| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03550/И |
| Дугаар | 210/МА2024/02065 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02065
2024 11 29 210/МА2024/02065
С.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
С.Аийн нэхэмжлэлтэй,
М. Б нарт нарт холбогдох,
******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №А/15 тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгосон цалин 470,000 төгрөг гаргуулах, 2021-2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 3,192,272 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Б, хариуцагч ******* сургуулийн************** сургуулийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Тэнхимийн эрхлэгч байсан Н.Б багштай тэнхимийн өөр нэг багшийг хавчин шахаж буй үйлдлийг эсэргүүцэж тэнхимийн хуралд үг хэлснээс таагүй харилцаатай болсон. Н.Б багшийн дараа тэнхимийн эрхлэгч болсон н.Б багш тэнхимийн удирдлагыг авч хэрэгжүүлэхдээ бүх багш ажилчид руу тэнхимийн үйл ажиллагааг Н.Б багштай хамт хэрэгжүүлнэ гэх утгатай имэйл ирүүлсний дагуу удирдлагын таагүй харилцаа үргэлжилсэн. Намайг тэнхимийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны хэзээ хийсэн, ямар үйлдэл нь Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмын аль заалттай зөрчилдөж буй нь тодорхой, сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой. Гэвч уг тушаалын үндэслэл миний ямар үйлдэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нь тодорхойгүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй гэх мэт ерөнхий үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Шийтгэл ногдуулсан тэмдэглэлд 2022 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл 11 хоног ажлаа тасалсан гэж буруутгаж байх боловч 11 удаа ажил тасалсан нь батлагдсан эсэх, сургалт судалгаа, А, Б, В цагийн гүйцэтгэл тул багш хаана ч байх боломжтой, тэнхим дээрээ тогтмол сууна гэсэн зүйл байхгүй, хичээлийн цаг тасалсан гэх боловч тэнхимд сууж байсан нь тогтоогдсон, буруутгаад буй үндэслэлүүд эргэлзээтэй байхад 3 сарын 20 хувиар цалин хасах нь хүнд шийтгэл тул сануулах арга хэмжээ авъя гэсэн байдлаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хэзээ, яаж тэнхимийн үйл ажиллагаанд оролцоогүй, тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлага алдсан талаар тушаал болон хурлын тэмдэглэлд тусгаагүй. Арга хэмжээ авсан тушаал нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын шийтгэлийг нотолсон байх ёстой гэх үндсэн зарчмыг зөрчсөн.
1.2. 2023 оны 6 дугаар сарын урьдчилгаа цалин 1 сая төгрөг өгөхөөс 470,000 төгрөгийг дутуу олгосон. Дутуу цалин олгох болсон багш Н.Б гаас санхүүд хандан цалин дутуу олгох чиглэл өгсөн.
1.3. ******* сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А376 дугаартай урамшуулал олгох тухай тушаалаар баталсан журмаар жил бүрийн 9 дүгээр сард бүх багш, ажилчид урамшуулалт цалингийн нэмэгдлийг авдаг. Гэвч ажлын байрны дарамт, шахалтаас болж надад 2021 онд 1,272,168 төгрөг, 2022 онд 1,463,000 төгрөг, 2023 онд 1,728,000 төгрөгийн урамшуулалт цалинг өгөөгүй. Учир нь ямар ч үндэслэлгүйгээр тэнхимаас урамшуулал олгох тухай хуудас дээр ажлын үнэлгээг жил бүр үнэлэхгүйгээр 0 оноо өгч санхүүд явуулснаар урамшуулалт цалин бодогддоггүй.
Би жил бүр оюутнуудад заах хичээл, ажлын байрны тодорхойлолт дээр заасан ажил үүргээ зохих журмын дагуу биелүүлдэг, орох ёстой хичээлээ ороод хичээлд суусан оюутнууд зохих кредит, үнэлгээгээ авдаг. 0 оноо өгөх нөхцөл байдал багш нь орох ёстой хичээлээ орохгүй байх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамаардаг. Надад урамшуулалт цалин олгогдоогүй нь тэнхимийн удирдлага болон Н.Б багшийн хувийн үзэмжээр хийгдсэн, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын зохих дүрэм журамд заасан эрхээ дээрх хүмүүсийн асуудлаас болж эдэлж чадахгүй байна.
Иймд ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №А/15 тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгосон цалин 470,000 төгрөг гаргуулах, 2021-2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 3,192,272 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Б гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* сургуулийн************** сургуулийн захирлын үүрэгт ажлыг Н.Б эрхэлдэггүй байхад нэхэмжлэгч хуульд заасан ямар үндэслэлээр шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, урьдчилгаа цалингийн дутуу олголт гэх 470,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж буй үндэслэл тодорхойгүй. Н.Б нь тушаал гаргах эрхтэй, цалин олгох эрх бүхий этгээд биш. Харин ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх мэдлийг бүрэлдэхүүн сургуулийн захирал хэрэгжүүлдэг.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана... гэж заасны дагуу хариуцагч Н.Б гаас энэхүү заалтын хүрээнд тэнхимийн эрхлэгчийн эзгүйд орлон ажиллаж байсны хувьд тэнхимийн нийт багш нарт цалингийн урьдчилгаа олгох тухай бүх цохолтыг санхүүд гаргаж өгсөн. Сургуулийн санхүүгээс урьдчилгаа цалинг дутуу олгосоныг мэдэхгүй, захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байсан тул цалинг олгоогүй байх магадлалтай гэж хэлдэг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* сургуулийн************** сургуулийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай А/15 тоот тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Багш С.А тэнхимийнхээ үйл ажиллагаанд оролцдоггүй, тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлага алддаг зэрэг үйлдэл удаа дараа гаргасан, энэ талаар тэнхимийн удирдлагын зүгээс өөрт нь хэлж анхааруулдаг байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул тус тэнхим хуралдаж асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Улмаар С.А нь А/15 тоот тушаалыг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан байх бөгөөд тус тушаалын тушаах хэсгийн 1-д ...Хөдөлмөрийн дотоод журмын гэсэн хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн гэж техникийн алдаа гарсныг залруулж, А/15 тоот тушаалын өөрчлөлтийг авах талаар сургуулиас удаа дараа мэдэгдэхэд ирж авахгүй байсаар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр имэйл хаягаар хүргүүлсэн.
Үүнээс үзэхэд С.А холбогдох дүрэм, журамд заасан ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй ханддаггүй нь тодорхой харагдаж байна. Аливаа байгууллага, албан тушаалтан, ажилтан, албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаандаа тодорхой хэмжээнд бичиглэлийн алдаа гаргах асуудал байдаг бөгөөд энэ талаар нэн даруй өөрөө болон дээд шатны байгууллага залруулга хийх тохиолдол олонтоо байдаг. Гэвч С.А дээрх А/15 тоот тушаалын өөрчлөлтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд гардаж аваагүй бөгөөд албан ёсны болон хувийн цахим хаягаар хүргүүлсээр байхад хэргийн материалд залруулга хийгдээгүй тушаалыг хүргүүлж байгаа нь өөрийн ажиллаж байгаа сургуультайгаа хэрхэн хамтарч ажилладгийг харуулж байна.
3.2. Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Г.Б гадаад улсад ажлаар явсантай холбогдуулан тэнхимийн үйл ажиллагааг түр орлон ажиллаж байсан Н.Б багшаас сургуулийн нягтлан бодогч тэнхимийн багш, ажилчдын цагийн бүртгэл буюу өвчтэй, чөлөөтэй асуудлыг тодруулсан байдаг. Нийтийн Удирдлагын тэнхимийн зарим багш ажилчдын 2023 оны 6 дугаар сарын урьдчилгаа цалингийн дутуу олголтыг тухайн сарын үлдэгдэл цалинд бүхэлд нь олгосон. Иймд С.Аийн 2023 оны 6 дугаар сарын урьдчилгаа цалинг дутуу 470,000 төгрөг гаргуулах асуудал нь үндэслэлгүй.
3.3. М-ийн холбогдох дүрэм, журам, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 ... ажил, үүргээ хангалтай сайн биелүүлсэн, ... хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багшид зохих журмын дагуу мөнгөн урамшуулал олгох эрхтэй гэж заасан. С.А ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн эсэх үнэлгээ нь урамшуулал авах хэмжээнд хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, тэнхимээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцдоггүй, хамтран ажиллагч тэнхимийн профессор, багш нарынхаа нэр хүндэд удаа дараа халдаж, хэл амаар гутаан доромжилсон үйлдэл гаргасан тул энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2023 оны хувьд 04 дүгээр сард сахилгын шийтгэл авагдсантай холбоотой урамшуулал олгох боломжгүй нөхцөл байдал бүрдсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан С.Ат сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №А/15 дугаартай тушаалыг хүчингүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар 2021-2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 3,192,272 төгрөгийг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А нь хариуцагч Н.Б д холбогдуулан гаргасан 2023 оны 6 дугаар сард авах ёстой цалин хөлнөөс дутуу олгосон 470,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч Н.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч С.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /84,950+66,026/ 150,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч С.А нь 2023 оны урамшуулалд 1,728,000 төгрөгийн урамшууллыг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар урамшууллыг шаардах эрхтэй болох нь нотлогдоогүй гэжээ. Хариуцагч талаас уг урамшууллын талаар тайлбартаа 2023 оны 4 дүгээр сард сахилгын шийтгэл авагдсантай холбоотой урамшуулал олгох боломжгүй нөхцөл бүрдсэн гэсэн. Шүүхээс маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн урамшуулал авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хариуцагч тал маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. ******* сургуулийн багш ажилтанд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу жил бүрийн 9 дүгээр сард бүх багш, ажилчид урамшуулалт цалингийн нэмэгдлийг авдаг. Хариуцагч ямар ч үндэслэлгүйгээр ажлын үнэлгээг 0 хувиар үнэлж, түүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа сахилгын шийтгэл ногдуулсан учраас урамшуулал олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс нэгэнт нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэдгийг дүгнэж шийдсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ биелүүлж ирсэн тул урамшуулал олгохгүй байх үндэслэлгүй. ******* сургуулийн багш ажилтанд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 0 оноо өгөх нөхцөл байдал багш орох ёстой хичээлээ биелүүлээгүй тохиолдолд хамаарах бөгөөд нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Хариуцагч талаас урамшуулал олгоогүй талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, нотлох баримтаар нотлоогүй тул шийдвэрийн 2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 1,728,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл авагдсан тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын цалингийн дутуу олгосон 470,000 төгрөгийг гаргуулах үндсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хорооны шийдвэрт маргаан бүхий урамшууллын талаар дурдаагүй байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урамшууллын талаар нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа ******* сургууль нь багш, ажилчдынхаа урамшууллыг тухайн хичээлийн жил эхэлсэн буюу 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар олгодог атлаа сүүлийн 2-3 жил надад урамшуулал олгоогүй, 0 оноогоор үнэлсэн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагыг авах хугацаа өнгөрсний дараа буюу 11 дүгээр сард нэмэгдүүлсэн шаардлагаа гаргасан байсан тул хариуцагч талын зүгээс тухайн үед сахилгын шийтгэлтэй холбоотой маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа гэх үүднээс тайлбарласан бөгөөд үүний цаг хугацааг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гаргасан гомдолдоо урамшууллын талаар шаардлага гаргаагүй бөгөөд дээд шатны байгууллага болон урьдчилан хэлэлцүүлэх байгууллагад хандаагүй байдаг. Тиймээс дээр дурдсан он, сар, өдрүүдийг уялдуулж анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
6.2. Нэхэмжлэгч тал сахилгын шийтгэл хүчингүй болсон гэж тайлбарладаг хэдий ч сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь урамшуулал олгох багш, ажилчдын зөвхөн нэг нөхцөл бөгөөд урамшуулал олгоход маш олон нөхцөлийг дурддаг. Жишээлбэл, ажил албан үүргээ хэвийн гүйцэтгэх, цагаа бүтэн хангах, нийгэмд оролцоотой байх, сахилгын зөрчил гэх мэт нөхцөлүүдээс ганцхан сахилгын зөрчилтэй байна гэх үндэслэлээр урамшууллыг олгохгүй гэсэн журам байхгүй. Урамшуулал олгохын тулд нэгдүгээрт багш өөрийгөө үнэлнэ, хоёрдугаарт удирдлага үнэлнэ, гуравдугаарт хамт олон буюу тэнхим үнэлгээ өгөх, дөрөвдүгээрт оюутнууд үнэлгээ өгөх бөгөөд энэ үнэлгээнүүдийг нэгтгэж дундаж үнэлгээг гаргасны үндсэн дээр төв сургуулийн захирлын тушаалаар тухайн багшид урамшуулал олгох эсэх нь шийдэгдэнэ.
Иймээс ******* сургуулийн Улс төр судлал,************** сургуулийн захирал энэ урамшууллыг олгодоггүй тул хариуцагч нь хэн байх вэ гэх асуудал мөн яригдана. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа өөрөө дэмжиж, тухайн үнэлгээнд холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ******* сургуулийн************** сургуульд холбогдуулан ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №А/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагч Н.Б д холбогдуулан дутуу олгосон цалин 470,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сургуулийн************** сургуульд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 2021-2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 3,192,272 төгрөгийг гаргуулахаар ихэсгэснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Н.Б д холбогдуулан 2023 оны 6 дугаар сард авах ёстой цалин хөлснөөс дутуу олгосон 470,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шүүх баталж, хариуцагч Н.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ******* сургуулийн************** сургуультай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан өнөөг хүртэл тус сургуульд багшаар ажиллаж байгаагаас үзвэл тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-ийн 7-10/
4.2. ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.2, 123.3, М-ийн дүрмийн 4.1.1, 4.4.9, 9.2.1.2, 9.2.4, 9.2.5, 9.2.7, Захиргааны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурал, Нийтийн Удирдлагын тэнхимийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг тус тус үндэслэн, С.Ат нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.
Уг тушаалд ажил олгогчийн зүгээс С.Ат сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тэнхимийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргасан гэж заасан. /хх-ийн 14/
4.3. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хариуцагч ******* сургуулийн************** сургуулиас нэхэмжлэгч С.Ат 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гардуулсан.
4.4. Дээрх тушаалыг С.Ат гардуулснаас хойш ******* сургуулийн************** сургуулийн нарийн бичгийн ажилтан Д.Бы ************** имэйл хаягнаас нэхэмжлэгч С.Аийн ************** имэйл хаягт руу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаар тушаалыг илгээсэн байна. /хх-ийн 200-203/
4.5. Имэйлээр илгээсэн тушаалын 1 дэх заалтад Тус сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш С.А нь тэнхимийн үйл ажиллагаанд оролцдоггүй, тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлага алдсан зөрчил тул Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1.2 дэх заалтыг үндэслэн нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах шийтгэл ногдуулсугай гэжээ.
4.6. Энэ хоёр тушаалыг харьцуулан дүгнэвэл тушаалын огноо, дугаар адил боловч хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч С.Ат сахилгын шийтгэл ногдуулахдаа хоёр тушаал гаргасан, уг тушаалуудын шийтгэл ногдуулсан эрх зүйн үндэслэл өөр, эхний тушаалыг цаасаар, хоёр дахь тушаалыг цахимаар тус тус нэхэмжлэгчид гардуулсан байна.
5. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй гэж заасан.
5.1. Хариуцагч нь эхний тушаалыг техникийн алдаатай гарсан гэж тайлбарладаг боловч уг тушаалыг хүчингүй болгох эсхүл өөрчлөх замаар тушаалд заагдсан зөрчлийг арилгаагүй, тушаал нь хэлбэрийн болон хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
5.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авах зэргээр сахилгын зөрчил гаргасныг олж тогтоосон байх учиртай.
5.3. Гэтэл хэргийн 126-147 дугаар тал дахь Нийтийн Удирдлагын тэнхимийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон Захиргааны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн, хэрэв тушаалын үндэслэлд заасан сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогчийн зүгээс уг зөрчлийг илрүүлж олж тогтоосон эсэх талаар дүгнэлтийг хийгээгүй атлаа эдгээр хурлын тэмдэглэлийг үндэслэн нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ат нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах тухай ******* сургуулийн************** сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаар тушаал үндэслэлгүй байх тул энэ тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6. ******* сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/376 дугаартай тушаалаар ******* сургуулийн багш, ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам-ыг баталсан бөгөөд журмын 2.5-д гүйцэтгэлийн үнэлгээг 100 хүртэлх оноогоор үнэлэх ба хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд /70 хувиас доош/ урамшуулалт цалинд хамрагдахгүй гэж заажээ.
6.1. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалттай сайн биелүүлж урамшуулал авах хэмжээнд хүрээгүйгээс урамшуулал олгох боломжгүй нөхцөл байдал бүрдсэн гэх татгалзлыг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаах үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн урамшуулалд тооцогдсон, тодорхойлсон, ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Иймээс дээрх журмыг үндэслэн нэхэмжлэгчид 2023 оны урамшуулалд 1,728,000 төгрөгийг олгох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлсний бүрдэлд хамаарах урамшуулалыг шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний болон мөн хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын нэр дурдагдаагүй байх тул найруулгын өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 181/ШШ2024/03234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэлээс хариуцагч ******* сургуулийн************** сургуульд холбогдох, 2021-2023 оны багшийн нэмэгдэл цалин болох урамшууллын 3,192,272 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны10 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 42,598 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ