дугаар | 001/ХТ2024/0049 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2024/0049
С.Г-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн
ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын
харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2024/0083 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 146 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Л.О, хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”,
1.2.Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдуулан “2023 оны 02 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулаагүй буюу ажиллах боломжоор хангаагүй үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, ажилтны 2023 оны 02 дугаар сарын цалин олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтийг хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөн хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргаж, удаа дараа ажил тасалсан Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагч С.Гийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гаалийн албанаас халжээ.
3.Нэхэмжлэгчээс “Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах ажилчдын нэрсийг нэгэнт баталсан хэмээн намайг ажиллах боломжоор хангаагүй, ... ажил үүргээ гүйцэтгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар байгууллагын удирдлага болон сахилгын хорооны хуралдаанд тайлбарласан, энэхүү хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой бүхий л баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн, өөрийн гаргасан зөрчил дутагдлаа ухамсарлаж, дүгнэлт хийсэн бөгөөд дахин зөрчил гаргахгүй талаар тайлбарласаар байтал төрийн албанаас шууд халах шийтгэл ногдуулж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй, сахилгын шийтгэл хүндэдсэн” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.16, 37.1.17, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2024/0083 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Д.Л нар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С Г-ийн гаргасан Гаалийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2024/0083 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах байдлаар алдаатай шийдвэр болсон байна.
6.2.Нэхэмжлэгч С.Г нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч ажлын байраа дур мэдэн удирдлагадаа мэдэгдэлгүй орхин явж, 5 хоног ажил тасалсан талаараа Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны гишүүд, удирдлага, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, сахилгын зөрчил гаргасан талаар ч тэр, тухайн гаргасан зөрчилд шийтгэл хүлээлгэсэнд ч тэр аль алинтай огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Мөн С.Г нь сахилгын шийтгэлтэй байсан' хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2.5 дахь хэсэгт “... сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байсан боловч Гаалийн ерөнхий газрын дарга харгалзаж үзэлгүй шууд төрийн албанаас халсан нь ... буруу, бодит нөхцөлд тохироогүй гэж үзэж байна” хэмээн дүгнэсэн нь хууль, журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
6.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.4.4 дэх заалт “өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан”, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.3.6 дахь заалт “сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд давтан үйлдсэн” гэж тус тус заасны дагуу С.Гийн гаргасан сахилгын зөрчил нь сахилгын шийтгэлийг хүндрүүлэн авч үзэх нөхцөл тогтоогдсоор байтал Гаалийн ерөнхий газрын дарга харгалзаж үзэлгүй шууд тарийн албанаас халсан нь буруу, бодит нөхцөлд тохироогүй гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн “хууль ёсны байх зарчим” буюу өөрөөр хэлбэл хууль дээдлэх, хуульд үндэслэсэн байх зарчмыг баримталж, хуулийг хэрэглэхгүйгээр, хэт нэг талыг барьсан, өрөөсгөл байдлаар дүгнэлт хийж хуулийг хэрэглэсэн нь харагдаж байна.
6.4.Гаалийн байгууллагын Сахилгын хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу С.Гийн сахилгын зөрчлийг хянан шалгаж, мөн нэхэмжлэгч өөрөө 5 хоног дараалан ажил тасалсан талаараа хүлээн зөвшөөрч, тодорхой байсаар байтал давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ “... хэзээ хэрхэн ажил тасалсан тодорхойгүй байхад шүүхээс энэ талаар тодруулж, хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь буруу байна” гэж үзэх нь үндэслэлгүй, дээрх заалтыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн.
6.5.Гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулиар тогтоосон эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах явцдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн зөрчил нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болохоор байна гэж тус тус дүгнэлт хийсээр байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаалийн улсын байцаагчийн албан үүрэг нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэгт хамаарахгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
6.6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.9 дэх хэсэгт “... ажлын байраа зөвшөөрөлгүй орхисон нөхцөл байдал нь түүний зөрчлийг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзэх боломжтой эсэхэд мөн хууль зүйн дүгнэлт хийх зүйтэй байна” гэж дүгнэсэн байна.
6.7.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4.4 дэх заалт “өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан”, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.3.6 дахь заалт “сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд давтан үйлдсэн” гэж тус тус заасан.
6.8.Нэхэмжлэгч С.Г нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч ажлын байраа дур мэдэн удирдлагадаа мэдэгдэлгүй орхин явж, 5 хоног ажил тасалсан талаараа Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны гишүүд, удирдлага, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, сахилгын зөрчил гаргасан талаар ч тэр, тухайн гаргасан зөрчилд шийтгэл хүлээлгэсэнд ч тэр аль алинтай огт маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт авагдсан материалаар нотлогдож, анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн шийдвэр гаргасан байтал Захиргааны хэрэг шүүхээс “... боломжтой байсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх зүйтэй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүрэгтэй байсан бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил гаргасан, улмаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2024/0083 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 128/ШШ2023/0800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.1, 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл хэвээр үлдээх, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрх олгогдсон.
10.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.
11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
12.Ингэхдээ магадлалд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн, шаардлагатай асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримт дутуу цуглуулсан гэсэн үндэслэлүүдийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
13.Тодруулбал, нэхэмжлэгчээс “ажилдаа очоогүй, ажлын байраа зөвшөөрөлгүй орхисон нөхцөл байдлын шалтгаан, үндэслэл”-ээ хангалттай тайлбарласан, талууд үүн дээр маргаагүй байхад уг үндэслэлийг дахин тодруулах шаардлагагүй, “хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн алинд нь заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж байгаа, журмын зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилдаа очоогүй, ажлын байраа зөвшөөрөлгүй орхисон нөхцөл байдлын шалтгаан үндэслэлийг зөрчлийг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзэх боломжтой эсэх”-д давж заалдах шатны шүүх өөрөө хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох боломжтой байтал уг үндэслэлүүдийг зааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.
14.Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоох, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжтой байна.
15.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.9, 4.10, 4.11 дэх хэсгүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийсэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаараа тодорхой тусгасан байхад “анхан шатны шүүх Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийлгүй ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зөрчсөн” гэж хуулийн 121.3.3, 121.3.7-д заасан үндэслэлд хамааруулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
16.Энэхүү хэргийн хувьд хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан, уг баримт байхгүй тохиолдолд хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүйд хүрэх нөхцөл тогтоогдохгүй, магадлалд хуулийн 121.3.4 дэх заалтыг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нэг үндэслэлээ болгосон боловч шүүх шаардлагатай ямар нотлох баримтыг дутуу бүрдүүлснийг тухайлан заагаагүй байна.
17.Уг үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тохиолдолд хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, чухал ямар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, үүний улмаас тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүрсэн тухай дүгнэх ёстой бөгөөд магадлалд дутуу бүрдүүлсэн гэх баримтуудыг ойлгомжтой, тодорхой зааж, тусгасан байхыг шаардана.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2024/0083 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ