| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/02289/И |
| Дугаар | 210/МА2024/02131 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02131
2024 12 09 210/МА2024/02131
Б.Ц ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/04198 дугаар шийдвэртэй,
Б.Ц ийн нэхэмжлэлтэй,
Т ХХК-д холбогдох,
Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би Т ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, чанарын хяналтын хэлтсийн талбайн чанар шалгагчаар ажилласан. Гэтэл Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
1.2. Т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргахад надад мэдэгдэлгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдан 2022 оны 12 дугаар сарын 04, 05-ны өглөө ажилдаа цагтаа ирсэн боловч орой ажлаас буусан карт болон хуруу уншуулаагүй тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 08, 17, 18-ны өдрүүдэд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагт ажилдаа ирж бүртгүүлээд ажилдаа гараагүй ажил тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж дүгнэсэн. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд заасны дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд нэг ч өдөр ажлаа тасалж, ажилдаа хайхрамжгүй хандаж байгаагүй.
1.3. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргасан боловч Т ХХК-аас төлөөлж хүн ирж хуралд оролцоогүй. Би ажиллах хугацаандаа сахилгын болон бусад алдаа дутагдал гаргахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан, уг ажлаас халсан тушаалыг алга болсон байна гэж хэлээд бүтэн жилийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуулбар үнэн дарсан тушаал ирүүлсэн.
Иймд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, 2023 оны Б/25 дугаар тушаал гаргасан. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргасан. Энэ үедээ тушаалаа авч хуулийн дагуу гомдлоо гаргаад явсан гэж ойлгож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.8-д заасан хугацааг алдаагүй болохыг нотлоогүй, энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь холбогдох баримтаар нотлогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гарсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар хариуцагч Т ХХК-д ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ц ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Т ХХК-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 04, 05-ны өглөө ажилдаа цагтаа ирсэн боловч орой ажлаас буусан карт болон хуруу уншуулаагүй тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 08, 17, 18-ны өдрүүдэд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагт ажилдаа ирж бүртгүүлээд ажилдаа гараагүй ажил тасалсан, 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ямар нэгэн хүнтэдтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан. Би дээрх өдрүүдэд ажлын байранд ажлаа хийж байсан бөгөөд энэ нь Т ХХК-ийн телеграмм системд үзлэг хийсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.
4.2. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр чанарын хэлтсийн дарга н.Б-тай ярьж намайг хэзээ хувиарт гаргах талаар асуухад тэр худлаа байх гэж хэлсэн тул 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр чанарын албаны дарга Г.Ундармаатай очиж уулзахад чамайг ажлын байран дээрээ архи уусан үндэслэлээр ажлаас халсан байна гэж хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтнээс чамайг ажлын байран дээр архи уусан үндэслэлээр ажпаас халсан тул ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн. Гэтэл намайг ажлаас халсан тушаал байгаагүй, тушаалын талаар мэдэгдэж надад гардуулаагүй.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т ...энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ажлын байраар хангах..., 43.2.6-д ...ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх..., Хөдөлмөрийн гэрээний 3.1.3-т Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг журмыг баримтлан ажилтныг ажлын тав тухтай нөхцөлөөр хангах, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай өрөө тасалгаа, ажлын байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, ажил үүргийн онцлогт тохирсон эд зүйлээр хангах, 3.1.5-д Ажил олгогч нь байгууллагын хөдөлмөрийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, ажилтныг мэргэжил, мэргэшлийнх нь болон ажпын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл Т ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг зөрчин ажлын байраар хангахгүй, миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд мөн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д ...хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах..., 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж ажилтанд танилцуулж, нэг хувийг хүлээлгэн өгнө гэж заасан. Т ХХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлэхэд оршин суугаа хаягтаа байдаггүй тул буцаж ирсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, би бүртгэлтэй хаягтаа өнөөдрийг хүртэл амьдардаг болно.
Иймд нэхэмжпэлийн шаардпагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Тухайн жилийн 09 дүгээр сараас дараа оны 04 дүгээр сар хүртэл түлшний улирал эрчимждэг, 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл ажлын ачаалал буурдаг тул ажилчдын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж чөлөө олгодог. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаал гарснаар 2024 оны 01 дүгээр сарын ажлын хуваарьт түүний нэр ороогүй. Үүнээс хойш бүтэн 4 сарын хугацаанд ажил хийлгэхгүй байхад холбогдох албан тушаалтантай уулзаж шалтгааныг тодруулах боломжтой байсан. Гэтэл н.О, н.Ж, н.Г гэх ажилчид руу миний асуудал юу болсон бэ гэх зэргээр утсаар ярьсан байдаг бөгөөд эдгээр хүмүүс Б.Ц ийн асуудлыг мэдэх эрх бүхий албан тушаалтнууд биш. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан үйл баримт цалингийн тооцооны хүснэгтээр нотлогддог.
Хөдөлмөрийн дотоод журмаар ахлах мэргэжилтэн чөлөө олгох субъект биш, харин хэлтсийн дарга 1 өдрийн чөлөө олгох эрхтэй, 1-ээс дээш өдрийн чөлөөг компанийн удирдлага хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж чөлөө олгодог бөгөөд Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд албан ёсны чөлөө хүсээгүй. Мөн 05-09 дүгээр сарын хугацаанд урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэлтсийн дарга мэдүүлэгтээ ...Б.Ц ийн ажил төрөл, ахуй байдлыг маш их харж ханддаг байсан. Би 1 өдрөөс дээш өдөр чөлөө олгох эрхгүй бөгөөд 2-оос дээш хоног ажилдаа ирээгүй байхад цагийг нь бүртгүүлж боломж олгосон байхад энэ хүн миний итгэлийг алдсан гэжээ.
5.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хариуцагчийн хаягаар шуудангаар илгээсэн боловч уг хаягт хүн байхгүй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон тушаал гарсан байхад Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Т ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс туршилтын хугацаагаар, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх-ийн 62, 146/
3.2. Т ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар тус компанийн чанарын хяналтын хэлтсийн талбайн чанарын хяналтын ажилтан Б.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан гэх үндэслэл зааж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. /1-р хх4/
3.3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Ц ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.10.5-д заасныг тус тус баримталсан байна.
4. Зохигчдын хооронд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацагаагаар ажил тасалсан эсвэл хаунлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал, Хөдөлмөрийн дотоод журмын 10.10.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалсан гурван өдөр, ээлжийн ажилтан дараалсан хоёр гарааны ажил тасалсан, нэг сарын хугацаанд ажил тасалсан цагийн нийлбэр 24 цагаас хэтэрсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц ийг байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 08, 22-ны өдөр ажил тасалсан гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4.3. Хариуцагч Т ХХК-ийн чанарын хяналтын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын ажлын цагийн хуваарийг тус хэлтсийн дарга баталсан бөгөөд уг хуваарийн 4 дүгээр ээлжинд нэхэмжлэгч Б.Ц зүүн бүсийн талбайд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 08-ны өдрийг дуустал хугацаанд ажиллах, 09-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал хугацаанд амрах, 17-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллах, 25-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд амрахаар зохицуулсан. /хх132-133/
4.4. Нэхэмжлэгч Б.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 08, 22-ны өдрүүдэд ажилласан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан телеграмм чатны зүүн бүс /хяналт/ гэх групп чатанд түүний оруулсан ажлын талаарх мэдээ, зураг гэх баримтаар тогтоогдсон. Мөн гэрч Г.Б шүүхэд ...Б.Ц 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалсан... гэж мэдүүлсэн. /хх86-126/
Дээрх үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, болон хэргийн бусад баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 08, 22-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд чөлөө авсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримтгүй байх тул түүнийг 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажил тасалж, Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
4.5. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.1-д ээлжийн үйлдвэрийн ажилчдаас бусад ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг байх ба ердийн ажлын өдрийн үргэлжлэл нь 8 цаг байна гэж, 7.1.2-д Ээлжийн ажилчдын нэг ажлын өдрийн үргэлжлэх хугацаа нь 12 цаг байна гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж заасанд нийцжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг байх тул 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны ажил тасалсан хоёр өдрийг 12 цагаар тооцоход 24 цаг болно. Үүнийг нэг өдрийн ажлын үргэлжлэл 8 цагаар тооцвол 3 өдөр байх тул энэ үндэслэлээр ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтныг ажлаас чөлөөлсөн хууль зөрчөөгүй.
Иймд ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаалчилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн байна. Үүнтэй холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын ...үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажил таслаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар болгож өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
5.2. Тодруулбал, хэргийн баримтаас үзэхэд нэхмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 24, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд ажлаас халсан тушаал гаргуулах, уг тушаалыг хүчингүй болгуулах, ажлын байраар хангуулах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн, харин хариуцагчаас ажлаас чөлөөлсөн тушаалыг хуулбар үнэн тэмдэг дарж нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн.
5.3. Үүний дараа нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба тус хорооноос гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусвар болсон. Уг шийдвэрийг нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны комисс нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх дүгнэлт хийгээгүй тул түүнийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/04198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...157 дугаар зүйлийн 157.1... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.1.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ