| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0179/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/196 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 1938002830213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Д.Д.
Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух иргэн О.А-ын LCD зурагт, үстэй дээл, 10.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух иргэн О.А-ын эсрэг “хүнд хэлэх юм бол ална шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “гэдэс рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж” хүч хэрэглэн, түүний LCD зурагт, үстэй дээл, 10.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
- Хохирогч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ байсан 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний үзүүрсгэн нэхий дээл 1 ширхэгийг дээрэмдүүлсэн. ...Д.Д- гэж Төмөрбулаг сумын харъяат эрэгтэй хүн намайг зодож цохиод хүчээр гэрт байсан зурагтыг аваад, дээлийг авдарнаас аваад намайг хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлж сүрдүүлээд үүнээс гадна намайг хоол унд хийж тавь гэж хэлээд дээрэмдсэн. ...Намайг гэдэс рүү өшиглөж, толгой руу цохисон. ...намайг дээрэмдсэн хэрэг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болсон юм. ...Би Д.Д-той эвлэрч 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба надад учирсан хохирол болох 750.000 төгрөгийг бэлнээр гаргуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 12-13, 14 дүгээр хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч О.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орой манай ээжийг Л-гэдэг ах ээжийн нүүр рүү 3 удаа алгадсан. 1 удаа толгой руу нь цохисон. Тэгээд намайг шанаа руу 1 удаа цохисон. Миний толгой руу бас нэг удаа цохисон. Тэгээд бид хэд унтаж амарсан. Маргааш өдөр нь Л-гэдэг манай гэрт ганцаараа 1 шил архи уугаад манай зурагтыг ээж бид хоёроос булааж аваад яваад өгсөн. Төд удалгүй нэлээд согтуу ирээд манай гэрт байсан үстэй дээлийг аваад гараад явсан. ...Манай ээжид 10.000 төгрөг байсан чинь Л-гэдэг ах ээжээс мөнгийг булааж аваад архи тамхи авсан. ...ээж бид хоёр орон дээр унтаж байтал ээжийг цохиж зодоод дараа нь зурагт, үстэй дээлийг дээрэмдээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17 дугаар хуудас/,
Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 04-ний орой над руу охин О.А- залгаад намайг хүн дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс цагдаад дуудлага өгөөд шөнө орж ирсэн ба Мөрөн сумын 3 дугаар багийн 2-03 тоотод охин О.А-ын гэрт ирэхэд Д.Д- гэх эрэгтэй ЛСД зурагт, үстэй дээл зэргийг дээрэмдээд аваад явсан тухай надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг 300.000 төгрөгөөр, эмэгтэй хүний үзүүрсгэн үстэй дээлийг 450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би О.А-ын өнгөт зурагт, үстэй дээл хоёрыг дээрэмдэж авснаа санаж байна. Би тэр үед архи уусан согтуу байсан. Би О.А-аас дээрэмдэж авсан өнгөт зурагт, үстэй дээл хоёрыг нь Мөрөн сумын зах дээр үл таних хүнд нийлүүлээд 200.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд би зурагт, үстэй дээл зарсан мөнгөөрөө архи ууж дуусгасан. ...Би хохирогчийг түлхэж унагаад эд зүйлсийг нь аваад явсан. ...Намайг зурагтыг нь авна гэж хэлэхэд хохирогч О.А- эсэргүүцэл үзүүлэхээр нь би түлхэж унагаасан. ...Би О.А-аас тухайн хэрэг гарах үед шиг санагдаж байна 10.000 төгрөг дээрэмдэж аваад архи аваад уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56, 62-63 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух иргэн О.А-ын эсрэг “хүнд хэлэх юм бол ална шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “гэдэс рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж” хүч хэрэглэн, түүний LCD зурагт, үстэй дээл, 10.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11, 12-13, 14 дүгээр хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч О.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 17 дугаар хуудас/, гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн Самсунг маркын 32 инчийн зурагтыг 300.000 төгрөгөөр, эмэгтэй хүний үзүүрсгэн үстэй дээлийг 450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-56, 62-63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл “...Надад дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн шалтгаан байгаагүй. ...би мөнгөөрөө архи ууж дуусгасан. ...Би О.А-ыг урьд өмнө таньж мэддэг байгаагүй. Надад ямар нэгэн хувийн харилцаа байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/-ээс үзвэл шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хохирогчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Д- нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух иргэн О.А-ын эсрэг “хүнд хэлэх юм бол ална шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “гэдэс рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж” хүч хэрэглэн, түүний LCD зурагт, үстэй дээл, 10.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 750.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.А-тай эвлэрлийн гэрээ байгуулж, “...Д.Д- би О.А-аас уучлалт гуйж, хохирлыг нь бүрэн барагдуулсан. О.А- би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Д.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ын согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух иргэн О.А-ын эсрэг “хүнд хэлэх юм бол ална шүү” гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “гэдэс рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж” хүч хэрэглэн, түүний LCD зурагт, үстэй дээл, 10.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар
тогтоогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, шийтгэгдсэн ялыг эдэлж буй байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 750.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Д.Д- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дуусаагүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын “...Ялтан Д.Д- нь Мөрөн сумын Хот тохижуулах үйлчилгээний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажлын 5 өдөрт, 4 цагаар нийт 84 цаг зам талбайн хэсэгт ажилласан бөгөөд дээрх хугацаанд ажил тасалж зөрчил гаргаагүй болно. Ялыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эдэлж дуусгавар болно” гэх албан тоот /хх-ийн 44 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...Ялтан Д.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 132 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 2019 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 108 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна” гэх албан тоот зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ...ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэх заалтуудыг баримтлан шүүгдэгч Д.Д-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Д-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарын саналыг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэхийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар сольж, 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ