Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 34

 

В.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул                                               

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар                            

Прокурор                                           Г.Яндаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн В-н Г-од холбогдох эрүүгийн 201609000647 дугаартай, 171/2017/0081/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 10-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 49 байрны 1003 тоотод оршин суудаг. Минж проперти ХХК-д жолооч ажилтай. Урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа эрүүл гэх Оточ овогт В-н Г- РД:ТИ72061011

Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр В.Г- нь архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Парк Таун хотхоны 49 дүгээр байрны гараашид 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед иргэн Б.Бадамсэдтэй маргалдаж улмаар В.Г- нь Б.Бадамсэдийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Оточ овогт В-н Г-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч В.Г-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг В.Г-од мэдэгдэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар В.Г-од урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“...В.Г-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжэг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 1.440.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг зөрчиж, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тогтоож 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсны дагуу торгуулийн ялын хэмжээг буруу тогтоож, ялтны эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...В.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийг үйлдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 6 сар гаруй хугацаа өнгөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд “хөнгөн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татахгүй” гэж заасан. Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Г-ыг архидан согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед иргэн Б.Бадамсэдтэй маргалдаж улмаар В.Г- нь Б.Бадамсэдийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч В.Г-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Дээд шатны прокурорын “...торгуулийн ялын хэмжээг буруу тогтоож, ялтны эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх эсэргүүцлийн дагуу В.Г-од холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлавал яллагдагчаар татаж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хугацаанаас өмнө буюу  2017 оны 04 дүгээр сарын сарын 08-ны өдөр түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан байх тул В.Г-ыг эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүй байгаа боловч анхан шатны шүүх В.Г-од холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэж, торгуулийн ялын хэмжээг буруу тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4, 325 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР