| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02241/И |
| Дугаар | 210/МА2024/02104 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/02104
2024 12 04 210/МА2024/02104
М ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03518 дугаар шийдвэртэй
М ХК-ийн нэхэмжлэлтэй,
Д ХХК -д холбогдох,
Үйлчилгээний хөлс 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Д ХК нь М ХК-тай 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлэн үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу М ХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлс тогтоосон. Тус журмын 21.7-д зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 01 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан боловч хариуцагч төлбөл зохих төлбөрөө цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагч Д ХК-аас үйлчилгээний хураамж 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний аав эрүүл мэндийн хүнд шалтгаантай байсан тул Э.Э би Д ХК -ийг 2018 оны 5 сарын 17-ны өдөр нэр дээр шилжүүлэн авсан. Уг компанид өөрийн хөрөнгө байхгүй, харин нийт 500 гаруй хувьцаа эзэмшигчтэй гэсэн бүртгэл байдаг. Д ХК нь 2008 оны 77 дугаар тогтоолоор арилжааг зогсоосон 165 компанийн нэг бөгөөд одоог хүртэл арилжаа зогссон, М ХК-ийн бүртгэлээс хасагдсан хэвээр байна.
Иймд манай компанид үйлчилгээ үзүүлээгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХК-ийн гаргасан хариуцагч Д ХХК -д холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч тохирсон хөлс төлөх, нэхэмжлэгч арилжаа зохион байгуулах ажпыг хийж гүйцэтгэхээр заасан байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь ажил гүйцэтгэгч өөрийн материалаар эсхүл захиалагчийн материалаар ямарваа нэг ажлыг хийж гүйцэтгэх ба гэрээний зүйл ажлын үр дүн үзүүлсэн байхыг шаарддаг. Гэвч биржийн хувьд үнэт цаасаа арилжаалах компанийг бүртгэн авч олон нийтэд нээлттэйгээр хувьцааг арилжин түүний ирүүлсэн мэдээллийн дагуу хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээлэл, үнэт цаасны ханшид нөлөөлөх мэдээлэл зэргийг тухай бүр цахим сайтад байршуулдаг. Компанийн үнэт цаас арилжигдах эсэх нь биржтэй хамааралгүй бөгөөд үнэт цаас арилжигдахгүй бол бирж ямар нэгэн үүрэг хүлээдэггүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан бүртгэлийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ биш нэрлэгдээгүй гэрээ юм.
4.2. Д ХХК нь М ТӨХК-тай 1993 оны 06 сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, манай биржээр дамжуулан үнэт цаасаа арилжаалах үүний төлөө хөлс төлөх 2 талын үүрэг үүссэн. Гэрээнд Д ХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, он cap өдрийг тодорхой заасан ч тэмдэг дарж баталгаажуулаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохыг хуульд заагаагүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцлийг бичгээр хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар" гэрээг байгуулсанд тооцно.
М ТӨХК-ийг төлөөлж ерөнхий захирал Н.З, бүртгэл судалгааны албаны захирал, Д ХК-ийн захирал Г.З, төлөөлж Ж.Б нар гарын үсгээ зурж баталгаажуулан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Хариуцагч талаас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлдээ энэ талаар маргаагүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааг зогсоосон тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж түүнтэй холбогдуулан биржид үнэт цаасны бүртгэлээ сэргээлгэхээр арга хэмжээ авч байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан. Гэвч шүүхээс гэрээнд тэмдэг дараагүй үндэслэлээр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж хариуцагчийн төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн хирнээ гэрээг бичгээр байгуулахыг шаардсан нь үндэслэлгүй юм.
4.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу М ХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журмаар үйлчилгээний хөлс тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт бирж журмыг баталж мөрдүүлэх талаар заасан бүртгэлийн гэрээнд журмыг мөрдөх талаар тусгах зохимжгүй. Учир нь журамд нэмэлт өөрчлөлт орох, шинэчилсэн найруулга батлагдах бүрд талууд хоорондоо байгуулсан гэрээг тухай бүр өөрчлөх шаардлага үүсдэг тул гэрээнд холбогдох бусад хууль журмыг чанд мөрдөнө гэж оруулсан. Өөрөөр хэлбэл, биржид бүртгүүлсэн компани нь тухайн үед мөрдөгдөж буй биржийн дүрэм, журмыг дагаж мөрдөх юм. Гэрээнд ямар журмыг дагаж мөрдөх талаар оруулаагүй нь хариуцагчийг төлбөрөө төлөх үүргээс чөлөөлөх нөхцөл бүрдэхгүй.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмыг батлах, 49.3-т Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасны дагуу М ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс үнэт цаасны бүртгэлийн журмыг баталсан. Хэрэгт авагдсан М ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2014/05 тоот, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 тоот, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолуудын хавсралтаар үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэн уг журмаар үнэт цаас гаргагч нь бүртгэлтэй байх хугацаандаа холбогдох журам болон гэрээнд заасны дагуу жилийн үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөх үүрэгтэй, жилийн үйлчилгээний хөлсийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс журамд заасан хэмжээгээр тооцож, тухайн оны нэгдүгээр улиралд багтаан биржийн дансанд шилжүүлнэ гэж зохицуулсан.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2014/05 тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журмын 24 дүгээр зүйлийн 24.16-т Үнэт цаасны арилжааг зогсоосон нь жилийн үйлчилгээний хөлс төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 77 дугаар тогтоолоор Д ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоосон ч хөлс төлөх үүрэгтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Энэ хуулийн 72.2- т заасны дагуу хүчин төгөлдөр болсон дүрэм, журмыг гишүүд нь заавал дагаж мөрдөнө гэж заасны дагуу Д ХК нь үнэт цаасны бүртгэлийн журмыг дагаж мөрдөх үүргээ хэрэгжүүлж жилийн үйлчилгээний хөлсөө төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т үндэслэн хэлцэл байгуулагдан нэг талаас үйлчилгээ үзүүлж нөгөө талаас төлбөр төлөх эрх, үүрэг үүссэн үүний дагуу үүргээ биелүүлээгүй этгээдээс нөгөө тал нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байхад нэхэмжлэлийг хангаагүй нь буруу гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэрлэсэн болон нэрлэгдээгүй гэрээнүүд агуулгын хувьд адилхан гэрээнүүд байдаг. Эдгээр гэрээнүүдийн ерөнхий шинж чанар, агуулга нэг байдаг тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Д ХК -д холбогдуулан үйлчилгээний хөлс 500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсрн байна. Үүнд:
3.1. Дорнод аймгийн Ардын хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Гадаад худалдааны дамжлага баазыг хувьчилж, төрийн өмч давамгайлсан Д ХК болгон өөрчилж, тус компанийн хувьцааны 51 хувь буюу 3272,5 мянган төгрөгийн 32725 ширхэг хувьцааг төрийн мэдэлд, компанийн ажиллагсадад давуу эрхээр нийт хувьцааны 3,2 хувь буюу 2100 ширхэг хувьцааг үлдээж, үлдэх 293342 ширхэг хувьцааг нийтэд арилжаалахыг М-ид зөвшөөрч шийдвэрлэсэн.
3.2. Үнэт цаас бүртгүүлсэн Д ХК нь М-тэй 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХК нь Д ХК -ийн үнэт цаасны арилжааг ил тод, үнэн зөв шударга явуулах, Д ХК -аас М-ид үнэт цаас бүртгэж авах журам болон холбогдох бусад хууль журмыг чанд мөрдөх гэж тохиролцсон байна. /хх-19/
Анхан шатны шүүх дээрх гэрээг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу, харин гэрээний шинж, агуулга, тохирсон нөхцөл, талуудын харилцан хүлээсэн эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
3.3. М ХК-д үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа эрхлэх эрхийг Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор гэрчилгээ олгосон. /хх-6/
3.4. М ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2007 оны 12 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот тогтоолоор Үнэт цаасны бүртгэлийн журам-ыг баталж, улмаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №05 дугаартай тогтоолоор дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2014/05 дугаартай тогтоолоор Бүртгэлийн журам-ыг баталсан, үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаартай тогтоолоор, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 дугаар тогтоолоор тус тус Үнэт цаасны бүртгэлийн журам-ыг удаа дараа шинэчлэн баталсан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ...Д ХК -тай бүртгэлийн гэрээ байгуулсан, М ХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй тул үнэт цаасны бүртгэлийн журам баталж үйлчилгээний хөлс тогтоосон. Уг журамд зааснаар хариуцагч 2014 оны жилийн үйлчилгээний хөлсийг төлөөгүй байгааг гаргуулна... гэж, хариуцагч татгалзлаа ...Д ХК нь 2008 оны 77 дугаар тогтоолоор компанийн арилжааг зогсоосон тул М ХК-ийн бүртгэлээс хасагдсан хэвээр байдаг. Иймд үйлчилгээний хураамж төлөх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарласан.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах үүрэг юм.
4.2. Хэргийн баримтаар үзэхэд хариуцагч Д ХК нэхэмжлэгч М ХК-д бүртгэлтэй байсан бүртгэлээс хасагдаагүй, бүртгэлийг сэргээсэн, 2014 оны байдлаар 500,000 төгрөгийн үйлчилгээний хураамж төлөх үлдэгдэлтэй байсан эсэх, уг хугацааны төлбөр төлөгдөөгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасантай нийцүүлэн үнэлж хариуцагч Д ХК -д холбогдох үйлчилгээний хураамж 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэт цаасны арилжааг зогсоосон боловч хариуцагч журамд зааснаар үйлчилгээний хураамж төлөх үүрэгтэй... гэх гомдлыг хангахгүй.
5. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар болгож өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1... гэснийг ...359 дүгээр зүйлийн 359.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ