Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0194/З |
Дугаар | 221/МА2019/0428 |
Огноо | 2019-08-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2019/0428
2019 оны 08 сарын 15 өдөр |
Дугаар 221/МА2019/0428 |
Улаанбаатар хот |
“Г” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О, гомдол гаргасан “Г” ХХК-ийн захирал Б.С, өмгөөлөгч Э.З, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдлоор, “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.Ад холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Г” ХХК-ийн захирал 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:
“Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ......... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрээр:
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 5, 11.19 дүгээр зүйлийн 12.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн .......дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж, эхэлсэн тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг аль алинд нийцсэн эсэхийг дүгнээгүй байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа үндэслэн хуулийн зохицуулалтаа дахин хянаж үзэх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл холбогдогч борлуулалтыг хийсэн тухай бүр И баримтыг өгөөгүй боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг ирсэн тухай бүр бид маргаантай байдлыг үүсгэхээс болгоомжлоод өөрт хэвлэж өгдөг байсан.
Борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн тайлагнаснаар тухайн үед үйлчилж байсан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах боломжтой байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн...” гэж дүгнэсэн нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хэдийгээр Зөрчлийн тухай хууль хэрэгжихийн өмнө гарсан ч илэрсэн хугацаа нь Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш юм.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1-ийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээнээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл”, 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.1-д “Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж заасны дагуу иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллээр илрүүлсэн зөрчилд холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд явуулж шийдвэрлэсэн.
Мөн “зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх, дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, доордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх” гэсэн хуулийн заалтуудын хувьд Зөрчлийн хууль хэрэгжихээс өмнө Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө”, 74.5.1-д “Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэж байсан.
Энэхүү заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-д “Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд”, 12.1-д “Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь” гэж тусгагдсан.
Дээрх хуулийн заалтууд нь дээрдүүлсэн, доордуулсан зүйлгүй бөгөөд хувь хэмжээний хувьд ч ижил хэрэгжиж байгаа болно.
Иймд татварын улсын байцаагч Б.А 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ......дүгээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
“Г” ХХК-иас өөрийн барьсан орон сууцнаас худалдан авсан нэр бүхий 10 иргэд 2016 оны 5-12 сарын хооронд буюу төлбөр төлсөн тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн и баримт олгоогүй, тэдгээрийг мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар худалдан авсан орон сууцнуудын эцсийн хэрэглэгчээр шивж, өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасан “…бараа ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасныг зөрчсөн нь тодорхой боловч энэхүү зөрчил цаг хугацааны хувьд маргаан бүхий шийтгэлийн хуудас бичигдсэн 2018 оны 2 дугаар сарын 15-наас өмнө арилсан байна.
“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 01/73 дугаар албан бичгээс үзэхэд анх гомдол гаргасан нэр бүхий 10 иргэнд орон сууц худалдан авсан 2016 онд төлбөрийн “И” баримт олгоогүй болох нь баталгаажсан, эдгээр иргэдээс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Татварын ерөнхий газарт хандаж төлбөрийн “И” баримтыг 2017 оноор гаргуулах хүсэлт гаргасны дагуу мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн байдаг ч, нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон төлбөрийн “И” баримтыг нэр бүхий иргэдэд гаргаж өгсөн, улмаар Гааль, татварын мэдээлэл технологийн газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 245/017 дугаар албан бичгээр “…2016 оны санхүүгийн тайланд өөрчлөлт оруулж, иргэдийн хүсэлтийн дагуу 2017 оноор тайланг өөрчлөн засварлах…” хүсэлт гаргасны дагуу дахин 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон төлбөрийн “И” баримтыг нэр бүхий иргэдэд гаргаж өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул зөрчлийн шинж, үүссэн нөхцөл байдал зэргээс үзэхэд нэгэнт арилсан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зохимжгүй гэж үзлээ.
Нэр бүхий 10 иргэн ч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст болон мөн дүүргийн прокурорт тус тус хандаж 2017 оноор НӨАТ-ийн “И” баримтаа бүгд авсан тул гаргасан гомдлоо буцаах хүсэлтийг гаргасан байна.
Үндсэндээ шийтгэлийн хуудас гаргах үед зөрчил хэдий нь арилсан байсныг хариуцагчаас огт үгүйсгээгүй, гэхдээ тухайн зөрчлийн шинж байдлаас хамаарч зөрчил арилсан эсэх нь хариуцлага хүлээлгэхэд харгалзах үндэслэл болохгүй гэж үзэх нь хэт өрөөсгөл, өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн шинж байдал, зөрчлөө арилгасан эсэх, анх удаа гаргасан эсэх зэргээр хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзах хүчин зүйл байдаг.
Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан.
Харин анхан шатны шүүхээс “…шийтгэлийн хуудас гаргахдаа хуулийн зохицуулалтаа дахин хянан үзэх шаардлагатай…” гэсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэдэгт хамаарахгүй бөгөөд түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй ч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх боломж хууль зүйн хувьд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0408 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг баримтлан “Г” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн татварын улсын байцаагч Б.А холбогдох гомдлыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ........ дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай”, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН