Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00071

 

*******, *******, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 148/ШШ2024/00450 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, *******, *******

Хариуцагч *******

*******гийн *******д холбогдуулан гаргасан Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

*******ын Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 хэсэг ******* тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр *******ыг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж *******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

*******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу *******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн ******* нь газар болон түүнтэй холбогдох нэр бүхий эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн *******, гэр бүлийн хэрэгцээний Ү-13066000007 хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтуудыг авч зөрүү мөнгө төгрөг өгөх болсон боловч одоог хүртэл өгөөгүй би хохирч байгаа болно. ******* нь амьдрах хугацаандаа бусдад түрээслэн ашиг олсон, эд хөрөнгийг сүйтгэх зэргээр мөн бичиг баримт эд хөрөнгөө авъя гэхээр архи уугаад алга болчихдог аль эсвэл согтуу хэл амаар доромжилж өдийг хүрсэн. Одоо би яахын аргагүй хохирч байгаа тул холбогдох эд хөрөнгө хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтууд орон сууцаа авахыг хүсэж байна.

Миний бие 2007 онд энэ байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Тухайн байшин маань ганц дан байшин биш. 1,5 га газартай газрын гэрчилгээтэй, 25 тонны зоорьтой, саунтай, амбаартай, тахианы байртай гэх мэтчилэн дагалдах ийм хөрөнгүүдийг шингээсэн орон сууц юм. Тухайн орон сууцад миний төрсөн дүү амьдарч байсан. Тухайн үед би магистрт сурч байсан. Мөн манай ээжийн бие муу байсан, би хоёр хүүхэдтэйгээ нөхөргүй амьдарч байсан учраас ээжтэйгээ хамт амьдарч байсан. Миний дүү нар харин нөхөртэй хамт амьдардаг юм. Нэг нь ч гэсэн элэг бүтэн амьдар, өөд нь татаад явах байх гэж бодоод тухайн байшинд 2009 оноос хойш амьдарч байсан. Гэтэл дүү маань Төрийн банканд ажиллаж байгаад өрөнд орсон байсан. Энэ тухай асуудлыг анх би мэдсэн юм. Тэр үед 2015 онд төрчихсөн байсан нялх биетэй байсан. Миний дүү нар өр ширэнд орж үзээгүй байсан. Өр ширэнд ороод цагдаа сэргийлэх гээд айж л байсан байх. Айгаад янз бүрийн дарамтад ороод байшин саваа өг гэхээр нь миний дүү нар өгсөн байсан. Дараа нь би мэдээд н. гуайтай уулзсан. Н. гэх хүн дарга хийж байсан. Миний ээжтэй нэг нутгийнх учраас би өндөр настай хүнийг хүндэтгээд асуудалд бас арай л өөр хандах байх гэж бодсон. Яаж ч бодсон тийм бүхэл бүтэн өчнөөн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй ийм том байшинг арай ч 10 хэдэн сая төгрөгөөс авахгүй. Бас нэг өөр байшин байгаа тэр байшинг ав гэж хэлэхэд авахгүй гэж хэлсэн. 9,000,000 төгрөг билүү 6,000,000 төгрөг ярьдаг байсан. ын хоёр эгч нь хоёулаа төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан болохоор өрнөөс нь төлөлцөж байсан. Байшинг маань өгчихсөн гэхээр нь н. гуайтай уулзаад Зөрүү 15,000,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Дүү нар маань миний байшинд амьдарч байгаа хэдий ч гараад орох оронгүй л байсан. Миний дүү бие муутай, хэрх өвчтэй юм. Дөрвөн мөчний хагалгаанд орсон. Хэвтрийн шахуу байдаг хүнийг энэ асуудлаас болоод аваад ирлээ. Адилхан зовлон яривал адилхан л байна. Би өөрийнхөө нинжин сэтгэлээс болоод хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхийг хүртэл авч чадахгүй хохироод 7-8 жил боллоо. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ... Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн 6-р хэсэгт ******* тоотод байрлах 1өрөө хашаа байшинд миний бие 2015 оноос хойш аав Б.ын хэлсний дагуу амьдарч байсан юм. Учир нь тухайн байшинд нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү нь 2015 оноос өмнө амьдарч байсан юм. Нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү нь төрийн банканд ажиллаж байхдаа миний эцэг Б.ын хадгаламжийн данснаас гарын үсгийг нь дуурайлган зурж 6,400,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэригийг үйлдсэн байгаа юм.

Мөн нь ааваас гадна өөр олон хүн залилсан асуудал гарсан учраас Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Тухайн үед манай аав хохирогч болсон учраас ын төрсөн эгч нэхэмжлэгч *******, нар нь уулзаж харилцан тохиролцож маргаан бүхий байшинг аав т дээрх мөнгийг оруулан өгч гомдол, саналгүй гэдэг бичгийг авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх ад аавын хадгаламжаас авсан 6,400,000 төгрөг нэмж т 2,600,000 төгрөгийг өгч хэлцэл хийж баримтжуулж авсан.

Манай аав Б. нь тухайн байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр болгохоор 2016 оноос хойш хөөцөлдөж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 902 дугаартай захирамж гарсан ба улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гээд хэрэгсэхгүй болсон байдаг.

Гэтэл тухайн байшинг нэхэмжлэгч ******* нь тухайн байшинг гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг мэдсэн. нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр 4 сая төгрөгт дээрх хашаа байшин хураагдахаар болсон. Ингээд нэхэмжлэгч тал нь дахин манай аавд та дээрх мөнгийг төлөөд байшингаа аваарай гэж хэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ийн данс руу 4,000,000 төгрөг хийсэн.

Гэтэл одоо болтол байшинг нэр рүү шилжүүлэхгүй миний аавыг удаа дараа залилан зовоож энэ асуудлаасаа болж 2018 оноос аавын зүрх нь өвдөж эхэлсэн ба 2021 онд нас барсан. Миний аавын нас барсантай нэхэмжлэгч талын ах дүү нарын үйлдлүүд бүгд холбоотой.

Учир нь аав нэхэмжлэгчийн дүү ыг залилангийн асуудлаар гомдолгүй гэж хэлж ял шийтгэлгүй өнгөрөхөд нь тусалсан. Мөн ыг цагдаагийн байгууллагад өгөх гэхэд мөн хүний гарыг буруу эмчилснээс болж тайрахад хүргэсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь мөн өөрсдийнх нь хүсэлтээр шүүх, цагдаагийн байгууллагаар яваагүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байшин нь хураагдах гэж байхад нь мөнгийг өгнө энэ байшинг өрнөөс суллуулсан зэрэг нь бүгд баримттайгаа байгаа. Одоо миний зүгээс энэ асуудлаар дахин Цагдаагийн байгууллагад хандаж дээрх хүмүүсийг бүгдийг нь шалгуулах болно гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь дээрх маргаан бүхий байшинд 2015 оноос хойш амьдарч байгаа юм. Учир нь нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү нь төрийн банканд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан аав Б.ын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж хадгаламж барьцаалсан зээл 6.400.000 төгрөгийг хувьдаа авсан байсныг Цагдаагийн байгууллага /өөр хэргүүдийн хамт/ шалгасан. Тухайн үед миний аавтай ын төрсөн эгч нар болох нэхэмжлэгч ******* нар нь уулзаж Миний дүү хэрэгт ороод хүндрэх гээд байна, та цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлээд өгөөч хохирол төлбөрийг чинь яаж ийгээд барагдуулна, миний нэр дээр нэг хашаа байшин байгаа та 10,000,000 төгрөгт тооцоод авчихаач гэж хэлэхээр нь аав нэг нутаг усных юм байна гээд өрөвдөж, өмнө залилуулсан 6,400,000 төгрөг дээрээ нэмж 3,600,000 төгрөгийг өгөөд байрны гэрчилгээг нь авсан.

Гэрчилгээг нь өгөх болсон учир нь тухайн байр нь удахгүй өөр барьцаанаас сулрах үед таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учраас уг хашаа байшинд миний бие нь амьдарч байсан юм. Аав тухайн үед надад энэ бүхнийг хэлэхдээ "Охиноо ямар ч байсан хашаа байшинтай болголоо" шүү гэж хэлж байсан. Аав удаа дараа *******гоос байшингаа нэр дээр шилжүүлэх асуудлыг тавьж байсан боловч яаж ийгээд аргацаагаад өнгөрөөдөг байсан. 2017 онд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас намайг тус байшинд амьдарч байхад хүмүүс байшин өрөнд хураагдсан учир дуудлага худалдаанд орохоор боллоо, суллаж өг гэсэн ба аав Б. нь энэ байдлыг лавлаж асуухад ******* нь шүүхийн шийдвэрээр уг байшинг барьцаанд тавьж алдахаар болсон байсан.

Миний аав Б. нь өмнө нь хашаа байшинг худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн байсан учраас ямар ч аргагүй болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж төлбөр төлөгч ийн данс руу 2017.07.06 өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд ажиллагааны зардал гэх 500,000 төгрөгийг шилжүүлсэн барьцаанаас чөлөөлүүлсэн. Аавын зүгээс нийт энэ байшинд 14.500.000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь дүү нартайгаа үгсэн хуйвалдаж аавыг маань хуурч мэхэлж зовоосоор өвчнийг нь даамжрахад хүргэсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь аавыг амьд сэрүүнд нь хашаа байшингаа шилжүүлэхгүй байсаар 2021 онд нас барсны дараагаар ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг, 6-р хэсэг,******* тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцын зориулалттай 91мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр *******ыг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж *******д олгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нь иргэний хуульд зааснаар 2023.07.07 өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн ба үүнд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн хамаарч байгаа болно... гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

... ******* миний бие хариуцагч *******ын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсвэл 14.500.000 төгрөгийг надаас гаргуулах гэжээ.

Тухайн үл хөдлөх хөрөнгө маань анхнаасаа миний болон 2 хүүхдийн маань нэр дээр байсан, бидний өмч юм. Гэтэл гэх миний төрсөн дүүд хамааралтай өр ширний асуудлыг надтай холбон миний өмчлөлийн хөрөнгийг тухайн өрөндөө суутган авсан мэтээр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Миний бие тухайн үед дүүгийнхээ өр ширний асуудалд нь тус нэмэр болъё гэж бодсон нь үнэн гэхдээ тэдэнтэй уулзаж байраа 10,000,000 төгрөгт тооцож өгье гэж огт хэлж ярьж байгаагүй, тэдэнтэй уулзаж энэ өр ширний талаар ч ярилцаж байгаагүй. Харин тухайн үед би байрандаа дүүгээ суулгаад өөрөө Дархан-Уул аймагт сурч байсан ба миний дүү л талийгаачтай ярилцан миний байрыг өр ширэндээ өгсөн юм шиг байгаа юм.

Дүү маань надад хэлэхдээ ...таны байрыг зах зээлийн ханшаар нь тооцоод өр ширээ суутгуулахаар болсон. н. гуай танд зөрүү мөнгөө өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авна..гэж байсан. Ийм учраас миний бие талийгаач болон түүний охин \*******ын эгч\-д ...зөрүү мөнгөө яаралтай өгөөд гэрчилгээгээ шилжүүлж аваач, би бас өчнөөн хүлээлээ байр саваа өгөөд, энэ асуудлаа шийдье... гэж удаа дараа уулзан хэлж байсан. Гэтэл одоо намайг хашаа байшингаа 10 саяд бодож өгчихөөд гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй арга саам хайсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна.

Миний хашаа байшин, 25 тн-ын зоорьтой, тахианы байр, түлээний амбаар зэрэг хашаа томтой дотроо тохижилт сайтай, хийж бүтээсэн зүйл ихтэй энэ зэргийн хөрөнгөө би юу гэж хүнд 10 сая төгрөгөөр үнэлж өгөх вэ дээ. Юмны учир мэдэх хүмүүс тэр зэргийн хашаа байшин хэзээ ч аравхан сая төгрөгийн үнэтэй байхгүй гэдгийг мэдэж л байгаа.

Би нас биед хүрсэн дүүгийнхээ өмнөөс өр төлбөрийг нь төлөх, оронд нь хөрөнгөө өгөх үүрэг огт хүлээгээгүй, тийм ёс ч байхгүй. Зөвхөн дүүдээ тусалъя, нэгэнт байрыг маань хүртэл авахдаа тулсан бол одоо яах вэ өгөөд зөрүү мөнгөөр нь хүү охин хоёртойгоо амьдрах жижиг хашаа байшин олж авна даа гэж бодож өчнөөн жил хүлээсэн. Гэтэл өөрсдөө огт санаачилга гаргахгүй энэ чигээрээ мартагнуулах санаатай яваад байсан тул миний бие байраа буцаан өмчлөлдөө авахаар шүүхэд хандсан. Энэ олон жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн хоорондох асуудлаас болж миний бие хоёр хүүхдийнхээ хамтаар маш их хохирлоо. Мөн биднийг эгч дүүсээрээ нийлж хүн залиллаа хэмээн хэлж ярьж нутаг усаар нэг нэр хүнд унагаж байгаад маш их гомдолтой байна. Миний дүү Д.Галмандах өр ширний асуудалд орсон нь үнэн. Би *******, , н. гэх хүнээс авсан нэг ч төгрөг байхгүй. Тийм учраас зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Бид ээж *******гийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг 6-р хэсэг 45 тоотод байрлалтай ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 91м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлалтай ******* тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар өмчилдөг хууль ёсны өмчлөгч нар юм.

Гэтэл дээрх газар болон хувийн сууцыг маань 2015 оноос эхлэн манай сумын иргэн ******* гэх хүн эзэмшиж байна. Учир нь гэвэл нагац эгчийн маань өр төлбөрөөс үүдэн дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмших болсон гэх ба ингэхдээ өмчлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй, бидний хамтран өмчлөгч ээж *******д мэдэгдсэн гэх боловч албан ёсны гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байдаггүй юм. Бидний хамтран өмчлөгч болох ээж *******той тухайн үед тохиролцохдоо уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар нь бодож тооцон нагац эгчийн маань өр төлбөр болох 9,400.000 төгрөгийг суутган, зөрүү болох 15 сая төгрөгийг өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдэг. Гэтэл түүнээс хойш өдийг хүртэл огт зөрүү мөнгөө өгөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг маань эзэмшиж, ашигласаар ирсэн. ******* нь бидний өмчлөлийн хувийн сууцыг 8 жилийн хугацаанд эзэмшиж. ашиглахдаа иргэн , нарын зэрэг, бусдад түрээслүүлэн ашиг олсон ба тахианы байрыг нурааж зарсан, хашаа хороо байр байшинг эвдэн сүйтгэж бидний үл хөдлөх хөрөнгөнд маш ихээр хохирол учруулсан байдаг. Бид нэгэнт ******* гэх хүнд үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор гэрээ хэлцэл хийн шилжүүлээгүй ба бидний өмчлөх эрх зөрчигдсөөр байгаа тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу *******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ эх хувиар нь гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа:

... Миний аав төр захиргааны байгууллагад 45 жил ажиллаж авсан тэтгэврээ өөрийнхөө хадгаламжид хийж явсан. Тэр хадгаламжаасаа хүүгээ авч, хэрэглэдэг байсан.

Нэг өдөр хуурамчаар аавын минь гарын үсгийг хуурамчаар 6,500,000 төгрөгийг авсан байсныг мэдсэн. Манай ааваас гадна 6-7 хүн байсан. Аав маань гэртээ байж байхад нь энэ гурав орж ирээд Байдал эвгүй боллоо. Та миний дүүд туслаач гэж ярилцсан. Таны гарын үсгийг дуурайж, дүү маань хуурамчаар гарын үсэг зурж мөнгө авсан. Та гомдолгүй гэвэл миний дүү зүгээр байна гэж хэлсэн.

Манай аав авсан мөнгөө өгөөд, хүү мөнгийг нэмээд төлөх боломж уу гомдолгүй гэж бичиг гаргуулж авсан. Ээж маань хажууд нь байсан. Дүү маань ачигдах гээд байна. Энэ байшинг авчих гэж хэлсэн. Миний аав тэрнээс биш хамаагүй, дур мэдэн хүний юманд хүрээд байдаг хүн биш. Байшингаа аваад нэг сарын хугацаа өгье. Боломжтой бол миний хүүхдүүд яаж төлөх юм. Хүний бичиг баримтыг хуурамч гарын үсэг зурж, авч чадаж байгаа юм чинь би юу ч үгүй үлдэх юм байна. Тавьж байгаа зүйлийг чинь авъя гэж хэлээд хугацаа өгсөн. Буцаагаад яаж төлөх вэ гэсэн чинь Бид цалингийн зээл аваад төлнө. Санаа зоволтгүй гэж хэлсэн. Аав маань сар гаруйн хугацаанд хүлээсэн.

Миний аав хөрөнгө гэдэг үүднээс худалдаж авсан. Хугацаандаа юмаа өгөөгүй байж байтал гэнэтхэн байшингийнхаа түлхүүрийг өгсөн. Энэ байшингийн гэрчилгээ нь хаана байна. Өмнө би хулхидуулчихсан юм чинь гэж хэлэхэд Та шинээр авна гэж хэлээд Төрийн банкны захирал байсан н.д газрын гэрчилгээ, байшингийн гэрчилгээг хамт өгсөн байсан. Тухайн үед *******гийн өмч гэж мэдээгүй. 11 сарын үед өвлийн хүйтэнд н.Одончимэг гэх хүн ирсэн. Дуудлага худалдаанд оролцоно гэж хэлсэн. Хэн төлөх юм бэ гэхэд *******гийн зүгээс танд зарсан. Та төлнө гэж хэлсэн гэж байсан. Аав маань би мэдэхгүй байна. Би *******г мэдэхгүй. тай тооцоо хийсэн. Энэ чинь ын өмч гэж хэлсэн. Өөдөөс Бат-Очирын Золбоо гэх зүйл гаргаад ирэхээр нь энэ хүмүүст хулхидуулсан байснаа мэдсэн. Та буцаагаад шоронд өгчих гэж хэлсэн чинь цагдаад нэхэмжлэл гаргавал бүгд хуурсан байна гэж хэлэхэд Яах юм бэ. Дүү нь шоронд явчихна. Хүний нялх хүүхэдтэй зууралдаад яах вэ. Нэгэнт бидэнд өгчихсөн юм чинь энэ мөнгийг төлөөд худалдаад авъя гэж хэлсэн. Дахин миний ээжийн тэтгэврийн зээл авхуулсан. н.Одноо гэх хүн биднээс 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хөгшин настай хүн байна. Мөнгө цаас гээд яах вэ гэж хэлээд 4,000,000 төгрөгийг бэлэн авсан. 500,000 төгрөгийг н. гэх хүнд өгсөн. Тэр үед *******гийн өмч гэдгийг мэдсэн. Өмнөөс нь төлөөд авчихсан байдаг. Аав маань нас барахаасаа өмнө миний охин ганц гуйлт байна гэж хэлсэн. Одоо *******г дуудчих. Би охиндоо байшин савтай холбоотой. Хүнд хэцүү асуудал үлдээмээргүй байна. Аав нь нас өндөр болсон байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд хүртэл байшингаа алдчихлаа та нар ямар өөдгүй хүүхдүүд вэ гэж хэлж байсан. Миний аав хүнд байдалтай байна очоод уулзчих гэж хэлэхэд Би ийм л юм хүлээж байсан гэж хэлээд гэрээс нь хөөгдөөд гарсан. Бид ач гавьяа үзүүлж, дүүг нь шоронд явуулаагүй байж юу ч болоогүй юм шиг ингэж явж байна. Бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд олон эрсдэл гарсан байхад ганцхан өөрийгөө өмгөөлж байна. Аль аль талдаа зовлон амслаа. Аав маань захисан учраас байгаад байгаа нь энэ. Айлын гурван хүүхэд нийлээд хулхидаж, хөгшин настай аавыг минь ингэсэнд бодохоос сонин санагдаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 450 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 186 дугаар зүйлийн 186.1-д 1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******, *******, ******* нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг,6 дугаар хэсэг ******* тоот хаягт байршилтай, 91м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ******* дугаартай улсыг бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч *******, *******, ******* нарт өгөхийг хариуцагчид даалгаж, *******ын Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг ******* тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр *******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж *******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч *******, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Миний аав овогтой нь төр захиргааны байгууллагад 45 жил хөдөлмөрлөсний эцэст өөрийн тэтгэмжээ Төрийн банканд хадгалуулж байсан. Тэр мөнгө Улаанбаатар хотод авах 1 өрөө байрны урьдчилгаа мөнгө байсан. 2015 онд Төрийн банканд шалгалт ирж аавын хадгаламжаас гарын үсгийг хуурамчаар үйлдэн 6,400 төгрөгийг Төрийн банкны теллер ажилтай Галмандах нь эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иргэн Золбоо нь өөрийн өмч гэдгээ тодорхойлж чадаагүй, Галмандах Чулуунбаатар хоёрын өмч ч гэж нотолж чадаагүй иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн асуудлууд нотлох баримттай тохирдог. ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгох 7 үндэслэлийг зааж өгсөн. Тэмдэглэл ирээгүй, ямар нэгэн процессын алдааг дурдаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн *******д холбогдуулан гаргасан Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, *******ын Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 хэсэг ******* тоотод орших ******* улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр *******ыг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж *******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

*******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу *******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэгтгэсэн хэргийн нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь өөрсдийн өмчлөлийн хашаа байшингаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэн, гэрчилгээгээ эх хувиар нь авах гэж, хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь аавынхаа бусдад сайн санаж өрийг нь төлж авсан хашаа байшинг буцаан өгөх үндэслэлгүй, эсхүл төлсөн мөнгөө буцаан авна гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн; зөрчил гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн гар бичмэл нь шүүх хуралдааны бичлэгээс ноцтой зөрсөн тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг засах боломжгүй байна.

Учир нь шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахин биелүүлсэн зэргийг харуулах баримт юм. Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдааны хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх зарим тохиолдол хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байдаг.

Мөн хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын тайлбарыг тусгахдаа үг бүрчлэн бичих боломжгүй бол агуулгыг алдагдуулахаар бичиж болох боловч харин шүүх хуралдаанд оролцож буй гэрчийн мэдүүлгийг аль болох үг бүрчлэн бичих шаардлагатай.

Гэтэл хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож буй гэрчүүдийн мэдүүлэг, гэрчээс хэргийн оролцогч нарын тодруулсан асуултыг орхигдуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д .энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

4.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 148/ШШ2024/00450 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form