| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/4699/и |
| Дугаар | 0274 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 0274
| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2016/00274 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 1350 тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, Боржигин овгийн Цэгмидийн Мөнхгэрэл /РД:СЙ85121417/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-4 гудамжны 70 тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Ханхөхий овгийн Ваанчигийн Бадамжав /РД:ХД63070768/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 7 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Бадамжавтай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай байгуулсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч, В.Бадамжав нь зээлээ төлөхгүй өнөөдөрийг хүрлээ. Иймд хариуцагч В.Бадамжаваас үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, 412 хоногийн алданги 2 840 000 төгрөг нийт 7 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хамгийн анх 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр В.Бадамжав нь надаас 4 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан юм. Гэвч В.Бадамжав нь хугацаандаа зээлээ төлөөгүй ба түүний хүсэлтээр гэрээ үргэлжилж байсан юм. Энэ хугацаанд зээлийн хүү алдангид нийт 1 600 000 төгрөг төлсөн. Ингээд бид харилцан тохиролцож, зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичгээр байгуулж, сарын хүүг 15 хувь болгон, нэг сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм.
Зээлийн барьцаанд В.Бадамжав нь өөрийн өмчлөлийн газраа барьцаалсан боловч, бид барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй юм. Иймд В.Бадамжаваас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, 412 хоногийн алданги 2 840 000 төгрөг нийт 7 440 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч В.Бадамжав хариу тайлбартаа: Миний бие нь нөхрийн дүү Чулуунбаатарын гуйлтаар Ц.Мөнхгэрэлээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн газрын гэрчилгээг барьцаалсан юм. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 400 000 төгрөг тус тус ХААН банкны шилжүүлгээр шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бэлэн 800 000 төгрөг төлж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар зээлсэн гэрээг байгуулсан ... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл нь хариууагч В.Бадамжавт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 7 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл нь хариуцагч В.Бадамжавт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 7 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч В.Бадамжав зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгчид 2015 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд нийт 1 600 000 төгрөгийг төлж, үлдэх 4 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэж маргаж байгаа болно.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч В.Бадамжав нь нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлээс 4 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног туамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлж, тогтоосон хугацаанд мөнгийг буцаан төлөөгүй, зээлийн гэрээ сунгагдан үргэлжилж байсан тухайд талууд маргахгүй байна. /х.х-ийн 4, 20-21 тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэлцлийн дагуу 4 000 000 төгрөг шилжүүлээгүй байх ба өмнөх зээлийн гэрээг сунгахаар харилцан тохиролцсоны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалттай нийцсэн байна.
Хариуцагч В.Бадамжав нь нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 400 000 төгрөгийг ХААН банк дах Ц.Мөнхгэрэлийн дансаар, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 800 000 төгрөг /бэлэн/ тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 12-13, 18-19 тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Талууд дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 4 000 000 төгрөгт, сарын 10 хувийн хүү тооцох, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах заалттай нийцсэн байх тул, хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги шаардах эрх зүйн дагавар бий болно гэж үзэхээр байна.
Зохигчдын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээгээр хариуцагч Б.Бадамжав 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 10 хувь байхаар харилцан тохиролцсон гэж үзнэ.
Гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги, тооцохоор талууд тохиролцжээ.
Хариуцагч Б.Бадамжав нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дах заалтыг дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн хүүг, хүү тохиролцсон өдрөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алдангийг үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз төлөх хариуцлага, уг тохиролцоо хийгдсэнээс хойш тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн хариуцагч В.Бадамжавын үүргийн хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч В.Бадамжав 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн 1 200 000 төгрөг нийт 5 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 20 тал/
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байх ба зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн төлбөрт 1 600 000 төгрөг төлсөн гэж үзнэ.
Иймд хариуцагч 5 200 000 төгрөг /үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /төлөхөөс гэрээний хугацаанд 1 600 000 төгрөг төлж, 3 600 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /х.х-ийн 12-13, 18-19 тал/
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хамаарагдана.
Мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх ба үүнд шүүхийн зардал, үндсэн үүрэг, хүү төлүүлэх дараалалтай болно.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний хугацаанд төлсөн 1 600 000 төгрөгийг зээлийн үндсэн үүрэгт хасч тооцоход үндсэн үүрэг 3 600 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3 600 000 төгрөгийн 50 хувиар алданги тооцох үндэслэлтэй.
Иймд хариуцагч В.Бадамжаваас зээлийн гэрээний үүрэгт 5 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2 040 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч В.Бадамжав нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0900 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. /х.х-ийн 35-37 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0900 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч В.Бадамжавт мэдэгдсэн боловч, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 38-39 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч В.Бадамжаваас 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлд олгож нэхэмжлэлээс 2 040 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч В.Бадамжаваас 101 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ