| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/06532/И |
| Дугаар | 210/МА2024/02103 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/02103
2024 12 04 210/МА2024/02103
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
П ХХК -д холбогдох,
Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 93,948,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. А ХХК нь П ХХК -тай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээгээр П ХХК -ийн ачааг БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл удаа дараа тээвэрлэн хүлээлгэн өгсөн. Хариуцагч П ХХК -аас тээврийн хөлсөнд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 6,844,600 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,614,140 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17,279,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,098,405 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 35,150,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,760,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,022,850 төгрөг, 2022 оны 11дүгээр сарын 02-ны өдөр 1,621,802 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13,694,250 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус төлсөн.
Талууд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд П ХХК -аас тээврийн хөлсөнд 20,594 ам.долларыг төлөх өртэй гарсныг баталгаажуулсан боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Улмаар хариуцагч П ХХК -аас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/11 тоот албан бичгээр 4 дүгээр сард 6,865 ам.доллар, 5 дугаар сард 6,865 ам.доллар, 6 дугаар сард 6,865 ам.долларыг тус тус төлөх талаар мэдэгдэж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Үүний дараа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 01/31 тоот албан мэдэгдлээр тээвэрлэлтийн тооцооны үлдэгдэл болох 19,165.42 ам.доллароос 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4,800 ам.доллар, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 4,800 ам.доллар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,800 ам доллар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,765.42 ам долларыг төлөх талаар дахин мэдэгдэж байсан ч төлбөрөө төлөөгүй.
1.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д Тээвэр зохион байгуулагчийн нэхэмжилсэн тээвэрлэлтийн төлбөрийг хэтрүүлсэн хоног тутамд үйлчлүүлэгч нь тээвэр зохион байгуулагчид нийт нэхэмжлэхийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэхүйц алданги тооцон төлөхөөр тохиролцсон. Иймээс хариуцагч П ХХК -аас манай компанид дутуу төлсөн 19,165.42 ам.долларыг 0.2 хувийн алданги тооцоход хоногт 38.33 ам.доллар болж байгаа бөгөөд төлбөр төлсөн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 213 хоногийн алданги нийт 8,164.29 ам.доллар болсон.
Иймд хариуцагч П ХХК -аас гэрээний үүрэгт 19,165.42 ам.доллар буюу 65,882,846 төгрөг, алданги 8,164.29 ам.доллар буюу 28,065,726 төгрөг, нийт 27,329.54 ам.доллар буюу 93,948,574 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан тээвэр зуучийн үйлчилгээ авсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс төлбөрийн нэхэмжлэх явуулах үед манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Ү, О.Б нар үгсэн тохиролцож тээврийн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж компанийн данснаас мөнгө шилжүүлэн авсан. Бидний зүгээс тухайн үед тээврийн төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон боловч нэхэмжилж байгаа 19,165.25 ам.доллар буюу 65,852,846 төгрөгөөс төлөлт хийгдээгүй болохыг мэдсэн. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад зохих ёсоор гомдол гаргасан.
Иймд манай байгууллага үндсэн төлбөрийг график гаргаж хувааж төлөх саналтай байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус зааснаар хариуцагч П ХХК -аас 85,116,298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,832,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 583,531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогч, зохигчийн эдлэх эрх, үүргийг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32024/00919 дугаар захирамжаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилж, арилжааны банкин дах дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилж шийдвэрлэсэн. Мөн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслах нь шүүхийн шийдвэрийг гарсан талаар хэргийн оролцогчид мэдэгдээгүй, шийдвэрийг хүргүүлэхдээ хариуцагчийн хуучин хаягаар илгээсэн нь хариуцагч шийдвэрийг гардан авах, түүнд зохих ёсоор гомдол гаргах эрхийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон. Дээрхээс үзвэл шүүгч болон шүүгчийн туслахын үйлдэл хэргийн оролцогч нарт адил тэгш хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчмыг бүхэлд нь хэрэгжүүлээгүй.
4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр болон түүнээс тооцсон алдангийн хэмжээг тогтоохдоо 2023 оны 06 дугаар сарын 09- ний өдрийн тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээг шаардах эрхийн үндэслэлээ болгон тодорхойлсон. Уг гэрээнд ерөнхий захирал Н.Х гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл хариуцагч П ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Н.З нь 2022 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын гарын үсэг нь итгэмжлэл олгосон албан бичигт бичигдсэн. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Н.Х нь П ХХК -д агентаар ажиллаж байгаад А ХХК-д агентаар ажиллах болсон. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлттэй холбоотой аливаа шийдвэрийг гаргалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. П ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс тээвэр зуучин төлбөрийг шилжүүлж эхэлсэн байхад сүүлд 2023 оны 06 дугаар сард А ХХК-ийн ажилтан Н.Х өөрийгөө П ХХК -ийн ерөнхий захирал мэтээр гарын үсэг зурж гэрээ байгуулан, уг гэрээг үндэслэн алданги нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, түүнээс тооцсон алданги байхгүй болохыг талуудын тооцоо нийлсэн акт болон талуудын солилцож байсан албан бичгүүдээс тодорхой харагдана.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Талууд тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээгээр П ХХК -ийн ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг А ХХК зохион байгуулж байсан. Хариуцагч гэрээ байгуулагдсанаас хойш нийт 11 удаагийн тээврийн хөлс төлсөн. Харин гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд ачаа тээвэрлэлтийн хөлс төлсөн. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус, гэрээ хуурамч эсэх асуудлаар ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцээгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр талууд гэрээний үлдэгдэл төлбөрийн үнийн дүн дээр тооцоо нийлж акт үйлдсэн.
Тус гэрээнд нэг талаас А ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Н, нягтлан бодогч н.М, нөгөө талаас П ХХК -ийн гүйцэтгэх захирал н.З, нягтлан бодогчийн хамт гарын үсэг зурсан. Мөн П ХХК үлдэгдэл төлбөрийг төлөх талаар 2 удаа албан бичиг ирүүлсэн. Тиймээс гэрээ байгуулагдсан эсэхтэй холбоотойгоор талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан хариу тайлбаруудад 19,165.25 ам.доллар буюу нэхэмжлэлийн үнийн дүнгийн үндсэн төлбөр болох 65,882,846 төгрөгийг хүлээн зөвшөөрч графикийн дагуу төлнө гэдэг бөгөөд алданги төлөх эсэхтэй холбоотой асуудлыг хэлэлцье гэх үндэслэлээр шүүх хуралдааныг нэг удаа хойшилж байсан.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт ...нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Хариуцагч П ХХК -ийг гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан этгээд төлөөлөх эрхгүй этгээд байсан эсэх асуудлыг хэлэлцэхгүй. Мөн хуулийн 65.2 дахь хэсэгт ...төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж заасан.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т ...шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар дурдах ёстой гэж заасан боловч хариуцагч хуульд заасан үндэслэлээс өөрөөр давж заалдах гомдол гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид хариуцагч гомдол гаргаад хүчингүй болгуулсан. Тиймээс шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
5.3. Хуурамч нотлох баримт мөн эсэхийг эрх бүхий байгууллага буюу шүүх тогтоодог бөгөөд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзвэл хэргийн оролцогчид тухайн баримтыг хэргийн материалаас хасуулах тухай хүсэлт гаргах эрхтэй боловч хариуцагч тал энэ эрхээ анхан шатны шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүй.
5.4. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 40 минутад эхэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хавтаст хэргийн 74 дүгээр талд баримтаар авагдсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэйлээр явуулсан ...А ХХК-аас гэрээнд гарын үсэг зурсан Н.Х гэх хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргуулах, мөн цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хэргийн материалд хавсаргуулах тухай хүсэлтүүдийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 27 минутад ирүүлсэн.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч П ХХК -д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 65,882,846 төгрөг, алданги 28,065,726 төгрөг, нийт 93,948,574 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч алданги төлөхийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь П ХХК -ийн Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх ачааг усан, хуурай болон агаарын замаар болон орон нутагт тээвэрлэхэд шаардлагатай тээвэр зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлэх, П ХХК хөлс төлөх үүрэг харилцан хүлээсэн. /хх9-11/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ, мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан тээвэр зуучийн гэрээнд ерөнхий захирал Н.Х гэж гарын үсэг зурсан, гэтэл П ХХК -ийн гүйцэтгэх захирлын чиг үүргийг Н.З хэрэгжүүлдэг тул Н.Х компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж маргасан. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулахдаа үйлчлүүлэгчийг төлөөлж ерөнхий захирал Н.Х гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсанаас үзвэл төлөөлөх эрхтэй этгээд гэх ойлголтыг өгсөн байх тул төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн, хариуцагчаас Н.Х нь П ХХК -ийн ерөнхий захирал гэж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж тайлбарладаг боловч хуурамч нотлох баримт бүрдүүлж гарын үсэг зурсан талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон баримтгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
3.1. Нэхэмжлэгч А ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл хариуцагч П ХХК -ийн ачааг тээвэрлэхэд тээвэрлэлтэд зуучилсан, хариуцагч П ХХК -аас тээврийн хөлсөнд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 12 удаагийн гүйлгээгээр нийт 209,085,047 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх12-34/
3.2. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, актаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлэхэд хариуцагч П ХХК нь 20,594 ам.долларын өр төлбөртэй гарснаар хариуцагч байгууллагын захирал болон нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх35/
3.3. Хариуцагч П ХХК -аас нэхэмжлэгч А ХХК-д хандан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/11 тоот албан бичгээр 4 дүгээр сард 6,865 ам.доллар, 5 дугаар сард 6,865 ам.доллар, 6 дугаар сард 6,865 ам.доллар төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж баримт үйлдсэн. Улмаар хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. /хх37-38/
3.4. Үүний дараа 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/31 тоот албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4,800 ам.доллар, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,800 ам.доллар, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,800 ам.доллар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,765.42 ам.долларыг тус тус төлнө гэж баримт үйлдсэн. /хх 36, 39/
3.5. Талуудын байгуулсан гэрээний 4.9-т Үйлчлүүлэгч нь урьдчилан цахим шуудан болон бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлсийг ачааг эцсийн цэг буюу гаалийн хяналтын бүсээс хүлээн авахаас өмнө бүрэн барагдуулсан байх үүрэгтэй гэж тохиролцсон боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн буруутай байна. Иймд нэхэмжлэгч А ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П ХХК -аас шаардах эрхтэй.
3.6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 65,882,846 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
4.Талуудын байгуулсан гэрээний 4.6-д Тээвэр зохион байгуулагчийн нэхэмжилсэн тээвэрлэлтийн төлбөрийг хэтрүүлсэн хоног тутамд үйлчлүүлэгч нь тээвэр зохион байгуулагчид нийт нэхэмжлэхийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлийг тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан.
4.1. Мөн хариуцагч тээврийн хөлс 19,165,42 ам.долларыг төлөөгүй нь талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. Түүнчлэн, тооцоо нийлсэн актаар тээврийн хөлсийн үлдэгдлийг тохиролцсоныг алдангийн талаар тохиролцсон гэж үзэхгүй. Харин талууд гэрээгээр алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон, хариуцагч тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
4.2. Анхан шатны шүүх гэрээнд заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 19,165.42 ам.доллараас 0,2 хувиар тооцоход 1 өдрийн алданги 38,33 ам.доллар, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 146 хоногоор тооцон хариуцагчаас 5,596 ам.доллар буюу 19,233,452 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алданги шаардах эрхгүй, энэ талаар тохиролцоогүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/00919 дугаар захирамжаар хариуцагч П ХХК -ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжэлийн үнийн дүн 93,948,574 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн. Уг захирамжид хариуцагч талаас гомдол гаргасан бөгөөд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2024/00118 дугаар тогтоолоор шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/00919 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн... гэх гомдлыг хангахгүй.
5.2. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/22669 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэр гарсныг хэргийн оролцогчид мэдэгдээгүй, шийдвэрийг хүргүүлэхдээ хариуцагчийн хуучин хаягаар хүргүүлсэн, гомдол эрхийг хязгаарласан... гэх гомдлыг хангахгүй.
5.3. Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/03271 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. Улмаар шүүх хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 40 минутад эхэлсэн нь мөн өдрийн шүүх хуралдааныг тэмдэглэлээр тогтоогдсон. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхэлсний дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 27 минутад нотлох баримт гаргуулах хүсэлтийг имэйл хаягаар ирүүлсэн байна. Иймээс шүүх хуралдаанаас өмнө хариуцагч талаас хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримт гаргуулах хүсэлт шийдвэрлэхгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн... гэх гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг А ХХК гэж техникийн шинжтэй алдаа гарсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/00777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 583,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ