Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 33

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                       Б.Сүрмандах

Хохирогчийн өмгөөлөгч                Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Б-од холбогдох эрүүгийн 201609000100 тоот хэргийн дугаартай, 171/2017/0006/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Мандах овогт Д-ын Б- /РД:ТИ69091815/, 1969 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шар зам ирээдүй” хоршоонд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 47 дугаар байрны 114 тоотод оршин суух бүртгэлтэй, 2011 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 190 дугаартай тушаалаар “Онц тээвэрчин” тэмдгээр шагнуулж байсан, урд:

-Дархан хотын Ардын шүүхийн 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар ял хойшлуулж байсан,

-Дархан хотын Ардын шүүхийн 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 56 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн С.Мэндбаатарын гэрт өөрийн эхнэр Б.Оролмааг өмөөрөн Б.Гантигхүрэлийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Мандах овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

-Шүүгдэгч Мандах овогт Д-ын Б-ыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Мандах овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-од холбогдох 201609000100 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-од бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Улсын яллагч Б.Сүрмандах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-т “шүүхийн шинжилгээний байгууллагаас хийсэн шинжилгээний талаар иргэн, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт нь дахин шинжилгээ хийх шууд үндэслэл болохгүй” гэх, мөн хуулийн 20-р зүйлийн 20.1-д “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж зааснаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд гаргасан 246, 340, 664 тоот дүгнэлтүүдэд чухам ямар эргэлзээ гарсан, ямар үндэслэл, нотлох баримтаар эргэлзээтэй гэж үзэх болсон, эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэл байгаа эсэх талаар анхан шатны шүүхийн давтан шинжилгээ хийлгэх захирамжинд тодорхой заагаагүй байгаагаас гадна шүүх хуралдааны мэтгэлцэх талууд шинжээчийн дүгнэлт давтан гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байдаг. Ийм байхад анхан шатны шүүх 2 удаа давтан шинжилгээ томилж дүгнэлт гаргуулж, эхний удаад гарсан хохирогчийн биед учирсан гэмтэл шархны байрлалыг буруу тогтоож бичсэн 1155 тоот дүгнэлт, давтан гаргуулсан 1155 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн 162 тоот дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар хохирогч Б.Гантигхүрэлийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгосон 246, 340, 664, 1155, 162 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг бүгдийг шинжлэн судалсан гэж дүгнэсэн боловч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэлээ ...Б.Гантигхүрэлийн бие махбодид ямар гэмтэл учирсан талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 246, 340 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй гэх 664 тоот шинжээчийн дүгнэлт гарсан боловч эдгээр дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна гэж 1155,162 дугаартай шинжээчийн дүгнэлт тус тус гарсан.

Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гарсан эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж үзэхэд хохирогч Б.Гантигхүрэлийн бие махбодид цээжний зүүн талд хөхний орчим 1 см зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан байсан бөгөөд уг шарх нь цээжний хөндий нэвтэрсэн эсэхийг шалгахдаа сэтгүүрдэх, цээжийг гэрэлд харж дотор эрхтэн гэмтсэн эсэх, цээжний хөндийд сул шингэн байгаа эсэхийг тогтоон оношлох боломжтой, дотор эрхтэн гэмтээгүй, цээжний хөндийд сул шингэн хуралдаагүй тохиолдолд цээжний шарханд зөвхөн оёдол тавьж ажиглах боломжтой байхад цээжний хөндийг нээх мэс ажилбар хийсэн бөгөөд цээжний хагалгаа нь шарханд буй бүлэнг авах зорилгоор хийгдээгүй болох нь шинжээчийн 1155, 162 тоот дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна гэж шүүхийн шатанд давтан гаргуулсан шинжээчийн эдгээр дүгнэлтүүдэд илтэд ач холбогдол өгч үнэлж, мөрдөн байцаалтын шатанд гаргасан бусад 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа тодорхой дурдаж өгөөгүй байна.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа хэлэлцэхэд улсын яллагч нарын зүгээс шүүх хуралдаанд хохирогчийг эмчлэгч эмч болох гэрч Б.Батхишиг болон удаа дараагийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээчдээс оролцуулж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлтгэй нь холбогдуулан асууж тодруулах зайлшгүй шаардпагатай байгаа талаар хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг нь хангалгүйгээр шүүх хуралдааныг удаа явуулж байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт /8-9-р талд/ хохирогчид учирсан гэмтэл нь цээжний хөндийд нэвтэрсэн гэх шалгуур нь хэрхэн яаж хангагдсан, үүнийг хэрхэн яаж, ямар аргаар оношлох, цээжний хөндийд яагаад бүлэн үүссэн, бүлэнг авахдаа хагалгаа хийх шаардлагатай эсэх, эсвэл шархыг томсгож зүсээд авах ёстой эсэх, ямар үндэслэлээр хүнд зэргийн гэмтэл гэснийг хэрхэн үгүйсгэх зэрэг тусгай мэдлэг шаардсан олон асуултуудын хариултыг шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нараас болон хохирогчийг эмчлэж, хагалгаа хийсэн эмч зэрэг хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулж, тэднээс тодруулж дүгнэлт хийх ёстой байтал эдгээр олон асуултад шүүх бүрэлдэхүүн шинжээч нарын өмнөөс дүгнэлт хийж, шинжээчийн адил тэдний дүгнэлтүүдийг тайлбарласан байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 49 тоот шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүйгээр хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагч Б.Сүрмандах гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Б-ыг өөрийн эхнэр Б.Оролмааг өмөөрөн Б.Гантигхүрэлийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Б-ыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Улсын яллагч Б.Сүрмандахын “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 49 тоот шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүйгээр хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, шүүгдэгч Д.Б-од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хэргийн зүйлчлэлийг   хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдэжж улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагч Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР