Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/209

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор П.Итгэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч Б.Г-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1938000000223 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Мөрөнгийн чиглэлийн засмал зам дээр Тосонцэнгэл сумаас 5 км зайд ... улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7/А-д заасныг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Мөрөнгийн чиглэлийн засмал зам дээр Тосонцэнгэл сумаас 5 км зайд ... улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд” эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орой 18 цагийн үед ...Тосонцэнгэл сум дөнгөж өнгөрөөд Мөрөн сумын чиглэлд явж байгаад машин онхолдож замын хажуу руу унасан. Би тухайн ослын үед машин онхолдоод 1-2 удаа өнхөрч байхыг мэдсэн түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Мөрөн сум орж ирээд хүлээн авах дээр ирж оёо тавиулсан. Түүнээс хойш мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. ...бид нар хөдөөнөөс Их-уул суманд ирээд дөрвүүлээ хоёр хоёроороо 2 шил архи авсан юм. Сумын төвөөс бага зэрэг зайдуу гарч байгаад 1 шил архийг тавуулаа хувааж уусан. ...биеэ хэвийн байдалд оруулмаар байна. Эмчилгээнд гарсан зардлаа төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

          - Иргэний нэхэмжлэгч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Тоёото приус маркын тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад Тосонцэнгэл сум дөнгөж өнгөрөөд машин онхолдсон. ...Ганбат гэх хүн л аймаар харагдаж байсан. ...Жолооч Их-уул сумаас дөнгөж гараад замдаа зогсож байгаад 1 шил архи дөрвүүлээ хувааж ууцгаасан. Жолооч өөрөө мөн ууж байсан. ...Би жолооч Д.Б-аас ямаа самнасан хөлс болох 130.000 төгрөг нэхэмжилж байна. Надад ямар нэгэн эмчилгээний зардал гарсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

          - Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед Тоёота приус маркын тээврийн хэрэгсэлд зорчиж яваад Тосонцэнгэл сум дөнгөж өнгөрөөд машин онхолдсон. Би машин дотор жолоочийн арын суудалд зорчиж явсан. ...Г- гэх хүний нүүрэн хэсгээс их цус гарч байсан. ...Их-Уул суманд ирээд тэндээс дөрвүүлээ хоёр хоёроороо нийлж нэг нэг шил архи аваад нэгийг нь замдаа уусан. ...Жолооч мөн өөрөө ууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

          - Гэрч Ө.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...04 дүгээр сарын 23-нд буцаж яваад Тосонцэнгэл сумын ойролцоо осолд орсон. ...Бид нар буцаж яваад Их-Уул сумаас жолооч болон цуг явсан Л.Э- бид хэд нийлж 2 шил 0.5 литрийн “Ерөөл” архи авсан. Их-Уул сумаас нааш гараад замын хажууд 1 шил архи уусан. Жолооч Д.Б- бага зэрэг амсаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

          - Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай: 1. “Б.Г-ийн биөд хоншоор ясны бүх хана, хамар яс, ухархайн дотор хажуу хана болон гадна хажуу хананы шугаман хугарал, хамрын таславчын муруйлт, зүүн хөмсөг, цох, хамрын нуруу зүүн самалдаг хамарсан, дээд уруулын дээд хэсгийн, зүүн хацарт няцарсан шархнууд, зүүн алимны салст, духны дунд доод хэсзг, дээд уруулын зүүн хэсэг, хүзүүний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаандаа үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Б.Г-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,

          - Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 04 дугаартай: “1. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн чиглэлд 5 км зайд асфальтон замд ... улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд” эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. 2. Д.Б- нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлээгүйгээс зам тээврийн осол үүссэн гэж үзэв. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын дундуур Тариалан суманд байх төрсөн дүү Д.Б-ындаа очиж ямааг самнуулахаар зараар ирсэн 5 хүн авч өөрийн Прүсс-11 маркийн 2755-УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Дүүгийндээ 5, 6 хоног ямаа самнаад 2019 оны 04 дүгээр сарын 23-нд буцаж яваад Тосонцэнгэл сумын хойд талын зам дээр онхолдсон. ...Бид нар Их-Уул сумаас 2 шил, 0.5 литрийн “Ерөөл” архи авсан. Нэг шил архийг нь Их-Уул сумын наад талд замын хажууд зогсоод задалсан. Тэр архийг тойруулахаар нь би эхний удаа уугаагүй өргөсөн. Харин хоёр дахь удаагаа өгөхөд нь амсаад өгсөн. ...Би 2004 онд жолооч болсон. Жолооны В ангилалтай. Би 2010 оноос хойш жолоо барьж байгаа. Машиныхаа ард тахир дутуу хүн гэсэн тэмдэг хадаж явдаг юм. Би жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ гээчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 87 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын албан тоот /хх-ийн 88 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын тоотын хуулбар /хх-ийн 92 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 94 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Мөрөнгийн чиглэлийн засмал зам дээр Тосонцэнгэл сумаас 5 км зайд ... улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд” эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Ө.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар “...Бид нар Их-Уул сумаас 2 шил, 0.5 литрийн “Ерөөл” архи авсан. Нэг шил архийг нь Их-Уул сумын наад талд замын хажууд зогсоод задалсан. Тэр архийг тойруулахаар нь би эхний удаа уугаагүй өргөсөн. Харин хоёр дахь удаагаа өгөхөд нь амсаад өгсөн” /хх-ийн 82-83 дугаар хуудас/ гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, “...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 1.750.000 төгрөгийн хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Б-аас 9.137.000 төгрөгийг нэхэмжилж, хэрэгт

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, “Нөхөрлөл зам” хоршооны 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Марал одгариг” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн диклоденк 100мг 9.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Марал одгариг” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн герак 6,02гр 32.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Ган” эмийн сангийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн фложел гэх 12.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Нягт онош” гэх 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Өлзийдэн” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тригел№1 гэх 28.500 төгрөгийн ПОС системийн баримт, эмийн сангийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ибулпрофен гэх 5.652 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн З.Т-нэрээр бичигдсэн 1.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн З.Т-нэрээр бичигдсэн 56.250 төгрөгийн ПОС системийн баримт, “Онош үүдэн” эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн КТГ оношлогооны 60.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт, “Ган-Оптик” шинжилгээний газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн үзлэгийн үнэ 10.000 төгрөгийн баримт, нийт 275.902 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүх хуралдаанд амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны эх хувь, хуулбар, ХААН банкны зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн З.Т-нэрээр бичигдсэн эм тарианы үнэ 20.700 төгрөгийн ПОС системийн баримтыг гаргаж өгч  байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

Хохирогч Б.Г-ийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгчийн хохирогчийг эмчлүүлэхэд гаргасан зардлууд орсон тул хасx тооцон, 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б.Г- нэрээр бичигдсэн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Мөнхийн Тун Мед” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн З.Т-нэрээр бичигдсэн эм тарианы үнэ 20.700 төгрөгийн ПОС системийн төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж, шүүгдэгчээс 92.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-эд олгох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчийг Улаанбаатар хотод эмчлүүлэхэд 1.355.900 төгрөг, Мөрөн суманд эмчлүүлэхэд 256.000 төгрөг, мөн бэлнээр 50.000 төгрөг, нийт 1.661.900 төгрөг өгсөн байна. Харин шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн 92.700 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлөх учиртай.

Харин хохирогч Б.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.Ө- нь ямаа самнасан хөлс болох 130.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон

баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, учруулсан хохирлоо хойшид нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”  гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Д.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-д тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Д.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-аас 92.700 /ерэн хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г- /.../-д олгож, хохирогч Б.Г- нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Ө-ын ямаа самнасан хөлс болох 130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ