Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2024/0046

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт

шалтгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:             Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                                                М.Батсуурь

                                                                                Х.Батсүрэн

                                                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                            Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0817 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0088 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын үлдэх дүн 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах.

Хэргийн нөхцөл байдал:

2.Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг үндэслэн 302,047,420.46 төгрөгийн нөхөн татвар, 96,772,086.57 төгрөгийн торгууль, 64,409,484.1 төгрөгийн алданги, нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.1.Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 44,884,972.63 төгрөгийн үндсэн, 16,693,631.68 төгрөгийн нэмэлт төлбөр, 18,473,581.3 төгрөгийн торгууль, 12,315,720.86 төгрөгийн алданги, нийт 92,367,906.48 төгрөгийг давхардуулан ногдуулсан актаар тогтоосон төлбөрөөс бууруулж, 366,861,084.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн байна.

3.Нэхэмжлэгчээс “... Актын зөрчлийн хэсэгт татвар төлөгчийг экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг 2020 онд огт тайлагнаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2020 онд нийт экспортод гаргасан 3325.45 тонн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргасан тулаар тайлагнаж хүргүүлсэн.

3.1.2019 оны 6, 7, 8, 10 саруудад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дутуу тайлагнасан талаар дурдсан. Гэтэл энэ хугацаанд хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөлгүй эзэмшигч төлбөр төлөгч мөн эсэх нь тодорхойгүй байсан.

3.2.Мөн татварын нөхөн ногдуулалтын актын хоёр дахь хуудсанд татварын алданги, торгуулиас чөлөөлсөн тухай дурдаад тухайн хугацаанд төлбөл зохих татварт алданги, торгууль ногдуулаагүй болно гэж заасан атлаа торгууль, алданги ногдуулсан нь логик алдаатай. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хамаарч байхад хамруулаагүй акт үйлдсэн нь хуулийг алдаатай хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

4.Хариуцагчаас “... тус компани 2019 оны 6, 7, 8, 9 саруудын экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмалд үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу тайлагнасныг хөндлөнгийн болон гаалийн мэдээллээс харж болно.

4.1.2020 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланг “Х”-ээр ирүүлсэн. Энэ нь огт тайланг ирүүлээгүй гэсэн биш. Харин ямар нэгэн ногдол үүсээгүй утгатай тайлан юм. Хөндлөнгийн болон гаалийн мэдээллээр 2020 оны 03 сард 3323.45 тонн буюу 897,669,452.70 төгрөгийн боруулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг тайлагнаж ногдуулаагүйд үндсэн болон нэмэлт төлбөрийг нөхөж ногдуулсан.

4.2.Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу дээрх хууль шинээр илэрсэн зөрчилд хамаарахгүй, харин тайлангаар ногдуулсан татварт хамаарагдаж байгаа бөгөөд тус хуулийг татварын улсын байцаагч нар хэрэглээгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0817 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталсан/-ийн 2 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.7, 47.11, 47.16.2, Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 6, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0088 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6 дахь хэсэгт “хүчингүй болсон хэм хэмжээг маргаан бүхий захиргааны актад хэрэглэсэн” талаарх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хууль зүйн талаас нь үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт өгч чадаагүй, харин баримтаар үгүйсгэгдэнэ гэх зэргээр адаатай дүгнэлт өгч байгаа нь анхан шатны шүүхийн дүгнэлтээс илт зөрүүтэй гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүхээс хариуцагч нь маргаан бүхий актыг үйлдэхдээ тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хэм хэмжээг нөхөж хэрэглэсэн нь буруу биш гэсэн бол давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон хэм хэмжээг хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар зөвтгөгдөж байх тул гэх зэргээр зөрүүтэй дүгнэлт өгсөн байна.

7.2.Угтаа аль ч тохиолдолд буюу анхан шатны шүүх ч тэр, давж заалдах шатны шүүх ч тэр хүчингүй болсон хэм хэмжээ буюу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг нөхөн хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний зарчимд харш юм. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хүчинтэй мөрдөгдөж байсан үндэслэлээр Үндсэн хуульд харшилсан хууль, хэм хэмжээг түр баталж эрх бүхий байгууллагаас хүчингүй болгох хүртэл нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж болно гэх агуулгаар дүгнэлт өгч байгаад харамсалтай байна. Энэхүү хууль хэрэглээний гажуудлыг Улсын дээд шүүхээс таслан зогсоож өгнө гэдэгт найдаж байна.

7.3.Хүчингүй болсон хэм хэмжээг хэрэглэсэн хариуцагчийн үйлдлийг зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарласан тухайд: Анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн, мөн түүнчлэн татвар төлөгчийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн “худалдахаар ачуулсан” этгээд байна гэх зэргээр алдаатай үндэслэлгүй дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг эсрэгцүүлсэн байдлаар буюу төмрийн баяжмалыг гаргасан болох нь гаалийн экспортын мэдээгээр тогтоогдож байна гэж алдаатай дүгнэлт өгсөн. Угтаа хууль хэрэглээний үүднээс яагаад анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн нь зөв болсон эсэх талаас нь бус хэрэгт авагдсан баримтыг иш татаж байгаа нь буруу юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь заалт, мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-т заасныг тус тус үндэслэсэн анхан шатны дүгнэлттэй холбогдуулж давж заалдах шатны шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

7.4.Учир нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон шийдвэр эрх бүхий байгууллагаас гарсан нь тухайн хэм хэмжээг дахин хэрэглэх байдлаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулах учиргүй болохоос хүчинтэй байх хугацаандаа хэрэглэгдэнэ гэх байдлаар буруу тайлбарлаж хуулийн зорилгыг үгүйсгэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хуульд нийцээгүй хэм хэмжээг нөхөх байдлаар дахин хэрэглэх үндэслэлийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр бүр мөсөн хааж байгаа хэлбэр болохоос хүчинтэй байх хугацаанд нь тохируулан хэдийд ч хэрэглэнэ гэх хуулийн агуулгыг илэрхийлээгүй болно. Товчхондоо, татвар төлөгчийн ч бай, хувь хүн хуулийн этгээдийн эрхийг хохироохын тулд Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй хуулийг батлах замаар зорилгодоо хүрэх явцуу сонирхлыг бий болгож болохгүй юм. Хуульд нийцэхгүй хэм хэмжээ хүчингүй болох хүртэл нь хүний эрх, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох зорилгыг хуулийн зохицуулалт хэзээ ч агуулж болохгүй юм.

7.5.Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж буй үндэслэлийн голлох шалтгаан нь Үндсэн хуульд нийцээгүй болох нь нэгэнт тогтоогдсон хуулийн хэм хэмжээг цаг хугацааны хувьд хэдийд хэрэглэж байгааг нь онцгой анхаарах нь зүйтэй юм.

7.6. Тухайлбал, хариуцагч нар нь татвар төлөгч компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай маргаан бүхий актыг үйлдсэн байдаг. Тодотговол, маргаан бүхий актын хуулийн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт нь мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болсон байдаг. Энэ тохиолдолд хариуцагч нар нь маргаан бүхий актыг 2022 онд үйлдсэн буюу хожим үйлдэж байгаа тул нэгэнт хүчингүй болсон хэм хэмжээг бус хүчин төгөлдөр хэм хэмжээг буюу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, Үндсэн хуульд нийцсэн хэм хэмжээг хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

7.7.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн холбогдох заалтуудыг илт буруу тайлбарлаж буюу хүчингүй болохыг тогтоосон цэцийн шийдвэр гарснаас хойш үйлчлэх бөгөөд хүчин төгөлдөр байх хугацаандаа үйлчлэлээ алдахгүй гэх зэргээр алдаатай дүгнэлт өгсөн байна. Учир нь хүчингүй болсон хэм хэмжээг маргаан бүхий актыг үйлдэхдээ буюу 2022 онд хэрэглэж байгаа гэдгийг хоёр шатны шүүх анхаарч энэ талаар дүгнэлт өгөөгүй нь хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна.

7.8.Маргаан бүхий актад алданги, торгууль тооцсон хуулийн үндэслэлийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Татварын нөхөн ногдуулалтын актын хоёр дахь хуудсанд татварын алданги, торгуулиас чөлөөлсөн тухай дурдаад тухайн хугацаанд төлбөл зохих татварт алданги, торгууль ногдуулаагүй болно гэж заасан атлаа торгууль, алданги ногдуулсан нь логик алдаатай гэж үзнэ.

7.9.Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу нөгдуулан тайлагнасан төлбөл зөхих татвауыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, тоугуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэи” гэж заасныг буруу тайлбарлан хуулийг алдаатай хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалт нь нэхэмжлэгч компанид хамааралгүй, учир нь хуульд заасан хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны тайлангаа гаргаж өгөөгүй, тайлагнаагүй тул хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэх алдаатай дүгнэлтийг өгсөн байна. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар татвар төлөгч 2020 оны 2 дугаар улирлын тайлангаа хуульд заасан хугацаа, үндэслэл журмын дагуу тайлагнасан болох нь тогтоогдсон, татварын байгууллага бүртгэж татварын нэгдсэн систем дээр баталгаажуулсан, талууд 2 дугаар улирлын тайлангийн талаар маргаан байдаггүй болно.

7.10.Гэтэл нэхэмжлэгчийг татвар ногдуулан тайлагнах үүргээ биелүүлээгүй тул гэх илэрхий алдаатай дүгнэлт өгч улмаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэл хамааралгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлттэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Нэхэмжлэгч “Б” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хэдий ч төмрийн хүдрийг худалдан авч баяжуулан төмрийн /хорголжин/ баяжмалыг экспортод гаргах үйл ажиллагааг эрхэлдэг.

11.Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар “Б” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 8,967,961,190.34 төгрөгийн зөрчилд 302,047,420.46 төгрөгийн нөхөн татвар, 96,772,086.57 төгрөгийн торгууль, 60,409,484.1 төгрөгийн алданги, нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

12.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын зөрчлийн хэсэгт нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2019 оны 6, 7, 8, 10 дугаар саруудад экспортод гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тайлагнасныг, 2020 оны 2 дугаар улиралд экспортод гаргасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайланд тусгаагүйг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зөрчилд тооцсон байна.

13.Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг бууруулж, нийт 366,861,084.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь үндэслэлтэй эсэх;

-Албан татвар төлөгч хуулийн дагуу татвараа ногдуулан тайлагнаагүй тохиолдолд татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу татварын алданги, торгуулиас чөлөөлөх эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

14.2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан байжээ.

15.2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.1-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх этгээдийн хүрээг өргөтгөж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулсан байна.

16.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлт дээрх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус зүйлийг хүчингүй болгосон байна.

17.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-ийг өөрчлөн найруулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.

18.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Хууль, ... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно” гэж заасан байх тул маргаан бүхий цаг хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь эрх зүйн зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

19.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэж зааснаас үзвэл сүүлд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болсон хууль анх батлагдсан цагаасаа авхуулан үйлчлэлээ алдах нь гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд хамаарахаар байна. Иймд татвараа үнэн зөв суутгаж тайлагнаагүйгээс татварын хууль тогтоомжид үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулсан энэхүү хэргийн хувьд дээрх зохицуулалт хамааралгүй.

20.Цаашилбал, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээд ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар хуульчлахтай зэрэгцэн татвар давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэсэн ашигт малтмалын баяжуулалтын шат дамжлагад татвар давхардуулан ногдуулахгүй байх агуулгыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д хуульчилж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус зүйлд татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт, тайланг баримтлан өмнө нь ногдуулсан татварыг хасаж тооцох агуулгыг нэмэлтээр тусгаж өгчээ.

21.Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Г” ХХК-аас төмрийн хүдэр худалдан авсныг, өмнө нь тухайн төмрийн хүдэрт төлбөр төлсөн болохыг нотолсон баримт байхгүй тохиолдолд 2020 оны 02 дугаар улиралд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасаж тооцох үндэслэлгүй байх тул энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийг татвар ногдуулан тайлагнах үүргээ биелүүлээгүй гэж илэрхий алдаатай дүгнэлт өгсөн” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

22.Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан, нэхэмжлэгч “Б” ХХК 2020 оны 2 дугаар улирлын тайландаа 3,323.45 тонн төмрийн баяжмалын борлуулалтыг тайлагнасан, хариуцагч уг үйл баримттай маргаагүй, харин хариуцагчаас “2020 оны жилийн эцэст орлого, зарлагаа тэглэж, “Х” тайлан гаргасан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

23.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ... улирал тутам өссөн дүнгээр гаргах ...”-аар заасан, татвар төлөгч “Б” ХХК нь 2020 оны жилийн эцсийн тайлан гаргахдаа хуулийн энэ шаардлагыг хангаагүй байх боловч 2020 оны 02 дугаар улиралд тайлагнасан татварын хувьд Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, энэ хугацааны татварын алданги, торгуулиас чөлөөлөгдөх боломжтой.

24.Шүүхийн энэхүү дүгнэлтээр татвар төлөгч “Б” ХХК-ийн хуульд заасан хугацаанд төлөөгүй 2020 оны 02 дугаар улиралд ногдох албан татварын алданги, торгуулиас чөлөөлөхөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0817 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2024/0088 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

       Х.БАТСҮРЭН

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

       Ц.ЦОГТ