| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02402/И |
| Дугаар | 210/МА2024/02130 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02130
2024 12 09 210/МА2024/02130
Д.А гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/04707 дугаар шийдвэртэй,
Д.А гийн нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
Анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсаныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.А нь намайг хууран мэхэлж миний өмчлөлийн *** дүүрэг, ** дүгээр хороо, *** дугаар байр, **** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн аваад К ХХК -д ипотекийн 77,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хариуцагч Б.А гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 84,582,222 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 580,862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК -д олгож шийдвэрлэсэн.
1.2. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/XT2018/01302 дугаар тогтоолоор Д.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч К ХХК , Б.А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж К ХХК -ийн барьцаанд бүртгэлтэй, Б.А гийн өмчлөлийн дээр дурдсан орон сууцыг Д.А гийн өмчлөлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Д.А гийн өмчлөлд бүртгэгдэж, шинээр гэрчилгээ олгогдсон.
1.3. **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэрээр дээр орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай К ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2021/001602 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Y-2205001883 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэрт гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.А гийн өмчлөлийн дээрх хөрөнгийг Б.А гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хураан авч, Х ХХК -аар зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээчээр томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгч Д.А д танилцуулж гардуулсан. Тогтоолд зааснаар анхны дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд болохыг дурдсан. Д.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг иргэний шйидвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийн хамт шүүхэд гаргахад нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, Д.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Н- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан түдгэлзүүлсэн хугацааг зөрчиж 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Д.А гийн өмчлөлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан хөрөнгө 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага хуралдаанд оруулсан бөгөөд анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй үндэслэлээр худалдан борлогдоогүй.
Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үндэслэл, хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд шийдвэр гарсан өдрөөс эхлэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх, уг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаа болон түдгэлзүүлсэн үндэслэл арилсан эсэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьж ажилладаг. Д.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/00716 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/18 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор төлбөр төлөгч Д.А гийн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулж явуулсан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанаас төлбөр төлөгч Д.А д холбогдох анхны албадан дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж явагдсаныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар Д.А гийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-***** дугаартай, *** дүүрэг, ** дүгээр хороолол, ** дүгээр хороо, ** дугаар байрны **** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.А гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 172,720,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Д.А д 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан. Төлбөр төлөгч Д.А тайлантай танилцсаны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бие даан худалдан борлуулах нэг сарын хугацаа авах хүсэлтийг гаргасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр авагчид хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацааг олгосон. Төлбөр төлөгчийн заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч анхны албан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй.
2.2. Төлбөр төлөгч өөрийн хүсэлтээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг үндсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8441 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хариуцагч байгууллага захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагт хүлээж авсан талаар тэмдэглэлд бүртгэгдсэн. Улмаар тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00716 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр үнэлгээтэй холбоотой асуудал дууссан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2 талд 86,365,000 төгрөгөөр оруулах мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Д.А гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, *** дүүрэг, ** дүгээр хороолол, ** дүгээр хороо, ** дугаар байрны **** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан 2 дахь албан дуудлага худалдаанд худалдан борлогдон дуудлага худалдааны оролцогч 125,000,000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорсон.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дугаартай захирамжийн дагуу Б.А гийн тус банкинд төлөх төлбөрийг нэхэмжлэгч Д.А гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн, **** дүүргийн ** дүгээр хороолол, ** дүгээр хороо, ** дугаар байрны **** тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш32023/08441 дугаар захирамжийг хариуцагч Н- 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу анхны албадан дуудлага худалдаа явагдсаны дараа хүлээж авсан. Шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж ирээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсаныг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08441 дугаар захирамжаар төлбөр авагч К ХК, төлбөр төлөгч Д.А нарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэрх гүйцэтгэх газраас түдгэлзсэн хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны төлбөр төлөгч Д.А гийн өмчлөлийн орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулсан дээрх шүүгчийн захирамжийг илтэд зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлгээгүйгээс анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээнд холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцэх явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан. Анхан шатны шүүхээс уг захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид гардуулсан. Гэтэл тухайн захирамжийг гардуулахаас 6 хоногийн өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдаа явагдсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс гарсан шийдвэрийг хариуцагчид гардуулаагүй байхад дуудлага худалдаа явагдсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Д.А нь Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
4. **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А д холбогдох, **** дүүрэг ** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.А гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн, **** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгасан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00016 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх26-32/
4.1. Төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 173 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22370253 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. /хх-ийн 24, 35/
4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн, **** дүүрэг ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
4.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон байна. Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн, **** дүүрэг ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 172,720,000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Д.А д мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх62/
4.4. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н-т хандан орон сууцыг бие даан худалдан борлуулах хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. /хх-64/
4.5. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээний талаарх гомдлоо **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсэн байна.
4.6. Нэхэмжлэгч орон сууцыг худалдан борлуулаагүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 5/7 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгч Д.А д 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4-145/8110 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.
4.7. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/18 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож хоёр дахь албадан дуудлага худалгаагаар худалдан боруулахаар шийдвэрлэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 68/
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ... шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/08441 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг зөрчсөн гэж тайлбарласан.
5.1. **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/08441 дугаар захирамжаар **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Д.А гийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох, үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн. /хх6-7/
5.2. Энэ захирамжийг хариуцагч Н-т анхны албадан дуудлага худалдаа явагдсаны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлснийг 18.00 цагт хүлээн авч байгууллагын бүртгэлийн 240 дугаарт бүртгэж, 145 дугаар тойрогт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан уг захирамжийн ард хэсэгт хариуцагч байгууллагын дардас дарсан баримтаар тогтоогдсон. /хх-ийн 43/
5.3. Мөн хэргийн 103-106 дугаар тал дахь Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн бичгийн нотлох баримт болох хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э ын өгсөн мэдүүлэгт ...**** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/08441 дугаар захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байгууллагын бүртгэлийн 240 дугаартай бүртгэн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагт 145 дугаар тойрогт шилжүүлсэн. ...тус захирамж манай байгууллагад бүртгэгдэж ирсэн үеэс эхэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Энэ цаг хугацаанаас өмнө бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт төлбөр төлөгч Б.А гийн орон сууц анхны дуудлага худалдаанд орсон боловч нэг санал ирснээр өрсөлдөх боломжгүй гэдэг үндэслэлээр дуудлагаар орон сууц нь зарагдаагүй... гэжээ. /хх103-104/
5.4. Дээрхээс дүгнэвэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт явагдсан анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчсөнийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримталсан нь оновчгүй байгаа боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. **** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/04707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ