| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2024/00360/И |
| Дугаар | 208/МА2024/00070 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 208/МА2024/00070
******* банкны Сэлэнгэ салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 148/ШШ2024/00469 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 37,284,962.63 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай
Хэргийг хариуцагч ******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн, Х.Тэмүүжин /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 31,181,551.26 төгрөг, 2024 оны 06-р сарын 04-ны өдрийн байдлаарх хүү 5,743,394.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,017.26 нийт 37,284,962.63 төгрөг нийт төлбөр 37,284,962.63 / Гучин долоон сая хоёр зуун наян дөрвөн мянга есөн зуун жаран хоёр төгрөг жаран гурван мөнгө /-ийг *******, ******* нараас гаргуулах,
2./Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүр биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.
2.Иргэн ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь ******* банктай 2022 оны 03 дугаар сарын .... өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 42,500,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар холимог зориулалтаар авсан.
Банк нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч *******ын ******* банк Аль ******* дансанд 42,500,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч ******* нь ажил сольсонтой холбоотой болон зээлийн хуваарь өөрчлүүлэх хүсэлт гарган үндсэн зээлийн гэрээнд 2 удаа нөхцөл өөрчилж, зээлийн дансны дугаарыг тоот болгон өөрчлүүлж зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт бүхий зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан тоот дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот зээл 360 хоног хугацаа хэтэрч бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч *******ын зээлийн барьцаанд... Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр багийн нутагт орших /ПСМК -р байрны тоот гэрчилгээний дугаар: , Улсын бүртгэлийн дугаар *******, 30 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* овогтой ******* миний бие ******* овогтой ******* миний бие ******* банкны нэхэмжлэлийн 37,284,962.63 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 37,284,962.63 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд аавын байр байдаг гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 148/ШШ2024/00469 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар ******* ******* нараас үндсэн зээлийн төлбөрт 31,181,551.26 зээлийн хүүд 5,743,394.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 360,017.26 төгрөг, нийт 37,284,962.63 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж ******* банк ХХК-нд олгож,
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр багт орших ПСМК/-д байршилтай, дугаар байрны тоот, 30 мкв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн № тоот гэрчилгээний дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр ******* банк ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,375 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 344,375 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар нь шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 469 дугаартай шийдвэрийг хариуцагч *******ын зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний хүү *******ын хувьд анх 2020.10.01-ний өдөр ******* банкнаас цалингийн зээл 36,000,000 төгрөгийг авсан ба ажлаасаа гарсан учир банкны зүгээс хүсэлт тавьж зээлийн нөхцөлийг өөрчилсөн гэж ойлгож байна.
Миний зүгээс анхны цалингийн зээл болох 36,000,000 төгрөгт огт оролцоогүй ба сүүлд нь нэг гэрээ байгуулсан гарын үсгээ зурчих гэхээр нь хотын салбарт очиж зурж байсан. Ямар утгатайг бол огт мэдээгүй.
Гэтэл сүүлд дахин гэрээ байгуулна гэж хэлэхээр нь би бол хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсгээ зураагүй юм. Гэтэл миний гарын үсэггүйгээр барьцааны гэрээ хийгээд тэрийгээ бариад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.
Нөгөөтэйгүүр барьцаалсан гэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт Байрлах үл хөдлөх хөрөнгө нь гэрчилгээ дээр миний нэр байгаа боловч эхнэр бид 2 олон жил амьдарсан /гэрлэлтийн баталгаатай/ дундын өмч юм.
Шүүхээс над руу залгах үед миний хүү би одоо ажил хийж байгаа юм чинь та санаа зоволтгүй би авсан юм чинь зохицуулна, та итгэмжлэл хийхэд болно гэж хэлэхээр нь итгэмжлэл хийгээд өгсөн үүнээс цааш ажиллагаанд би оролцоогүй. Гэтэл шүүхээс шийдвэр ирснийг үзэхэд манай гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө рүү халдсанд гомдолтой байна.
Миний зүгээс анхнаасаа *******ыг цалингийн зээл 36.000.000 төгрөг авахад нь гэрээ хийгээгүй байж сүүлд хийгдсэн гэрээн дээр үүрэг үүсэж байгааг ойлгохгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 469 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж надаас гаргуулах 37.284.962,63 төгрөгийн тал хувь 18.642,482 төгрөгийг болон ... үл хөдлөх хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шийдвэрийн үндэслэх хэсэг дээр анхан шатны шүүх хавтаст хэргийн 28-33 дугаар талд авагдсан барьцаа зээлийн гэрээ, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой дүгнэлт хийчихсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг тухайн үед хариуцаж байсан хүн нь биш учраас ******* банкны Сэлэнгэ салбарын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж шүүх дүгнэлт хийх үндэслэл болсон гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаад байгаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэдэг дээр давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна уу гэдгийг дүгнэх байх. Гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь манай банкнаас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 42,500,000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгч болох аав *******ын хамт авсан. Давж заалдах шатанд гаргасан гомдолдоо миний зүгээс цалингийн 36,000,000 төгрөг дээр огт оролцоогүй гэж бичсэн байсан. Оролцоогүй биш өөрийнх нь гарын үсэгтэй гэрээгээр оролцсон болох нь нотлогдож байгаа. Сүүлд дахин гэрээ байгуулсан дээр ******* 03 дугаар сарын 30-ны өдөр зээл аваад, 06 дугаар сард Сүхбаатар депо болох ажлаасаа гарсан байдаг. 3 сар огт төлөлт хийгээгүй ба 09 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагад хүсэлт гаргаж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэрээнд өөрчлөлт оруулна гэдэг нь уг зээл бүхэлдээ үгүйсгэгдэнэ гэсэн үг биш. Зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс эхний 3 сар чөлөөлөөд өгөөч ээ гээд эргэн төлөлтийн хуваарь дээр өөрчлөлт оруулсан гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хуульд заасны дагуу хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу зохих ёсоор үнэлээгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, давж заалдах гомдлын талаар:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,181,551.26 төгрөг, зээлийн хүү 5,743,394.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,017.26 төгрөг, нийт 37,284,962.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зээлдэгч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот зээлийн, 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн тоот барьцаат зээлийн, мөн өдөр 01 тоот Ипотекийн гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг ПСМК-ийн дугаар байрны тоотын ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалуулсан, үндсэн зээлдэгч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргийг биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч ******* ...Би цаашид ******* банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг 01 жил 06 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Ямар нэгэн маргаан байхгүй.... гэж,
Хамтран үүрэг гүйцэтгэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас ...Уг зээлийг ******* миний бие төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй ... гэж тайлбарласан байна.
******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар болон хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Зээлдүүлэгч ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу 42.500.000 төгрөгийг зээлдэгч *******д олгосон бөгөөд ******* нь тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан талаар маргаангүй, харин уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* эхлээд гэрээ байгуулахад гарын үсэг зураагүй, харин сүүлд Улаанбаатар хотын салбарт очиж гарын үсэг зурсан. Миний эхнэр бид хоёрын дундын хөрөнгийг миний гарын үсэггүйгээр барьцаалсныг хүлээн зөвшөөрөхгүй, Эхлээд 36.000.000 төгрөг авахад нь гарын үсэг зураагүй байхад надад 18.642.482 төгрөгийн үүрэг үүссэнийг ойлгохгүй байна. Үүнийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Зээлдэгч нь 42.500.000 төгрөгийн зээлийн гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байх ба үндсэн зээлдэгч ******* зээлээ төлөх боломжгүй болсны улмаас 2022 оны 09 дүгээр сарын -ны өдөр дахин шинэчлэн зээлийн гэрээ байгуулж өөрийн аав *******ын өмчлөлийн орон сууцыг барьцаалан Ипотекийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу зээлээ төлөхгүй 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нийт 360 хоног хугацаа хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан байна.
Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч ******* банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 31.181.551.26 төгрөг, зээлийн хүү 5.743.394.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360.017.26 төгрөг, нийт 37.284.962.63 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул зээлдэгч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас үүрэг биелүүлэхээр гаргасан шаардлага үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан нь гэрээний оролцогч бүрийн үүрэг хариуцлага тэнцүү байхаар заасан байхад нэхэмжлэлийн үнийн дүн болох 37.284.962.63 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж гэж шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагч *******, ******* нараас 37.284.962.63 төгрөгийг гаргуулан гэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ... гэж,
166 дугаар зүйлийн 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж,
166.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж тус тус заасан.
Гэтэл талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 01 тоот Ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь нэхэмжлэгч талаас илүүлсэн Ипотекийн гэрээ, гэрээний хавсралт, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийн хуулбаруудаар нотлогдоогүй, бүртгэсэн талаарх улсын бүртгэлийн тамга тэмдэг дарагдаагүй, зохигчдын хооронд барьцааны гэрээ үүсээгүй тул Ипотекийн эрх буюу бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах эрх үүсээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлийн энэ шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх дээрх гэрээ баримтууд хуулийн дээрх шаардлагыг хангасан мэтээр ташаа дүгнэлт хийж Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 148/ШШ2024/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хариуцагч ******* түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 148/ШШ2024/00469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар ******* ******* нараас үндсэн зээлийн төлбөрт 31,181,551.26 зээлийн хүүд 5,743,394.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 360,017.26 төгрөг, нийт 37,284,962.63 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, ариуцагч *******, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 251,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form