Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/02102

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 04 210/МА2024/02102

 

 

Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03922 дугаар шийдвэртэй

 

Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01397 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1658 дугаар магадлалаар Э.Б, Г.Д нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 566,657,046 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч нарын өмчлөлийн ****** дүүрэг, ** дүгээр хороо, ****** хотхоны *** дугаар байр, *** тоотод хаягт байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд бид барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр үнэлж саналаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Улмаар Ф ХХК-ийг шинжээчээр томилоход үл хөдлөх хөрөнгийн 955,610,000 төгрөгөөр үнэлсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илтэд бууруулсан дүгнэлт гаргасан тул үнэлгээг эс зөвшөөрч байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд сайн дураар үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ****** , **** гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байршилтай, 152 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23290002/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23290002/04 дугаар тогтоолоор хураан авсан.

2.2. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч нар 2,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч 800,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймээс шинжээч томилоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 955,610,000 төгрөгөөр тогтоосон тул төлбөр төлөгч нарын хаягаар үнэлгээний тайланг гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа процессын дагуу явагдсан. Харин шинжээч орон сууцыг үнэлэхдээ хэд хэдэн байрыг харьцуулан дүгнэж Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу үнэлгээгээ гаргасан. Харьцуулсан орон сууцнуудын хувьд яг ижилхэн нөхцөлтэй буюу террастай орон сууцууд байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэгч Э.Б, Г.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Э.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвзр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Ф ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцож үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тооцсоноос хойш 1 жил, 6 сарын хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх дахин үнэлгээ хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь үнэлгээний тайлан гаргасан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд орон сууцны үнэ сард дунджаар 2 хувийн өсөлттэй байсан буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 36 гаруй хувиар өссөн гэж үзэх үндэслэлтэй болох нь Статистикийн хорооны нийтэд ил тод мэдээллээс харагдаж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шинжээч үнэлгээ гаргахдаа ****** хотхоны хэд хэдэн байрнуудтай харьцуулан зах зээлийн ханшаар үнэлсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулаад 4 жил, өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гаргаад 2 жил болсон ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж хугацаа авдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ирдэггүй, банк бус санхүүүгийн байгууллага өнөөдрийг хүртэл хүнд нөхцөлд оруулж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б, Г.Д нар Н-т холбогдуулан ****** дүүрэг, ** дүгээр хороо, ****** **** гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 955,610,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01397 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Бгаас 639,136,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,711,559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Э.Б, Г.Д , Б.Э нарын өмчлөлийн Ү-***** улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ****** , **** гудамж, *** дүгээр байрны *** тоот хаягт байршилтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2022/01658 дугаар магадлалаар Э.Бгаас гэсний өмнө Г.Д  гэж нэмж, 639,136,946 гэснийг 563,680,693 гэж, 83,711,559 гэснийг 159,167,812 гэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэжээ. /хх70-78/

 

3.1. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1756 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23290002 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 69, 80/

 

3.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаар бүртгэгдсэн, ****** дүүрэг, ** дүгээр хороо, ****** **** гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23290002/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23290002/04 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч нар 2,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч 800,000,000 төгрөгөөр тус тус үнэлүүлэх саналыг бичгээр гаргажээ. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/108 дугаар тогтоолоор Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Цийг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарласан. /хх-ийн 97-98/

 

3.4. Шинжээч нь ****** дүүрэг, ** дүгээр хороо, ****** **** гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 955,610,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч Э.Б, Г.Д нарт мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 124/

 

4. Шинжээч Ф ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцсэн байна.

Түүнчлэн, шинжээч зах зээлийн жишиг үнийн хандлагын аргууд хамгийн нийцтэй, орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа ойролцоо байршилд байгаа ижил хийц бүтэцээр баригдсан жишигдэхүйц орон сууцны зах зээлийн үнийг судалж шууд харьцуулалтын аргаар үнэлгээг тодорхойлсон байна. Тодруулбал, жишиг орон сууцны зах зээлийн үнийн судалгаа хийхдээ 60 м.кв, 80 м.кв террастай болон террасгүй орон сууцны үнийн судалгааг харьцуулан судалж тайланд тусгажээ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх хөрөнгө террастай байхад үнэлгээ гаргахдаа энэ байдлыг харгалзаагүй гэх тайлбар үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх дахин үнэлгээ хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч уг шаардлагын талаар дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь Ф ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн зах зээлийн үнэ болох 955,610,000 төгрөгийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон байдлыг баримтаар нотлоогүй байхаас гадна анхны үнэлгээг тогтоосноос хойш шүүхэд хандаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 жил, 6 сарын хугацаа өнгөрсөн нь дахин үнэлгээ хийлгэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцож үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тооцсоноос хойш 1 жил, 6 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд орон сууцны үнэ сард дунджаар 2 хувь буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 36 гаруй хувиар өссөн байхад дахин үнэлгээ хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваариласан, нэхэмжлэгч улсын хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/03922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...55.7 гэсний дараа ...55.5 гэж нэмж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ