| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2019/00014/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 24
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Б.А , Ц.О г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Энхтүвшингийнхэн овогт Батбалайн А , Гүнээхэн овогт Цэндсүрэнгийн О г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000370012 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД:ПК75112413, Энхтүвшингийнхэн овогт Батбалайн А ,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр, хүүхдүүдийн Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух, РД:ПК71101023, Гүнээхэн овогт Цэндсүрэнгийн О г,
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Батбалай овогтой А нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэрт 22-81 ХОА улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлээс гээгдсэн эд зүйлсээс 1 ширхэг пүүний мэдрэгчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.150.814 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун арван дөрөв/ төгрөгний хохирол учруулсан,
Яллагдагч Цэндсүрэн овогтой О г нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэрт 22-81 ХОА улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлээс гээгдсэн эд зүйлсээс 1 ширхэг пүүний мэдрэгчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2.150.814 /хоёр сая нэг зуун тавин мянга найман зуун арван дөрөв/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх газраас Үенч сум руу гэрлүүгээ харих гээд Алтай сумын Барлаг багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байхад зам дагуу машинаас ачаа унасан байсан. Тэгээд хоёр ширхэг пүүний мэдрэгч байсныг Ц.О г бид хоёр нэг нэгийг аваад Т.Болкены машинд ачиж аваад хөдлөөд явсан юм” гэв.
- Шүүгдэгч Ц.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн өдөр Цэцэг сумын Цагаан эрэг гэх газраас Алтай сум руу өөрийн хүргэн болох Болкены Пикап маркийн тээврийн хэрэгсэлтэй Алтай сум руу буцаад явж байсан. Тухайн үед Барлаг багийн Элсэн хөтөл гэх газрын харалдаа ирэхэд зам дагуу газраар нэг тараад цацарсан цагаан хөөсөнцөрүүд, бас нэг бус ачаа эд зүйл асгарсан байхаар нь Болкен машинаа зогсоож би болон манай хүргэн А , Баярцэцэг, Болкен, Болкены эхнэр бид хэд хамт бууж тус газар сонирхож харж байгаад нэг хайрцаг байхаар нь оёдлын машин юм болов уу гэж бодоод аваад Болкены машинд хийгээд гэртээ авч ирээд тавьсан байхад манай сумын цагдаа нар ирж авч явсан” гэх мэдүүлэг,
- Хохирогч Ж.Цагаандаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтоос 22-81 ХОА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд Хөшөөтийн уурхайн чиглэлд ачаа ачиж явж байгаад Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэр “Элсэн хөтөл” гэх газарт миний машины ачаа татсан аргамж тасраад бүх ачаагаа унгаасан юм. Ачаагаа бүртгэхэд 10 хайрцаг пүүний мэдрэгч, 9 хайрцаг компьютерийн иж бүрдэл зэрэг эд зүйлс дутаж гээгдсэн байсан юм. Уг эд зүйлээс пүүний 2 мэдрэгч олоогүй, бусдын эргэж хайж яваад олж авсан” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед уурхай дээр кариерт хяналт тавиад байж байтал манай уулын инженер Энхбаяр 88063265 гэсэн утаснаас миний 80030822 гэсэн дугаар луу залгаад манай хилээс ирж байсан ачаа унасан байна гэхээр нь би кемп дээр ирсэн. Тухайн үед манай уурхайн дарга Нэмэхбат, уулын инженер Энхбаяр хоёр явах машинаа бэлдсэн байж байсан. Тэгээд тус ачаа унасан гэх газарт очиход манай компаний хилээс барааны бүрдүүлэлт хийж тус ачааны араас ирж байсан Алтангэрэл, гаалийн мэргэжилтэн Мөнхзул, тээвэр ложистикийн менежер Алтансүх, пүү суурлиулж, хянахаар ирж байсан хоёр Хятад инженер байсан. Тус газарт бүгдээрээ хамт байж байгаад тус ачаа барааг баримтжуулаад ачаа унасан гэх газарт уурхайн дарга, Нэмэхбат, бид 3 ачаа манаад хоносон. Тус ачаа унсан газарт очиход пүүгийн 3 тавцан төмөр замын баруун талд, нэг төмөр нь зам дээр, ачиж явж байсан нэг байр нь зам дээр унасан байдалтай байсан. Тус байрны араам л үлдээд бусад хэсэг нь задарсан байсан. Байр дотор ачсан байсан гэх пүүний хайрцагтай бараа материал байгаагүй. Талаар нэг тарж цацарсан байсан. Тус цацарсан гэх бараа материалуудыг цуглуулж тоолоход ганц хоёр хайрцаг болж байсан. Тус бараа материал нь жижиг сажиг боолт, шариг төмрүүд л байсан. Өглөө тус бараа материалыг кран дуудаж авчираад тус газарт байсан гэх ачаануудыг ачуулаад манай компанид хүлээлгэн өгсөн. Бид тус ачааг ачиж кемп рүү авчирч байхад нэг нүүрсний жолооч зогсоогоод зам дээрээс олсон гэж нэг хайрцаг мэдрэгч шаригтай нь хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би тус өдөр уурхай дээр байж байхад манай уурхай дарга руу гаалийн бүрдүүлэлт хийхээр явсан манай компаний хүмүүс утасаар холбогдож авто пүү ачсан машины хамаг ачаа нь замаар нэг тарсан байна. Тус ачаа ачсан машин байхгүй байна гэж ярьсан. Тухайн үед уурхайн дарга, Анхбаяр бид 3 хамт уурхайгаас гараад ачаа унасан гэх газарт очсон. Зам дагуу хоосон шалаанз машин байгаа эсэхийн хархад Барлаг багийн төв өнгөрөөд явж байхад нэг нүүрсний том машин болон авто пүү ачиж ирж байсан гэх тээврийн хэрэгсэл зогсож байсан. Бид гурав хамт буугаад тус ачаа ачиж явж байсан гэх тээврийн хэрэгсэлийн тасарсан татлага болон тус тээврийн хэрэгсэлийн гаднах зурагийн дараад жолооч нь дотор байгаа юм болов уу гэж хаалгын тогшиход дотор нь хүн байгаагүй. Урд талынх нь нүүрсний машины хаалга тоншиход жолооч нь гэх нэг залуу бууж ирэхээр нь энэхүү тээврийн хэрэгсэлийн жолооч хаана байна, ачаа ачуулсан машин мөн юм шиг байна гэхээр би танай ачаа тээвэрлэж байгаа тээврийн жолоочийн ах нь байгаа юм, энэ ачаагаа замд унагаасан байна, энд ирээд унтаж байхаар нь би хажууд нь ирээд хараад хамт хонож байна гэсэн. Тэр хоёрыг түр орхиод ачаа унасан гэх газар луу явсан. Тус ачаа унасан гэх газар нь ачаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлээс 10-12 км зайтай байсан. Тус газарт очиход хилээс бүрдүүлэлт хийж ирж байгаа манай компаний ажилчид ачаа унасан гэх газарт байж байсан. Бид тус ачаа бараагаа баримтжуулаад зурагаар бэхжүүлэн авч, хилээс ирж байсан гэх хүмүүсийг уурхай руу явуулаад уурхайн дарга, Анхбаяр бид 3 ачаан дээр үлдсэн. Тус ачаа унасан гэх газарт очиход манай хилээс ирж байсан хүмүүсийн хамт нүүрсний хоёр машин зогсож байсан. Тус хоёр нүүрсний машиныг ачаа тээвэрлэж явсан жолоочийн ах нь унасан ачааг манаад байж бай гэж явуулсан байсан. Уурхайн дарга, Анхбаяр бид 3 ачаа тээвэрлэж явсан гэх жолоочийн тээврийн хэрэгсэл дээр очиж, Цагаандаваа гэх жолоочийн машиныг ахаар нь бариулаад ачаа унасан гэх газарт дагуулж ирээд хамт хоносон. Өглөө нь ахыг нь дагуулаад сүлжээтэй газарт очиж тус ачааг ачуулах кран дуудсан. Кран ирэхээр нь ачаагаа ачаад уурхай руу орж ирсэн. Тус ачаанууд нь өглөө харахад нийлээд эвдрэл гэмтэлтэй байсан. Авто пүүний 4 тавцангийн нэг нь зам дээр, 3 нь замын хажуу талд давхарлагдсан чигтэй унасан байсан...” гэх мэдүүлэг
- Гэрч Т.Очиржав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Манай авгайн дүү болох Ж.Шинэбаяр миний 99406662 дугаар луу 99430769 дугаарын утаснаас над руу залгаж танай уурхайд авто пүүний шариг, бас хайрцагтай эд зүйлс гээсэн хүн байна уу? гэхэд энд нэг уурхай баригдах гэж байсан пүүний ачаа гээсэн гэж хүмүүс явж байсан. Тус уурхайд миний хүргэн ахын хүүхэд Алтан-Очир гэх хүн байгаа тэрнээс асууж тодруулж өгье гэж Ж.Шинэбаярт хэлээд утсаа тасалсан. Б.Алтан-Очир луу залгаж хэлэхэд авто пүү хариуцаж байгаа Ганболд гэх хүний утасны дугаар өгье тэндээс асуу гэж надад Ганболдын утасны дугаар өгсөн. Ж.Ганболд руу залгахад утсаа аваагүй болохоор нь хаячаад дараа Ж.Ганболд миний дугаар луу өөрөө залгаж орж ирээд би авто пүүн ачаа гээсэн хүн байна та тус гээгдсэн ачааны талаар сураг сонссон байна гэж хэлэхээр нь би тус ачаа ойролцоогоор хэдэн төгрөг болох талаар асуухад 20-иод сая төгрөгний ачаа байгаа юм гэж хариулсан. Би тухайн үед ачааны сургийг сайн лавлаж байгаад хариу хэлье гэж хэлээд утсаа тасалаад Ж.Шинэбаяр луу залгаж ахын дүү чиний наад олж авсан гэх ачаа хэнд байгаа юм вэ? хаанаас олж авсан бэ гэж асуухад Ж.Шинэбаяр Алтай сумын Барлаг багаас олж авсан ачаа гэсэн. Булган сумын иргэн Болкен гэх залууд байгаа юм байна гэж хэлэхээр нь би таслаад Ганболд руу залгаж чиний хайгаад байгаа ачаа Булган сумын иргэн Болкен гэх залууд байгаа юм байна. Чи өөрөө тухайн залууг олж уулзаад ачаа ав гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг
- Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Би болон манай нөхөр Болкен, манай төрсөн эгч О г, дүү Баярцэцэг болон түүний нөхөр А нарын хамт Цэцэг сумын Баян-Овоо Цагаан эрэг гэх газарт ашигт малтмал олборлож байгаад Булган сум руу гэрлүүгээ харих гээд манай нөхрийн машин болох хөх өнгийн Пикап маркийн 53-43 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Алтай сумын Барлаг багийн Элсэн хөтөл гэх газарт явж байхад засмал зам дагуу газарт унаж тарсан ачаа байсан. Тус ачааг хараад манай нөхөр зогсохоор нь би чи наад газарт зогсож яадаг вэ? гэхэд Болкен зогсоод харьяа гэж хэлээд машинаа зогсоогоод бүгд буусан. Би тухайн үед хамт явж байсан хүмүүсийн хамгийн сүүлд нь бууж, араас нь очиж О г, А хоёр нэг нэг хайрцаг тэврээд хүрээд ирсэн. Тус ачаагаа машины дотор урьд талд тэврээд бариад суусан. Тухайн үед манай нөхөр бид хоёр унасан байсан ачаанаас юм аваагүй. Тэгээд Алтай сумын төв ороод О г эгчийг буулгаж үлдээсэн. О г өөрийнх нь авсан хайрцагтай ачааг өөрөө авч үлдсэн. Үенч ороод А , Баярцэцэг хоёрыг буулгасан. Тэд нар бас өөрийнхөө авсан нэг хайрцагтай ачааг бас л аваад буусан. Болкен бид хоёр Булган суманд гэртээ ирсэн....” гэх мэдүүлэг
- Гэрч Т.Болкены мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тухайн үед Б.А , Ц.О г, Ц.Баярцэцэг 3 буугаад тус ачаануудыг харахаар гүйгээд явсан. Араас би буугаад машин тойроод ачсан ачаагаа чангалж янзалж байхад Ц.О г нэг хайрцагтай ачаа, Ц.Баярцэцэг насос шиг нэг эд зүйлийг хайрцаггүй тэврээд авч ирж байсан. Б.А наанаас нь тосож очоод Ц.Баярцэцэгийн ачааг өргөөд аваад ирсэн. ...Тус ачааг Ц.О гийн хамт гэрт нь буулгаад Б.А , Ц.Баярцэцэг хоёрыг өөрсдийнх нь авсан пүүний мэдрэгчийн хамт Үенч суманд буулгаад эхнэр бид хоёр Булган суманд байдаг гэр лүүгээ явсан.....” гэх мэдүүлэг
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл
- эд зүйл үнэлсэн тухай тайлан
- эд зүйлийн үнэлгээ
- эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл
- эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- гэрэл зургийн үзүүлэлт
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.А , Ц.О г нар нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Аптай сумын Барлаг багийн нутаг дэвсгэрт 22-81 ХОА улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлээс гээгдсэн эд зүйлсээс 2 ширхэг пүүний мэдрэгчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 4301628 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйл үнэлсэн тухай тайлан, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А , Ц.О г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А , Ц.О г нар нь бүлэглэн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлээс гээгдсэн эд зүйлсээс 2 ширхэг пүүний мэдрэгчийг авсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А , Ц.О г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн пүүний мэдрэгч 2 ширхэг, пүүний мэдрэгчийн шаариг 2 ширхэг, комьютерийн дундын холбогч утас 1 ширхэгийг хохирогч Ж.Цагаандаваад олгож, битүүмжлэн ирүүлсэн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “Аквар” маркийн хөлдөөгч, 150000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн “Deowoo” маркийн зурагт битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Энхтүвшингийнхэн овогт Батбалайн А , Гүнээхэн овогт Цэндсүрэнгийн О г нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Ц.О гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , Ц.О г нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А , Ц.О г нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.А , Ц.О г нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.А ын ПК75112413, шүүгдэгч Ц.О гийн ПК71101023 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн пүүний мэдрэгч 2 ширхэг, пүүний мэдрэгчийн шаариг 2 ширхэг, комьютерийн дундын холбогч утас 1 ширхэгийг хохирогч Ж.Цагаандаваад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “Аквар” маркийн хөлдөөгч, 150000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн “Deowoo” маркийн зурагт битүүмжилсэн 19, 20 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хөлдөөгчийг шүүгдэгч Б.А д, “Deowoo” маркийн зурагтыг шүүгдэгч Ц.О гт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А , Ц.О г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.